Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Налайхын асуудлыг шийдвэрлэж эхэллээ

Б.Ану
2017 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Налайх, Гэрэл зургийг MPA.mn

Зөвшөөрөлгүй нүүрс олборлох байдал хавтгайрснаас болж Налайхын уурхайд осол гарч, хүний амь эрсдэх нь хэвийн үзэгдэл шахуу болчихоод байгааг цэгцлэх шаардлагатай гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (АМГТГ) үзэж байна.

Тоо баримт харвал 1992-2017 оны хооронд буюу сүүлийн 25 жилийн хугацаанд Налайхын уурхайн амуудад нурангид дарагдах, хүчилтөрөгчийн дутагдалд орох зэргээр 735 хүн осолдож, 235 хүн амиа алджээ. Өөрөөр хэлбэл жилд 10 орчим хүн Налайхын уурхайд амиа алдсан гэсэн үг. 

Энэ байдалд дүгнэлт хийж хүний амь нас эрсддэг байдалд цэг тавих үүднээс тодорхой шийдвэрүүдийг эхнээс нь гаргаж эхэлжээ.

Тухайлбал Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий 31 аж ахуйн нэгж (ААН) шалгалт хийхэд 2 нь энэ оны байдлаар хуулийн дагуу нөөцийн тайлан боловсруулан ТЭЗҮ хийлгэж баталгаажуулсан, өнгөрсөн онд нэг л компани ажлын төлөвлөгөө батлуулан ажилласан бол энэ онд ажлын төлөвлөгөө батлуулсан нэг ч ААН байхгүй байжээ. Ийнхүү АМГТГ хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй ААН-д харицулага тооцох ажлыг эхлүүлэн эхний ээлжинд “Ордтрейд” болон “Жиншентан” зэрэг компаниудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Тус компаниудын ашиглалтын талбай налайх дүүргийн төмөр зам, авто замын дэд бүтцийг хамарсан байна.  Хуулиараа замын дэд бүтцээс 50м-ээс гадагш талбайд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг байна. Харин дээрх компаниуд нүдээр харахад 50м зайтай үйл ажиллагаа явуулж байгаа мэт боловч төмөр зам авто замын газар доогуур ухалт хийснээс замын байгууламжид суулт өгсөн байсан нь судалгаагаар тогтоогджээ. 

Дараагийн ээлжинд суурьшлын бүсэд хохирол учруулсан болон бусад зөрчилтэй компаниудад үргэлжлүүлэн шалгалт хийж шаардлагатай арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд авч ажиллахаа АМГТГ-ын нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр хэллээ. 

Энэ мэтчилэн хууль тогтоомжийн зөрчлийг арилгуулах, хувиараа олборлолт явуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг цэгцлэх, таслан зогсоох шаадлагатай байгааг Налайхын оршин суугчид ярьж байсан юм. 

Нүүрсний уурхайн үйл ажиллагаанаас болж Налайх дүүргийн 2-р хороонд амьдардаг айлуудын хашаан дахь газарт цууралт үүсч, цаашид амьдрах боломжгүй болоод байгаа юм. 3-4 жилийн өмнө ганц, хоёрхон нүүрсний уурхай олборлолт хийдэг байсан ч жил ирэх тусам нэмэгдсээр ийнхүү газрын хөрс хагарах, цуурах явдал түгээмэл болсон байна. 

Яг уурхайн хажууд амьдарч байгаа айлуудын хувьд хашааных нь хөрсөнд нуралт үүсэн цуураад 2 жилийн гаруйн хугацаа өнгөрсөн байна. Өмнө нь уурхайд ажиллаж байсан иргэд уурхайн ойр орчмын айлуудын хашааны доод талаар аль хэдийн олборлолт хийгээд дуусчихсан талаар ярьж байсан юм.

Налайх дүүргийн засаг даргын орлогч н.Тунгалаг үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбар хийсэн. Тэрээр бид 2016 оны 12-р сард ажлаа хүлээж авсан. Ингээд уурхайтай холбоотой нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Налайх дүүргийн 2-р хороонд үйл ажиллагаа явуулж байсан зөвшөөрөлгүй 16 уурхайн амыг хаасан. Гэхдээ тухайн уурхайн иргэдэд учруулсан хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй учир хариуцлага тооцож чадаагүй гэж ярьсан юм.