Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Apple WWDC 2017: Шинэ бүтээгдэхүүнүүд

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 6
IKON.MN

Жил бүр зохион байгуулагддаг Apple компанийн хөгжүүлэгчдийн чуулган буюу WWDC өчигдөр эхэллээ.

Ерөнхийдөө програм зохиогчдод зориулагддаг ажиллагаа нь энэ жил олон төрлийн биет бүтээгдэхүүн танилцуулснаараа онцлог байлаа. Apple өчигдөр долоон зөөврийн компьютер, iMac Pro шинэ дэсктоп компьютер, шинэ iPad, гэрийн ухаалаг яригч HomePod гэсэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм.

Мөн уламжлал ёсоор гар утас, компьютер, ухаалаг бугуйн цагандаа зориулсан үйлдлийн системүүдийн шинэ хувилбарыг зарлажээ.

Facebook, Google компаниудын нэгэн адил Apple энэ жил AR (Augmented Reality) технологийг ашиглах боломжтой ARKit програмын багаж гаргаж байгаагаа танилцуулсан юм. Үүгээр iPhone, iPad төхөөрөмжүүдийн камерыг ашиглан бодит орчинд үзэгдэх биетүүд дээр дижитал зүйлсийг давхардуулж дүрслэх аппликэшн хөгжүүлэх боломжтой. Уг технологийг ашиглаж байгаа нэг жишээ нь Pokemon Go тоглоом юм.

Ингээд Apple-ийн танилцуулсан бүтээгдэхүүнүүдийг товч тайлбарлая.

 

HomePod

 

Amazon Echo, Google Home зэрэг бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхөөр 7 инчийн хэмжээтэй HomePod төхөөрөмж гарчээ. Цилиндр хэлбэртэй ухаалаг яригч нь эзэнтэйгээ ярилцах замаар гэрийн бүх ухаалаг төхөөрөмжийг удирдах, хүссэн мэдээллийг нь хэлж өгөх, хүссэн хөгжмийг нь сонсгох, ажлыг нь төлөвлөж, сануулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл iPhone-ий Siri дээр нэмээд олон үйлдлийг удирдах чадвартай дижитал туслагч бий болсон гэсэн үг юм. Гэртээ ухаалаг төхөөрөмж нэмэх бүртээ HomePod-той холбож дуу хоолойгоороо удирддаг болно.

Хар ба цагаан хувилбартайгаар ирэх арванхоёрдугаар сард гарах HomePod нь $349-ийн үнэтэй байх гэнэ. Бараг ойролцоо чадвартай мөртлөө Amazon, Google-ийн төхөөрөмжүүдээс $200 орчмоор илүү үнэтэй байгаа нь сонирхол татаж байна.

 

Шинэ iPad

 

 

iPad анх удаа зөөврийн компьютер буюу нөүтбүүкийг орлох хэмжээнд хүрсэн нь энэ болжээ. 12.9 ба 10.5 инчийн дэлгэцтэй шинэ iPad Pro төхөөрөмжүүд нь өмнөх загваруудаасаа илүү хурдан процессор, илүү тод дэлгэцтэй. Гол давуу тал нь ирэх намар зах зээлд гарах мобайл үйлдлийн системийн шинэ хувилбар iOS 11-ийг суулгасан байх юм. Files нэртэй шинэ аппликэшн нь бүх файлуудаа нэг цэгээс удирдах, боловсруулах боломжоор хангаж байгаа нь илүү бүтээлч, ажлын хэрэглээг бий болгож байна. Шинэ iPad-нууд $649 (10.5 инч), $799 (12.9 инч) үнээр ирэх долоо хоногт худалдаанд гарна.

 

iMac Pro

 

Apple дэкстоп буюу ширээний компьютерээ өндөр үзүүлэлттэй мэргэжлийн хувилбараар баяжуулж байгаа нь iMac Pro юм. iMac Pro нь зөвхөн “space grey” (хар саарал) өнгөтэй байх гэнэ. 4TB хүртэл багтаамжтай SSD хадгалах байгууламж, 128GB санах ой, хоёр 5K дэлгэц удирдах чадвартай, хоёр RAID дата хадгалах байгууламж удирдах боломжтой байна. 27 инчийн 5K дэлгэцтэй хэрнээ шинэ хөргөгч системтэй байх тул бусад iMac-уудаас илүү ачаалал дааж, 80 хувь халалт багатай ажиллах юм. Супер хүчин чадалтай iMac Pro ирэх арванхоёрдугаар сараас $4,999 үнээр худалдаалагдаж эхэлнэ.

 

Шинэ Mac, MacBook

 

iMac Pro загвараас гадна бусад Mac компьютерууддаа шинэчлэлтүүдийг хийжээ. Шинэ MacBook, MacBook Pro компьютерууд Интел компанийн шинэ “Kaby Lake” процессортой болсон нь 3.5GHz хүртэл хурдлах чадвартай. Pro биш энгийн iMac дэсктопууд нь мөн шинэ процессор, хурдтай хатуу диск, шинэ график процессор, тод дэлгэц, шинэ Thunderbolt 3 порттой болжээ. Дээрх бүх шинэ компьютерууд $1,299-оос эхэлсэн үнээр өнөөдрөөс худалдаанд гарч байна.

 

Үйлдлийн системийн шинэ хувилбарууд

 

Apple энэ удаа уламжлал ёсоор мобайл үйлдлийн систем iOS, дэсктоп үйлдлийн систем macOS, ухаалаг бугуйн цагны үйлдлийн систем watchOS-ийн шинэ хувилбаруудаа танилцуулжээ. Шинэ хувилбарууд нь iOS 11, macOS High Sierra, watchOS 4 юм.

Шинэ хувилбаруудад зарчмын том өөрчлөлт орсонгүй, тусгайлсан зарим жижиг нэмэлтүүдийг нэвтрүүлсэн байна.

Тухайлбал iOS 11 хувилбарт шинэ Control Center нэвтэрч, олон хуудас солилгүй нэг цэгээс бүх төхөөрөмжөө удирдах боломжтой болжээ. Мөн зөвхөн үүрэн холбооны сүлжээг унтраах товч нэмэгдсэн нь Airplane горимд шилжихэд Bluetooth холболтууд тасардаг дутагдлыг арилгасан байна. Siri туслагч нь зөвхөн дуу хоолойгоор харьцах бус мөн текст мессэжээр ярилцах боломжтой болсон бөгөөд Англиас Хятад, Франц, Герман зэрэг хэлүүд рүү орчуулах чадвартай болжээ.

Зөвхөн iPad төхөөрөмжинд зориулсан Files аппликэшн нэмэгдсэн нь хувийн файл, документтай харилцахад амар болгосон байна. Мөн App Store аппликэшнд шинэ дизайн нэвтрүүлжээ.

 

Эх сурвалж: Quartz