Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Ард түмний оюун санааны шүтээн нь Үндсэн хууль

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Үндсэн хуулийн төсөлд нэлээд өргөн хүрээний асуудлаар өөрчлөлт оруулахаар болсон. Тус асуудал болон Үндсэн хуулийн үндсэн шинж агуулгын талаар Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай сонгуулийн өмнө (2017.06.03) уулзаж ярилцсанаа хүргэж байна -  

 Алиа салбадай болдог этгээд нь засгийн газар биш

- 26 жилийн турш үйлчилж ирсэн Үндсэн хуулийн яг юу нь болохгүй болоод өөрчлөх гэж байгаа тухайгаас яриагаа эхэлье?  

- Үндсэн хууль бол улсын тусгаар тогтнол бүрэн эрхийг баталгаажуулсан Монгол хүний үндсэн эрх, эрх чөлөөг тунхагласан, ямар ч тохиолдолд хуулиар хөндөж болохгүй эрхүүдийг болон хуулиар хязгаарлаж болох эрх үндэслэлүүдийг бичсэн төрийн байгууламжийн хувьд манай улс ямар дэглэмтэй, ямар зарчмаар төрийн дээд байгууллагууд нь ажиллах, хэн хэн нь хэндээ хяналт тавих, хариуцлага тооцох вэ гэдгийг бичсэн улс төр эрх зүйн дээд бичиг баримт юм.

Хууль ямар ч тохиолдолд Үндсэн хуулийн үзэл баримтлал, утга санаанд хашигдах ёстой.

Мөн Үндсэн хууль бол биднийг тусгаар улс гэдгийг батжуулсан хамгийн дээд эрхэм үнэт зүйл юм.

Хүн бүхэнд оюун санаа бурхан шүтээн гэж байдаг бол ард түмний оюун санааны шүтээн нь Үндсэн хууль.

Ийм учраас тус хууль Монгол Улсыг хөгжихийн тухайд дэм болж, хүний эрх хангагдах тухайд хамгаалалт болох учиртай. 

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд шинэ Үндсэн хууль ач холбогдолоо өгсөн.

Энэ хуулийн ачаар Монгол Улсын иргэд чөлөөтэй гадаадад зорьдог болсон. Дэлхийн бусад улс оронд манай улс нээлттэй улс болсон.

Тэр хэрээрээ хөрөнгө оруулалт ихээр орж ирсэн гэх мэт. Дээрх 26 жилийн хугацаанд орж ирсэн шууд хөрөнгө оруулалт 14 тэрбум доллар гэж яригддаг. 

Мөн Үндсэн хуульд тодорхой хэмжээний саад болж байсан зүйлүүд бий.

Үндсэн хуульд 2007 онд "Дордохын-7" гэж яригддаг долоон өөрчлөлт оруулсан.

Үүн дотроос дэм тусаа өгсөн  заалтуудыг нэрлэе. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайдыг ил санал хураалтаар огцруулдаг болсон.

Үүнээс өмнө 1992 оны Үндсэн хуулиар нууц санал хураалтаар огцруулдаг байсан.

Энэ заалтын горыг манай улс олон засгийн газраа огцруулж тогтворгүй төртэй болж амссан.

1992-1996 онд Ардчилсан Холбоо Эвсэл засгийн эрх барьж байхдаа гурван засгийн газрыг огцруулсан байдаг.

Хэрвээ одоог хүртэл нууцаар санал хураадаг хэвээрээ байсан бол өнгөрсөн дөрвөн жилд хэд хэдэн засгийн газар огцорсон байхыг үгүйсгэх аргагүй.

 Нэг жилд нэг засгийн газар огцруулж байжээ.

- Хамгийн их маргаан дагуулдаг асуудлыг нэг бол гүйцэтгэх эрх мэдэл суларсан явдал гэж ярьдаг. Үүнийг зохицуулах заалт төсөлд багтжээ. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

- Яг сонгодог утгаараа засгийн газар, парламент гэж юу юм бэ. Манайхан төр гэхээр нийтэд нь ойлгодог.

Парламент, УИХ-ын гишүүд, засгийн газар болон түүний сайд нар нь ч төр гэж бодоод байдаг. Үнэндээ бол парламент төрийн байгууллага биш.

Парламент нь иргэний нийгмийн байгууллага.

Мөн ард түмний үзэл санааны индэр, төлөөлөл, иргэдийн өмнөөс засгийн газрыг хянах ёстой.

Харин засгийн газар ямар нэг байдлаар тухайн олон янзын дуу хоолойд хөтлөгдөж бодлогыг сарниулдаг биш бодлогоо парламент дээр танилцуулаад тэдний олонх нь дэмжсэн бол тухайн зарчимдаа хатуу байна.

Уг зарчмыг хэрэгжүүлдэг төр нь засгийн газар юм. Бүгдэд нь таалагдах гээд алиа салбадай болдог этгээд нь засгийн газар биш.

Өөрөөр хэлбэл засгийн газрыг парламентаас харьцангуй бие даасан боломж нөхцлөөр ажиллуулах боломжийг олгодог байх нь зөв.

Үүний жишээ нь нэгэнт ерөнхий сайдаар томилогдсон хүнд бүрэн эрхийг нь олгож, засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоох гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөх эрхийг нь олгох явдал юм.

Ингэхгүйгээр ерөнхий сайд засгийн газраа толгойлж байгаа атлаа тухайн салбарынхаа сайд нарыг өөрөө мэдэж шийдэхгүй парламент шийддэг болгочихоор бялуу хуваах зарчим руу шилждэг.

Эдийн засаг бизнесийн сонирхол бүхий бүлэглэлүүд өөрийн төлөөллөө парламентад оруулахыг илүү чармайж эхэлж байна.

Ийм учраас парламент ард түмнийг төлөөлөх хэв шинжээ алдаж эхэлсэн.

1992-1996 оны парламентын бүтцийг одоогийн бүтэцтэй харьцууулаад үзэх хэрэгтэй.

Тухайн үеийн парламентад ахмад, дунд, залуу гэсэн насны төлөөлөл, мэргэжил, боловсрол сонирхлын бүлэг, үндэстэн ястнуудын төлөөлөл бүгд байсан.

Тиймээс популизм бага зөвхөн хууль батлах ажилдаа анхаарч, хэлбэр хөөдөггүй байж. 

Ерөнхий сайд кабинетаа өөрөө мэддэг байх үзэл санаа зөв

- Гүйцэтгэх засаглалын эрхийг нэмлээ ч хариуцлага тооцох механизм хэрэгтэй байх?

- Энэ бол маш чухал асуудал. Засгийн газарт харьцангуй бие даан ажиллах боломжийг бүрдүүлж өгөхийн тулд ерөнхий сайд кабинетаа өөрөө мэддэг байх үзэл санаа бол зөв.

Харин нөгөө талдаа батлагдсан хууль тогтоомжийнхоо араас парламент засгийн газараа шахаж шаардаж, хяналт тавих хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл парламентын зүгээс засгийн газартай холбогдсон хариуцлага тооцох боломжийг хуульд тусгах нь зөв. Үүнийг хамт шийдэх нь зөв.    

- Олон нийтийн бүх төлөөлөл парламентад байх ёстой гэлээ. Үүнийг яаж зохицуулвал дээр вэ?

2012-2016 оны парламентын бүрэлдэхүүнд судалгаа хийж үзэхэд 90 хувь нь бизнесийн төлөөлөл байсан.

Монголчууд бүгд бизнесмен биш. Тэгэхээр эдгээр хүмүүс нийт ард түмний төлөөлөл байж чадах эсэх нь эргэлзээтэй.

Учир нь нийгэмд нас хүйс, ажил мэргэжил, сонирхол, хот хөдөө гээд маш олон янзын бүлгүүдийн төлөөлөл дуу хоолой байдаг. Тиймээс парламентад төлөөллийн хэв шинж бүрэн хангагдахад ач холбогдол өгөөсэй гэж боддог. 

Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар нээж өгөх нь зөв. 

- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр чуулган хуралдах хугацааг хагас жилд тутамд 50 хоног байсныг 75 хоног болгож өөрчилсөн. Энэ заалтыг ямар ач холбогдолтой гэж үзэж байна? 

- Би энэ заалтыг зөв гэж бодож байна. Хуучин 75 байсныг 2000 оны өөрчлөлтөөр 50 хоног болгосон.

Одоо эргээд 75 хоног болгох гэж байгаа. 1992 оны Үндсэн хуулийн заалтыг сэргээх гэж байгаа юм. Зөвхөн чуулган хуралдах хугацааг нь сунгаад орхиж болохгүй.

Мажоритор буюу жижиг тойргоос парламентын гишүүд сонгогддогтой холбоотой чуулган хуралдах хугацааг 50 хоног болгосон.

Тухайн гишүүний бүх ажил парламент дээр явагдаад байхаар сонгогчидтойгоо ажиллах, ойр байх боломж нь үгүйсгэгддэг.

Энэ боломж нь үгүйгэгдээд байхаар улстөрч дахиж сонгогдох магадлал буурч байгаа. Эргээд 75 хоног болгохоор гишүүдийн ирцэнд нөлөөлнө.

Нэг нэгнийхээ өмнөөс кноп дардаг гэх явдал ихэснэ. Магадгүй байнгын хороо, чуулганы хуралдаанууд ирц бүрдэхгүй байж болзошгүй.

