Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ганжавхлан: Бид хүүхэд хамгааллын том гарцыг олж харсан

Б.Энхзаяа
2017 оны 5 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Нийгэмд олон төрлийн асуудал бий. Асуудал бүр гарц, шийдэлтэй. Салбар бүрийн асуудлыг хөндөж, манлайлагчдын сонирхолтой гарц, шийдлийг өгүүлдэг “Leader ships forum” энэ удаа нийгмийн асуудлыг хөндөж “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхланг урилаа. Түүнийг хүүхэд хамгааллын “Ид шидийн орон” цогцолбор төвийг санаачлан нийслэлийн алслагдсан цэг Баянхошуун дахь гэр хорооллын дунд босгож буйгаар нь олон нийт мэднэ.

БЛИЦ:

Мэргэжил: БНХАУ-ын Бээжин хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн.

Хобби: Кофе хуурах. Хоббигоо бизнес болгож “Jack’s Coffee” шоп нээсэн.

Бүтээл: “Боорцог ба сарнай”, “Автуус ба амьдрал” бичвэрийн түүвэр

Гадаад хэл: Англи, солонгос, хятад

Гэр бүл: Эхнэр, хүүхэдтэй.

НИЙГЭМ СЭТГЭЦИЙН ӨВЧИНД ӨРТӨЖ ЭХЭЛСЭН

Нийгмийн аюул хэнийг ч тойрдоггүй. Та бид хотын А зэрэглэлд сууж байна. Нүхэн гарц руу яваад ороход орон гэргүй хүүхэд, замын урд талд биеэ үнэлдэг бүсгүйчүүд, дэргэд нь архичид байж л байна. Хүнийг хөнөөхөд ч бэлэн хүмүүс байна. Энэ бол бидний нийгэм. 1990 онд хаягдсан хүүхдүүдийн үе өнөөдөр гарч ирлээ. Тэд одоо 27, 28 настай болчихсон. Хүнд хэлбэрийн гэмт хэрэг тэдний зүгээс үйлдэгдэх байдал зонхилж эхлээд байна.

Учир нь Монгол Улс 1990 онд хүүхдүүдээ ямар ч хайр, халамжгүйгээр хөсөр хаяснаас болж өнөөдөр нийгэм дээрх үр дүн нь тэднээр илэрч байна. Өнөөдөр ч ялгаагүй маш олон хүүхэд хүчирхийлэл дунд, хогийн цэг дээр, гудамжид, Туулын бургасанд унтаж байна. Монгол Улс 20 жилийн дараа ч сургамж аваагүй, хүүхдүүдээ тоохгүй хэвээр байна. Эдгээр хүүхэд бидний хүүхэдтэй цуг л өсөж торнино, нэг гудамжаар явж, нэг автобусанд сууна. Хараа хяналтгүй хүүхдүүд аймшигтай хүн болж өсвөл таны хүүхдэд ч тэр аймшиг ирнэ. Аминч үзэл талаас харсан ч хүн хувиа хичээхийн тулд сайн хүн байх хэрэгтэй. Түүнээс биш Зайсанд очиж амьдарлаа гээд хамгаалагдаж байгаа зүйл ерөөс байхгүй.

Сүүлийн үед томоохон хэргүүд гарч, нийгэм сэтгэцийн өвчинд өртөж эхэлж байна. Хүүхдийг хаздаг, заазуурддаг хэрэг. Хамгийн сүүлд гурван хүүхэд аавынхаа гарт амиа алдлаа. Энэ бол энгийн сэтгэхүйгээр гарч ирэхгүй. Үүнээс бид тухайн хүнийг харгис алуурчин гэж харж байгаагийн нөгөө талд нийгэм яагаад гурван хүүхдээ алах хэмжээнд хүргэв, тэр хүн ямар нийгэм, гэр бүлд өсөв, яагаад 18 настай хүүхэд хүний толгойг тасдах сэтгэхүйтэй болов, тэд багадаа ямар амьдрал туулав гээд нийгмийг давхар судлах хэрэгтэй болж байгаа юм.

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ БОЛ ХАНДЛАГЫН ТЭМЦЭЛ

Манайд хүчирхийллийг зогсоох хууль эрх зүйн орчин сайжирсан. Үүнтэй бид маргаж болохгүй. Өмнө нь хүмүүс “Нохойд барих модгүй” гээд хуульгүйг хэлдэг байсан бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай болчихлоо. Гэсэн ч хүчирхийлэл буурахгүй байна. Дээрээс нь сүүлийн нэг, хоёр жилийн эдийн засгийн хямралыг дагаад дундаж давхарга байхгүй болж байна. Ядуу давхаргынхан нэмэгдэж, түүнийг дагаад архидалт өсөж байна.

