Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ариунбаатар: Төмөр замын байгууллагуудыг хамгийн ашигтай хувилбараар ажиллуулна

Х.Ариунгэрэл
2017 оны 5 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЗТХЯ-ны харьяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн захирал Т.Ариунбаатартай ярилцлаа. 
 
-“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ байгуулагдаад таван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулав, байгууллагын гол зорилго чиглэл юу вэ? 

-Манай төв хувийн болон улсын төмөр замын байгууллагуудыг тэгш эрхтэйгээр, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хамгийн ашигтай хувилбараар ажиллуулах зорилготой байгууллага. Тэгш эрхтэйгээр өмчийн хэлбэр харгалзахгүй ажиллуулна гэдэг нь хувийн болон улсын төмөр замын байгууллагууд нэг нэгнийхээ галт тэрэгний хөдөлгөөн болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад болохгүйгээр, нэг нэгнийхээ эрх ашгийг хөндөхгүйгээр үйл ажиллагааг нь зохицуулахыг хэлнэ.
 
Ерөө өртөөгөөр жишээ авъя л даа. Дамжин өнгөрүүлэх ачааны хэмжээ эрчимтэй нэмэгдлээ гэж бодоход Ерөө өртөөний ачааг цаг алдалгүй татаж авч чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Хэн түрүүлж зах зээлд хүрсэн нь үнэд ордог учраас аль нэг нь давуу байдлаа ашиглан бусдын ачаа тээвэрт саад учруулахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс аль компанийн явуулсан ачаа хэний суурь бүтэц дээгүүр, хэр хэмжээний хатуу зурмагийн дагуу дамжин гарч байна вэ гэдгийг хянах нь чухал.
 
Бид үүнийг зохицуулах үүрэгтэй. Уул уурхайн болон бусад үйлдвэрийн төмөр замууд нэмэгдэх нь тодорхой. Ингэхээр хэн түрүүлж хөдөлсөн нь зах зээлд амжилт олно. Өөрийнхөө ачааг түлхүү явуулах зэрэг асуудал үүснэ. Иймд манай төв өдөрт хэдэн галт тэрэг, транзит тээвэр, стратегийн болон нүүрсний тээвэр, арилжааны галт тэргийг хувийн болон улсын төмөр замуудаар хэрхэн тэгш эрхтэйгээр өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дамжин өнгөрүүлэх зохицуулалтыг хийж өгнө гэсэн үг. 
 
-Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Монголын төмөр зам” ТӨХК хоёр өөр байгууллага. Ачааны төрлөөс үл хамаарч цаг хугацаа, зардал хэмнэх үүднээс хамтарч нэг зүтгүүрээр ачаагаа тээвэрлэх боломжтой юу. Тийм зохицуулалт танайх хийж болох уу?

-Энэ бол байгууллагын дотоод асуудал. Өөрөөр хэлбэл, тус тусдаа нэг зүтгүүрээр явуулах, жинг нь гүйцээгээд нэг зүтгүүрээр хамтраад явуулах эсэх нь тухайн байгууллагын өөрийн эрх ашиг буюу хоорондын асуудал. Бид бол хөдөлгөөнийг л зохицуулна. Төвийн үндсэн эрх зүй нь улсын болон нийгмийн чанартай ачаанууд, олон улсын зорчигч тээвэр, дотоодын зорчигч тээвэр, транзит болон нүүрсний тээвэр, мөн нэг төмөр замаас нөгөө төмөр замд хүлээлгэн өгдөг ачаануудыг тээвэрлэхэд л оролцох ёстой.

Хүмүүсийн дунд түгээмэл буруу ойлголт байдаг. Галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулна гэхээр төмөр замын байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд нь оролцож, замын цагдаа шиг зохицуулж, удирдана гэж ойлгодог. Гэтэл бид төмөр замын байгууллагуудын хоорондын тэгш эрх, тээврийн чиглэлийн үйлчилгээний шударга өрсөлдөөнийг бий болгох л зорилготой юм. 
 
-Хөдөлгөөний ачааллыг нь тэнцвэржүүлэх гэж ойлгож болох уу? 

