Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхзул: Эко нэрийн хуудас таныг байгаль орчинд ээлтэй болохыг харуулна

Л.Жаргал, Зууны мэдээ
2017 оны 6 сарын 7
Зууны мэдээ
 

Энэ удаагийн зочноор дахин боловсруулсан цаасны төслийн  санаачлагч Н.Энхзулыг урьж ярилцлаа.

-Дахин  боловсруулсан цаасаар нэрийн  хуудас хийж байгаа тань нийгэмд төдийгүй бизнесийн хүрээнийхний анхаарлыг татаж байна. Анхны санаа хаанаас төрж байсан талаар яриагаа эхэлье?

-Би МУИС-ийг экологи байгаль хамгааллын мэргэжлээр төгсөөд, түүний дараа байгаль орчны газарзүйн мэдээллийн системийг зайнаас судлах нь чиглэлээр илүү нарийн мэргэшиж төгссөн. “Зориг” сангийн 22-25 насны залуусын анхаарлыг байгаль орчны асуудал руу хандуулах зорилготой ажилладаг байгаль орчны манлайлагч хөтөлбөрт гишүүнчлэлтэй.

Мөн тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд олон нийтэд тогтвортой хөгжлийн ойлголтыг хүргэх контент хөгжүүлэлт дээр ажиллаж байсан. Одоо байгаль орчны үнэлгээний богино хугацаатай төсөл дээр ажиллаж байгаа. Ерөнхийдөө мэргэжлийн дагуу байгаль орчны чиглэлээр ажилладаг.

Нэрийн хуудас хийх нь миний хобби учраас чөлөөт цагаараа хийдэг. Нэрийн хуудсаар дамжуулан хариуцлагатай хэрэглээг нэмэгдүүлж, жижиг гэлтгүй хүмүүсийн хандлагыг өөрчлөн байгалийн нөөцийг хамгаалах боломжтой юм байна гэж үзсэн. Яагаад  нэрийн хуудас сонгосон гэхээр их учиртай. Нэрийн хуудас нь тухайн хүний талаарх анхны сэтгэгдлийг илэрхийлж байдаг учраас их чухал хэрэгсэл.  

-Анх хэрэглээ болгоход хүмүүс хэрхэн хүлээж авч байв?

-Анх хүмүүст танилцуулж байхад, юун бор цаас вэ гэдэг байсан. Цаас гэхээр л цагаан байх ёстой гэсэн ойлголттой байсан л даа. Харин одоо хүмүүс харьцангуй зөв хандлагатай болсон. Тиймээс дахин боловсруулсан цаасан нэрийн хуудастай хүнийг байгаль орчинд ээлтэй хэрэглээтэй юм байна гэсэн мессежийг цаад хүндээ шууд өгдөг.

Үнийн хувьд дундаж нэрийн хуудастай адил үнэтэй байгаа. Нэрийн хуудсаа ноосон утсаар баантаглаад эзэнд нь өгөх тэр агшин надад маш сайхан санагддаг. Уутанд хийгээд өгч болох ч бас л байгаль орчинд халтай төдийгүй, зардал нэмэгдэх тал бий. Ер нь жижиг зүйлс дээр ч боломжийнхоо хэрээр нөөцөө хэмнэхгүй бол бид үрэн таран хийх хандлагатай байна.

Байгаль орчны асуудал гэхээр хүмүүс сайн дурынхны хийх ажил гэж ойлгодог. Хүн болгон амьдралын хэв маягаа өөрчилж байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай амьдарвал маш их хувь нэмэр болох юм. Байгууллагууд ч ялгаагүй нийгмийн  хариуцлагын хүрээнд хаягдал цаасаа, дахин боловсруулах үйлдвэр рүү нийлүүлэх зэргээр санаачлагатай байх хэрэгтэй. Байгаль орчны салбар бусад бүх салбаруудтай яалт ч үгүй холбогддог. Тиймээс байгаль орчны асуудалд хамтын оролцоо хамгийн чухал байдаг.