Үүнийг шийдэх арга нь холимог элемент.

Жишээлбэл өнгөрсөн 2012-2016 оны парламентын гишүүдийн гуравны нэг нь буюу 26 гишүүн нь сонгуулийн холимог тогтолцоогоор орж ирсэн.

Уг 26 гишүүн тодорхой тойргоос сонгогдоогүй учраас тойрогт ажиллах хэрэгцээ шаардлага бага.

Хууль тогтоох ажилдаа илүү их цаг зарж ажиллах боломжийг олгодог.

Тиймээс заавал холимог элементийг оруулж ирж байж парламентын үр ашигтай байх нөхцөл бүрдэнэ.

Түүнээс ганцхан чуулган хуралдах хугацааг 50 хоног байхыг  сунгаснаар л чанар үр нөлөө сайжирна гэж үзэж болохгүй. 

Парламентын засаглалтай мөртлөө ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодог  улс манайхаас өөр байхгүй

- Үндсэн хуульд яамдын нэрийг тусгах төсөл боловсруулжээ. Энэ заалтыг та юу гэж харж байна?

- Би хувьдаа үүнийг эсэргүүцэж байна. Үндсэн хуульд яамдын нэрийг бичих гэж байгаа гол шалтгаан үндэслэл нь төрийн албыг тогтворжуулахад чиглэж байгаа юм байна гэж ойлгосон.

Энэ бас л учир дутагдалтай заалт. Зөвхөн Үндсэн хуульд яамдын нэрийг бичсэнээр төрийн алба тогтвортой болохгүй.

Яамдын аппаратад 950 орчим албан хаагч ажилладаг. Гэтэл Монгол Улсад нийт 240 мянган төрийн албан хаагч байгаа.

Ингэхээр яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн жинхэнэ албан хаагчдын 0.4 хувь нь л тогтвортой байлгах тухай асуудал ярьж байна. 

Дийлэнх албан хаагчид орон нутгийн засаг захиргааны байгууллага болон төрийн өмчит үйлдвэрийн аж ахуй нэгжүүд, улсын үйлдвэрийн газрууд, засгийн газрын агентлагууд, эмнэлэг, сургуульд ажиллаж байна.

Эдгээр газруудад халаа сэлгээ хийх боломж нь нээлттэй үлдэж байгаа юм. 

- Яамдын нэрийг хуульчлахад таны бодлоор өөр ямар сөрөг талтай вэ?

- Ямар ч засгийн газар сонгуулийн үр дүнд байгуулагддаг. Намууд бол тэргүүлэх бодлого нь өөр улс төрийн хүчнүүд.

Эдгээр улс төрийн хүчнүүд засгийн газраа бүрдүүлээд ажиллаж байгаа бүтцээрээ өөр байх ёстой.

Аль яамыг тэргүүлэх чиг үүрэгтэйгээр ямар нэршил онцлогтойгоор засгийн газраа байгуулах вэ гэдэг нь яамныхаа нэрээр илэрхийлэгдэнэ.

Гэтэл Үндсэн хууль дээр хатуу нэршил биччихээр намуудад бодлого хөтөлбөрөө онцлогтойгоор хэрэгжүүлэх боломжийг нь хааж байна гэсэн үг.

Адилхан бодлого мөрийн хөтөлбөр зорилготой байх юм бол олон нам, олон ургальч үзэл гэж байж яах юм бэ? 

- Ерөнхийлөгчийн эрх мэдлийн талаар бас өөрчлөлт яригдаж байсан ч иргэд дэмжээгүй байна. Таны байр суурь ямар байсан бэ?

- Манай улс парламентын засаглалтай улс. Мөн ерөнхийлөгчтэй. Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгодог.

Парламентын засаглалтай мөртлөө ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодог улс дэлхийд манайхаас өөр байхгүй. 

Ерөнхийлөгчийн засаглалтай улсад тухайн ерөнхийлөгч нь л засгийн газраа бүрдүүлж, огцруулж, тараах хүртэл арга хэмжээг авч байна.

Харин манай улс болохоор хоёр институтад ард түмний өмнөөс шийдвэр гаргах эрх өгчихдөг.

Гэтэл энэ хоёр хүн эрх мэдлээ хэрэгжүүлэхэд тулгаралт үүсдэг.

Парламентын засаглалтай улсад ерөнхийлөгчийг парламентаас шууд томилдог.

Энэ чиг хандлага руу яваасай гэж боддог.

Хүнд өвчинд тохирсон эмчилгээ эхэндээ ямагт хатуу, зовиуртай байдаг. Гэхдээ эцсийн дүндээ илаарших  нь чухал шүү дээ. 

Үүнтэй адил ард түмний хувьд эцсийн үр дүн чухал. 

- Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа.