Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ ҮНДЭСТЭН 250 НАСААР ЗАЛУУ ХАРАГДДАГ

ikon.mn
2017 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эхлэл

Бид ерэн оноос өмнө социалист лагер бүтээх үйлсэд “өртсөнөөр” цахилгаан станц, төмөр зам, тээврийн сүлжээтэй болсныг эс тооцвол үйлдвэрлэл технологийн хувьд анхныхаа шатанд явж байгаа. Хүний хөгжлөөр яривал бохь зажилдаг хомо эректус юм.

Технологийн хэв шинж

Технологийн хэв шинж хэмээх ойлголтыг Оросын эдийн засагч Д.С.Львов, С.Ю.Глазьев нар шинжлэх ухааны хэрэглээнд анх оруулжээ. Тэр цагаас хойш эдийн засагчид тасралтгүй судалсаар технологийн хөгжлийг таван хэв шинжид ангилсан. Дэлхий ертөнц өнөөдөр тавдугаар хэв шинжид явж байгаа бөгөөд зургаа дахь руугаа шилжих нь өнөө маргаашийн хэрэг болжээ.  

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

 

Энэхүү инфографик нь Олон улсын технологийн хөгжлийн "Технопром-2013" форумын үед гарчээ. Энд технологийн хэв шинжүүд үүсч, ноёлж байсан он цагууд болон, онцлогуудыг тун ч оновчтой тодорхойлсон байдаг юм. Тухайлбал:

  • I хэв шинж (1785-1835 он). Нэхмэлийн аж үйлдвэр хөгжив. (Оймс, таавчиг...) 
  • II хэв шинж (1830-1890 он). Тээврийн хэрэгсэл, уурын хөдөлгүүрийн үндсэн дээр механик үйлдвэрлэл эрчимтэй хөгжив. 
  • III хэв шинж (1880-1940 он). Цахилгаан эрчим хүчийг аж үйлдвэрт ашиглав. Химийн шинжлэх ухааны шинэ нээлтүүд гарав. Радио холбоо, телеграф, авто машинууд өргөн хэрэглээ боллоо. Банк, санхүүгийн капиталын төвлөрөл эхлэв.  
  • IV хэв шинж (1930-1990 он). Нефть, нефтийн бүтээгдэхүүн, хий,  холбооны хэрэгсэл, шинэ синтетик материал үйлдвэрлэлээ. Компьютер, программ хангамж бий болов. Атом хэрэглээнд орлоо. Бөөний үйлдвэрлэл хөгжив. Үндэстэн дамнасан компаниуд үүслээ.
  • V хэв шинж (1985-2035 он) нь микроэлектроник, информатик, биотехнологи, генийн инженерчлэл, эрчим хүчний шинэ төрөл, сансрын орон зайг эзэмших, хиймэл дагуулын холбоо өргөн хэрэглэх болов. 

Технологийн хэв шинжүүдийг бүрдүүлэгч хүчин зүйлс болох үндсэн нөөц, голлох талбар буюу салбар, гол хүчин зүйл, ололт амжилт, мөн  давуу талуудын тухай та доорх хүснэгтээс харж болно. Энэхүү инфографикийг Олон улсын эдийн засагчдын "Технопром-2013" форумын үеэр гаргажээ.

Шилжилт нь хэдийнэ эхэлсэн технологийн VI хэв шинжийн үед робот техник, молекуляр биологи, генийн инженерчлэлийн ололт дээр суурилсан биотехнологи, нанотехнологи, зохиомол оюун ухааны систем,  мэдээлэлийн глобаль сүлжээ, өндөр хурдтай тээврийн нэгдсэн систем ноёлох ажээ. Энэ үед үйлдвэрлэлийн уян хатан автоматжуулалт, сансрын технологи, урьдаас төлөвлөсөн шинжийг хадгалсан хийцтэй материалын үйлдвэрлэл, атомын аж үйлдвэр, онгоцны тээвэрлэлт, атомын эрчим хүчний эрчимтэй хөгжил, байгалийн хийн хэрэглээг экологийн цэвэр эрчим хүч зөөвөрлөгч ус төрөгчтэй хавсарсан хэрэглээ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өргөжих хандлагатай болж байна. 

Харин өдгөө зөвхөн таамаглах төдийгүй тооцоолохдоо хүрээд буй долоо дахь технологийн хэв шинжийн тухай хялбар ойлголт нь ухамсраа ашиглаж механик хөдөлгөөнийг удирдах тухай юм. Гэвч энэ тухай дэлгэрүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Түүний оронд “өдөр унасан мах” гэгчээр гээгдэн хоцорсон Монгол орныхоо тухай бяцхан эргэцүүлье. 

Бид хэн бэ?

Технологийн хэв шинжүүдийг хэн бүхэн гадарлах учиртай.

Хүн төрөлхтний ололт амжилт нь агуйгаас гарсан ямар нэг хоминидийн цахисан анхны галын очоос үүсээд, өнөөдрийн сансрын хөлөг хүртэл хөгжжээ. Харин технологийн хэв шинжийн тухай ойлголт нь таваар үйлдвэрлэж, эдийн засгийн тогтмол эргэлтэд оруулаад баялаг бүтээснээс хойших үйл явцыг судалжээ. Энэ үйл явцаас ангид хүний олонлог гэж дэлхий дээр байх учиргүйдээ л энэ ойлголтын бодит байдал буюу хүч чадал оршиж байгаа юм. Үүнээс ангижрах оролдлого бүр нуран унана. Тэнгэризм ч аврахгүй. Харин үүнийг хүлээн зөвшөөрч, оролцогч төдийгүй тоглогч болсноор тэнгэризмээрээ ч орлого олох, хэнээс ч дутахгүй даналзан алхах боломжийг бид өөртөө олгох билээ.
 
Гэтэл бид яагаад дэлхийн бусад улстай хэвийн зүйлсээр өрсөлдөж болдоггүй вэ? Өнөө цагийн дэлхийн улс үндэстнүүдийг “ямар явааг нь” нь харуулах хүчин зүйл нь технологийн ололт, нээлтүүдийг хэр нутагшуулж буй, гүүгл, майкрософтод ажиллагч инженерүүдийн тоо, жуулчдад хандах хандлага, дундаж амьдралтай иргэдийн эзлэх жин, одоогийн ямар үнэт зүйлээрээ бахархадаг вэ гэх мэт ойлголтууд болсон. Гэтэл бид бараг мянган жилийн өмнө “хэн илүү газар нутаг эзлэх вэ” гэдэг уралдаанд орж түрүүлээд тэрэндээ бүрмөсөн ханачихсан, өөр юу ч хэрэггүй болсон мэт үндэстэн болжээ. Ямар ч асуултад жаахан дүлэгнэж байснаа “тэгвэл бид тэнгэрлэг юм чинь!” гэдэг сонгодог хариултаа өгөөд л болчихно. Угаасаа ч одоо ямрыгаа үнэнээр нь хэлэхийн эцэс байхгүй...

Энэ улс орныг бид яаж “бүтээчихэв ээ?”

Харанхуйд үлдээсэн ард түмэн.

Ард түмний харанхуйлал нь диплом, аттестаттай хамаагүй бөгөөд илүүтэй бага насандаа олж авсан амьдралын тухай мэдлэгээр үүсээд дараа нь мэдээлэл авах боломжгүй амьдарч байгаатай холбоотой юм. 

Хүн өөрөө сонголт хийдэг, таны ямар шийдвэр гаргах нь бусдаас хараат биш байх, нэг төгрөгийг ч хүн хүнд зүгээр өгдөггүй юм гэдэг амьдралын суурь ухааныг монголчууд хүүхэддээ суулгаагүй. Тэгээд өөрт байгаа сэтгэлээр унах шалтгааныхаа бурууг бусад руу чихэх, өөрийг нь хэн ч хайхрахгүй байгаа юм шиг санагддаг насанд хүрэгчдийн бүхэл бүтэн үе өсч бойжив. Харанхуй ард түмэн дарга нараасаа ажил олж өг, цалин тэтгэвэр нэм гэхээс илүүг шаардаж мэддэггүй. Арай “ахисан түвшнийхэн” нь хужаа нарыг устгая, дарга нарыг буудъя гэж байгаа харагддаг. Мөн дарга сонгохдоо нүдэнд дулаан царай хайх, нутгийг нь асуух, хэвтээгээс штанг хэд шахдаг, ээж дээрээ очиж үнсүүлдэг зэргээс илүүг харахгүй болно. 

Бид хүүхдээ дунд ангид ороход нь нийгэмд, бусад олон мянган хүнтэй хамт амьдрахад баримтлах амьдралын соёл заах учиртай байсан. Харин дараа нь чухал хэсэг болох нэг л талын мэдээлэлд болгоомжтой хандах, өөрийн гэсэн бодолтой байх сурцыг суулгах ёстой байв. Энэ бүхнийг сурахад дээд боловсрол, тэр ч бүү хэл 4-р ангийн боловсрол ч хэрэггүй (мэдээж суурь боловсролыг үгүйсгэх гээгүй) юм.