 

-Нэрийн хуудасны ард бичээстэй байгаа үзүүлэлтүүд их сонирхол татаж байна л даа. Ямар учиртай тэмдэглэгээ вэ? 

-Глобал төвшинд яривал дэлхийн хүн ам жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тэр хүн амын хэрэгцээ шаардлагыг хангах байгалийн нөөц боломж жил ирэх тусам багассаар ганц дэлхий маань бидэнд хангалтгүй болоод байна. Тиймээс бид хаягдлыг дахин боловсруулж, нөөцийг үр ашигтай хэрэглэх шаардлага зайлшгүй тулгарч байна.

Тогтвортой хөгжлийн 17 зорилт гэж байдаг. Энэ зорилтуудын 12 дахь зорилтод хариуцлагатай хэрэглээг үйлдвэрлэлд нэмэгдүүлье гэсэн зорилттой манай нэрийн хуудас шууд байдлаар холбогдож байгаа. Мөн уур амьсгалын үр нөлөөг сааруулах, хүлэмжийн хийг бууруулж агаарын бохирдлыг багасгах, хуурай газрын эко системийг хамгаалах, баталгаат ундны эх үүсвэрийг хангах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн зорилттой дам байдлаар холбогдож байгаа.

Нэг нэрийн хуудас хийхэд 320 гр ус, 0.120 квт эрчим  хүчийг хэмнэж, 10 гр хүлэмжийн хийг бууруулж, 30 гр  мод агаарт цацагдах байсныг тус  тус хэмнэж байгааг би судалгаагаар гаргаж ирсэн. Монгол Улсад цаас боловсруулах үйлдвэр байдаггүй. Цаасны  хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг улс. Тиймээс би нийт хог хаягдлаас цаасны хаягдал хэчнээн хувийг эзэлж байгааг судалсан. Цаашлаад хаягдал цаасны хэдэн хувийг монголд дахин боловсруулдаг вэ гэх мэт суурь судалгаануудыг хийсний үндсэнд энэ ажлаа эхлүүлсэн. Монголд дахин боловсруулах үйлдвэр хэд байдаг.  Улсын хэмжээнд бүртгэлтэй байгууллага нь хэд байна гэх зэргээр судалгаанд үндэслэн тоо баримттайгаар хийж эхэлсэн. 

Төмрийн хаягдлыг дахин боловсруулах, хуванцар болон гялгар уут, хаягдлыг дахин боловсруулах зэрэг 30 гаруй үйлдвэр манайд байдаг юм байна лээ.

-Хийсэн нэрийн хуудсаа  тооцвол байгаль орчинд хэдий хэмжээний үр ашигтай байсныг гаргаж үзэж болох нээ? 

-Бололгүй яах вэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй байгууллагын 9000 орчим нэрийн хуудас хийсэн. Хэчнээн хэмжээний байгалийн нөөц хэмнэсэн бэ гээд тооцоод үзэхээр 100.000  литр  ус, 270 кг  мод тус тус хэмнэсэн байгаа.

-Дан ганц нэрийн хуудас гэлтгүй байгууллагуудын танилцуулга цаасан уут зэргийг хийж үйл ажиллагаагаа өргөжүүлье гэж боддог уу?

-Хэрэглэгчид маань нэрийн хуудаснаас гадна цаасан уут,  брошур зэргийг хийлгэмээр байна гэсэн хүсэлт их тавьдаг. Мэдээж үйл  ажиллагаагаа өргөжүүлээд олон чиглэл рүү явуулах боломж байгаа. Тэр болгонд хөрөнгө мөнгө олон хүний дэмжлэг зайлшгүй хэрэгтэй  болдог. Цаасан уут брошур зэргийг хийхэд техникийн туслалцаа хэрэгтэй. Миний хувьд анхнаасаа бизнес болгоё гэж хараагүй учраас өргөжүүлэх тухай бодсон зүйл одоохондоо алга байна.

Зураг