Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Бадамцэцэг: Хар тамхины хэргээр 252 хүн шүүхээр ял шийтгүүлсэн

Б.Заяа, Зууны мэдээ
2017 оны 5 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамцэцэгтэй хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Монгол Улсад хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн гаралт жил ирэх тусам өсөж байна. Манай байгууллага энэ төрлийн хэрэгт дагнан хяналт тавьж ажилладгийн хувьд энэ гэмт хэргийн гаралт шийдвэрлэлтийн байдалд судалгаа дүгнэлт хийдэг. Хамгийн сүүлийн байдлаар энэ оны I улиралд хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт 2014 оноос хойш ямар байна вэ, түүний шийдвэрлэлт, энэ төрлийн гэмт хэрэгт ямар нас, хүйс, боловсрол, мэргэжилтэй хүмүүс холбогдож байна, шүүхээс тэдэнд ямар ял шийтгэл оногдуулсан вэ гэх зэргээр цогц судалгааг хийсэн. Тухайлбал 2014 оноос хойш хар тамхи мансууруулах бодистой холбоотой 346 эрүүгийн хэрэгт 520 хүнийг холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх ба үүний 252 хүнд холбогдох 169 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

-Тоон мэдээллийн хувьд тодруулахгүй юу. Жил ирэх тусам өсөж байгаа гэлээ?

-Судалгааны дүнгээс үзэхэд 2014 онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 65 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол 2015 онд 83 хэрэг,  2016 онд 147 хэрэг болж өссөн байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 51 хэрэгт 52 хүнийг шалгаж байна. Энэ гэмт хэрэг нь тодорхой ашиг сонирхол нэгтэй, эсвэл танил тал, найз нөхөд, хамаатан садан гэх мэт бие биеэ мэддэг, итгэдэг хүмүүсийн хүрээнд нууц далд аргаар үйлдэгддэг онцлогтой.

Түүнээс биш гудамж талбай олон нийтийн газарт төдийлөн илээр үйлдэгддэггүй, танихгүй хүнд борлуулж, шилжүүлж, хадгалуулж, бэлэглэдэггүй. Ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн хүрээнд үйлдэгддэгийн хувьд нэг гэмт хэргийн ард олон хүн холбогддог. Түүнийг илрүүлэх, таслан зогсооход, хариуцлага хүлээлгэхэд хүндрэлтэй зүйл их гардаг.

Энэ гэмт хэрэгт холбогдогчдын 82 орчим хувь нь эрэгтэй, 18 орчим хувь нь эмэгтэй хүн байна. Насны хувьд 61.5 хувь нь  20-30 насны, 31 хувь нь 30-40 насны хүмүүс байгаа бол боловсролын хувьд 51 хувь нь бүрэн дунд боловсролтой, 48.8 хувь нь дээд боловсролтой хүмүүс. Өөрийн үйлдэл түүний учир холбогдол, түүнээс үүдэн гарах эрсдэлийг мэдэх чадвар бүхий идэр насны, боловсрол, мэргэжилтэй хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, бусдад уруу татагдаж байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна.

-Ял шийтгэлийн хувьд ямар байдаг вэ?

-Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зургаан төрлийн гэмт хэрэг бий. Хэрэг бүрийн үйлдлийн шинж байдал, нийгмийн хор аюулаас нь хамаарч торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял оногдуулахаар хуульчлагдсан. 

Судалгааны дүнгээс харахад 2014 оноос хойш шүүхээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт нийт гурван хүнд л торгох ял оногдуулсан. Албадан ажил хийлгэх ялаар нэг ч хүн шийтгүүлээгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс хорих, баривчлах ялыг оноож түүний 60-70 хувийг нь нийгмээс тусгаарлан биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлого чанга байгааг илэрхийлж байна. Аливаа улс орны эрүүгийн хариуцлага ял шийтгэлийн бодлого нь тухайн гэмт хэрэгтэй тэмцэх нэг арга хэрэгсэл нь болдог.

-Мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх тохиолдол бас байгаа?

-Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол гарч байна. Түүнээс гадна Монгол Улсад олсны төрлийн буюу каннабисийн төрлийн ургамал ургадаг. Харин синтетик аргаар мансууруулах бодисыг манайд үйлдвэрлэдэггүй, боловсруулдаггүй. Гэтэл энэ төрлийн бодисыг Монгол Улсад олж авч хэрэглээд, зарж борлуулаад, хадгалаад байгаа нь гадаадаас ямар нэгэн байдлаар оруулж ирээд байна гэсэн үг юм. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нь хүнд, онц хүнд ангилалд тооцогддог. Ял шийтгэлийн хувьд зөвхөн хорих ял оногдуулна. Харин хэргийн ангиллаасаа хамаарч 5-25 жил хүртэл хугацаагаар хорих ялыг оногдуулахаар хуульчлагдсан.

-Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Хар тамхины хууль бус хэрэглээ, худалдаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц байдалд хүрч байгаа талаар сүүлийн үед их ярих боллоо. Бодлогын хүрээнд энэ төрлийн хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллага ямар байр суурь баримталж байна вэ?

