Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрсний бохирдлыг бууруулах төслийг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлнэ

ikon.mn
2017 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн нээлт өнөөдөр боллоо.

Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг туршиж нэвтрүүлснээр нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдлыг бууруулах нь төслийн гол зорилго ажээ.

Гурван жил үргэлжилж, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдэх төслийн хүрээнд:

  •  гэр хорооллийн өрхүүдэд олгох 1,500 орчим экологид ээлтэй жорлон, битүү тунгаагуур сав, эсвэл энгийн хийцтэй, технологи нь туршигдсан, бага өртөгтэй, орчны нөхцөл, цаг уурын онцлогт тохирсон, орон нутагт үйлдвэрлэсэн материал ашиглаж барих боломжтой ариун цэврийн бусад төрлийн байгууламжуудын зураг төслийг боловсруулах, барьж угсрах, суурилуулах ажлыг гүйцэтгэх;
  • ЖДҮ-ийн газрууд ба өрхүүдийн хооронд байгуулах сайжруулсан ариун цэврийн байгууламжийн засвар үйлчилгээ, хаягдал цуглуулах гэрээний загварыг боловсруулах; 
  • хаягдлыг бордоо болгох, боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах чиглэлээр төсөлтэй хамтран ажиллах ЖДҮ-ийн газруудын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлыг хийх ажээ. 

Хөрсний бохирдлыг бууруулах төслийг эхний ээлжинд Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон талаар Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлж байна. 

Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд:

  • сайжруулсан ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан анхны ажлын хэсгийг үндэсний хэмжээнд байгуулах; 
  • айл өрх, гэрээт гүйцэтгэгчид болон чиглэлийн яамдад зориулж сайжруулсан ариун цэврийн байгууламжийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, техникийн туслалцаа үзүүлэх; 
  • төслийн үр дүнг чиглэлийн яамд, хувийн хэвшил болон иргэний нийгмийн хүрээнд сурталчлан дэлгэрүүлэх; 
  • сайжруулсан ариун цэврийн байгууламжийг гэр хороололд нэвтрүүлэх үндэсний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулна гэжээ. 

Уг төлөвлөгөөнд сайжруулсан ариун цэврийн байгууламж барих нэн шаардлагатай гэр хорооллын бусад хороо дүүргүүдийг тодорхойлон, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүд, хэрэгжүүлэх байгууллагуудын үүрэг хариуцлага, зардал, санхүүгийн механизм, ажлын хуваарь зэргийг тусгасан 5 жилийн  стратеги болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө багтсан гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.