-Тийм ээ. Ачааллыг нь тэнцвэржүүлэх буюу адил тэгш байлгана гэж ойлгож болно. 
 
-Яг одоо ийм ажиллагаагаа явуулж эхэлсэн үү? 

-Ерөнхийдөө таван жилийн хугацаанд Европын төмөр замын стандартуудыг Монгол Улсын хөрсөн дээр буулгах бэлтгэл ажлуудыг хийж байна. Хэдийгээр бид галт тэрэгний хөдөлгөөнд  иж бүрнээр нь хяналт тавихгүй байгаа боловч галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийг баталж өгч, биелэлтийг нь авч байна. Зурмаг гэдэг нь улсын болон нийгмийн чанартай ачаанууд, олон улсын зорчигч тээвэр, дотоодын зорчигч тээвэр, транзит тээвэр, нүүрсний тээвэр зэрэг бүхий л галт тэрэгний явах графикийг нарийн гаргана гэсэн үг.
 
Транзит тээвэр буюу дамжин өнгөрөх тээвэр гэдгийг хүмүүс одоо мэддэг болсон. Монгол Улсын хилийг нэвтрэн Монголын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч оронд хийгдэх тээвэрлэлтийг л транзит тээвэр гэж байгаа юм. Энэ тээврийг аль болох богино хугацаанд дамжин өнгөрүүлэх нь эдийн засгийн өндөр үр ашигтай. Транзит ачаа нэмэгдээд ирэхээр манай төмөр замын тээх, нэвтрүүлэх чадвар нэмэгдэх шаардлагатай болно. Өдөрт 24 галт тэрэг явуулах ёстой. Үүний нэг хэсэг нь зорчигчийн галт тэрэгт оногдоно, зарим нь дотоод тээвэртээ оногдоно. Ингэхээр транзит галт тэрэгний зурмагийг яаж гаргах вэ, хугацааг яаж бууруулах вэ гэдэг зохицуулалтыг хийж байна.
 
Ерөнхийдөө ийм зохицуулалтыг хийгээд явахад ЦУП (Центр управления перевозками) буюу Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийг зайлшгүй байгуулах ёстой. Нэгдсэн төв маань иж бүрнээрээ ашиглалтад орчихвол Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх төмөр замаар хэний галт тэрэг, хаана явж байгааг дэлгэцээр хянаж, зохицуулаад явчихна. 
 
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй “УБТЗ” ХНН, “МТЗ” ТӨХК, “БТЕГ” ХХК гэсэн төмөр замын байгууллагуудтай танай төв яг одоо ямар байдлаар хамтарч ажиллаж байна? 

-Яг одоогийн байдлаар зөвхөн зурмаг дээр л хамтран ажиллаж байна. Мөн Зам тээврийн хөгжлийн яамыг төмөр замын статистик мэдээллээр тогтмол хангаж байгаа.

Статистик мэдээллийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төмөр замын байгууллагуудын зорчигч болон ачаа тээвэрлэлт, ачаа эргэлт, транзит ачааны талаарх мэдээллийг авч нэгтгэн, салбарын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн хөтөлж, олон нийтэд ил тод мэдээлж ажилладаг.
 
-Танай төвийн баталсан нэгдсэн зурмагаар энэ гурван байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж ойлгож болох уу? 

-Тэгж ойлгож болно.
 
-Хувь, хувьсгалын энэ гурван байгууллагатай үл ойлголцох, үл итгэх тохиолдол гардаг уу? 

-Үүнийг ярихаас өмнө нэг зүйлийг хэлэх нь зүйтэй. Манай улсын хэмжээнд төмөр замын ийм чиглэлийн байгууллага өмнө нь байгаагүй тул төмөр замын салбарын бүхий л асуудалд “УБТЗ” ХНН улсаа төлөөлөн оролцдог байсан. Энэ ч утгаараа Төмөр замын хэрэг эрхлэх газар “УБТЗ”-ын дэргэд байж, тус газрын даргын үүрэгт ажлыг “УБТЗ”-ын дарга хавсран гүйцэтгэдэг байсан. Ингээд тэдний хийж ирсэн ажилд хөндлөнгөөс оролцоод ирэхээр үл ойлголцох асуудал гардаг байсан. Одоо бол Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ маань хувь нийлүүлсэн нийгэмлэг, хувийн болон улсын төмөр замын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 
 
-Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг мөрдөөгүйгээс осол аваар, хохирол гарсан тохиолдол байдаг уу? 