Архидалт ихэснэ гэдэг гэр бүлийн хүчирхийлэл гарч байгаагийн илэрхийлэл. Үүн дээрээс нэг зүйлийг харах хэрэгтэй. 20 жилийн турш хүүхдээ, эхнэрээ зодсон зуршилтай хүмүүс байдаг. Тухайн хүний үйлдэл нь сүүлдээ зуршил болоод хувирчхаж байгаа юм. Нэг хууль батлагдаад тэр хүний муу зуршил алга болно гэж байдаггүй. Маш хэцүү асуудал. Харин ч шоронд явах хүмүүсийн тоо нэмэгддэг. Өнчин хүүхдүүд ч тэр хэрээр олон болно.

Үүнийг зогсоохын тулд бид хандлагын өөрчлөлт гэдэг зүйл дээр маш сайн ажиллах ёстой. Мэдээж нэг хүн очоод лекц уншаад, бэлэг, хувцас өгөөд нэг удаагийн үйлдлээр үгүй болдог зүйл биш. Тэнд нь хоёр, гурван жил амьдардаг, хажуухнаас нь нөлөөлөл үзүүлэх маягаар тэр хүмүүстэй ул суурьтай хамтарч ажилладаг байх ёстой.

Хүчирхийллийн эсрэг тэмцэл бол хандлагын тэмцэл. Өнөөдөр гурван хүүхдийг хөнөөсөн хэрэгтнийг нь шоронд хийлээ гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Урьдчилан сэргийлэх, нөлөөлөх ажлууд маш их хийгдэх ёстой. Харамсалтай нь үүнийг бид холын зайнаас хийгээд байна. Зарим нь сошиал орчинд бичиж байна. Хамгийн ойртож байгаа нь архинаас гаргах АА цуглаанд нэг лектор очоод дээд тал нь гурван цаг ярьчхаад буцаад явчихдаг. Нөгөө хүн яг тэндээ үлдэнэ. Лектор долоо хоног бүр очих уу, үгүй. Хүний олон арван жил үүссэн зуршил, хандлагыг өөрчлөхийн тулд нэлээд удаан хугацаа шаардана.

ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГУДАМЖИД НҮЦГЭН ГҮЙЖ ЯВАА ХҮҮГ ГЭРТЭЭ АВААЧААД, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ХҮН ХЭР ОЛОН БЭ

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын хувьд өнгөрсөн таван жилийн хугацаанд 30 гаруй мянган хүнд нөлөөлөл, урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэх үйл ажиллагаа явуулсан байдаг. 26 томоохон төслийг хэрэгжүүлсэн. Хүн худалдаалахын эсрэг үйл ажиллагаа маань үргэлжилж байгаа. Энэ нь гэрч, хохирогчтой холбоотой асуудал учраас ил тод мэдээлэх боломжгүй. Харин хүүхэд рүү чиглэсэн сайн үйлсийн ажлуудыг хүмүүс сайн мэддэг.

Хүүхэд хамгаалах баатрыг “Лантуун хүү”-гээр төлөөлүүлж, үүнийхээ дагуу комик номууд гаргасан. Гар утасны аппликейшн, хүүхдийн эрхийн талаарх нэвтрүүлэг гээд мэдээлэл өгөх ажиллагааг сайн хийсэн. Энэ бол төрийн бус байгууллагын хийж чадах хамгийн том ажил. Урьдчилан сэргийлэх ажил ТББ-тай хамгийн их хамаатай. Хүнд барьсан загас өгөх биш, загас барьж өгөхийг заах нь чухал гэдгээр бидний зүгээс хийсэн хүмүүст үлдэцтэй ажил олон бий. Оёдлын машин бэлэглэсэн өрх, хараа хяналтгүй өссөн хүүхдүүдэд гутлын цех байгуулахад нь тусалж, өнөөх нь өргөжөөд тэдний амьдралд үр нөлөө өгсөөр байна.

Гэвч дээр өгүүлснээр нийгмийг цочроосон аймшигтай хэргүүд гарсаар байна. Хүчир­хийлэлд өртсөн хүүхэд, очих газаргүй, нөхөр нь алчих гээд байгаа эмэгтэйчүүдийг хэн хүлээж авах вэ. Өвлийн хүйтэнд гудамжид чармай нүцгэн гүйж яваа хүүг гэртээ аваачаад, тусламж үзүүлэх хүн хэр олон бэ. Бид энэ мэдээллийг сошиал орчинд зүгээр л цааш түгээгээд лайк дараад өнгөрөхөөс биш шийдэл нь байхгүй байсан. Одоо бол бид хүүхэд хамгааллын том гарцыг олж харсан. Энэ бол хүүхэд хамгаалал, хөгжлийн “Ид шидийн орон” цогцолбор төв юм.

МОНГОЛД ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОНО

“Ид шидийн орон” төслийг нэг жил хагасын өмнө санаачлаад эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн X хорооны нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын хэмжээнд хүчирхийлэл, утаа, гэр бүлийн стресс, ахуйн хэмжээний хүчирхийллээрээ өндөр газруудын нэг Баянхошууны гэр хорооллын дунд Хүүхэд хамгаалал, хөгжлийн цогцолбор төвийн барилгыг эхлүүлсэн. Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгаалах байрны хүртээмж маш хомс. 24 ортой, 32 ортой ганц нэг газар байдаг.

Тэгэхээр бид энэ дээр шийдлийг олсон. Хүүхдийн хөгжлийн төв цэцэрлэгийн бага, дунд, ахлах ангитай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай ангитай. Дээрээс нь олон нийтийн номын сан, соён гэгээрүүлэх төв, эцэг эхчүүд, хөршүүд рүү хандсан хөтөлбөрүүдтэй. Хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүүхэд ямар ч ялгаварлалгүйгээр хөгжих, хамгаалуулах, тоглож наадах боломжтой орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ төв маань зөвхөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийг хамгаалах бус томоор нь харсан.

Цаашид ирээдүйгээ харвал ямартаа ч 10 жилийн дараа Улаанбаатар хотод хүүхэд хамгааллын дөрвөн том төвийг байгуулж, нийгмийн ажилтан, сэтгэл засалч хүмүүс нь хоорондоо байнгын холбоотой, институт маягийн сургалттай, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг болно. Ингэснээр хүүхдээ хаячихлаа, заазуурдчихаж, хазчихлаа, хөнөөсөн байна гэсэн аймшигт мэдээллийг өдөр тутмын хов жив шиг сонсоод өнгөрдөг биш, тэр хэмжээнд очихоос сэргийлсэн системийг бий болгоно зорилготой байна.

МОНГОЛЧУУД ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ НЭГДЭЖ ЧАДСАН

Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг барьж буй гэр хорооллын хэсэг төвийн шугамд холбогдоогүй. Тиймээс гүний худаг гаргасан. Цэвэр усаа дотроосоо шийдээд, бохирын дэд бүтцийн маш том байгууламж барьчхаад байна. Энэ нь хоёр жилд нэг удаа соруулах том байгууламж. Хотын төвлөрсөн шугамд холбогдсон байшин ямар байдгийг гэр хорооллын дунд үүсгэж байна. Уул руу өгссөн, гэр хорооллын дунд бүх зүйлийг шийдсэн төв манайд ховор. Төвийг барих ажилд төрийн байгууллагын ямар нэгэн тусламж одоогоор үзүүлээгүй байна. Газар худалдан авахаас эхлээд өнөөдрийг хүртэл ард түмний хандив болон аж ахуйн нэгжүүдийн оролцоогоор хийж байна. Компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гол ажлуудыг үнэ төлбөргүй хийж өгсөн.

15 сая төгрөгийн өртөгтэй худаг гаргах, мөн ийм өртөгтэй барилгын зураг төслийн ажлыг үнэгүй хийж өглөө. Бохирын дэд бүтэц гээд 25 сая төгрөгөөр үнэлэгдсэн ажлыг 2.5 сая төгрөгт багтааж хийх жишээтэй. Мөнгөөр үнэлэгдэх мөртлөө үнэгүй хийгдсэн ажлууд олон байгаа. Цогцолборын нийт төсөв маань нэг тэрбум 100 сая төгрөг гэж гарсан. Үүний тавны нэг орчим төсвийг бүрдүүлээд ажиллаж байна.

Одоо баянхошууныхан хөдлөөд эхэлж байна. “Ах нь багадаа Баянхошуунд өссөн. Миний дүү нар ингэж ажиллаж байгаад баяртай байна” гээд барилгын компанийн захирал гурван сая төгрөгийн замаск өгч байх жишээтэй. АНУ-д “Лантуун дохио” төрийн бус байгууллагын салбар байдаг. Энэ байгууллагынхан хамгийн сүүлд ЭСЯ-нд томоохон арга хэмжээ зохиогоод 40 орчим сая төгрөгийг нэг л орой босгоод явуулж байна. Ард түмнийхээ хүчээр нэг сар 15 хоног болоход хоёр бригад нэг ч өдөр тасрахгүйгээр ажиллаж байна.

