Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тодгэрэл: Монголын театрын урлаг XXI зуунтай хөл нийлүүлэн алхаж байгааг "Чөлөөт хос" мэдрүүлнэ

Э.Мөнхзаяа
2017 оны 6 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сарын 21-27-ны өдрүүдэд “Чөлөөт хос” мюзикл, инээдмийн жүжгийг ОХУ-ны Якут улсын П.А.Ойунскогийн нэрэмжит Драмын Эрдмийн Академик театрт тоглохоор болсон. Үүнтэй холбогдуулан “Чөлөөт хос” жүжгийн гол дүр, Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчин Э. Тодгэрэлтэй ярилцлаа.

-Якут улсад тоглогдох болсон чөлөөт хос жүжгийнхээ тухай манай уншигчдад товчхон ярина уу?

-Нобелийн шагналт, Италийн нэрт зохиолч Дарио Фогийн зохиол, найруулагч Д.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос" жүжиг нь “Долоон өөр найруулагч долоон өөр жүжиг” бэсрэг жүжгийн төслийн хүрээнд 2015 онд тоглогдож байсан.

Үйл явдлын хувьд залуухан хүүхнүүдтэй амраглаж амьдралаа зугаатай болгодог 40 эргэм настай инженер залуу, нөгөө талд ар гэрийн амьдралд нухлагдаж аль эрт царай зүс нь гундсан, өөрийгөө тоохоо больж, гаргууд нь гаргасан эхнэр гэсэн хоёр хосын тухай өгүүлдэг. Эхнэр Антония нөхрийнхөө залуу хүүхнүүдтэй орооцолдох явдлыг яахаа мэдэхээ болино. Тэгээд амиа хорлох эсвэл нөхрөө хорлох гэж оролдоно.

Харин энэ бүхнээс залхсан нөхөр нь “Эхнэр нөхөр хоёр бие биедээ үнэнч байна гэдэг хоцрогдсон явдал. Хууль ёсны эхнэр нөхөр хэрнэ гэр бүлээс гадуур бэлгийн харилцаатай байж болно. Энэ бол соёлт нийгэмд байх л асуудал. "Чөлөөт хос болцгооё” хэмээх цочирдмоор саналыг эхнэртээ тавьдаг. Ингээд үйл явдал цааш маш сонирхолтойгоор өрнөнө. Тухайн үед бид уг жүжгээрээ хүмүүс эрх чөлөөгөөр дэндүү тоглож байна. Эрх чөлөөг хаана, ямар хэмжээтэй, хэрхэн эдлэх вэ, гэдэг нарийн асуудал. Хэтэрхий их эрх чөлөөт хэзээ ч сайн зүйл дагуулдаггүй гэсэн санааг хөндсөн.

-Таны бүтээж буй дүрийн онцлог?

-Мэдээж уншигч, үзэгчид манай жүжгийг гуравхан дүртэй гэдгийг сайн мэдэх байх. Миний хувьд жүжгийн гол дүр Мамбрето гэх Итали инженер залуугийн дүрийг бүтээж байгаа. Түүнээс гадна жүжиг маань Мамбретогийн хүү, хүүгийн найз, эмч мөн олны хэсэгт бас тоглосон. Мамбретогийн дүр надад их сургууль дүүргэсний дайтай туршлага болсон учраас би энэ дүрдээ тун их хайртай. Бас энэ жүжгийнхээ дүрээр."Гэгээн муза", олон улсын театрын фестивалийн дуулалт жүжгийн төрөлд нэр дэвшиж шилдэг эрэггэй гол дүрийн шагнал хүртсэн. Ц.Баясгалан эгч маань бас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртээд зогсохгүй “Менгөн мод” наадмын шилдэг ! эмэгтэй дүрийн шагнал авсан.

-Якутад “Чөлөөт хос”-ыг яагаад заавал  тоглохоор болсон юм бэ?

- Монгол жүжигчдийн уран чадварыг харуулах харилцан туршлага солилцох, хоёр орны хоорондох соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн том зорилготой Якут улсыг зорьж байна. Мэдээж манай театрын хувьд шавхагдашгүй арвин сан хөмрөгтэй. Тэр дундаас яагаад манай жүжгийг сонгосон шалтгааныг би өөрийнхөөрөө тайлбарлая. Нэг талаас монголчуудыг морь малаа хариулсан, бүдүүн бараг амьдралтай ард  түмэн гэж ойлгох ойлголт дэлхийд байдаг.  Тэрийг нь бид үгүйсгэж Монголын театрын урлаг бол 21 дүгээр зуунтай хөл нийлүүлэн алхдаг гэдгийг энэ жүжгээр харуулж болно.

Нөгөө талаас манай жүжиг цөөхөн хүний буюу гуравхан хүний бүрэлдэхүүнтэй. Авч явах тайз, жижиг хэрэглэл ч маш авсаархан учраас хөрөнгө мөнгө бага зарна. Мөн хөдөө орон нутгуудаар явж тоглосон тоглолтын дараа бид тайлан гаргадаг. Тайлангаас харахад цөөн хүний бүрэлдэхүүнтэй, богино хэмжээний жүжгийг хаана ч тоглосон хүнд хүрэх чадвар өндөр гэдгийг мэдэж авсан. Энэ мэтийн шалтгаар манай жүжгийг сонгож тоглуулахаар болсон болов уу.

-ОХУ-ын Якут улс руу явах бүрэлдэхүүнээ танилцуулбал?

-Гол дүрийн жүжигчид буюу Ц.Баясгалан, Г.Дөлгөөн-Аюуш мөн МУГЖ Г.Урнаа эгч манай дууны найруулагч нартай хамт бид зургуулаа Якут улсыг зорих болсон.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Зураг