Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Буцалтгүй тусламж буруу гараар орох вий

Б.Өнөртогтох
2017 оны 5 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

-БНХАУ эхний ээлжинд 350 сая, хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо мэдэгдлээ-

Улс төрийн өндөр албан тушаалтан, Төрийн гурван өндөрлөг гаднын улс орнуудад айлчлал хийхээр мордох болгонд “одоо юу л гуйх бол” хэмээн хардаж, хүлээдэг болсноор багагүй хугацаа өнгөрчээ. Нөгөөдүүл нь ч очих болгонд биднийгээ гар хоосон буцаахгүй юм. Дипломат харилцаа өндөр төвшинд байвал буцалтгүй тусламж хэлбэрээр хэдэн төгрөг өгчихдөг. Үгүй юм аа гэхэд хоёр улсын Засгийн газар, эсвэл банк санхүүгийн байгууллагаараа дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгохоо амлана.

Манайхан ч түүнийг нь голно гэж байхгүй. Үнэгүй юманд нугасгүй гэгчээр өгч л байвал авч л байна. Дараа дараачийн үр дагаврыг нь тооцдог ч үгүй байх. Түүх сөхвөл, манай улс 1991 оноос эхлэн гадаадын зээл, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч эхэлсэн аж. Улмаар 1991-2005 он хүртэл 144 төсөл хөтөлбөрийг гаднын зээл тусламжаар хэрэгжүүлжээ.

Тэгвэл энэ тоо сүүлийн таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна. Төр засгийн өндөр албан тушаалтан, Төрийн гурван өндөрлөг очсон газар бүрээсээ зээл, эсвэл тусламж хүсдэг.Тэр болгонд гаднынхан бидэнд тун ч уриалагхан зээл өгнө, эсвэл буцалтгүй тусламж хэлбэрээр хэдэн төгрөг өгчихдөг. Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд үнэ хүндтэйдээ бус монголын газар нутагт байгаа асар их баялаг л тэдний алгаа тэнийх шалтгаан болдгийг худлаа гэж хэлэхгүй биз ээ.

ЕРӨНХИЙ САЙД МӨНГӨ ГУЙХААР ЯВСАН УУ, ЭСВЭЛ...

Энэ сарын 12-15-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д анх удаа айлчилсан. Айлчлах тухай яриа гарангуут л энэ удаад хэдэн төгрөгийн зээл тавих бол гэсэн хардаага байсныг нуух юун. Гэвч, Гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлал гуйлга, ашиг хоёрыг хослуулж чаджээ.

Тодруулбал, Хятад улсын дарга Си Зиньпиний санаачилсан “Бүс ба зам” олон улсын дээд төвшний чуулга уулзалтад оролцож Монголын сонирхлыг уламжлан, мөн тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, 21 төсөл хөтөлбөрийг хувийн хэвшил болон Засгийн газрын төвшинд хамтран хэрэгжүүлэхээр ярилцсан нь энэ удаагийн айлчлалын хамгийн том олз байв.

Далай ламын айлчлалаас болж хоёр улсын харилцаа таагүй, улмаар хөнгөлөлттэй зээлээ хойшлуулсан, БНХАУ-ын Чалько компанид өрөө төлсөн ч нүүрсээ 50 гаруйхан ам.доллараар гаргасаар байгаа зэрэг олон тодорхойгүй асуудлыг Ерөнхий сайд цэгцлээд ирэх болов уу гэсэн хүлээлт байлаа. Бүгдийг нь цэгцэлж чадаагүй ч 48 цагийн айлчлал үр дүнгээ тодорхой хэмжээнд өгчээ.

Нөгөөтээгүүр энэ айлчлалын хүрээнд БНХАУ-аас олгох нэг тэрбум ам.долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ Си Зиньпин дарга мэдэгдсэн. Мөн тус улсын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан спов хэлэлцээрийг сунгахаар тохирсон гээд чихэнд чимэгтэй мэдээ олон дуулдлаа.

