Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл Оюуны салбар дахь Хятадын хөрөнгө оруулалтыг АНУ хязгаарлахаар бэлдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 15
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа Цахиурын хөндийн технологийн компаниудад хөрөнгө оруулах Хятадын сонирхолд тавих хяналтаа нэмэгдүүлэхээр зэхэж байгаа тухай албаны хүмүүс мэдээлсэн байна.

Ялангуяа artificial intelligence (хиймэл оюун), machine learning (бие дааж суралцах систем) зэрэг чухал салбаруудад Хятадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон юм. Ийм орчин үеийн технологиудыг Хятад улс өөрийн цэрэг, зэвсгийн чадварыг нэмэгдүүлэхэд, бусад стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэлд ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Америкийн компаниудыг гадаадын этгээдүүд худалдаж авах явцыг үндэсний аюулгүй байдлын үүднээс хянадаг CFIUS (Committee on Foreign Investment in the US) байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар дээрх бодлогыг хэрэгжүүлэх гэнэ.

Одоогийн байдлаар орчин үеийн зарим технологийн салбар CFIUS байгууллагын хяналтад хамаарагддаггүй юм байна. Пентагоны тэргүүн Жим Мэттис өнгөрсөн Мягмар гарагт конгресст үг хэлэхдээ CFIUS байгууллагыг хоцрогдсон гэж тодорхойлоод “өнөөдрийн нөхцөл байдалд тохируулан хариуцах асуудлыг нь шинэчлэх хэрэгтэй” гэжээ.

Одоогийн байдлаар CFIUS-д мөнгө санхүү, батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, эрчим хүчний салбаруудын төлөөлөл есөн гишүүнээс бүрдсэн байнгын хороо ажилладаг. Компаниудын худалдан авалт, наймаан дээр тэд хориг тавих эрхтэй бөгөөд гаргасан шийдвэртээ тайлбар хийдэггүй ажээ.

Обамагийн үед тус байгууллага өндөр технологийн чип үйлдвэрлэгчийг худалдаж авах гэсэн Хятадуудын хэд хэдэн оролдлогод хориг тавьж байсан юм.

2016 онд Хятадын хөрөнгө оруулагчдын номер нэг сонголт АНУ байж, нийтдээ $45.6 тэрбумын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Харин энэ оны эхний таван сарын байдлаар $22 тэрбумын хөрөнгө оруулж, жилийн өмнөх үеийнхээс 100 хувь өсгөөд байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider