Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Буянбаатар: Гоцлол хөгжимчид үндэсний хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 6 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын үндэсний хөгжмийн их найрал албан ёсоор үүсээд аль хэдийнээ 55 жил болжээ. Гэхдээ Монголын үндэсний хөгжмийн их найрлын түүхийг 55 жилээр хязгаарлаж болохгүй. 55 гэдэг бол Хубилай хааны үеэс хойш олон зуун жил тасраад байсан төрийн үндэсний их найрлыг 1962 онд тухайн үеийн төр засгаас сэргээн байгуулах шийдвэр гарснаас хойших он тоолол. XX зууны дунд үеэс дахин байгуулагдсан үндэсний их найрал Монголын ард түмэндээ өөрийн орны зохиолчдын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг дээжлэн хүргэдэг билээ. Тэгвэл 55 жилийн ойн хүрээнд “Гоцлол хөгжимч”-дийн концертыг бэлтгэсэн аж. Энэ талаар ҮДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатартай ярилцлаа.

-Энэ жил Үндэсний хөгжмийн их найрал үүссэний 55 жилийн ойн баяр тохиож байна. ҮДБЭТ-ын уран бүтээлчид ойн баярынхаа хүрээнд үзэгчдэдээ өөрийн орны болон дэлхийн сонгодог бүтээлээр бэлэг барьдаг уламжлалтай. 55 жилийн ойн баярын тоглолт ямар онцлогтой байх вэ. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид тав таван жилээр ойн баяраа тэмдэглэдэг. Ойн баярт зориулсан үйл ажиллагаанаас гадна зун болгон найрал хөгжмийн тоглолтоо үзэгчдэдээ толилуулдаг. 55 жилийн ойн баярын үйл ажиллагааны хүрээнд “Гоцлол хөгжимчид”-ийн концерт тоглоно. Найрал хөгжмийг нийт 10 гаруй төрлийн хөгжмийн зэмсэг нийлж бий болгодог. Тухайлбал, утсан, товшуур, үлээвэр, цохиур хөгжим гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй. Утсан хөгжмийн төрөлд хуучир, морин хуур, их хуур багтдаг.

Найрал хөгжмийг бүрдүүлдэг хөгжмийн зэмсгүүдээр тоглодог гоцлооч нарын тоглолтыг хийнэ гэсэн үг. Бишгүүр, шанз, хуучир ёочин, морин хуур, эвэр бүрээ, ардын бишгүүр гэх мэтчилэн хөгжмийн зэмсгээр тоглодог нийт есөн гоцлол хөгжимчин тоглоно. Эдгээр уран бүтээлчид маань МУАЖ Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын уралдааны тэргүүн байр, Б.Шаравын нэрэмжит үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын уралдаан, АЖ Г.Жамъянгийн уралдааны шагналтууд.

Тэд Монголын болон дэлхийн сонгодог хийгээд бусад орны хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглоно. Жишээлбэл, Монголоос нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Шанзны концерт”, Ш.Өлзийбаярын цуур хөгжимд зориулсан “Эвэр бүрээ” концерт гэх мэтчилэн олон сайхан бүтээлийг тоглохоор бэлдэж байна. Мөн дэлхийн олон хөгжимчин тоглодог “Кармен” дуурийн удиртгал гэх зэрэг олон уран бүтээлийг үндэсний хөгжмөөр тоглох юм.

Энэ уран бүтээлүүд Монголын үндэсний хөгжмийн зэмсэг болон хөгжимчдийн ур чадвар цаашлаад үндэсний урлаг, хөгжмийг таниулах, сурталчилна. Мөн энэ концертод Улаанбаатар хотод суугаа Элчин сайд нар болон ажилчид үзэх юм. Үүгээр дамжуулан Монголын үндэсний урлаг болон үндэсний найрал хөгжмийг сурталчлах зорилготой концерт бэлтгэж байна.

-Одоогийн байдлаар хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Манай үндэсний хөгжмийн их найрал 65 хүний бүрэлдэхүүнтэй. 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай зарлиг гарсан. Гэвч уг зарлиг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад хэрэгжихгүй байгаа.Ерөнхийлөгчийн зарлигт манай үндэсний хөгжмийн их найрлыг 120 хүний бүрэлдэхүүнтэй болгох талаар тусгасан. Өөрөөр хэлбэл, жил бүр тодорхой хэмжээнд манай бүрэлдэхүүнийг өргөжүүлсээр 120 хүнтэй болгоно гэсэн үг.

Хэрвээ 120 хүнтэй болбол дэлхийд их өвөрмөц бүтэц, бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийг Монгол Улс бий болгоно. Ингээд хэлэхээр огт хоосон зүйлийг бий болгох юм байна гэж ойлгож болохгүй. Манай үндэсний хөгжмийн их найрал он удаан жилийн түүхтэй. Хубилай хааны үед 412 хүний бүрэлдэхүүнтэй төрийн ордны их найрал хөгжим байсан тухай түүхэн сударт өгүүлдэг. Гэвч цаг хугацааны эрхээр үндэсний хөгжмийн их найралгүй болсон.

Үүнийг XX зууны дунд үеэр сэргээн байгуулсан ч улам хөгжүүлэх хэрэгцээ шаардлага гарсан юм. Үүнтэй холбогдуулан Монголын олон зуун жилийн соёл, урлаг, үндэсний уламжлалыг хадгалах, судлах, найрал хөгжмийг хөгжүүлэх, сайжруулах зорилгоор төрөөс анхаарч эхэлсэн. Ер нь цаашид дээрх зарлиг бүрэн хэрэгжвэл Ази байтугай Дэлхийд өөрийн гэсэн өнгө, төрх, аялгуу дүрслэлтэй том оркестр болно.

Яах вэ, бусад орнуудад үндэсний оркестр байдаг. Гэхдээ манай үндэсний оркестр тэднээс огт өөр. Тухайлбал, БНХАУ-ын үлээвэр хөгжим нь тийм ч баялаг биш. Утсан хөгжмийн төрөлд хуучир л байх жишээтэй. БНСУ-д ятга илүү голчилдог. ОХУ-ын найрал хөгжимд утсан хөгжим гэж байдаггүй. Гэтэл манай их найралд утсан хөгжмийн төрөлд гэхэд хуучир, морин хуур, их хуур байдаг. Энэ мэтчилэн арвин их баялагтай, түүгээрээ ч бусад улсаас ялгаатай.

-Манай улсын иргэд үндэсний хөгжмийн их найрлыг тэр бүр сонсдоггүй. Зарим нь энэ талаар мэддэггүй. Гэтэл үндэсний хөгжим устаж үгүй болох аюулаас хамгаалж үлдэх нэг гарц нь үндэсний их найрал юм болов уу гэж боддог юм. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-1990 оноос хойш манай улсын нийгмийн систем өөрчлөгдлөө. Дэлхий ертөнц даяарчлагдаж, хаалттай байсан зүйлс нээлттэй боллоо. Хэн юу сонирхох нь нээлттэй, чөлөөтэй шүү дээ. Тийм учраас зарим хэсэг нь поп хөгжим сонирхож байхад нөгөө хэсэг сонгодог хөгжим сонсдог. Аливаа зүйл үндэстэй байж л цаашаа хөгжинө. Манай улсын хувьд сурталчилгаа, маркетинг нь бүрэн дүүрэн хүрэхгүй байж магадгүй.

