Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгчууд “Цэнхэр халим”-тай тэмцэж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн Амиа хорлолттой тэмцэх бүлэг онлайн орчинд тархаж байгаа аюултай тоглоомноос залуу үеийнхнийг хамгаалахад тус хотын иргэдийг анхаарлаа хандуулахыг уриалж, хөдөлгөөн өрнүүлжээ.

Тоглогчдыг нь амиа хорлох эрсдэлд хүргэдэг “Цэнхэр халим” нэртэй тоглоом сүүлийн үед Хонг Конгийн сошиал орчинд үзэгдэх болсноос ийм алхам хийхэд хүрсэн байна. Уг тоглоом нь Оросоос гаралтай ба сошиал сүлжээний залуу хэрэглэгчдэд чиглэдэг. Тоглогчдод 50 хоногийн хугацаанд олон төрлийн аюултай даалгавар өгч биелүүлэхийг шаарддаг гэнэ. Даалгавруудын дотор бүтэн өдөржин аймшгийн кино үзэх, өглөө эрт 4:20 цагт босон бие махбоддоо аюултай үйлдэл гүйцэтгэх зэрэг үйлдэл багтдаг ба эцэстээ амиа хорлоход хүргэдэг юм байна.

Олон улсын хэмжээнд гарсан хэд хэдэн амиа хорлолтын хэрэгт энэ тоглоомыг холбон шалгаж байгаа ба Хятад, Британи, Шинэ Зеланд, Франц зэрэг орнууд өсвөр насныханд хандаж сэрэмжлүүлэг гаргажээ.

Энэ долоо хоногийн эхээр Хятадын янз бүрийн 15 муж, хотын цагдаагийн газар “Цэнхэр халим”-ны эсрэг хориг зарласан байна. Хятадын QQ мессенжэр үйлчилгээг эзэмшдэг Tencent компани өөрийнх нь сүлжээнд үүссэн “Цэнхэр халим”-тай холбоотой байж магадгүй 12 бүлгийг шалгаж эхэлжээ.

Уг тоглоомыг бүтээгч 21 настай Оросын иргэн Филипп Будейкинийг орон нутгийн эрх баригчид баривчлаад байгаа ба өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан доод тал нь 16 өсвөр насны охины амиа хорлосон хэрэгт сэжиглэн шалгаж байна.

Саяхан Хонг Конгийн их сургуулийн нэгэн оюутан өөрийнх нь найз нарын дотор гурван хүн өөрсдийгөө “халим” болсон гэж фэйсбүүк хуудсандаа мэдээлээд, өөрсдийн боолттой гарны зургийг оруулсныг анх мэдээлжээ.

Гар дээрээ халимны дүрсийг сийлэх нь уг тоглоомны даалгавруудын нэг юм байна. Дээрх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг профессор Пол Ип Сю-Фай эцэг эхчүүд, багш нар, оюутан сурагчдад өөрийн хүүхэд, сурагч, үе тэнгийнхнийхээ этгээд ааш авирыг хянаж байхыг зөвлөсөн байна. Эцэг эхчүүд, багш нар уг тоглоомоор тоглож байгааг нь илрүүлбэл шууд таслан зогсоохын оронд хүүхдүүдтэй ярилцаж, тулгараад байгаа асуудлыг нь шийдэхэд туслах хэрэгтэй гэсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post