-Монгол Улсад олсны төрлийн буюу каннабисийн төрлийн ургамал тархмал хэмжээнд ургадаг. 14 аймгийн 49 сумын нутаг дэвсгэрт 15000 га газарт энэ төрлийн ургамал ургаж байна гэсэн судалгаа байдаг. Тэдгээрийг устгах чиглэлээр арга хэмжээ авдаг ч байгалийн зэрлэг ургамал учраас мэдээж нэг удаагийн устгалаар бүрмөсөн устаж арилахгүй. Тиймээс цаашид давтамжтайгаар байнга устгалын ажил зохион байгуулах шаардлага байна.

Каннабисийн төрлийн ургамлыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өссөн шалтгаан нь уг ургамал урьд нь ургадаггүй байгаад сүүлийн жилүүдэд ургаад, тэгээд энэ хэрэг гараад байгаа асуудал биш юм. Урьд нь ч ургаж байсан. Ер нь ганц каннабистай холбоотой ч биш мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй хэд хэдэн шалтгаан байна.

Тухайлбал, цахим орчин хурдтай хөгжиж, хүүхэд залуучуудын хэлний мэдлэг сайжирч, мэдээ, мэдээллийг олон сувгаар олж авч чаддаг болсон, хар тамхи мансууруулах бодистой холбоотой кино, дүрс бичлэгт ямар нэгэн хязгаарлалт, хориг тавигдахгүйгээр цацагдаж байгаагаас энэ төрлийн мэдээ, мэдээллийг олж авах, даган дуурайх, татагдах, сонирхох тохиолдол олон байна. Мөн хил гаалийн хяналт шалгалт сул, тус байгууллагын техник тоног төхөөрөмж, тэнд ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадвартай ч холбоотой асуудал бий.

Бид улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдлыг илрүүлэн шалгадаг хэдий ч бүгдийг гэсэн үг биш. Тиймээс энэ бодис манайд тархаж байна. Өөрөөр хэлбэл, бид нэгэнт Монгол Улсад нэвтрэн орж ирээд олон хүмүүст түгсний дараа түүнийг олж авсан, хэрэглэсэн, борлуулсан ганц нэг этгээдийг олж барьж, шалгаж шийтгэж байна. Уг нь хил гаалийн хяналт шалгалтаар илрүүлж, таслан зогсоож чаддаг бол энэ гэмт хэргийн гаралт, хэрэглэгчдийн тоог хязгаарлаж болно.

Зөвхөн хар тамхитай тэмцэх газрын хэдхэн мэргэшсэн албан хаагчдын хүрээнд уг гэмт хэргийг илрүүлэх биш цагдаагийн газар, хэлтсүүдэд ажиллаж буй албан хаагчид мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн шинж тэмдгийг таньж мэддэг анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болж, газар дээр нь түүнийг илрүүлэх сорилын урвалжтай болсон явдал нь энэ гэмт хэргийг илрүүлэхэд тус дөхөм өгч байна. Энэ нь Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамрагдах, албан хаагчдыг сургаж дадлагажуулах зэргээр төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Гэхдээ мэдээж шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх арга ажиллагаа нь хөрөнгө санхүүтэй шууд холбоотой гэдгийг дурдах ёстой.

-Урьдчилан сэргийлэх чиглэлд прокурорын байгууллагаас хэрхэн анхаарч байна вэ?

-Хуулийн байгууллагаас аливаа гэмт хэрэг үйлдэгдэн гарсны дараа түүнийг илрүүлэх, шалтгаан нөхцөлийг нь тогтоох, эрүүгийн хариуц­лага тооцохоор ажиллахаас гадна түүнээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь юу байв, түүнийг давтан гаргахгүй байхад юуг анхаарах вэ гэх зэргээр ажилладаг. Прокурорын байгууллага ч энэ чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг. Нийслэлийн Прокурорын газар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт улсын хэмжээнд дагнан хяналт тавьж ажилладгийнхаа хувьд уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөж, зохион байгуулж ажиллаж байна. 2014 оноос хойш энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн гэж хэлж болно.

Ингэхдээ энэ гэмт хэргийн хор уршиг, эрүүгийн хариуц­лагыг иргэдэд ойлгуулах чиглэлээр мэдээ мэдээлэл бэлтгэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их дээд сургуулийн оюутан залууст яриа таниулгыг хийж байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагад ч энэ чиглэлээр очиж яриа таниулга, сургалтуудыг зохион байгуулж байна. Мөн прокурор гэмт хэрэг зөрчлийн мөрөөр прокурорын мэдэгдэл гэсэн баримт бичгийг үйлддэг. Энэ нь гэмт хэрэг зөрчил үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоож, түүнийг давтан гаргахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авхуулахаар тухайн  байгууллага, аж ахуйн нэгжийн захиргаа удирдлагад үүрэг болгон, түүнийхээ биелэлтийг эргэж шалган тооцдог арга хэрэгсэл юм. Түүнчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч яриа таниулгыг хийж байна.

Зураг