Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Намчирхал, улстөржилтөөс үүдэж уул уурхайн салбар хөгжиж чадахгүй байна”

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 5 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр уул уурхайн салбарын хөгжил тэртээ 1911 онд байгуулагдсан Налайхын уурхайгаас эхлэлтэй. Анх хүрз жоотуугаар хөдөлмөрийн зэвсэг хийж эхэлсэн уул уурхайн салбар 95 жилийн хугацаанд гүний уурхайн алсын зайн роботикийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэмжээнд хүртэл хөгжиж, 40 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж буй томоохон салбар.

Энэ жил тус салбарын 95 жилийн ой тохиож байгаа бөгөөд салбар яамнаас олон ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа аж. Үүний нэг нь “Уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулган” юм. Энэхүү чуулга уулзалт өчигдөр Орхон аймагт болж өндөрлөлөө.

Чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгууллаа. Уулзалтад, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, А.Ундраа, Н.Амарзаяа, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Архангай, Булган, Дархан- Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Чуулга уулзалтыг нээж, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Засгийн газраас уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар түүхий эд бэлтгэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилт тавин ажиллаж байна. Салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд үүсмэл ордыг ашиглах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг батлууллаа. Бид зөвхөн хууль тогтоомж батлаад зогсох бус байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг дэмжин ажиллах шаардлагатай байна. Үүсмэл ордыг зөв зохистой ашигласнаар улс орны хөгжилд ямар их ач холбогдол, хувь нэмэр оруулах боломжтойг Орхон аймгийн Ачит эх, Эрдэнэт үйлдвэрийн жишээ тодхон харуулж байна.

Эдгээр үйлдвэр Орхон аймгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажлын байр нэмэгдүүлж байгаа. Цаашид үүсмэл ордын ашиглалтыг сайжруулах, стратегийн болон нөөц нь тогтоогдсон томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллах болно” гэв. Мөн чуулга уулзалтад оролцогчид 2016 онд уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, экспортын 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, Улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэг хувийг бүрдүүлсэн гэдгийг онцолж байлаа.

Үүний дараа Уул уурхайн салбарын эрх зүйн орчин, Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц, Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа гэсэн гурван сэдвийн хүрээнд чуулга уулзалтад оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд салбарын хөгжилд анхаарч, цаашдын үйл ажиллагаанд нарийн тусгах санал, санаачлагаа хэлсэн юм. Энэ үеэр бид чуулгад оролцогч УИХ-ын гишүүд болон бусад албаны төлөөллүүдтэй уулзаж, ярилцлаа.

Ч.Цогтбаатар: Уул уурхайн тухай хуулийг шинээр боловсруулж, УИХ-д өргөн барина

/УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн/ 

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн салбарын эрхзүйн орчныг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсан. Үндсэн чиглэлийн хүрээнд уул уурхайн салбартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тусгагдсан байдаг. Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, , Үйлдвэрлэл технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Уул уурхайн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм.

Мөн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн орчныг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд Уул уурхайн тухай хуулийг шинээр боловсруулж, УИХ-д өргөн барина. Энэхүү хуулийн үзэл баримтлал нь батлагдсан. Одоогийн байдлаар хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна. Хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн компаниудтай холбоотой асуудал яригдлаа.

Уг асуудлыг тодорхой хуулийн хүрээнд шийдэж байгаа. Хэрвээ компани байгаль орчинд ноцтой хохирол учруулсан бол мөнгөн торгуулиас гадна эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл зохицуулалт бий. Ер нь уул уурхайн салбарын хариуцлагыг сайжруулах, хариуцлагын тогтолцоог шинэ шатанд гаргах шаардлага байгаа. Тиймээс Уул уурхайн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг дагалдуулаад Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг давхар боловсруулах ч шаардлага гарна. 

Б.Баатарсүх: Засгийн газар Хүнд үйлдвэрийн салбарт дөрвөн том төсөл хэрэгжүүлнэ 

/УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга/ 

-Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбар хөгжлийнхөө эхлэл үед байна гэж ойлгож болно. Шинэ Засгийн газраас Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн дөрвөн том төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Дээрх төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай.

Тухайлбал, Импортын хэмжээ нэг тэрбум ам.доллараар буурч, гадаад худалдааны эдийн засгийн ашиг нэмэгдэнэ. Бид жилд нэг тэрбум ам.доллараар нефть бүтээгдэхүүн худалдаж авдаг. Энэхүү гадаад урсгалыг зогсоосноор ам.долларын савлагааг зогсоож чадах юм. Мөн 2,800 гаруй шууд, 3,000 гаруй шууд бус ажлын байр нэмэгдэнэ. Валютын гарах урсгал 25 орчим хувиар буурч, ам.долларын ханш 30 хувиар буурах боломж бүрдэнэ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 30 орчим хувиар нэмэгдэх орчин бүрдэх юм.

Түүнчлэн улсын болон орон нутгийн төсөвт татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 300 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой. Дээрх төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Одоогоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдлээ. Зэс боловсруулах үйлдвэрт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Бид одоогийн байдлаар судалгаа хийж, хөрөнгө оруулагчаа хайж байна.

Нэг эерэг зүйл ажиглагдаж буй нь гадаадын хөрөнгө оруулагчид хүнд үйлдвэрийн салбарыг их сонирхож байгаа. Тухайлбал, Зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах саналыг Герман улсын хоёр, БНХАУ-ын дөрвөн компани тавьсан. Салбар яамнаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Түүнээс гадна нэн тэргүүнд үйлдвэржилтийн зургийг гаргана. Мөн хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын бичиг баримтыг боловсруулахаар ажиллаж байна. 

Г.Тэмүүлэн: Эрхзүйн орчин, салбарын тогтолцоог анхаарах шаардлагатай 

/УИХ-ын гишүүн/ 

-Уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Төвийн бүсийн чуулганыг Эрдэнэт хотод зохион байгууллаа. Чуулганы салбар хуралдаанаар хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц шийдлийг ярилцсан. Би түрүүнд илтгэлдээ дурдсан. Бид олон жил нэг асуудлаа ярьж байна. 20 жил, 40 жил яригдсан төсөл хөтөлбөрүүд байна. ТЭЗҮ хийж байгаад л олон удаа нэг төслөө ярьдаг.

Хийсэн ТЭЗҮ-г нь аваад үзвэл өртөг зардал нь нэмэгдчихсэн байх жишээтэй. Хүнд үйлдвэрийн салбарт хамгийн эхэнд эрхзүйн орчин, салбарын тогтолцоог нэлээд анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэгдсэн бодлого, тогтолцоогүй байна гэсэн үг. Шулуухан хэлэхэд, салбарын бодлогын хүрээн дэх улстөржилт, намчирхлын асуудлаас болж салбарын бодлого тогтвортой байж чаддаггүй, хэрэгждэггүй.

Ийм л нөхцөл байдал үүссэн. Үүнийг эцэслэх зайлшгүй шаардлагатай. Манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд УИХ-аар маш олон стратегийн төсөл орж, хэлэлцэгдэж байгааг иргэд мэднэ. Үүнээс ганцхан Оюутолгойн төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдсан. Энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй. 

1,000 инженерийн зөвлөгөөн боллоо 

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК жил бүр үйлдвэрийнхээ бүтээмж, инновацийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр дүнг дүгнэх, үйлдвэрийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд мэргэжилтнүүдийн үзэл бодлыг тусгах, оюуны бүтээлийг дэмжин сурталчлах зорилгоор “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн зөвлөгөөн энэ сарын 15-нд Эрдэнэт хотод болж өндөрлөлөө.

Тус зөвлөгөөнийг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Инженерийн боловсрол эзэмшинэ гэдэг нэр төрийн хэрэг байдаг билээ. Дэлхий ертөнцөд инженер хүний үнэлэмжийг дээшлүүлэхийн төлөө улс орон бүр өөрийн гэсэн бодлоготой үйл ажиллагаа явуулдаг. Түүний дотор Засгийн газар болон холбогдох байгууллагууд инженерүүдээ дэмжих, инженерүүдийнхээ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг өргөн хүрээнд явуулдаг билээ.

Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1000 инженерийн зөвлөгөөнийг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр бид инженерүүдийнхээ сэтгэн бодох ур чадварыг нэмэгдүүлэх, бүтээлийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг нь хангах ажлыг үе шаттайгаар хийдэг. Цаашид шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улс орны хөгжилд инженерүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, бодитой туслалцаа үзүүлнэ. Өнөөдрийн зөвлөгөөн Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ой давхцаж байгаа.

Эрдэнэт үйлдвэрийг 40 гаруй жил ажиллахад шинжлэх ухааны үндэстэй шийдлийг гаргаж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэр шинжлэх ухааны холбоог бэхжүүлэхэд, сэтгэл зүрх, цаг зав гарган ажилласан үе үеийн инженерүүдэд ажлын амжилт хүсье” гэв. Тус зөвлөгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр ХХК-д тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн уралдаан зарлажээ.

Уралдаанд хөгжлийн бодлого, хүний нөөцийн бодлого, техник, технологийн бодлого, ХАБЭАБОХ бодлого гэсэн таван үндсэн чиглэлээр 50 гаруй илтгэл ирсэн байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “1000 инженерийн зөвлөгөөн”-ний үеэр чиглэл бүрд шалгарсан шилдэг таван илтгэгч илтгэлээ танилцуулсан юм. Энэ үеэр илтгэгчидтэй цөөн хором ярилцлаа. 

Д.Зоригтхүү: Тээрэм солих хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх боломжтой 

/Баяжуулах фабрикийн Шинэ техник технологи хариуцсан Тэргүүлэх мэргэжилтэн, Техникийн ухааны доктор/ 

-Манай баяжуулах фабрик 1989 онд ашиглалтад орсон дөрвөн тээрмийг 2018-2019 онд солино. Тээрэм солих хугацаа бол 2-3 сар гэж тооцож байгаа. Хамгийн гол ажлыг гүйцэтгэж буй тээрмүүд зогсохоор хүдэр бэлтгэх боломжгүй болно. Үүнээс шалтгаалж зэс, молибден ялгаж чадахгүй болно. Мөн тээрэм зогсох хугацаанд 10-15 сая ам.долларын мөнгөн урсгал тасалдах нөхцөл үүснэ.

Үүнээс урьтаж хүдэр бэлтгэлийн хүчин чадлаа нэмж чадвал тээрэм солих хүртэл хугацаанд одоогийн үйл ажиллагаагаа хадгалаад явах боломжтой. Энд хоёр шийдэл бий. Нэгдүгээрт, өндөр даралтын нунтаглагч бул гэж технологийг хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар манай улсад хараахан орж ирээгүй. Уг технологийг хэрэгжүүлснээр хүдэр бэлтгэх хүчин чадлаа нэмэх, цахилгаан эрчим хүч хэмнэх зэрэг давуу талтай. 

С.Нармандах: 1.5 сая ам.доллар хэмнэх боломжтой 

/Хөгжлийн хэлтсийн уулын инженер, Техникийн ухааны магистр/ 

-Манай үйлдвэрийн хүдрийн ил уурхай баяжуулах фабрикийн хооронд хүдрийн агуулгын зөрүү гардаг. Энэ агуулгын зөрүүг багасгахын тулд гурван багц судалгааны ажил хийлээ. Үүний нэг судалгааны ажлаа өнөөдөр танилцууллаа. Уг судалгаа нь агуулгын зөрүүнд ил уурхайн цооногоос авсан дээжлэлт хэрхэн нөлөөлж байна, түүнд алдаа буй эсэхийг шалгах зорилготой.

Судалгааны үр дүнд дээж бэлтгэх процесст хоёр шаттай шинэчлэлт хийснээр 1.5 сая ам.доллар хэмнэх боломж бүрдсэн. Дээж авах хэрэгсэл болон дээж бэлтгэх процесст 50-60 мянган ам.долларын өртөг бүхий нэг бутлуур нэмж тавьснаар 1.5 сая ам.доллар хэмнэх боломжтой.

 

Зураг