Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Андроидыг зохион бүтээгч шинэ гар утас танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Google-ийн мобайл үйлдлийн систем Андроидыг зохион бүтээгч Энди Рубин шинэ гар утас зах зээлд гаргахаар Essential нэртэй компани байгуулан ажиллаж байгаа юм. Түүний бүтээсэн системийг сүүлд Google компани худалдан авч, өөрийн систем болгосон түүхтэй.

Тэгвэл Рубин өчигдөр компанийхаа анхны бүтээгдэхүүн болох Андроид системтэй шинэ гар утсаа танилцуулсан байна. Apple, Samsung-ийн гар утаснуудтай шууд өрсөлдөх зорилготой гэдэг нь тодорхой, үнэтэй ангиллын PH-1 ухаалаг гар утас тун сонирхолтой бүтээгдэхүүн болжээ. Нүүрэн хэсэг нь бүхэлдээ дэлгэцнээс бүрдэх уг утас нь ар талдаа соронзон холбогчтой ба түүнд янз бүрийн нэмэлт хэрэгслийг холбох боломжтой.

 
 

Жишээ нь утастай хамт ирэх 360 хэмийн камерыг уг соронзон хэсэгт тогтоох зориулалттай юм. Утас дангаараа $699 үнэтэй бол 360 хэмийн камертайгаа $749 болж байна. Үүнд 128GB хадгалах байгууламж, 4GB санах ой, Qualcomm Snapdragon 835 процессор багтаж байна.

Гялгар хар, бүрзгэр саарал, гялгар цагаан, гялгар ногоон өнгөний сонголтуудтай. Арын камер нь 13 мегапиксел бол нүүрний камер 8 мегапиксел чадалтай. Хоёул 4K видео бичих чадвартай гэнэ.

Эх биеийг титан болон керамик материалаар бүтээсэн тул маш бөх бат гэж танилцуулсан байна. Харамсалтай нь шинэ утас эхний ээлжинд зөвхөн АНУ-д гарч байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Techinsider