-Төмөр замын аливаа ослууд зурмаг мөрдөөгүй гэхээсээ илүү хувь хүний хариуцлагагүй байдлаас болж их гардаг. Зурмагийг хэдийгээр хүн өөрөө хийж байгаа боловч цаана нь автоматаар тохируулж өгч байдаг.
 
-Хойноос урагш чиглэсэн манай гол төмөр замыг газрын зураг дээрээс харахад шулуун зам боловч нарийн тооцоход маш их тахиралдсан байдаг юм билээ. Энэ нь эдийн засаг, цаг хугацааны хувьд маш их алдагдалтай байдаг болов уу гэж боддог?

-Тийм шүү. Хоолтын даваа гэхэд маш өгсүүр, уруу зам ихтэй. Төмөр зам тахир эргэх бүрд мянганы нарийвчлалаар өргөгдөж байж давааны орой дээр гараад буудаг. Мэдээж орой руу гарахын тулд галт тэрэг маш бага хурдтайгаар гардаг. Тиймээс төмөр замын нэвтрэн өнгөрүүлэх болон даацын чадвар тэнд маш их алдагддаг.

Улаанбаатарт орж ирж байгаа төмөр зам Рашаантаас наашаа Эмээлтийн давааг өгссөөр байгаад орж ирдэг. Энэ хоёрын хооронд хэрвээ шулуун явдаг бол дараагийнхаа өртөөнд хүрч нөгөө галт тэрэг нь зөрөөд хурдан эргэж болдог. Гэтэл энд нэг талдаа 45 минут зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, 45 минутыг 24 цагтаа хуваагаад үзэхэд тэнд арван хэдхэн хос галт тэрэг л хоёр талдаа гарах боломжтой болж байгаа юм. Үүнийг замын хүнд аясууд гэж яриад байгаа хэрэг. Харин орчин үед тунель буюу хонгил ашигладаг болсон. 
 
-Монгол Улсад барьж байгаа, цаашид барих төмөр замуудын зурагтай танилцаж байсан уу.  Энэ байдлыг засаж залруулсан байдаг болов уу?

-Төмөр замын дэлхийн хөгжил нэг хэмнэлтэй болсон. Нам дор газар байвал тэгшлээд өндөрлөх, өндөр газар байвал сэтэлж замаа тавьж байна. Нэг төвшний төмөр зам гэдэг нь бидний ярьдгаар хурдны галт тэрэгний замыг хэлээд байгаа юм. Хурдны галт тэрэг нь нам дор байсан ч, өндөрлөг байсан ч нэгэн хэмээр хурдалдаг.

Эрдэнэтийн “Аспайр майнинг” компанийн барих гэж байгаа төмөр замыг аль болох нэг төвшинд барих тал дээр анхаарч ажиллаж байгаа юм билээ. Хамгийн сайн жишээ бол Тавантолгойн төмөр зам. Төмөр замыг нэг төвшинд барих нь өөрөө эдийн засгийн маш их үр өгөөжтэй.
 
-Тэгэхээр Ухаахудаг, Гашуунсухайтын төмөр замын суурь бүтэц буюу шороон даланг нэг төвшинд, стандартад нийцүүлж барьж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Говийн бүс нутаг учраас даваа нугачаа таараагүй, харьцангуй нэг төвшинд ойртуулж барьж байгаа гэж хэлж болно. Гэхдээ бүх юм нь 100 хувь нэг төвшинд баригдсан төмөр зам бол өндөр хурдны зам л байдаг. 
 
-Танайх Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан байгууллага. Төмөр замтай гадны улс орнуудад ч танайхтай адил төрлийн байгууллагууд бий. Энэ төв байгуулагдах үндсэн шалтгаан нь юу вэ? 

-Үндсэн шалтгаан гэдэг ойлголтыг илүү энгийнээр тайлбарлая. Монголд ганцхан төмөр зам, ганцхан “УБТЗ” байхад нэгдсэн төв байх шаардлагагүй байсан. Харин одоо “УБТЗ” ХНН, "МТЗ" ТӨХК, “БТЕГ” ХХК гээд гурван компани төмөр замын тээвэрт оролцож байна. Дээр нь, Говийн төмөр замууд, Хангимандал-Гашуунсухайт буюу Монголын босоо тэнхлэгийн төмөр зам гэхчлэнгээр шинэ төмөр замын төслүүд эрчимтэй яригдаж байна.

Нэг үгээр хэлбэл, төмөр замын салбарын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр адил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хоорондын үйл ажиллагааг зохицуулах нэгдсэн төвийн үүрэг оролцоо зайлшгүй шаардлагатай болсон гэсэн үг. Дэлхийн төмөр замын сүлжээтэй бүх улс орнуудад манайх шиг Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв бий. 
 
-Нэгдсэн төвийн барилга баригдаад үйл ажиллагаагаа жинхэнэ утгаар нь явуулж эхэллээ гэж бодоход гадаад улс орны адил төстэй байгууллагуудтай ижил болон ялгаатай чанар нь юу байх бол?

-Нэгдсэн төв гэдэг маань тухайн улсын аюулгүй байдалтай холбоотой, дэлхий нийтэд нэг л стандартад байдаг, төмөр замын тусгай стратегийн объект буюу нууцын зэрэглэлтэй, тухайн улсынхаа төр засгийн харьяа хяналтад байдаг байгууламж юм. Ямар нэгэн том хэмжээний осол аваар гарах, мөн улсын чанартай тусгай галт тэргүүд явах үед нэгдсэн төв нь галт тэрэгний хөдөлгөөний шууд удирдлагын үйл ажиллагаанд оролцдог. 
 
-Цаашид Монгол Улсад шинээр төмөр замын байгууллагууд нэмэгдэнэ. Иймд танай төвийн үйл ажиллагаа улам өргөжнө. Тэгэхээр мэдлэг чадвартай боловсон хүчний хэрэгцээ шаардлага гарна. Энэ тал дээр одоо ямар ажлууд хийгдэж байгаа вэ? 

-Мэргэжилтэн гэдэг бол хамгийн үнэт капитал. Тэгэхээр энэ капиталыг бий болгохын тулд бид одоо байгаа мэргэжилтнүүдээ чадваржуулах ажлыг зохион байгуулдаг. Мөн чадвартай боловсон хүчин ажилд авахыг эрмэлздэг. Гэвч харамсалтай нь төрийн байгууллагын цалин ямар байгаа билээ. Чадвартай хүн олж ажиллуулахад хүндрэл гардгийг нуугаад яах вэ.
 
Бид өнөөдөр олон улсын төвшинд нийцсэн, мэргэжлийн байгууллага болохын тулд гадаад, дотоодын олон байгууллагатай харилцаатай ажиллаж байна. ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуультай таван жилийн гэрээ байгуулан ажиллаж байна. БНХАУ-ын Галт тэрэгний дохиолол холбооны Шанхай хот дахь инженерийн салбараас зохион байгуулдаг Азийн улс орнуудын төмөр замын байгууллагуудын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтад жил бүр хоёр хүн, мөн БНХАУ-ын Худалдааны яам, Олон улсын худалдаа, бизнесийн академиас хөгжиж буй орнуудад зориулан зохион байгуулдаг урт болон богино хугацааны сургалтад төмөр замын салбарын мэргэжилтнүүдийг жил бүр хамруулдаг.
 
Өнөөдөр манай төвд мэргэжил дээшлүүлээгүй, өөрийгөө боловсруулж чадавхижуулаагүй мэргэжилтэн байхгүй гэж хэлж болно. Энэ жилийн сургалтын хөтөлбөр маань эхэлчихсэн. Манай төвөөс хоёр мэргэжилтэн сургалтад явчихсан. Дараагийн ээлжийн мэргэжилтэн ирэх сарын 03-нд явахаар бэлтгэлээ хангаж байна. Нэмж хэлэхэд, төвийн батлагдсан төсөвт боловсон хүчнийг чадавхжуулах, сургах, мэргэжил дээшлүүлэх зардал тусгагддаггүй. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас төрийн болон төсөвт байгууллагуудыг төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлсэн байгаа.
 
