Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд О.Оч Нидерландын Цог Жавхлант Ванд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

ikon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Нидерландын Вант Улсын Цог Жавхлант Ван Виллэм-Александрт 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Гаага хот дахь Ноордэйнд ордонд болов. Цог Жавхлант Ван Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайд О.Очийг хүлээн авч байгаадаа таатай байгаагаа илэрхийлсэн.

Элчин сайд О.Оч Цог Жавхлант Ванд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжиллаа.

Ёслолын ажиллагааны дараа Цог Жавхлант Вантай хийсэн ганцаарчилсан уулзалтын үеэр Элчин сайд О.Оч Монгол Улс Нидерландын Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт, тэр дундаа хөдөө аж ахуй, усны менежмент, сэргээгдэх эрчим хүчний салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг онцлов.

.Цог Жавхлант Ван Виллэм-Александр Элчин сайд О.Оч нь хоёр улсын өнөөгийн ойр дотно харилцааг улам бүр эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.

Элчин сайд О.Оч хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Нидерландын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайд О.Оч нь МОУХДС, Япон Улсын Кюүшү их сургууль төгссөн. Англи, орос, франц хэлтэй.

1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн.

Брюссель дэх ЭСЯ-нд атташе, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын Бүсийн төлөөлөгчийн газрын Монгол дахь салбарын ажилтан, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.

 

Эх сурвалж: ГХЯ