Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ

Өглөөний сонин
2017 оны 5 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв транзит тээврийн асуудлаар ОХУ-ын “Роснефть”, “Трансойл” компаниудтай хамтран ажилласны үр дүнд 2005 оноос хойш тасраад байсан түүхий нефтийн транзит тээвэр уржигдраас дахин сэргэлээ.

Өмнө нь 2005 он хүртэл ОХУ-аас БНХАУ руу жил бүр 2 сая гаруй тонн түүхий нефтийг манай улсын нутгаар дамжуулан тээвэрлэдэг байсан юм. Төмөр замын транзит тээвэр бол хамгийн ашигтай тээвэр бөгөөд манай улс зах зээлийн хүнд үеийг даван туулахад ихээхэн тус дэм болж байжээ.

Уржигдар өглөө 08:00 цагт ОХУ-ын Наушк өртөөнөөс Сүхбаатар өртөөнд ирсэн 48 вагон түүхий нефть ачсан галт тэрэг манай улсын нутгаар амжилттай аялж өчигдөр орой 20:00 цагт Замын-Үүд өртөөнд очжээ. Манай улсын холбогдох албаныхан хурдан шуурхай үзлэг шалгалт хийж уг галт тэргийг 22:00 цагт Хятадын талд хүлээлгэн өгсөн байна. Энэ тавдугаар сард ОХУ-аас БНХАУ руу 42,000 тонн түүхий нефть ачсан 480 вагон бүхий 10 галт тэргийг манай улсын нутгаар дамжин өнгөрүүлэх захиалгыг өгчээ.

Цаашдаа cap бүр манай улсын нутгаар 50,000 тонн түүхий нефть ачсан галт тэрэг дамжин өнгөрөх тооцоотой байна. Энэ он гарснаас хойш манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн урсгал эрс нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 168 чингэлгийн галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрсөн бол зөвхөн энэ оны таван сарын байдлаар 120 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрөөд байна.

Ийнхүү манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн урсгал нэмэгдсэн нь ЗТХЯ, УБТЗ-ын удирдлагуудын зөв бодлого, оновчтой менежментийн үр дүн гарч байна гэж дүгнэж болох юм. Өнгөрсөн 4-р сарын эхээр ЗТХЯ, УБТЗ хамтран Бээжин хотноо “Транзит монгол-2017” форумыг зохион байгуулсан нь Ази-Европыг холбосон хамгийн дөт тээврийн коридороор тооцогддог манай улсын төмөр замыг сонирхох сонирхол эрс нэмэгдсэн юм.

УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв нь дамжин өнгөрөх түүхий нефтийн тээврийг амжилттай зохион байгуулж ирсэн арвин туршлагатай хамт олон юм.

Зураг