Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн том 5G сүлжээг $180 тэрбумаар байгуулна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Манай урд хөрш Хятадын харилцаа холбооны гурван оператор компанийн үүрэн холбооны шинэ үеийн 5G сүлжээний дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт нь $180 тэрбумд хүрэхээр байгааг зах зээлийн шинжээчид тооцоолжээ. Ийм хэмжээний мөнгийг China Mobile, China Unicom, China Telecom компаниуд ирэх долоон жилийн хугацаанд зарцуулах гэнэ. Харьцуулбал 2013-2020 оны хооронд тэд 4G сүлжээнд $117 тэрбумыг зарцуулахаар төлөвлөөд байсан юм.

Япон улсын харилцаа холбооны компаниуд гэхэд мөн ижил хугацаанд $46 тэрбумыг зарцуулахаар байгаа нь Хятадын хөрөнгө оруулалтаас бараг 4 дахин бага байна.

Хятадын компаниуд 2019 оноос 5G технологийг зах зээлд нэвтрүүлэх төлөвтэй байгаа юм. Харин ирэх жилээс туршилтын сүлжээгээ бий болгох гэнэ.

Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байна. Тухайлбал 5G технологи нь 3-5GHz давтамжийн зурваст ажилладаг тул 4G сүлжээнээс илүү олон тооны бааз станц шаарддаг. Мөн Хятад улсын газар нутгийн хэмжээ, хүн амын тооноос хамаарч байгаа. Jefferies Equity компанийн тооцоолсноор 2022 онд Хятадад 588.3 сая 5G хэрэглэгч байх бөгөөд энэ нь нийт гар утасны хэрэглэгчийн 39.9 хувь болох аж.

Мөн Хятадын Байду, Алибаба, Тенсент зэрэг интернэт компаниуд 5G сүлжээнд зориулагдсан 4K, 8K видео үйлчилгээнүүд, AR, VR бүтээгдэхүүнүүд гаргахад бэлэн болоод байгаа нь шинэ үеийн сүлжээ нэвтрэхэд чухал түлхэц болох юм.

Мөн хиймэл оюун ухаанд (AI) суурилсан олон нийтийн аюулгүй байдлын хяналт, зам тээврийн ачаалал зохицуулалт, гамшгаас сэргийлэх төрийн үйлчилгээнүүд 5G сүлжээг түшиглэн бий болох төлөвтэй байгаа ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post