Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн гэдэсний халдварт өвчинд ХӨРСНИЙ БИЧИЛ БИЕТИЙН бохирдол нөлөөлж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Ниймийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” болон “Өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааны ажлын үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

“Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” судалгааны үр дүнгээр хөрсний хүнд металлын бохирдлын судалгааг гаргажээ. 

Гэр хорооллын айл өрхийн 60 орчим хувь нь төвийн дулаан, бохирын болон дэд бүтцийн системд холбогдоогүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Нийгмийн Эрүүл Мэнднийн Үндэсний төвөөс хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, гэр хорооллын айл өрхийн ундны болон ахуйн усны бодит хэмжээг тогтоох багц судалгааг хийж байна.

Өнөөдөр багц судалгааныхаа дүнг албан ёсоор танилцуулж байна. Улаанбаатар хотод нийт хүн амын 47 хувь нь амьдардаг.

Гэр хорооллын айл өрхийн 60 орчим хувь нь төвийн дулаан, бохирын болон дэд бүтцийн системд холбогдоогүй.

Судалгааны дүнгээр гэр хорооллын айлуудын усны хэрэглээний хэмжээ бага байна.

Орон сууцанд амьдарч байгаа иргэдийн ундны усны дундаж хэмжээ 100 гаруй литр байгаа юм. Судалгааны бас нэг зорилго нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах юм.

Бид орчны болон ундны усны бохирдлыг бууруулах гэж ярьдаг. Судалгаанд үндэслэсэн маш чухал.

Энэ оны нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурлаа хийж, хөрсний болон агаар, усны бохирдол нилээн ноцтой байдалд хүрсэн гэдгийг зарласан.

Ингээд НЗДТГ болон салбар яамдуудад чиглэл өгсөн.

Өнөөдөр энэ талаар судалгаа танилцуулагдаж байгаа нь хүйтрэхээс өмнө авах арга хэмжээний үндэслэл болж байна" гэлээ.

Усыг физилогийн шаардлага хангах хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй

 

НЭМҮТ, орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал "Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв өнгөрсөн жил хоёр судалгаа хийснийгээ танилцуулж байна.

Улаанбаатар хотын гэр хороолол орчмын хөрсний бохирдлыг тогтоох, хөрсний бохирдол нь хэрхэн эрүүл мэндэд нөлөөлж байгаа талаар судалсан.

Дараагийнх нь хотын иргэдийн унд ахуйдаа хэрэглэдэг усны хэмжээг тогтоосон юм.

Гэр хороололд нянгын болон хүнд металын бохирдол ямар байгаа талаар судалсан байгаа. Хөрсний бохирдол бага насны хүүхдийн суулгалт халдварт нөлөөлж байгаа нь тогтоогдсон.

Гэр хорооллын нүхэн жорлонгын ойролцоо хөрсний бохирдол их байна.

Гэр хорооллын айлууд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж болгож байгаа хэмжээний ундны ус хэрэглэх шаардлагатай.

Усыг физилогийн шаардлага хангах хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

Тиймээс иргэдийн ундны усны хэрэглээг зохистой болгох талаар зөвлөмж гаргасан" гэв. 

"Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин " судалгааны дүн

•    Улаанбаатар хотын гэр хорооллын өнгөн хөрсөнд агуулагдах хар тугалга болон хүнцэл стандартын шаардлага хангахгүй байна.

•    Улаанбаатар хотын хөрсний хар тугалганы бохирдол олон жилийн турш хадгалагдсан хэвээр байгаа. 

•    Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлын бохирдолд авто засварын газрын шатах тослох материал, авто угаалга, дугуй засвар, томоохон авто худалдааны төвийн үйл ажиллагаа шууд нөлөөлжээ. 

Хөрсний эмгэг төрөгч бичил биетэний бохирдол

•   Гэр хорооллын хөрсөнд агуулагдах нянгийн тоо судалгаанд хамрагдсан бүх цэгүүдэд 7-9 сард их бохирдолтой түвшинд байна.

•    Хөрсний нянгийн тоо зуны улиралд өсөх хандлагатай байна.

•    Нянгийн бохирдолд томоохон зах, гэр хорооллын нүхэн жорлон, томоохон үйлчилгээний төвийн үйл ажиллагаа шууд нөлөөлж байна.

•    Улаанбаатар хотын гэр хорооллын эзэлбэр газрын өнгөн хөрс хүн, малын ялгадас буюу стандартын шаардлага хангаагүй гэр хорооллын нүхэн жорлонгийн сөрөг нөлөөгөөр бохирдож улмаар гүний усыг эмгэг төрөгч бичил биетэнээр бохирдуулж байна.

Хөрсний бохирдол ба өвчлөл

•    Улаанбаатар хотын гэр хорооллын хороодын хүн амын болон 0-5 насны хүүхдийн дундах суулгалт халдварт өвчин зун, намрын улиралд хамгийн их тохиолдож байна.

•    Улаанбаатар хотын гэр хорооллын бага насны хүүхдийн дунд тохиолдож буй гэдэсний халдварт өвчинд хөрсний эмгэг төрөгч бичил биетний бохирдол шууд нөлөөлж байна.

“Нийслэл хотын өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааны дүн

•    Нэг хүнд ноогдох унд, ахуйн усны хоногийн нийт хэрэглээ гэр хорооллын өрхөд 15.57л, орон сууцны өрхөд 90 л байгаа нь орон сууцны өрхийн хүн амын ус хэрэглээ гэр хорооллын өрхтэй харьцуулахад харьцангуй өндөр, гэсэн хэдий ч энэ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнд хүрэхгүй байна.

Судалгаанд оролцогчдын 81.2 хувь нь хуванцар савны ОУ-ын тэмдэглэгээг мэддэггүй бөгөөд хямд үнэтэй, олдоцтой, хөнгөн авсаархан хэмээн хуванцар савыг сонгон ундны усаа зөөвөрлөх, хадгалахдаа хэрэглэдэг байна.Нийт оролцогчдийн 50 гаруй хувь нь гэрийн нөхцөлд усыг бохирдуулахгүй байх арга, усны савны цэвэрлэгээ, цэвэр, найдвартай усны талаар, усаар дамжих халдварт өвчин, усны зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэг хангалтгүй байна.

Өрхийн 73.7 хувь нь ус зөөдөг болон хадгалдаг сав нь тусдаа байдаг. Ус хадгалдаг сав нь дунджаар 1 ш байдаг бол зөөвөрлөдөг нь хоёр түүнээс дээш ширхэгээр харьцангуй бага агууламжтай савыг тус тус хэрэглэдэг байна.

Үр дүнг танилцуулах уулзалтад НЗДТГ, УБ хотын захирагчын ажлын алба, ЭМЯ, БОАЖЯ, БХБЯ, НБОГ, НЭМГ, ДЭМБ, НҮБ, МХЕГ, УСУГ, НМХГ, АШУҮИС-ийн НЭМС, УҮХороо, бусад төрөлжсөн байгууллага, төрийн болон ТББ-ын 50 гаруй төлөөлөгч оролцож байна.