Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид Монгол залуусын хүсэл эрмэлзэл, авьяас чадварыг ДЭЛХИЙД ТАНИУЛАХ зорилготой"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өмнөх үеэ бодвол өнөөдөр комик, манга цуврал, ном сэтгүүлийг хүүхэд багачууд шимтэн уншиж, тэдгээрээс тодорхой хэмжээнд зөв төлөвшил, хүмүүжлийг олж авч байна. Гэвч комик, манга цуврал нь ихэнхдээ гадны зохиол бүтээл байдаг. 

Энэ чиглэлийг хөгжүүлж, залуусыг дэмжих зорилгоор иллустраци, дижитал уран бүтээл сонирхогчдын дунд “Illustrator Contest Asia” уралдааныг Японы Showa Holdings, Wedge Holdings, Brain Navi болон Монголын Nomadic Comics компаниас зохион байгуулж байгаа юм. 


Уралдааны талаар болон Монгол дахь дижитал уран бүтээл чиглэлийн хөгжлийн талаар Хүүхэд багачуудын унших дуртай, хэзээний танил болсон “Бумбардай” цувралын зохиолч, Монгол манга зураач Nomadic Comics компанийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр болон Nomadic Comics компанийн ерөнхий продюсер Э.Тамир нарыг VISITOR буландаа урьж, сонирхолтой яриа өрнүүлснээ уншигч та бүхэндээ хүргэж байна. 

"Бид бүх салбарт бүтээгч үндэстэн болох итгэл үнэмшийг бий болгож, зориглон хөдөлмөрлөх хэрэгтэй"
 
Гэрэл зургийг Mpa.mn

-Монголд иллустраци, дижитал уран зураг чиглэл хэр сайн хөгжиж байгаа талаар яриагаа эхэлье?

Н.Эрдэнэбаяр: Дүрслэх урлагийн талаар авч үзвэл манайд чадварлаг уран бүтээлчид олон бий. Харин 2000 оноос хойш иллустраци чиглэлийн буюу дижитал уран бүтээл Ази гэлтгүй дэлхий дахинд хурдацтай хөгжиж, томоохон байр суурийг эзлэх болсон.

Манай залуус энэ салбарыг сүүлийн үед сонирхож эхэлж байна. Гэхдээ зөвхөн энэ чиглэлийг дагнан байнгын ажиллах боломж муу учраас цөөн.

Харин өөр нэг чиглэлээр суралцдаг, ажилладаг байхын хажуугаар иллустраци зургийг сонирхож, уран бүтээл туурвидаг залуус бол байна. Уг нь бид хөгжүүлэх ёстой, дутагдаж байгаа нэг чухал чиглэл л дээ.
Бид бүтээлээ олон улсад нэвтрүүлэхийг түлхүү эрмэлзэж байна.

Энэ чиглэлийг хөгжүүлэхийн тулд нэг талаас дотоод гадаадын олон уралдаан тэмцээнийг залуусын дунд зохион байгуулж, залуусыг идэвхжүүлж байна.

Нөгөө талаас, бодитойгоор байгууллага, контент үйлдвэрлэгч компаниуд ажиллаж, төр нийгэм, боловсролын газрууд тодорхой бодлоготойгоор хөгжүүлэх шаардлагатай.

Гол нь Монголд хөгжүүлбэл харьцангуй хурдан эргэлттэй байх болно.

Өөрөөр хэлбэл, тухайн хүн уран бүтээл туурвилаа гэхэд бүтээл нь олон хувь борлуулагдах зэргээр эдийн засгийн эргэлт өндөртэй байдаг.

Өрсөлдөгчидтэй, дотоодын хэрэгцээг хангадаг, хийсэн бүтээгдэхүүн нь гадны зах зээлд өрсөлдөхүйц, тодорхой эргэлттэй, эдийн засгийн ашиг орлого олдог болсны дараа сая салбар гэж хэлнэ үү гэхээс өнөөдөр Монгол Улсын хэмжээнд яривал энэ чиглэл сонирхогчийн түвшинд л байна шүү дээ.

-Монголд энэ чиглэлд амжилттай ажиллаж байгаа залуус гэвэл зөвхөн та нарыг л хэлэх байх. Тэгвэл та бүхний зүгээс иллустраци, дижитал уран бүтээлийг сонирхож байгаа залуусыг хэрхэн дэмдэг вэ?

Н.Эрдэнэбаяр: Бид сүүлийн 10 гаруй жил комик ном хийх, залуусыг сургах, бусад мэдээллийн салбарынхантай хамтарч ач холбогдлыг таниулах ажлуудыг хийж байгаа.