Хамгийн сүүлийн хандивын арга хэмжээ “Candy” байна. “Candy”-гээс 10 сая төгрөг дансанд ороод ирсэн. Баярлахаас аргагүй. Одоогоор газар доорх дэд бүтцийн ажил дууссан. Суурь фундаментын ажлууд нэлээд сайн явсан. Мэдээж санхүүгийн хувьд амар биш. 270 орчим сая төгрөгийн бэлэн мөнгө болон барилгын материал, ажил гүйцэтгэлийн хандив босгоод үр дүн нь гарчихлаа. Хэн ч яваад очиход нүдэнд харагдахаар ажил хийгдсэн.

Монголчуудад муудалцах сэдэв олон бий. Гэхдээ хүүхдийн асуудал дээр нэгдчихдэг. Энэ нь их гоё. Хүүхэд дээр нэгдэж байна гэдэг Монголын ирээдүйн төлөө нэгдэж чадаж байна гэсэн үг. Бид тэр олон хүмүүсийн итгэл найдварыг маш хариуцлагатайгаар бүтээн босгоход зүтгэж байгаа гүүр. Илүү үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж менежмент хийж байгаа л баг юм. Энэ бүр дээр Ганжавхлан, “Лантуун дохио”-гийн санаачилсан гэж яривал учир дутагдалтай. Энэ төслийг анх Солонгост байдаг Гүлсара эгч санаачилсан. Одоо ч Солонгост энэ төслийнхөө талаар маш их хөөцөлдөж байгаа хүн. АНУ-д ажиллаж амьдарч байгаа Ц.Дэлгэрцогт гээд залуу бий. Эдгээр хүмүүст маш их талархаж байна.

ӨӨРСДИЙГӨӨ БИТГИЙ ГОЛ. БИД ХИЙЖ ЧАДНА.

Бид цаашид том зүйл хийвэл тэртэй, тэргүй төр, засагтай хамтрах ёстой. Төрийн бус байгууллага төр, засгийн хийж чадахгүй байгааг шаардана, бодлогод нөлөөлнө. Хийж амжихгүй байгаа зүйлийг гэрээлэн гүйцэтгэх ажил байдаг. Тэгэхээр бид шаардахаа ч шаардана, хамтрахаа ч хамтарна. Харин бидний энэхүү үйл ажиллагаа дээр төр, засаг дэмжсэнгүй. Ялангуяа газрын асуудлаар. Гэхдээ чих нь дүлий, нүд нь сохор байгаа хүмүүс жаахан юм хараад, сонсоод ирэхээр онгойдог. Тэд одоо л онгойж эхэлж байна. Биднийг ийм хэмжээнд хүрч ажиллана гэж бодоогүй, мөрөөдөл ярьсан хүмүүс гэж харсан байж болно.

Бид хүүхдийнхээ төлөө өөрсдөө юм хийх цаг болсон. Сүүлийн 20 жилийг харахад гэр хороололд хүүхдийн төлөө хийсэн хоёр л байгууламж байдаг юм байна. Нэг нь олон улсын байгууллагын төв, нөгөөх нь сүм. Аль нь ч монгол хүмүүс Монголынхоо төлөө хийгээгүй. Бид бусдаар тэжээлгээд явах ёстой хүмүүс биш. Бидэнд ч гар хөл, хүүхдээ гэсэн сэтгэл зүрх байна.

Тиймээс өөрсдөө хөдлөх цаг нь болсон. Тэгээд ч энд олон хүн нэгдэж чадвал боломжгүй зүйл огт биш. Тавхан хоногт бид 10 сая төгрөгийн “Candy” цуглуулж чадлаа. Монголчууд тийм хүчтэй. Чихрээр фундамент цутгана гэж ярьсаар байгаад бид цутгачихсан. Тиймээс монголчууд өөдрөг баймаар байна. Өөрсдийгөө голмооргүй байна. Бид хийж чадна.

Эцэст нь хэлэхэд, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл нийгэмд өсгөхийн төлөө эхлүүлсэн хүүхэд хам­гаа­лал, хөгжлийн төлөөх цогцолборыг барих ажилд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцох бүх хүнд энэ хаалга нээлттэй байгаа. Та оролцоогоо битгий хязгаарлаарай.

Зураг