Гэвч энэ бол зээл гэдгийг мартаж боломгүй. Мөн зээлийн 95 хувь буюу 950 сая ам.долларыг хаашаа, хэрхэн зарцуулахаа өмнөд хөрш өөрсдөө шийднэ. БНХАУ-тай таагүй уур амьсгалаа зөөлрүүлсэн, улмаар “холын саднаа бус ойрын хөршөө түшнэ” хэмээн сануулсан Си даргын үгийг бид тун овжин ашиглах учиртай юм. Олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй “Бүс ба зам” төслөөс Монгол Улс, БНХАУ-тай адилхан хожих учиртай. Тэгэхийн тулд өргөн, нарийн цариг гэсэн улстөржилтөө хойш тавьж энэ том төсөл хөтөлбөрийн нэгэн амин сүнс, “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.

Ерөнхий сайд энэ удаад “гуйлга гуйсан” ч бас харилцан ашигтай хамтын ажиллагааг орхигдуулаагүй нь эндээс харагдаж байна. Тус улсын манай улсад “талтай” гэдгээ харуулсан дараагийн нэг шийдвэр нь өнөөх л бидний дурладаг буцалтгүй тусламж. Эхний ээлжид өмнөд хөрш 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдэж, улмаар хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн нь эдийн засагт улаан гэрэл асчихсан энэ үед яах аргагүй чихэнд чимэгтэй мэдээ байсныг нуух юун.

ЗАРЦУУЛАЛТ НЬ ТОДОРХОЙ БУС ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

Гэвч буцалтгүй тусламж бүрийг бид алгаа ташаад аваад байж боломгүй. Үнэгүй зүйл зөвхөн хулганын хавханд байдаг гэгчээр хоёр жилийн хугацаанд олгох хоёр тэрбум 350 сая юанийн цаана ямар том эрх ашиг нуугдаж байгааг тоохгүй өнгөрч боломгүй. Уул уурхайн том төсөл үү, эсвэл өөр ямар нэг тохироо байсан уу гэдгийг одоогоор хэлэх боломж алга. Хариу нэхээгүй тус цөөхөн байдгаас хойш энэ их мөнгөний хариуг бид хэзээ нэг өдөр төлж л таараа. Тэр нь том орд газар ч байж мэдэх.

Нөгөө талаар, буцалтгүй тусламжийг юунд зарцуулах нь одоогоор тодорхой бус байгаа. Өмнө нь ч тодорхой байгаагүй. 1991 оноос хойш авсан 26 жилийн зээл, буцалтгүй тусламжийн дийлэнх олонх нь дандаа буруу зарцуулагдсан тоон мэдээ байна. Сангийн яамны өгсөн тооноос зөрдөг, эсвэл зарцуулалтаа буруу хийдэг, хаана юунд зарцуулсан нь мэдэхгүй алга болох нь манайд хэвийн үзэгдэл. Хамгийн сүүлд гэхэд, Кувейт улсаас өгсөн 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг хэрхэн зарцуулах талаар маргаж суусаар буцаах шахсан. Төрийн ордноо шинэчилж барих гэж хэсэг бүлэг нь зүтгэлээ. Сүүлдээ Түлэнхийн төв барихад зарцуулах шийд гарч, хамгийн сүүлд хүүхдийн эмнэлэг барихаар болж асуудал намжсан.

Тэгвэл БНХАУ-аас авах буцалтгүй тусламжийг УИХ-аар хэлэлцэх явцад юунд зарцуулах нь тодорхой болох юм билээ. Зарим эдийн засагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн орж ирэх 350 сая юанийн тусламж халамж хэлбэрээр тараагдах вий гэсэн болгоомжлол байгаагаа нуухгүй байна. Сонгууль болгоны өмнө л бэлэн мөнгө тарааж, амлалт өгдөг нь намуудын хувьд бичигдээгүй хууль болсон.

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн эрх баригч АН-ынхан Тавантолгойн хувьцааг бэлэн мөнгөөр тарааж “тансагласан”. Чингис бондын мөнгөө хий дэмий үрж орхиод, буцааж төлж чадахгүйд хүрсэн нь худлаа биш. Аргаа барахдаа Олон улсын валютын санд засгийн эрхээ атгуулчхаад тэдний захиалсан хөгжмийг тоглож суугааг худлаа гэж хэлэхгүй биз ээ.

