Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан.
Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь:
Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллароос дээших дэд бүтцийн төсөл,100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх юм.
Энэхүү хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2- т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи ...” гэрээ тул Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулахаар Хуулийн төсөл, Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс