Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Элсэлтийн шалгалтдаа бэлэн үү?

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 17
Сурталчилгаа

Та инженер болохоор шийдчихсэн үү? Тэгээд хаана ямар сургуульд элсэж, аль сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх талаар бодож сууна уу? Эсвэл сонгосон сургууль тань элсэлтийн шалгалтаа хэрхэн яаж авдаг тухай оньсого таавар болж байна уу?

Магадгүй та инженер болохоор шийдээд элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа бол германы сургалтын стандарт бүхий сургалтын хөтөлбөртэй, монголдоо хамгийн анхны орчин үеийн тохилог оюутны хотхонтой, төрийн өмчийн отгон их сургууль болох Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль элсэгчиддээ шалгалтын талаарх мэдээллээ харамгүй түгээж байна. Бид тус сургуулийн элсэлтийн шалгалтын комиссын гшиүүн профессор Б.Батцэнгэлтэй уулзаж хэдэн хорм ярилцлаа.  

 

- Бид өмнө танай сургалтын албаны дарга Н.Гантулгатай уулзаж сургуулийн талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг уншигчиддаа хүргэсэн. Түүний ярианаас танай сургуулийн оюутан болохын тулд тодорхой шалгаруур давах хэрэгтэй гэж ойлгосон. Тэгэхээр та энэ удаа манай уншигчдад  МГТИС-ийн элсэлтийн шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч, ямар ямар шалгалт авдаг, хэрхэн зохион байгуулдаг гэх зэрэг?

- За баярлалаа. Юуны түрүүнд танай сайтын уншигчид болоод та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сургуулийн тухай өмнө дэлгэрэнгүй мэдээлсэн учраас би сургуулийнхаа Элсэлтийн шалгалтын талаар тодорхой мэдээлэл хүргэе. Манай шалгалт “Байгалийн ухааны нэгдсэн”, “Англи  хэлний түвшин тогтоох” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг.

“Байгалийн ухааны нэгдсэн шалгалт нь дотроо математикийн агууламж 50 хувь, физикийн агууламж 30 хувь, химийн агууламж 20 хувь бүхий нийт 100 онооны даалгавартай. Ерөнхийдөө гүйцэтгэх даалгавруудтай, нийтдээ 150 минут буюу 2 цаг 30 минут үргэлжилдэг.

Харин англи хэлний шалгалтанд дүрэм, унших, бичих, сонсох гэсэн үндсэн дөрвөн чадварыг шалгасан тус бүр 25 хувийн үнэлгээтэй 100 онооны даалгаврууд багтдаг.  Шалгалтын хугацаа 180 минут буюу 3 цаг үргэлжилнэ.

- Шалгалт тестийн хэлбэрээр явагддаг уу?

- МГТИС-ийн шалгалтыг ер нь тестээр авдаггүй. Тест бол хүний мэдлэгийг шалгахад төдийлөн хангалтгүй гэж үздэг учраас бид даалгаврын гүйцэтгэлийг илүү харж дүгнэдэг. Энэ арга нь тухайн элсэгчийн мэдлэгийн чанар, түвшинг тогтооход илүү бодитой байдаг. Ийм шалгуураар оюутнаа элсүүлэх нь бид цаашид сайн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах гол суурь болж өгдөг.

Энэ дашрамд, хэрэв МГТИС-ийн элсэлтийн шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн бол манай цахим хуудсан дахь элсэлтийн шалтгалтанд бэлтгэх жишиг даалгавруудаас авч өөрийгөө сорих боломж бас бий гэдгийг хэлье.

 

- Шалгалтын босго онооны талаар тодруулах уу?

- Байгалийн ухааны шалгалтын хувьд нийт гүйцэтгэл 60 хувиас дээш бол бакалаврын хөтөлбөрт шууд элсэх нөхцөлийг хангана. Харин 40-60 хүртэлх онооны хооронд үнэлгээ авсан бол инженерийн нэг жилийн бэлтгэл хөтөлбөрт орох боломжтой байгаа.

Англи хэлний хувьд B1, B2 (20-49 оноо) түвшний мэдлэг хангасан бол бэлтгэл хөтөлбөрт, С1 (50-аас дээш оноо) түвшний мэдлэг хангасан тохиолдолд бакалаврын хөтөлбөрт шууд элсэн суралцах  боломжтой.

- Шалгалтын дараа ямар хугацааны дотор дүнгээ мэдэх боломжтой вэ.

- Шалгалт авснаас хойш ажлын 5 хоногт сургуулийн албан ёсны цахим хуудсаар бид шалгалтын дүнг мэдээлнэ.

 

- Бүртгэл одоо явагдаж байгаа юу? 

- Бүртгэл явагдаж байгаа. Энэ сарын 19-нийг дуустал бүртгэнэ. Хараахан бүртгүүлж амжаагүй элсэгчид байгаа бол манай сургуулийн www.gmit.edu.mn  хаягаар ороод ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭХ гэсэн хуудас руу ороод асуултуудын дагуу хариулаад бүртгүүлнэ. Энэ нь урьдчилсан бүртгэл байгаа.

ЕБС төгсөгчдийн хувьд ЭЕШ-ийн дүн гарсны дараа манай үндсэн суурь хичээлүүд болох математик, хими, физик, англи хэлний шалгалтуудын хоёрт нь 500-аас дээш оноо аваад манай элсэлтийн шалгалтыг амжилттай өгсөн бол МГТИС-ийн оюутан болох нөхцөлийг хангана гэсэн үг. 

- Шалгалтанд ирэхдээ ямар бэлтгэл хангаж ирэх вэ? Хориглосон болон зөвшөөрсөн зүйлс бий юу?

- Юуны түрүүнд биеийн болоод сэтгэл зүйн бэлтгэлээ сайтар хангаж ирэх хэрэгтэй. Зарим элсэгчид шалгалт гэхээр хэт их стрест ордог. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж, өгөгдсөн цагийг зөв хуваарилж, даалгавраа анхааралтай гүйцэтгэх нь чухал. Шалгалтанд иргэний үнэмлэхтэй ирнэ.

Үзэг, бал, шугам болон програмчлалгүй тооны машин авч орохыг зөвшөөрнө. Үелэх систем, томъёоны хураангуй гэх зэрэг материал авч орохыг хориглоно. Хэрэв шалгалтын үеэр зөвшөөрснөөс бусад зүйлс ашиглах, хуулах үйлдэл илэрвэл шалгалтыг үргэлжлүүлэх боломжгүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийн мэдлэг чадвартаа найдаж орох нь чухал. 

 

- Элсэлтийн шалгалтыг хаана зохион байгуулах вэ? Орон нутагт явагдах уу?

- Тэгэлгүй яахав, бид орон нутгийн элсэгчдэд боломж олгох үүднээс тодорхой бүсийн аймгуудаар шалгалтыг зохион байгуулна. Анх бид шалгалтаа зөвхөн Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх сургуулийнхаа хотхонд зохион байгуулдаг байсан. Өнгөрсөн жил эцэг эх, хүүхэд залуусын хүсэлтээр тодорхой орон нутгуудад зохион байгуулж байсан.

Харин энэ жилийн хувьд Улаанбаатар хотод Налайх дүүрэг дэх МГТИС-ийн хотхон болон баруун зүүн, төвийн бүсийн Архангай, Өвөрхангай, Эрдэнэт, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ, Дархан, Өмнөговь, Баян-Өлгий, Увс, Дорнод зэрэг нийт 11 аймаг, орон нутгийн Боловсрол соёлын газруудтай хамтран бүр өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Шалгалт 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 11:00 цагт дээрх газруудад зэрэг зохион байгуулагдана. Тиймээс энд нэр дурьдагдаагүй орон нутгийн элсэгчид хэрэв хүсвэл ойролцоох орон нутагтаа очиж МГТИС-ийн элсэлтийн шалгалтанд орох боломжтой.  

Улаанбаатар хотын элсэгчдийн хувьд нэг зүйлийг анхааруулахад энэ өдөр нийтийн гүйлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдах учраас төв замын хөдөлгөөн хязгаарлалтад орж байгаа юм байна. Тиймээс бид ДҮНЖИНГАРАВ худалдааны төвийн зогсоолоос элсэгчдээ нэгдсэн журмаар өглөө 09:30 цагт сургуулийн хотхон руу тээвэрлэх болсныг анхааруулж байна.

 

- Шууд элсэх тохиолдол байх уу, шалгалтгүйгээр?

- Байж болно. Байгалийн ухааны хичээлүүдээр улсын олимпиадуудад өндөр амжилт гаргаж байсан тохиолдолд МГТИС-ийн шалгалтанд орохгүйгээр элсэх боломж бий. Үүнээс гадна шалгалтын үр дүнгээс хамаарч тэтгэлэгтэй суралцах бүрэн боломжтой.

- Шалгалт хэрхэн зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.