Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр дэвшигчдийн саналын хуудсан дээрх нэрийг УИХ дахь намын суудлын тоогоор эрэмбэлнэ

ikon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд:

  1. МАН-аас М.Энхболд,
  2. АН-аас Х.Баттулга,
  3. МАХН-аас С.Ганбаатар нарын нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай шийдвэрээ танилцууллаа. 

Саналын хуудсанд нэр дэвшигчдийн нэрийг УИХ дахь намынх нь суудлын тоогоор эрэмбэлж байрлуулна гэв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Өөрөөр хэлбэл УИХ-д хамгийн олон суудалтай нам болох МАН-аас нэр дэвшигч М.Энхболд дараа нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гэсэн дарааллаар саналын хуудсанд нэр нь бичигдэх юм байна. 

СЕХ-оос нэр дэвшигч нарт энэ сарын 27-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгөх юм.

Саналын хуудсыг санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө хэвлэнэ гэсэн хуулийн заалттай. 

Гадаадад байгаа иргэд 6 дугаар сарын 10,11-ны өдрүүдэд саналаа өгнө

 
Гэрэл зургийг mpa.mn

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Гурван нэр дэвшигчийн хувьд СЕХ-оос бүртгэсэн учраас хандивын дансаа нээж болно. СЕХ, Татварын Ерөнхий Газар, Аудитын газарт хандивын данс нээсэн тухай мэдэгдэх ёстой.

Хандивын хувьд хуулийн этгээд 15 сая, иргэдээс гурван сая хүртэлх төгрөгийн хандив хураана.

Хандивын дансанд хандиваас гадна тухайн намаас нь санхүүжилт орно. Мөн нэр дэвшигч өөрөө дансандаа сонгуулийн зардалаа нэмнэ.

Тодорхой шалгуур хангаагүй хандивт өөрсдөө хяналт тавих хэрэгтэй.

Хууль бус хандив байх юм бол тухайн явуулсан газар, хувь хүн рүү эргүүлэн явуулсан байх шаардлагатай.

Гадаадад байгаа иргэдийн саналыг авах сонгуулийн комисс байгуулагдаад ажиллаж байгаа.

Нийт 33 улсад 45 салбар комисс байгуулагдаж 200 орчим хүн ажиллаж байна.

Сонгогчид саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очих, цахим болон шуудангаар бүртгүүлж болно.

Гадаадад байгаа сонгогчид 5 дугаар сарын 01-нээс 20-ны хооронд бүртгүүлэх боломжтой бөгөөд 6 дугаар сарын 10,11-ны өдрүүдэд саналаа өгнө" гэв. 

С.Ганбаатар бүртгүүлэхээр ирсэн бичиг баримтандаа намын батлахын хувийг ирүүлсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "СЕХ хоёр удаа хуралдаан хийлээ. Эхний хуралдаанаар УИХ-д суудалтай МАХН, МАН, АН-ын нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд нь хүлээж авсан.

Харин МАХН-ын нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж тайлбараа хийсэн.

Хуулиараа нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд сонгууль болохоос 40-өөс доошгүй хоногийн дотор нөхөн нэр дэвшүүлнэ гэсэн байгаа.

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд УИХ-д суудал бүхий МАХН-аас Сонгуулийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2-т заасны дагуу С.Ганбаатарын нэрийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлан холбогдох баримт бичгийг Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд буюу 5 дугаар сарын 16-ны өдрийн 23:30 минутад СЕХ-нд ирүүлсэн.

СЕХ-ны ажлын хэсэг ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаж МАХН-аас нэр дэвшигчигчийг бүртгэх тухай шийдвэр гаргалаа.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар бүртгүүлэхээр ирсэн бичиг баримтандаа намын батлахын хувийг ирүүлсэн байсан.

Тэгэхээр өчигдөрөөс эхлэн МАХН-ын гишүүнээр элссэн. 

1,983 сонгуулийн хэсэг байгуулагдсан. Дөрөвдүгээр сарын 2-ноос иргэдийн шилжилт хөдөлгөөн зогссон" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.