Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро төрийн албан хаагчдаа Гитлерийн үеийн жүүдүүдтэй адилтгажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Венесуэлийн төрийн албан хаагчдыг болон тэдний гэр бүлийг гадаад орнуудад явахад нь тэнд байгаа Венесуэлийн иргэд дарамталж зовоох болсон юм. Саяхан тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро энэ явдлыг Нацистуудын үед жүүдүүдийг хэрхэн зовоож байсантай адилтган ярьжээ. Эдийн засгийн хямралаас болоод олон венесуэл хүн хилийн чанадад цагаачлан амьдарч байгаа ба тэд тухайн оронд нь ажлаар яваа төрийн албан хаагчдыг айлгаж дарамтлах, эсэргүүцэл үзүүлэх болсон байна.

Мадуро “Бид яг л Гитлерийн үед хядуулсан жүүдүүдийн 21 дүгээр зууны хувилбар болоод байна” гээд “Бид хэдийгээр Дэвидийн шар одыг энгэртээ зүүгээгүй ч хүнлэг ёсны төлөө тэмцэх эрмэлзлэлээр дүүрэн улаан зүрх тээж яваа” гэж албан хаагчдаа өмгөөлжээ.

“Гэхдээ бид 21 дүгээр зууны Нацистуудыг нухчин дарах болно” гэж Мадуро засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн байна.

Германы нацистууд 1930-1940-өөд оны үед зургаан сая жүүд хүнийг устгасан гэдэг. Харин Мадуро сонгуулийг хойшлуулж, үндсэн хуулийг өөрчлөн, дарангуйлал тогтоохоор зүтгэж байгаа тул сөрөг хүчнийхэн дөрөвдүгээр сарын эхнээс өдөр бүр жагсаал хийж байгаа юм.

Жагсаал цуглааныг тараах гэсэн тэмцлийн улмаас 40 гаруй хүн амиа алдаад байгаа. Мадурог гаргаж ирсэн хүн гэгддэг социалист ерөнхийлөгч асан Хюго Чавес 2013 онд хорт хавдарын улмаас нас барсан. Тэр 14 жил төр барих хугацаандаа жүүдүүдийн талаар мэдрэмжгүй мэдэгдэл олон удаа хийж байжээ.

Түүний бодлогогүй үгийг шүүмжлэгчдийг Чавес өөрийнх нь эсрэг барууныхны зохион байгуулсан явууллага гэж тайлбарладаг байв. Венесуэлийн цагаачид АНУ-аас эхлээд Австрали хүртэл дэлхийн олон улсад яваа төрийн албан хаагчдыг доромжилж, халдаж байгаа бичлэг сүүлийн хэдэн долоо хоног сошиал сүлжээнд тарсаар байгаа юм.

Мадурогийн эсрэг тэмцэгчид тэднийг улс орон нь эдийн засгийн гүн хямралтай байхад гадаад томилолтод их хэмжээний мөнгө зарцуулж байна гэж буруутгаж байна. Гэхдээ зарим тэмцэгчид энэ аргыг засгийн газартай тэмцэх буруу алхам гэж хүлээн зөвшөөрч байгаа юм.

Тэмцэгчид Мадурогийн засгийн газрыг хойшлуулсан сонгуулиа даруй явуулж, улс орны эдийн засгийг сэргээхийг шаардаж байна.

 

Эх сурвалж: The Guardian