Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Намайг АЖИЛ ХАЯЛТ зарлачихаад байхад хурал ТАСАЛЛАА гэж нийгэмд ойлгуулж байна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр 2017 оны дөрөвдүгээр сард офшор данстай холбоотой хэд хэдэн шаардлагуудыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ. Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор ирүүлэх, ирүүлэхгүй бол Байнгын хороодын хурал болон УИХ-ын чуулганы хуралдааныг орхиж буйгаа тэрбээр мэдэгдсэн байна. Гэтэл шаардлагын хариу одоо болтол ирээгүй байгаа тул ажил хаялт зарласан байгаа тухайгаа С.Жавхлан гишүүн хэллээ.

С.Жавхлан “Шаардлагыг энэ хүмүүс нохой хуцсан чинээ тоодоггүй юм байна. Гадаадад мөнгө хадгалсан хүмүүсийн мөнгө хүчтэй юм. Хүний олон нь цөөнөө барьдаг болчихжээ. Уг нь Монголд сайн сайхан цаг ирээсэй, үнэн зөв амьдрал бий болгох юмсан гэсэн зорилгоор би УИХ-д орж ирсэн. Би энд байх нь зөв ч юм уу буруу ч юм уу. Худлаа зүйлийг өдөр болгон хэлэлцэж, түмэн олныхоо талд шийдвэр гаргадаггүй төр байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.

Миний хувьд тэмцэл зарлаж, ажил хаялт хийж, шаардлага өгчихөөд байгаа. Гэтэл хурал тасаллаа гэж байна. Энэ хүмүүс чинь өөрсдөө хурал хаядаг биздээ. Жавхлан тэмцээд хурлыг хаяхаар тасаллаа болгоод сурталчилдаг” гэв.

Тэрбээр өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод залруулга хийлгэх тухай шаардлага хүргүүлж байгаа юм байна. Энэхүү шаардлагад “УИХ-ын гишүүн С.Жавхлан миний бие 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гаргаж, албан бичгээр тодорхой шаардлагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, МАН, АН, МАХН-ын дарга нарт хүргүүлсэн болно. Уг шаардлагуудын хариуг иртэл миний бие УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, ажил хаялт зарлаж, тэмцэл өрнүүлж байгаа билээ. Гэтэл үүнийг буруу ташаагаар нийгэмд ойлгуулж, идэвхгүй мэтээр харуулж байгаад харамсаж байна.  Ийм энэ нөхцөл байдалд УИХ-ын дарга та залруулга хийж өгнө үү” гэжээ.

Залруулга хийх тухай шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр хүргүүлж өгнө гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

АСУУЛТ, ХАРИУЛТ: 

-Танаар төрийг төлөөлүүлж буй иргэдийн зүгээс УИХ-ын чуулгандаа суухгүй байгаад чинь шүүмжлэлтэй хандаж байна. Энэ тэмцэл чинь хэдий хүртэл үргэлжлэх юм бэ?

-Энэ долоо хоног, дараа долоо хоног шаардлагынхаа хариуг харна даа. 

-УИХ-ын чуулгандаа суугаад шаардлагаа хүргүүлж болохгүй юу?

-Ер нь бол завсарлага авах ч эрхгүй, засагт нөлөөлөх ч эрхгүй ийм л хүн болчихоод байна. Энд түмэн олны төлөө гэсэн, цаг үеийн байдалтай холбогдсон, иргэдийн амьдралд нөлөөлөх хууль гарахгүй байна та минь ээ. Эрх баригчдын бузар булхайгаа хамгаалсан, хаацайлсан хуулиуд гарч байна. 

УИХ-д би ганцаараа байгаад нэмэр алга. Хашхирлаа, ориллоо, хаалгалаа, боолголоо, ялагдлаа, гунилаа, гутарлаа. Нэгэнтээ хүчин мөхөсдөөд байгаа ийм газар би орж суугаад яах юм бэ. 

-Та ямар нэгэн хууль боловсруулах ажлын хэсэгт орсон уу. Хууль санаачилсан уу?

-Хуудасны тал ч хүрэхгүй энэ шаардлагын хариу өгөхгүй байхад хэчнээн мянган сайхан хууль боловсруулаад нэмэргүй. Зөндөө олон хууль боловсруулах төлөвлөгөө, судалгаанууд явж байна. 

Миний хувьд хоёр Байнгын хороонд харьяалагдаж ажилладаг.