Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Японы гүнж Мако жирийн залуутай гэрлэхээр шийджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Японы эзэн хаан Акихитогийн анхны ач охин, ханхүү Акишиногийн том охин, гүнж Мако их сургуулийнхаа нэг ангийн залуутай гэрлэхээр болсныг эзэн хааны ордны захиргаа өчигдөр зарлажээ.

25 настай гүнжийн сүйт залуу нь мөн 25 настай, Токиогийн Хитоцубаши их сургуулийн төгсөх ангийн оюутан, бас хуулийн компанид ажилладаг Кэй Комуро гэгч юм байна. Эзэн хааны дөрвөн ач, зээ нараас анх удаа гэрлэх гэж байгаа нь энэ ажээ.

Таван жилийн өмнө хосууд нэг сургуульд хамт сурч байхдаа танилцаж, сүүлд Комуро нь гүнжид гэрлэх санал тавьсан байна. Ордны хуулиар хааны гэр бүлийн эмэгтэйчүүд жирийн хүнтэй гэрлэвэл язгууртны хэргэмээ алддаг.

 

Тиймээс Маког гэрлэсний дараа хааны гэр бүлийн язгууртнуудын тоо 18 болж буурах ба эмэгтэйчүүдийн тоо 13 болох юм. Ийм маягаар хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрсөөр байгаа тул эмэгтэйчүүд нь энгийн хүнтэй гэрлэхэд язгуур хэргэмээ алддаггүй, өөрийн ургийн салбарыг үүсгэдэг байх хуулийн төслийг гол сөрөг хүчин болох Ардчилсан Нам дэвшүүлээд байгаа.

Гэвч эрх баригч Либерал Ардчилсан Нам энэ саналд дуртай биш байгаа юм. Гүнж Мако нь 2010 оноос Токиогийн Олон улсын Христийн Их сургуульд дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж эхэлсэн нь түүнийг тус их сургуульд элссэн хааны гэр бүлийн анхны гишүүн болгожээ.

Суралцах хугацаандаа тэр Британид Эдинбургийн Их сургуульд есөн сарын хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж байв. Төгсөөд Мако Британий Лэйсестерийн Их сургуульд мастераар суралцжээ.

Макогийн 22 настай дүү, гүнж Како эгчтэйгээ ижил сургуульд суралцаж байгаа. Харин 10 настай эрэгтэй дүү, ханхүү Хисахито нь түүний үеийнхнээс цорын ганц эрэгтэй язгууртан болж  байна. Одоогийн эзэн хааны титмийг залгамжлах нэгдүгээр хүн нь ханхүү Нарухито, хоёрдугаар хүн нь Макогийн аав, ханхүү Акишино бол Макогийн дүү, ханхүү Хисахито нь гурав дахь хүн юм.

 

Эх сурвалж: Kyodo News