Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл аймагт ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.9 тэрбум төгрөг хуваарилагдсан

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Монгобанкны салбарын захирал Батнасантай тус аймаг дахь ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай ярилцлаа.

-Хөвсгөл аймагт ипотекийн зээлийн эрэлт ямар байна вэ, өмнөх онуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?

-2014 оноос хойш Хөвсгөл аймагт орон сууцны барилгажилт өмнөх жилүүдээс эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийн ипотекийн зээлд хамрагдах сонирхол ч нэмэгдэж байна.  

2016 оны байдлаар 82 иргэнд 4,2 тэрбум төгрөгийн ипотекийн 5%, 8%-ийн хүүтэй зээл олгосон. Энэ нь 2014  оноос 27.3 хувиар, 2015 оноос 15.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Иргэд 8 хувийн ипотекийн зээлээр аймгаас гадна Улаанбаатар хотод баригдсан орон сууц худалдан авах хүсэлт их байдаг.

Мөрөн сум 2013 онд дулааны цахилгаан станцтай болсоноос хойш орон сууцны барилгажилт явагдах суурь үндсэндээ тавигдсан гэж хэлж болно. Тиймээс орон сууцны хорооллууд нэмж баригдахаар хот төлөвлөлтөд тусгагдсан.   

-Тэгэхээр, хүсэлт гол төлөв Мөрөн сумын иргэдээс ирж байна уу ?

-Тийм ээ. Дэд бүтэц нь илүү төвлөрсөн болохоор Мөрөн суманд баригдсан орон сууцнаас худалдан авах гэсэн зээлийн хүсэлт давамгайлдаг. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд аймгийн төвд 260 гаруй айлын орон сууц баригдсан байна. 

Хөвсгөл аймгийн төв болох Мөрөн сум 36,900 гаруй хүн амтай, 11,500 өрхтэй, үүний 6 хувь нь орон сууцанд амьдардаг, 94 хувь нь гэр байшин хороололд амьдарч байна.

-Шинээр баригдах орон сууцнууд нэмэгдэж байна гэж та хэллээ, эрэлт цаашид нилээдгүй өсөх нь ээ?

-Хөвсгөл аймгийн онцлог нь ой мод ихтэй, иргэд модон байшин барих боломж нь их тул орон сууцжилт багатай. Харин сүүлийн жилүүдэд орон сууцнууд шинээр баригдаж, иргэд ч орон сууцанд тав тухтай амьдрахыг илүүд үзэх болжээ. Орон сууцны хорооллууд ч шинээр бий болж, барилгын ажил явагдаж байна. Цаашдаа орон сууцанд амьдрах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Энэ нь Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн бага хүүтэй урт хугацаатай зээл олгодог болсонтой холбоотой. Мөрөн суманд шинээр 215 айлын 5 орон сууц баригдаж байна. Эдгээр барилгууд 2017 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн.

-Ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 25 хувийг хөдөө орон нутагт хуваариладаг болох чиглэлийг Монголбанк банкуудад өгдөг болоод байна. Танай аймагт одоогоор хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Манай аймагт 1.9 тэрбум  төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Энэ нь банкуудад судлагдаад олгохоор шийдвэрлэсэн зээлийн  эх үүсвэр юм. Өмнө нь ингэж аймаг аймагт нь хуваарьлаж байгаагүй, банкууд МИК-д худалдсан эх  үүсвэрээрээ олгож байсан. Шалтгаан нь зээлийн эрэлт их, ипотекийн зээлийн санхүүжилт дутагдалтай байсантай холбоотой байх.

-Хөвсгөл аймагт арилжааны хэдэн банкны салбар байна вэ? Бүгд жигд санхүүжилтийг олгож чаддаг уу?

-Хөвсгөл аймагт Хаан, Хас, Голомт, Капитал, Төрийн банк зэрэг таван арилжааны банкны салбар үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн саруудад банкуудын ипотекийн зээлийн санхүүжилтээс шалтгаалсан зээл олголт буурсан. Одоогоор банкуудад судлагдахаар хүлээгдэж буй 40 гаруй иргэний зээлийн хүсэлт байна.

-Танай аймагт ипотекийн зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?

-Орон сууцны ипотекийн зээлийн журамд зээлийн эргэн төлөлтийг зээл хүсэгчийн орлоготой уялдуулан өрхийн орлогын 45 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож олгохоор тусгасан тул зээлийн эргэн төлөлт сайн байгаа. Төлбөрийн чадварын эрсдэл ч бага байна.  Ипотекийн зээлийн хугацаа хэтэрсэн зээл нийт зээлд 0.1 хувийг эзэлж байгаа бол  ипотекийн зээл дотроо  чанаргүй зээл нь 2.1 хувийг эзэлж  байна.

-Зээлийн санхүүжилттэй холбоотой ямар асуудлыг иргэд голдуу тавьдаг вэ?

-Урьдчилгаа төлбөр өндөр, мөн банкууд ипотекийн зээлийн санхүүжилтээс шалтгаалан зээл олголт удааширч байна гэсэн санал гомдол гол төлөв ирдэг дээ.

-Ярилцсанд баярлалаа