Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: АНУ-ын нийслэлд Эрдоган жагсагчдыг бие хамгаалагчдаараа зодуулсан нь батлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр АНУ-д төрийн айлчлал хийсэн Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өөрийнх нь эсрэг жагсагчдыг бие хамгаалагчдаараа зодуулсан нь Америкийн улс төрчдийн ширүүн шүүмжлэлтэй тулгараад байгаа. Ардчиллын өлгий нутгийн нийслэл хотод гадаад орны ерөнхийлөгч хүчирхийллийн ажиллагаа явуулсан нь Америкчуудыг цочроогоод байгаа юм.

Өнгөрсөн Мягмар гарагт Эрдоганыг Вашингтон дахь Туркийн элчин сайдын яаманд ирэх үед түүнийг эсэргүүцэгч турк иргэд жагсаж байсан юм. Гэтэл ерөнхийлөгчийн бие хамгаалагч нар жагсагчид руу довтлон зэрлэгээр зодож занчсан ажээ. Туркийн элчин энэ явдлыг тайлбарлахдаа жагсагчид өдөөн хатгасан тул бие хамгаалагчид хамгаалалт хийхээс өөр аргагүй байсан гэжээ. Харин Вашингтон хотын цагдаа эсэргүүцэгчдийг тайван жагсаал хийж байсан гэж гэрчилсэн юм. Уг хэрэгтэй холбогдуулан хоёр бие хамгаалагчийг цагдаа нар саатуулсан ч дипломат халдашгүй эрхтэй гэдэг шалтгаанаар суллагджээ.

Тэгвэл өчигдөр Voice of America сувгийнхны ил болгосон видео бичлэгт Эрдоган машин дотроос жагсагчдыг ажиглаж, довтлох тушаал өгсөн байх өндөр магадлалтай нь харагдсан байна.

Туслах нь машинд суугаа Эрдогантай хэсэг ярилцсаны дараа хамгаалагчид жагсагчид руу дайрсан нь харагджээ. Эрдоганы бие хамгаалагч нарын үйлдсэн түрэмгийллийн улмаас есөн жагсагч зодуулж, бэртсэн юм.

Энэ явдлын дараа Эрдоган машинаасаа бууж, элчин сайдын яамны байр руу орсон байна.

АНУ-ын сенатор Жон Маккайн дээрх явдалтай холбогдуулан тус улс дахь Туркийн элчин сайдыг хөөх хэрэгтэй гэж мэдэгдээд байгаа юм. Хэрэг гарсан өдөр Эрдоган АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хамтарсан мэдэгдэл хийхдээ АНУ-Турк улсууд адилхан ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг гэж мэдэгдэж байв.

Элчин сайдын яамны гадаа болсон мөргөлдөөний бичлэг:

Эх сурвалж: Quartz