Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерландын эзэн хаан 20 гаруй жилийн турш онгоцны нисгэгч хийснээ хүлээн зөвшөөрчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нидерландын эзэн хаан үндсэн ажлынхаа хажуугаар сүүлийн 20 гаруй жил цагийн ажил хийж байснаа саяхан дэлгэсэн байна.

Өчигдөр буюу Лхагва гарагт нийтлэгдсэн түүний ярилцлагад эзэн хаан Уиллем Александер Нидерландын KLM авиа компанийн Fokker 70 онгоцонд “зочин нисгэгч”-ээр тогтмол 21 жил ажиллаад саяхан гэрээгээ дуусгасан гэжээ.

Тэрээр сард хоёр удаа тогтмол туслах нисгэгчээр ажилладаг байсан гэнэ. Фоккер онгоцнууд нь ашиглалтаас гарч байгаа тул эзэн хаан одоо Боинг-737 онгоцыг жолоодох сургалтанд сууж эхэлжээ.

Гурван хүүхдийн эцэг, 50 настай эзэн хаан 17 сая хүн амтай Нидерланд орныг захирахын хажуугаар онгоц жолоодож нисдэг зуршлаа хобби гэж тодорхойлоод, ингэхэд язгууртны амьдралаас түр салж, хэсэг хугацаанд бие, сэтгэл нь амардаг гэж ярьсан байна.

 

De Telegraaf сонинд ярихдаа хаан “Нисэж байхад онгоц, багийн бүрэлдэхүүн, зорчигч л зөвхөн бодогддог. Хүлээх үүрэг энэ хүрээнд хязгаарлагддаг” гэжээ. “Газрын асуудлаа тэнгэрт авч нисэх боломжгүй. Бүгдийг мартаад шал өөр юманд бүрэн анхаарлаа хандуулдаг нь сайхан” гэж тэрээр ярьсан байна.

Өмнө нь түүнийг онгоц жолооддог тухай мэдээлэл ил байсан хэдий ч ямар хугацаанд, хэр олон давтамжтай нисдэг нь тодорхойгүй байсан юм. Уиллем Александерыг зорчигчид анзаардаггүй байсан ба 9 сарын 11-ний хэрэг явдлаас хойш хамгаалалтыг чангалснаар бүр ч мэдэх боломжгүй болжээ.

“Есдүгээр сарын 11-нээс өмнө нисгэгчийн бүхээгний хаалга нээлттэй байж, зарим хүмүүс намайг сууж байгааг хараад гайхдаг байсан” гээд Амстердамын Шипол Нисэх буудал дээр дүрэмт хувцастай явахад нь маш цөөхөн хүн таньж байсан гэж хаан ярьсан юм.

Нислэгийн үеэр зарлал хэлэхдээ Уиллем Александер нэрээ хэлдэггүй байсан ба дуу хоолойгоор нь л таних боломжтой байжээ. Гэхдээ ингэсэн хүн бараг байхгүй, ихэнх хүмүүс ийм зарлалыг анхаарч сонсдоггүй гэж хаан тайлбарласан байна.

 

Эх сурвалж: The Guardian