Арваад жилийн өмнө “комик”-ийн талаар ярихад мэдээлэл багатай байдаг байсан бол одоо тодорхой хэмжээний ойлголттой болчихсон.

Тэгэхээр тодорхой ойлголттой болчихсон, Монголчууд комик, манга гэж юу болохыг мэддэг болчихсон учраас бид өнөөдөр дотооддоо хийж бүтээж, туурвиж байгаа уран бүтээл, комик ном, зохиолоо олон улсад нэвтрүүлэх, худалдаалахыг түлхүү эрмэлзэж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Үүгээр дамжуулан энэ чиглэлийн бүтээгдэхүүн олон улсад үнэлэгдэж болдог юм байна гэдгийг харуулахыг зорьж байна.

Ингэснээр дотоодын хөрөнгө оруулагчид бий болж, төр засаг энэ чиглэлийг тусгайлан дэмжиж, залуус ч энэ салбарыг Монголдоо хөгжүүлэхээр сонирхож эхэлнэ шүү дээ.

Бусад чиглэлийн бизнес хийхэд илүү хөрөнгө мөнгө, орлого олох боломж бий л дээ. Гэхдээ би хувьдаа дижитал уран бүтээл туурвих энэ чиглэлийг аялал жуулчлалын дараа орохуйц бидний хөгжүүлэх ёстой салбар гэж үздэг.

Учир нь орчин үед интернэт, цахимд суурилсан контентийг бага зардлаар үйлдвэрлэж, улсаа сурталчилангаа бүтээлч бизнес хийх боломж байгаа юм.

-Японтой хамтран ажиллахаар болсон шүү дээ. Энэ тухайгаа ярихгүй юу?

Н.Эрдэнэбаяр: Wedge Holdings, Showa Holdings компанитай бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас хамтарч ажиллахаар болж, таван жилийн хугацаатай гэрээ хийсэн.

Миний хийж байгаа уран бүтээлүүдийг Ази орнууд болон бусад улсуудад сурталчилж, төслүүдийг маань санхүүжүүлнэ. Мөн олон улсад зохион байгуулагдаж байгаа тодорхой үйл ажиллагаануудад оролцох эрхтэй.

Уран бүтээлчийнхээ хувьд олон улсад бүтээлээ гаргах бодол бий. Энэ нь мэдээж гадаадын компанитай хамтран ажиллаж байж л биелэнэ. Тэр талаасаа манайд шинэлэг.

Гэхдээ зөвхөн миний бүтээл олон улсад гарахыг чухалчлах бус Монголын залуусыг энэ чиглэлд татаж, Монгол Улсад дижитал уран бүтээлийн чиглэлийг салбар болгон хөгжүүлэх шаардлагатай гэж бодож байгаа.

-Сүүлийн үед та бүхэн ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

Дэлхий нийт комик, мангаг унших, хэрэглэх тусгай соёлтой болчихсон.

Н.Эрдэнэбаяр: Уран бүтээлээ олон улсын түвшинд хүргэх тодорхой стандартууд бий.

Сүүлийн үед бид дараагийн олон цуврал, дараагийн олон хүүхэлдэйн киног хурдан хугацаанд хийхээс илүү ирээдүйд хэрэгтэй, цаашид хөгжих суурийг тавих тал дээр ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, Олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах тал дээр илүү анхаарч байгаа.

-Гэхдээ хүмүүс комик, манга гэхээр зөвхөн Японд л ийм зүйл хийдэг гэж ойлгодог. Монголд энэ чиглэлийн уран бүтээл туурвиж болдог, Монгол хөрсөнд суулгаж болно гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй байх?

Н.Эрдэнэбаяр: Дэлхий дахинд хийж байгаа төрөл бүрийн контентуудын зэрэгцээгээр Монгол контентийн онцлог гэж бий. Ер нь дэлхий нийтэд комик, манга гэх зүйлийг хэрэглэдэг тусгай соёлтой болчихсон.

“Illustrator Contest Asia” уралдаан

Энэ соёлоор дамжуулан зөвхөн Монгол гэлтгүй ямар нэгэн контентийг бүтээх боломж бололцоо бидэнд бүрэн бий.

Хамгийн гол нь сайн, өндөр чанартай хийж чадах л чухал. Ингэснээр бид өөрсдийн уран бүтээлээр дамжуулан гадныханд санаа бодлоо хүргэх боломжтой.

Тэгэхээр үүний тулд мэдээж дотооддоо зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр бид бүх л зүйлийг хэрэглэж байна.  Зөвхөн энэ чиглэлд гэлтгүй бүх л салбарт бид хийж, үйлдвэрлэж чадахгүй л байна.

