Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Wonder Woman”-ий тухай таны мэдэхгүй ЗУРГААН БАРИМТ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд хит болж байгаа “Wonder Woman” киноны гол баатар Дайана гүнжийн дүрийг бүтээсэн Израйлийн модель, жүжигчин Галь Гадот бол жинхэнэ амьдрал дээрээ ч wonder woman юм байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр дэлхий даяар нээлтээ хийсэн уг бүтээл $223 саяын орлого олж, эмэгтэй найруулагчийн бүтээсэн кинонуудын дотор дээд амжилт тогтоогоод байгаа юм.

 

“Wonder Woman”-ий өөр нэг амжилт бол өмнө нь төдийлөн нэрд гараагүй байсан Галь Гадотыг од болгосон явдал. Тэрээр “The Fast & Furious” кинонд Жизелийн дүрийг бүтээснээс өөрөөр олны анхаарлыг татах уран бүтээл хийж байгаагүй гэнэ.

Зарим хүмүүс Галь “Wonder Woman”-ий гол дүрд тохирох жүжигчин мөн эсэхэд эргэлзэж байж магадгүй. Тэгвэл дараах баримтуудыг үзсэнийхээ дараа эргэлзээ нь арилах байх.

 

Тэр 2004 оны Израйлийн мисс

 

 

Одоо 32 настай Галь Израйльд төрж, өссөн. 18 настайдаа 2004 онд Израйлийн миссээр шалгарч Эквадорт болсон Ертөнцийн Миссийн тэмцээнд явж байжээ. Гэхдээ тэр Ертөнцийн мисс болохоор өрсөлдөх хүн биш байсан гэдгээ өнгөрсөн жил телевизийн ярилцлагад орохдоо ярьж байв. “Би бол тийм төрлийн бүсгүй биш” гэж Галь тэгэхэд хэлжээ.

 

Тэр Израйлийн армид алба хааж байсан

 

 

Зарим хүн Гадотыг Амазончуудын дайчин гүнжийн дүрд тоглоход сул дорой нэгэн гэж бодож байж магадгүй. Гэвч Израйлийн мисс болсныхоо дараа тэр хоёр жил цэргийн алба хаасан юм. “Чи 2-3 жил эрх чөлөөгөө хасуулж, зөвхөн сахилга бат, хүндлэлд суралцана” гэж Гадот цэрэгт байсан үеэ дурсан ярьжээ.

 

2015 онд тэр хагас нүцгэн төгөлдөр хуур тоглож байв

 

Тэрээр хуулийн чиглэлээр суралцахаасаа өмнө бүжиг дэглээч болохыг мөрөөддөг байсан. 2015 онд тэр Гуччигийн үнэртний сурталчилгаанд тоглохдоо чадварлаг бүжиглэж, төгөлдөр хуурын өмнө хагас нүцгэн сууж байгаа гардаг юм. Саяхан түүнийг Huawei компани гар утасныхаа нүүр царайг болгохоор гэрээ хийжээ.

 

Тэр Жэймс Бондын бүсгүй болох шахсан

 

 

Хуулийн сургуульд сурч байхдаа Гадот Жэймс Бондын дүр шалгаруулалтад оролцож байжээ. Гэдхээ уг дүрд Ольга Куриленко шалгарч, харин Гадот “The Fast & The Furious” кинонд дүр авсан юм.

Гэвч өнгөрсөн хугацаанд Гадот Ольгагаас илүү амжилттай яваа нь түүний “Wonder Woman”-д тоглосноос харагдаж байна. Ирэх арваннэгдүгээр сард дэлгэцэнд гарах “Justice League” кинонд Гадот гурав дахь удаагаа Дайана гүнжийн дүрийг бүтээхээр болжээ.

 

Тэр хүнийг шашин шүтлэг, арьс өнгөөр ялгадаггүй

 

 

Гадотыг Израйль хүн гэдэг утгаар нь “Wonder Woman” киног Ливаны эрх баригчид гаргахыг хориглосон. Гэхдээ хүчтэй израйль аялгатай англи хэлээр ярьдаг Гадот өөрийн гарал угсаагаар бахархдаг. Түүний эмээ нь Холокостоос амьд үлдсэн хүн юм. Түүний өвөө нь Чехословакийн жижигхэн тосгонд төрж, дайнд гэр бүлээ бүхлээр нь алдсан нэгэн. “Миний өвөө надад буруу шашин гэж байдаггүй, доод үндэстэн гэж байдаггүй хэмээн сургасан. Би бүх хүмүүсийг ялгалгүй хайрлахыг заалгасан” гэж ярьж байжээ.

 

Нөхөртэйгээ цөлд танилцсан тэрээр хоёр хүүхдийн эх

 

 

Кинон дээрээ Амазонын Дайана гүнж амьдралдаа анх удаа учирсан эр хүн болох АНУ-ын тагнуул Стив Треворт дурладаг. Бодит амьдрал дээр ч энэ үлгэр биелэлээ олж, тэр нэгэн найзынхаа цөлд зохион байгуулсан үдэшлэгийн үеэр израйлийн бизнесмэн Ярон Версанотой танилцаж, 2008 онд гэрлэсэн юм. Хосууд Альма ба Мая хэмээх хоёр охинтой. Тэрээр киноныхоо ихэнх зураг авалтын үеэр таван сартай жирэмсэн байсан гэдэг.

 

Эх сурвалж: South China Morning Post