Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"ДУНД ХУРУУ"-тай мэтгэлцээн

Монголын мэдээ
2017 оны 5 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Үндсэн хууль өөрчлөх асуудлыг намын дарга нар хэлэлцлээ-

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр, “Энэ удаагийн УИХ ард түмний саналд үндэслэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж ярилцаж байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч туссан.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал энэ удаад яригдсан юм биш. Дөрвөн ч удаа УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг өөрчлөхөөр санал өргөн барьсан. Түүнчлэн, Засгийн газар эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар орон даяар судалгаа явуулсан. Улс төрийн намын оролцоогүйгээр зохион байгуулсан энэ арга хэмжээнд түүврийн аргаар сонгогдсон иргэдийн төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүлж, байр сууриа илэрхийлэн, санал асуулгад хамрагдсан.

УИХ-ын даргын захирамжаар 26 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. 2013 оноос хойш улс орны улс төр нийгмийн амьдралд тулгамдаж буй олон асуудлаар бид зөвшилцөл хийсэн. Энэ удаад ч улс төрийн намуудтайгаа зөвшилцлийн ширээний ард сууж байна” гэв. Хэлэлцүүлэгт МНН-ын дарга О.Бум-Ялагч, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, МСДН-ын дарга А.Ганбаатар, дэд дарга Д.Энхзаяа, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай, ТТЭНН-ын дарга Г.Уянга, Эх орончдын намын дарга Д.Ганбат нарын парламентад суудалгүй намын дарга нар болон парламентад суудалтай намын нөлөө бүхий улстөрчид оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан түүврийн санал асуулга, мөн Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан үр дүн, УИХ-д хүргүүлсэн зөвлөмжийн талаар ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан тайлбар өглөө. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг томилох асуудлыг шийдэх, УИХ-ын 76 гишүүний 19 буюу 4-ний 1 нь Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал тавьбал огцруулах, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн 3/2 нь үзсэн бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана гэх мэт асуудлыг зөвшилцжээ.

Мөн УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас 30 хоногийн дотор, эсвэл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол УИХ-ыг тараах зарлиг гаргахаас гадна таван яамны нэрийг Үндсэн хуульд тусгах санал олон хүний дэмжлэг авчээ. Засгийн газар нийт 12-13 яамтай байх нь зөв гэж Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар зөвшилцөлд хүрсэн иргэд зөвлөмждөө тусгасан байна. Хэлэлцүүлгийн шатанд нэлээд шүүмжлэл өрнөв.

Мөн парламентад суудалгүй улс төрийн намуудын дарга нар хоорондоо маргалдаж, Төрийн ордонд дунд хуруугаа гаргаж танхайрав. МНН-ын дарга О.Бум- Ялагчтай МСДН-ын дэд дарга Д.Энхзаяа гэх бүсгүй маргалдаж, улмаар Төрийн ордны танхимд дунд хуруугаа гаргаж танхайрлаа. Энэ нь өчигдөр цахим ертөнцөд шүүмжлэл дагуулж, улс төрийн соёл, төлөвшил байхгүй энэ мэт хүмүүс Үндсэн хууль өөрчлөх тухай яриад сууж байж болох уу гэх хэлэлцүүлэг ч өрнөөд амжсан юм.

Мөн өөрчлөх нь зөв буруу гэсэн маргаан ч гарлаа. Тухайлбал, ММН-ын дарга О.Бум- Ялагч үндэсний зөвшилцөл хууль зөрчиж явагдсан учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэв. Нөгөөтээгүүр, эхлээд дордохын долоон заалтаа өөрчилчхөөд дараа нь өөрчлөлт ярих ёстой. Нийгэм эдийн засгийн өнөөгийн хямралт байдлыг Үндсэн хуулиа өөрчлөөгүйгээс болсон гэж би итгэхгүй байна хэмээлээ. Хэлэлцүүлгийн үеэр намуудын дарга нар байр сууриа илэрхийллээ. 

Д.Хаянхярваа: Аль нэг намын эрх ашигт захирагдахгүй

/УИХ дахь, МАН-ын бүлгийн дарга/ 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль нэг улс төрийн нам, хэн нэг албан тушаалтны эрх ашигт захируулж хийх ёсгүй. Энэ асуудалд ихээхэн ултай суурьтай хандаж, олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал бодлыг анхаарч судлах болно. 

Б.Цогтгэрэл: Засаж залруулах зүйл байгаа

/МҮАН-ын дарга/ 

-Нэг нам УИХ-д 65 суудал авсан энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь түүхэн боломж. Энэ бол эрх баригч намын боломжоо ашиглаж хийх ёстой том ажил. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Олон жил ярьсан ч өнөөдөр боломж гарч ирэв үү гэж харж байгаа. Засаж залруулах зүйл байгаа. Давхар дээлний асуудлыг ярих ёстой. Энд эрх баригч нам анхаарах байх.

Л.Гүндалай: Таван яамыг нэрлэх нь зөв

/Ард түмнээ хайрлая намын дарга/

-Тодорхой сэдвийн хүрээнд өөрчлөлт хийнэ гэвэл дэмжинэ. Таван яамыг Үндсэн хуульдаа тусгаж нэрлэх нь зөв гэж бодож байгаа. Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байх нь хэр оновчтой вэ. Үүнийг дахин ярилцаж, анхааралдаа авах хэрэгтэй. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд мэргэжлийн хүнийг сайдаар томилдог болох хэрэгтэй. Манай нам зарчмын зургаан сэдвийг дэмжиж байна. Уг нь ийм асуудлыг санал асуулгаар шийдэж болохгүй л дээ. Удирдаж байгаа бол удирдсан шиг удирдаад, шийдээд явах ёстой юм. 

Г.Уянга: Өөрчлөхийг дэмжихгүй

/ТТЭНН-ын дарга/ 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран хийж болохгүй. Ард нийтийн санал асуулга явуулахыг ч дэмжихгүй байгаа. Үнэхээр өөрчлөхийг хүсэж байгаа бол сум дүүрэг, хорооноос Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг сонгох ёстой. 500 гаруй депутат цуглана гэсэн үг. Тэгж байж л өөрчлөх тухай ярьж болох юм. Цаг хугацаа ч байгаа. 2020 он хүртэл Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг эхлээд сонгох болно.

Зураг