Бид хийж, бүтээмээр байгаа учраас бид өөрсдөө бүх салбар, бүх салбарт бүтээгч үндэстэн болох итгэл үнэмшийг бий болгож, зориглож хөдөлмөрлөх хэрэгтэй.

"Цаашид Азийн бүх орны авьяаслаг залуусыг оролцуулж, тэмцээнээ улам өргөжүүлэх болно"
 
Гэрэл зургийг Mpa.mn

-Азийн улс орныг хамарсан зургийн уралдаан зохион байгуулж байгаа талаараа манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

Э.Тамир: Бид “Illustrator Contest Asia” буюу комик зургийн уралдааныг Азийн хэмжээнд зохион байгуулж байна.

Эхний ээлжинд Азийн дөрвөн улс болох Монгол, Вьетнам, Индонез, Тайландын уран бүтээлчдийг оролцуулж байгаа. Цаашид Азийн бүх орны авьяаслаг залуусыг оролцуулж тэмцээнээ улам өрөгжүүлэх болно.

Энэ салбарыг сонирхож байгаа залуус тэр бүр олон улсын тавцанд гарах боломж байдаггүй.

Сүүлийн үед Азийн улсуудад комик, манга чиглэлийн уран бүтээл туурвигчид олширч, Америк, Японоос дутахааргүй хөгжиж байна.

Гэхдээ энэ салбарыг сонирхож байгаа залуус тэр бүр олон улсын тавцанд гарах боломж байдаггүй.

Тиймээс уралдаанаараа дамжуулан зөвхөн Америк, Япон бус бусад хөгжиж буй орны залуус ч мөн адил энэ төрлийг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, сонирхолтой, авьяас чадвартай гэдгийг дэлхий нийтэд таниулахаар зорьж байгаа.

-“Illustrator Contest Asia” уралдаан ямар үе шаттайгаар, хэрхэн зохион байгуулагдаж байгаа вэ?

Э.Тамир: Улс болгоны аваргуудыг шалгаруулж, шалгарсан аваргууд нь Азийн аваргын төлөө өрсөлдөх юм. Гурван үе шаттай гэж ойлгож болно. Шат бүрд өөр өөр сэдэвтэй. Зарлагдсан сэдвийн дагуу бүтээлээ ирүүлнэ.

Эхний шат нь дөрөвдүгээр сараас эхэлсэн, хоёрдугаар шат долоодугаар сарын 1-нээс эхлэх бол гурав дахь шат есдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ.

Эхний шатны бүтээл хүлээн авах хугацаа удахгүй дуусах гэж байгаа учраас залуусыг амжиж, бүтээлээ идэвхтэй ирүүлээрэй гэж хэлмээр байна. Энэ шатны сэдэв “Idol” буюу “Шүтээн” харин дараагийн шатны сэдвийг тухайн хугацаанд зарлана.

Уралдааны гол онцлог нь бүх шатанд шинээр уран бүтээлчид оролцох боломжтой. Нэг оролцогч аль ч шатанд хэдэн ч бүтээлийг ирүүлж болно.

Тэгэхээр эхний үе шатаас эхлэн бүтээлээ идэвхтэй ирүүлсэн хүнд боломж их байна гэж харж байгаа.

Ингээд гурван шат тус бүрт тухайн улсаас нэг хүнийг шилдэг болгон тодруулна. Үүнээс гадна шүүгчдийн саналд үндэслэн улс харгалзалгүйгээр таван хүн шалгаруулна.

-Дөрөвдүгээр сараас эхлэн зохион байгуулсан гэлээ. Залуус хэр идэвхтэй оролцож байна?

Э.Тамир: Олон улсын хувьд залуус нэлээн идэвхтэй оролцож байна. Харин Монгол Улсад бид уралдааныхаа идэвхжүүлэлтийг одооноос хийж эхэлж байгаа.

 
Гэрэл зургийг Mpa.mn

-Уралдаанаар дамжуулан залууст ямар боломж нээгдэх вэ. Ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ?

Э.Тамир: Манга зураач Н.Эрдэнэбаяр Япон улстай хамтран ажиллахаар болсон. Үүнтэй адил боломжууд гарч ирэх магадлалтай.

Уралдаанд амжилттай оролцож авьяас чадвараа таниулсан уран бүтээлчдийг цаашид Япон улсад болон Азийн бусад улсуудад ажиллах боломжийг нээж өгөх тал дээр бид дэмжих болно.

Мөн бидэнтэй комик ном, зохиол бүтээл туурвих тал дээр хамтран ажиллах зэрэг олон боломж нээгдэнэ. Уралдааны шагналын хувьд улс болгоны ялагч болон тусгай байрт шалгарсан зургаан хүн Япон улсад аялах эрхээр шагнуулж байгаа.