Гэхдээ төрийн бодлогын хэмжээнд системтэйгээр эх орноороо бахархах сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэх ёстой. ЕБС-ийн сурагчдын хичээлийн программд албан ёсоор эх оронч үндэсний үзлийг хоногшуулах талаар оруулах хэрэгтэй. Сүүлийн үед залуус KFC идвэл бол мундаг болчих юм шиг боддог болж, гэхдээ түүн шиг худал зүйл байхгүй. Лэди Гагаг сонсвол мундаг боловсролтой, соёлтой болох юм шигээр бодоод байна л даа. Гэхдээ тэд уран бүтээлээ тив алгасан хүргэж чадаж байна. Үүнийг буруутгах аргагүй.

Бид харин үүний эсрэг залуучуудын сэтгэл зүрхэнд би монгол хүн, монгол гэдэг улс ийм соёл, уламжлалтай гэдгийг төрөхөөс нь авхуулаад хоногшуулах ёстой. Ингэхгүй бол энэ олон замбараагүй мэдээллийн дунд ойд төөрсөн сармагчин гэдэг шиг монголоо үл тоож байна, залуучууд. Зарим оронд улс орноо эмх цэгцтэй байлгахын тулд хэрэггүй мэдээллийн урсгалыг хааж байх жишээтэй. Гэтэл бид дэндүү нээлттэй байна. Төрийн бодлого нь шат шатандаа нийгэм рүүгээ нэгэн зорилгоор харж чадахгүй байна шүү дээ.

Бид гуравхан саяуулаа. Тиймээс Монгол хүн бүрийг үндэсний бахархалтай, эх оронч хүмүүжилтэй болгох ёстой. Монголын үндэсний хөгжмийн их найрлыг хүн бүр ухаарч, ойлгож, дэмжиж ядахдаа 15-20 мянган төгрөгөөр үзээд бахархаад гарах ёстой. 20 мянган төгрөгөөр тэр байтугай зүйлийг хийдэг. Залуучууд 20 мянган төгрөгөө бааранд үрж, дуусгаж байна. Гэтэл тэр мөнгөөр бааранд орсноос хэд дахин илүү ухаарал, гэгээрлийг аваад гарах боломжтой. Үүнийг манай залуучууд ойлгох ёстой юм. 

-Одоо тоглож байгаа тайз тоглолтод хэр тохиромжтой вэ? 

-Монгол Улсад найрал хөгжим тоглоход зориулагдсан тайз байхгүй. Бараг бүх оронд байна, ганцхан Монголд алга. Ядаж тайзан дээр тусгай зориулалтын том акустик хана босгодог. Тийм зүйл ч байхгүй. Манай тайзыг тайз гэхэд өрөвдмөөр шүү дээ. Жүжигчдийн хувцсаа сольдог өрөөтэй адилхан хэмжээтэй. Бид дэлхийн театрын барилга, акустик, техник, технологиос маш их хоцорсон.

Социализмын үед баригдсан хоёр ягаан байшин, Соёлын төв өргөө л байна. “UB палас”-ын концертын их танхим гээд байх юм. Тэр бол концертын их танхим биш. Их бүдүүлгээр ярихад, зүгээр нэг “агуулах” гэж хэлж болно. Тийм зүйлийг концертын их танхим гэхэд хэцүү. Үүнийг манайхан мэдэх ёстой. Та нар дэлхийн театруудын сайт руу ороод хараарай. Большой театрыг 700 сая ам.доллараар засаж байна. Маринский их театрыг засаад хажууд нь шинээр барьж байна.

Одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үндэсний урлагийн их театрын ордон барина гэж орсон байна билээ. Бид тэсэн ядан хүлээж байгаа. Хэрвээ тэр ордон баригдчихвал дэлхийн Италийн дуурь манай улсад ирээд тоглож болно. Оросын Большой театр ч ирээд “Хунт нуур”-аа тоглох боломжтой. Одоогийн нөхцөлд дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн театрууд ирээд тогловол бид ийм “амбаарт” тоглодог хүмүүс биш гэж л хэлнэ. Үүнээс л их зүйлийг ойлгох хэрэгтэй.

Зураг