Өнөөгийн нөхцөлд манайх дотоод бололцоогоо дайчлан ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг болон төмөр замын салбарын чиглэлээр богино болон дунд хугацааны сургалт зохион байгуулдаг гадаад орны болон олон улсын байгууллагатай холбоо тогтоож, хүлээн авагч талын буюу уригч талын зардлаар салбарын болон төвийн ажилтнуудаа сургалтад хамруулж байгаа нь багагүй амжилт гэж бодож байна. Мөн  дотооддоо Тээврийн дээд сургуультай хамтран төвийн ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, мэргэшүүлэх сургалтад хамруулдаг.
 
-Одоогоор хэчнээн мэргэжилтэн сургаад байна вэ? 

-2015 оноос хойш БНХАУ-ын Шанхай болон Чендү хотод 18, ОХУ-ын Эрхүү хотод 15, Тээврийн дээд сургуульд 16 мэргэжилтнээ хамруулаад байна. Гэхдээ зөвхөн төвийнхөө биш  ЗТХЯ, “МТЗ” ТӨХК, “БТЕГ” ХХК-ийн мэргэжилтнүүдийг ч хамруулдаг. Мөн зөвхөн төвийн ажилтнууд бус төмөр замын тээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, инженер техникийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж эхлээд байна.
 
-ГТХЗНТ-ийн барилгын асуудал ямар шатандаа явж байна. Төвийн барилга баригдаад галт тэрэгний хөдөлгөөнийг хянаж эхлэхэд ажиллах боловсон хүчний тоо, бүтэц бүрэлдэхүүний хувьд яаж нэмэгдэх вэ? 

-Барилгын асуудал ярихаас өмнө тухайн газарт баригдах барилгын техник, эдийн засгийн үндэслэл, барилгын зураг төслөө боловсруулах шаардлагатай.

2013 онд Эдийн засгийн хөгжлийн сайдын тушаалаар Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн ТЭЗҮ, барилгын зураг төсөл боловсруулахад шаардлагатай 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан байсан. Гэвч Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсноор батлагдсан төсөв маань буцаагдсан. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын санхүүжилтээ ингээд ашиглаж чадаагүй юм.

2014-2016 онд ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан боловч төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж шийдэгдээгүй байна.
 
Ингээд бид 2015 онд М.Зоригтыг Зам, тээврийн сайдаар ажиллаж байх үед, Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед дотоод нөөц бололцоогоо ашиглан ТЭЗҮ, зураг төслөө боловсруулъя гэсэн санаачилга гаргасан. Үүний дагуу Эрхүү хотын Зам харилцааны сургуульд 15 мэргэжилтэн сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлэн, ОХУ-ын Эрхүү хотын Дорнод-Сибирийн төмөр замын хөдөлгөөн удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан.  Мөн Хятад, Солонгос, Япон, Америк, Герман улсуудын адил төстэй үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн талаар судалсан. Ингээд бид ТЭЗҮ боловсруулах ажилдаа орж, 2016 оны зургаадугаар сард ТЭЗҮ-ээ боловсруулж дуусгасан.
 
Энэ үеэр төрийн захиргааны төв байгууллага болон төмөр замын байгууллагын дунд хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, санал зөвлөмжийг нь тусгаж чадсан. Барилгын хувьд газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны хүчинд барилга баригдах газраа чөлөөлүүлж, Нийслэлийн  Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ГТХЗНТ-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулснаар барилга барих ажил эхлэхэд бэлэн болчхоод байна. 
 
-Танай төв байгуулагдсанаар төмөр замын салбарт ямар өөрчлөлт шинэчлэлтүүд гарах бол?

-Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв нь бүрэн хүчин чадлаар ажилласнаар үр ашиг бүхий тээврийн оновчтой нэгдсэн систем бий болж, орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтэрч, салбарын хөгжил шинэ төвшинд хүрнэ. Түүнчлэн төмөр замын тээврийн аюулгүй байдал хангагдаж, зах зээлийн өрсөлдөөнийг бий болгож, олон улсад Монголын төмөр замын өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.

Зураг