Энэ үеэр Япон улсын манга, комиксийн томоохон байгууллагуудаар зочилж, танилцах юм. Нэлээн олон боломжийг нээж өгөх учраас үүнийг алдалгүй ашиглаарай гэж залуустаа хэлмээр байна.

Ерөнхийдөө энэ төрлийн салбар хэрэглэгч талдаа нэлээд хөгжсөн. Харин уран бүтээлчид нь өөрийн хүчээр л хөгжиж байна. Тэгэхээр Монголд уран бүтээлчдийг дэмжиж, хөгжүүлэх ажил өрнүүлэх хэрэгтэй байгаа.

Уран бүтээлч ховор байснаас болж тухайн улсын контент гэх зүйл бий болохгүй, гадны бүтээлийг үзэж, сонирхож, тэр хэрээрээ сэтгэхүй өөрчлөгдөх талтай.

Тиймээс бидний хийж буй ажил тухайлбал, энэ уралдаанаар дамжин Монгол Улсын оюуны үйлдвэрлэл, бүтээлч хөдөлмөр хөгжих боломж бий болно гэж бодож байна.

Мөн энэ салбар хөгжихөд хамгийн гол нь хүний чадвар чансаа, авьяас, сургалт боловсролын асуудал мэдээж хөндөгддөг.

Манайд ийм боломж бололцоо дутмаг учраас олон улсын чанартай уралдаан тэмцээн зохион байгуулан залуусыг идэвхжүүлж, цаашид ажлын байраар хангахаар ажиллаж байна.

Үнэхээр авьяастай чадвартай, чин хүсэл эрмэлзэлтэй залууст бодит боломж олгохыг л бид зорьж байна.

-Уралдааны шүүгч нарыг танилцуулахгүй юу. Ямар журмаар хэрхэн шүүлтийг явуулах вэ?

Вьетнамд Бумбардай номыг орчуулан хэвлэх санал ирсэн.

Э.Тамир: Ерөнхийдөө уралдааныг зохион байгуулж байгаа дөрвөн улсын хамгийн алдартай комик, манга чиглэлийн зураач шүүгчээр ажиллаж байгаа.

Шүүлтийн хувьд ирүүлсэн бүтээлүүдийн хийцийг мэдээж харна. Хоёрдугаарт, агуулга зохиомжийг харна.

Зүгээр л зураг ирүүлсэн байна уу, эсвэл тодорхой хэмжээний утга учир илэрхийлсэн байна уу гэдгээрээ үнэлгээ ялгаатай байна.

Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа хүмүүсийн саналыг Brain Navi вэб хуудсаар дамжуулан авч  байгаа.

Illustrator Contest Asia (ICA) тэмцээний Олон улс дахь нээлтийн үйл ажиллагаа

-Азийн улсуудаар явж, ажилласан гэсэн шүү дээ. Гадныхан ер нь манай бүтээлийг хэр сонирхож байв?

Э.Тамир: Япон улстай бид хамтран ажиллах гэрээ байгуулж, уран бүтээлээ Азийн улс орнуудад сурталчлах ажил эхэлсэн.

Гэрээний хүрээнд бид уралдаан зохион байгуулж байгаа орнуудад очиж Бумбардай бүтээлээ сурталчилж, уралдааныхаа албан ёсны нээлтийг хийсэн байгаа.  

Ер нь ажиглаад байхад иллустраци уран бүтээлийн төрөл маш хурдацтай хөгжиж, хүмүүсийн хэрэглээ, сонирхол ч ихсэж байгаа дүр зураг харагдсан л даа.

Тэдгээр улсад зочлоход хүмүүс бидний уран бүтээлийг нэлээд сонирхон хүлээж авч байсан. Ер нь комикуудыг анзаарвал хар цагаан зураглалтай байдаг бол Бумбардайн хувьд өнгөт.

Тиймээс зураглал хийцийн хувьд ч тэр Монголын соёл, уламжлалыг харуулсан онцлог болон зохиолын агуулга ч тэр хүмүүсийн сонирхлыг татаж байсан.

Бидний бодож байснаас илүү үр дүнд хүрсэн гэж хэлж болно. Тухайлбал, Вьетнамд Бумбардай номыг орчуулан хэвлэх санал ирсэн шүү.

Өнөөдрийн байдлаар Бумбардай ном Япон улсад цахим хэлбэрээр борлуулагдаж байна. Цаашид Англи хэлээр болон уралдааныг зохион байгуулж байгаа дөрвөн улсад энэ жилийн сүүлчээр тухайн хэлээр нь орчуулагдан хэвлэгдэх төлөвлөгөөтэй байна.

-Ярилцсан та бүхэнд баярлалаа.

Зохион байгуулагчид