Гэвч нэгэнт үүсчихсэн асар том харанхуй масстай болжээ бид. Үүнийг залруулах цор ганц арга нь соён гэгээрүүлэх ажил юм. Соён гэгээрлийг хотын төвөөс эхлээд алс хязгаар баг суманд суугаа бүх хүнд хүргэхийн тулд зайлшгүй төрийн оролцоо хэрэг болно. Ясли цэцэрлэгийг хэлж байна л даа. Тэгээд бага, дунд сургууль. Ингэхийн тулд багш нараа эхлээд бэлдэнэ. Насанд хүрэгчид, эцэг, эхэд нь шаталсан сургалт, уулзалтууд явуулах гэхчлэн зүгээр нэг буянтай хүн, эсвэл төрийн бус байгууллагын хийх ажил биш. Хийлээ ч 300 жилийн дараа л үр дүн гарна биз. Гэвч үүнийг шийдэх учиртай дарга нар маань завгүй байна.  

Зүй нь бид манай улсын хоцрогдлын төвшин аль зэрэг байгааг, уул уурхайн гэрээний яг аль заалт нь буруу юм гэдгийг, Хятад руу гаргаж байгаа нүүрсний үнэ дэлхийн жишиг эсэхийг сонирхож байх ёстой юм. Үүнээс ч илүүгээр бид дарга сонгохдоо тэр яг юу хийх гэж байгааг нь асууж, дараа нь түүнийгээ няцалтгүй эрс нэхэж чаддаг байх учиртай билээ. 

Дарга яагаад завгүй байна вэ?

Өнгөрсөн 30 шахам жилийг дарга нар маань үнэхээр завгүй өнгөрөөлөө. Хоорондоо байнга муудалцана. Үүндээ хэвлэл мэдээлэл төдийгүй гэмгүй фэйсбүүкчин залуусыг ч ашиглана. Ингээд л Монгол даяараа талцаад хэрэлдээд эхэлнэ дээ. Өөрснөө болохоор лут амьтад чимээгүй сууж, хааяа зурагтаар луглайж гарчихаад л. Харин бид хөөрхий өмнөөс нь амаа ардаа гартал хэрэлдэнэ дээ.   

Тэдний маань завгүй байдаг бас нэг шалтгаан нь төрөөс зарцуулах мөнгөнд хувийн хяналтаа тавих явдал. Дээрх тэмцэл нь ч үүнтэй холбоотой. Аль ашигтай местийг эзэлж авах уралдаан. Хэрэгтэй местүүд дээр өөрийн хүнийг тавих барилдаан. Тендерийг зүгээр байлгахгүй, хоорондоо булаалдаад дуусна. Урьдчилан тохирсон компанидаа зориулсан тендерийн даалгавар гаргадаг. Саяхан даа, бүр нэг хүнд зориулсан ажлын байрны тодорхойлолт гаргасан байсныг Монгол даяараа шоолж байсан.

Завгүйгийн ахиад нэг шалтгаан бий. Үүнийг парламент гэдэг телевизийн сувгаас тодорхой харж болдог. Өөр лүү нь камер ойртонгуут л хамаг биеэ чангалж ирээд хамгийн ухаантай үгсээр уралдаж эхэлнэ. “Би эх орноо боддог, ард түмнээ хайрладаг....”. Тиймээ, өдөр шөнөгүй л популист үгс хэлэлцээд завгүй байна дарга нар маань.  Тэд маань багт наадамд оролцож байгаа мэт л улстөр хийдэг. Харин улс орон маань хүүхэд нохойн наадам боллоо. 

Тэд үнэхээр завгүй юу эсвэл зав гаргах дургүй юу? Өдөржин хуралддаг атлаа хувь хүн, иргэний хөгжлийн талаар юу хийвээ? Боловсролын систем гэж зүйл байдаг боловч түүнээс хүн төрж байна уу, эсвэл дутуу хагас математик, монгол хэл сурсан харанхуй иргэнийг нэмж байна уу? Та үүний хариултуудыг эргэлзэхгүй хэлнэ биз. Үнэхээр ард түмэн харанхуй байх нь л даргад ашигтай байна. Сонгогдохын тулд тэдний өнөөдөр, зөвхөн одоо хүсч байгаа жижигхэн хүслийг нь хэлээд л болно. Булхайгаа нуухын тулд өрсөлдөгчөө тэдэнд тааруулж муулаад, өөрийгөө тааруулаад магтчихад л болчихно. 

“Залуу Монгол”

Эргээд эхлэл хэсэгтээ оръё. Тиймээ бид дэлхий ертөнцөөс 250 жилээр хоцорч байгаа хэрнээ мянганаар түрүүлж байгаа юм шиг аягладаг улс. Аль 18-р зуунд л дэлхийд нэхмэлийн аж үйлдвэр хүчээ авч бизнес болсон байхад манай улсад одоо тэрүүгээрээ бахархаж байна.

Бидэнд машинууд байна, iPad pro байна гэж маргах хүн гарч магадгүй. Энэ бүхэн бол түцэнд зардаг бохь л юм. Бид бохь зажилдаг л хомо эректус болжээ гэдгийг энд дахин давтаад өгүүллээ өндөрлөе.

 

Өгүүллийг: Бадарчийн Одсүрэн  @Odsuren_Badarch