Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

WannaCry вирусны хохирогчдын төлсөн мөнгөний хэмжээг гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт дэлхий дахинд тархаж, 300,000 орчим компьютерт халдсан WannaCry вирусны хохирогчид доод тал нь $300 төлж байж хувийн мэдээллээ сэргээх боломжтой болоод байгаа.

Хэрвээ гурав хоногийн дотор биткоин хэлбэрээр энэ мөнгийг төлөхгүй бол төлбөрийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх ба үүний дараа төлөхгүй бол мэдээлэл нь устах юм. Тэгвэл WannaCry вирусны биткоин хэтэвчинд мэргэжилтнүүд хэр их мөнгө орж байгааг бүртгэжээ.

Халдлагын эхний өдөр $200 ба түүнээс дээш хэмжээний төлбөр 36 орж ирсэн бол хоёр дахь өдөр нь 41 болсон байна. Даваа гарагт төлбөрийн тоо оргилдоо хүрч 69 төлбөр хийгджээ. Харин өчигдрөөс (Лхагва) төлбөр төлөх тохиолдол бараг байхгүй болсон байна.

Нийлбэр дүнгээр нь авч үзвэл $200-аас дээш хэмжээтэй төлбөр 215 удаа хийгдэж $80,000 орчмын орлогыг WannaCry вирусны эзэд олжээ. Хакеруудын шаардаж байгаа $300-аас бага мөнгө төлсөн тохиолдол олон байгаа нь хүмүүс туршиж, бага хэмжээний мөнгө илгээсэнтэй холбоотой байж магадгүй гэнэ.

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар мэдээллээ аврахын тулд хакеруудад мөнгө төлөх нь гэмт үйлдлийг дэмжсэн хэрэг тул ингэхээс зайлсхийж, мэдээллээ алдагдсанд тооцох хэрэгтэй гэнэ. Гэхдээ энэ удаагийн WannaCry халдлагыг туршилт байж магадгүй, дараагийн удаа үүнээс ч аюултай халдлага гарах магадлалтайг мэргэжилтнүүд бас анхааруулж байна.

 

Эх сурвалж: Quartz