Тиймээс зарцуулалт нь тодорхой бус 350 сая юань сонгуулийн үеэр бэлэн мөнгө хэлбэрээр тараагдаж, эсвэл санал худалдаж авахад зарцуулах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Тэр тусмаа МАН халамжийг чухалчилдаг үзэл баримтлалтай. Хэдийгээр улс орны амьдрал хэцүү байна хэмээдэг ч орд газраа барьцаанд тавьчхаад иргэддээ бэлэн мөнгө тарааж байсан гашуун туршлага тэдэнд бий. Хэнд ч хардах эрх байгаа.

Монгол Улсын сүүлийн таван жилийн хугацаанд авч байгаа буцалтгүй тусламж, гаднын зээл ихэвчлэн байгаа онохгүй явж иржээ. АН эрх барьж байхдаа Чингис бонд авч гудамж, зам засаад өнгөрсөн гэж шүүмжилдэг нь үнэний ортой. Их хаадынхаа нэрээр барьцаалсан бондын мөнгө замын брожур, цэцэг, төсвийн үрэлгэн зардлыг нөхөхөд зарцуулагдаж, өнөөдөр эргэн төлөлт хийх мөнгөгүй болж, улмаар гаднын улс орнуудаас “гуйлга” гуйж сууна.

Үргүй зарцуулалт МАН-ыг эрх барьсан үед ч өөрчлөгдсөнгүй. Энэтхэг, Турк, Япон, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНСУ-ын Эксим банк, Олон улсын валютын сангаас хэдэн зуун сая, цаашлаад тэрбум, тэрбум ам.долларын зээл авах гэрээ хэлцэл өнөө маргаашгүй хийгдэх нь тодорхой болсон. /чуулганаар хэлэлцээд эхэлчихсэн байгаа/ Харамсалтай нь эдгээр зээлүүдийн тун цөөхөн нь бүтээн байгуулалтад зарцуулагдана.

Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.доллар Газрын тосны үйлдвэр барихад зарцуулагдах юм билээ. Харин Валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрт хамрагдсанаар Монголбанкны валютын нөөцийг нэмэх гэнэ. БНСУ-ын Эксим банкны 500 сая ам.долларыг боловсрол, эрүүл мэнд, хөдөө, аж ахуй, ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд ашиглах аж.

БНСУ-ын Эксим банкнаас авах 300 сая ам.долларын зээл мөн л хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдана хэмээсэн ч өнөөдрийг хүртэл энэ салбарт дорвитой том ажил эхлээгүй, бүгд цаасан дээр байгаа. Азийн хөгжлийн банкны 900 сая ам.доллар болон Дэлхийн банкны 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг санхүүжүүлж, Япон улсаас авах 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2017, 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна гэдгээ Сангийн сайд мэдэгдлээ.

Эндээс харахад зээлийн зарцуулалт хэт ерөнхий, бүтээн байгуулалт гэхээс илүүтэй дандаа алдагдлыг нөхөхөд зарцуулагдаж байна. Ийм байхад эдийн засаг сэргэх нь, ногоон гэрэл аслаа гэх мэт хий дэмий улс төрийн шоу, оноо авах гэсэн хийрхэл хэрэггүй юм.

Монгол Улсын төсвийн алдагдал 2017 оны эхний дөрвөн сард 285.5 тэрбумд хүрсэн статистик мэдээг өчигдөрхөн танилцуулав. Эдийн засаг нь өссөн ч төгрөгийн ханш 20 хувиар суларсан таагүй мэдээг ч тэд дуулгав. Банкны хэмжээнд чанаргүй зээл өсөж, иргэдийн худалдан авах чадвар муудсаар байхад эхлээгүй хэдэн төсөл хөтөлбөрт гарын үсэг зурчхаад эдийн засаг сэргэчихлээ хэмээн шоудах хэрэггүй л байлтай.

Буцалтгүй тусламжаа ч гэсэн бүтээн байгуулалтад, үгүй ядахдаа сургууль цэцэрлэг барих зэрэг бодит зүйлд зарцуулж, авсан зээлээ ашигтай эргэлдүүлж чадаж гэмээнэ эдийн засгаа эрүүлжүүлж, ногоон гэрэл асаачихлаа гэж шоудаж бололгүй яах вэ.

Зураг