Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Томчуудын өрийг төсвөөр дарахаар зэхэж байна

Р.Саруул
2017 оны 5 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Жил бүрийн банкны зээлдэгчийн судалгаанд том зээлдэгчийн мэдээллийг тас нуусан тайлангууд гардаг ба төрийн зүгээс банкны үйл ажиллагаа хэвийн л бол зээлдэгч хэн байх  нь хамаагүй гэх ухааны тайлбар хийдэг-

Эдийн засгийн уналт, өр шир, Ерөнхийлөгчийн сонгууль гээд хамаг асуудал давхацсан үед нэгэн эвгүй мэдээлэл чих дэлслээ. Ерөнхийдөө банкнуудын чанаргүй зээлийг төр хариуцан барагдуулах тухай яриа нэлээн газар аваад, хэрэгжих шатандаа орчихсон бололтой.

Тухайлбал, Блүүмбэрг ТВ-гээр МУИС-ын Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Б.Түвшинтөгс дээрхтэй холбоотой дараах зүйлийг ярьсан байна. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар банкнууд дахь чанаргүй зээлийн хэмжээ 900 тэрбум төгрөгт хүрсэн. Ахиад хугацаа хэтэрсэн зээл тэр хэмжээнд байна. Чанаргүй зээл гэдэг нь хугацаа хэтрээд 90 хоночихсон зээл.

Тэгэхээр дээр ярьсан хугацаа нь хэтэрсэн 900 тэрбум төгрөг чинь ирээдүйдээ чанаргүй гэх ангилал руугаа орох магадлал маш өндөр байгаа. Учир нь сүүлийн жил 3-4 сард хугацаа хэтэрсэн зээл 930 тэрбум дээр тогтвортой байгаа нь чанаргүй рүү орох өндөр эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс банкны системд үүсээд байгаа энэ эрсдэлийг шийдэх ёстой. Энийг шийдэх арга нь Активын удирдлагын компани байгуулах явдал.

Өмнө нь Монголд ийм туршлага байгаагүй. 1997 оны Азийн санхүүгийн хямралаас үүдэн гарч ирсэн шинэ арга хэрэгсэл гэж ойлгож болно. Тиймээс ийм цогц систем, институци байгуулах нь манайд хэрэгтэй. Бусад орны туршлагаар энэ компани нь төсвөөсөө мөнгө аваад, эсвэл өөрөө бонд гаргаад, Засгийн газрын баталгаагаар мөнгөтэй болчихно. Тэр мөнгөөрөө банкнуудаас чанаргүй зээлийг нь худалдаж авдаг.

Өөрөөр хэлбэл банкнууд дээр байсан чанаргүй зээлийг энэ компани өөртөө аваад оронд нь бэлэн мөнгө өгчхөж байгаа юм. Гэхдээ чанаргүй зээлийг хямдруулж авна. Яагаад гэвэл энэ нь маш найдваргүй зээл гэсэн үг. Ингээд шинэ мөнгө банкны системд нэвтэрч банкнуудын чанар сайжирна. Өнөөдрийн байдлаар банкнууд дахь чанаргүй зээлийн хэмжээ найман хувьд хүрсэн байна. Гэхдээ энд эрсдэл байгаа нь нөгөө хугацаа нь хэтэрсэн зээл. Банкны системд энэ хэрээр үхмэл зээл бугшаад байгаа. Чанаргүй зээлийн дийлэнх хэсэг уул уурхайн салбарт ногдож байна. Дараагийнх нь барилгын салбар” гэж ярьжээ.

Энэ ярианаас ойлговол, дажгүй шударга хуультай, хариуцлага өндөртэй орнуудад хэрэгжихэд онцын асуудалгүй, харин ч үр дүнгээ өгөхөөр туршлага аж. Харин манайх шиг том толгойтой, данхар төртэй, тэнд дандаа ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд шургалсан улсад төсөвт дарамт нэмж, татвар төлөгчдийн нурууг холгохоор хувилбар гэж харагдаж байна.

Яагаад гэвэл, банкнуудын зээлийн голлох дүнг цалин, тэтгэврийн зээл биш том бизнесүүдтэй шууд холбон ойлгож болно. Тухайлбал, иргэн С банкнаас 10 сая төгрөгийн цалингийн зээл авлаа гэхэд цалингаас нь шууд суутгах замаар зээлээ төлүүлнэ. Мөн хугацаа хэтрэх тухай ойлголт байхгүй бөгөед С-ийг утсаар дарамтлах, шаналгах, апбан байгууллага руу нь холбогдох, үгүйдээ гэхэд цагдаа шүүх болж байгаад яаж ийгээд төлүүлчихнэ. Харин том зээлдэгчдийг ёстой яах ч арга байхгүй. Тэрэндээ хүрвэл Анод, Хадгаламж, Зоос зэрэг банкнуудыг төрийн томчуудын чанаргүй зээл дампууруулсан нь туйлын үнэн.

Жил бүрийн банкны зээлдэгчдийн судалгаанд том зээлдэгчдийн мэдээллийг тас нуусан тайлангууд гардаг ба төрийн зүгээс банкны үйл ажиллагаа хэвийн л бол зээлдэгч хэн байх нь хамаагүй гэх ухааны тайлбар хийдэг. Хамгийн наад захын жишээ гэхэд л “Анод" банкийг дампуурахад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, "Монроуд"-ын Н.Гарамгайбаатар, "Мон уран"-ы Б.Наранхүү, "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр нарыг тус бүр 10-20 тэрбумын зээлтэй гэх шуугиан гарч байлаа.

Тэр үед Монголбанкны Ерөнхийлөгч байсан Л.Пүрэвдорж эдгээр хүмүүс хэрвээ зээлээ төлөхгүй бол улсын төсвөөс тэр мөнгийг нь нөхөн гаргахаас өөр аргагүй гээд хэнэг ч үгүй тууж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх.

Тэгэхээр энэ маапааны хоёрдугаар үе одоо эхлэх гэж байгаа бололтой. Өмнө нь томчууд зээлээ төлөхгүйн тулд банк дампууруулж тоглодог байсан бол одоо нэгэнт ичих нүүргүй болсон учраас өрөө төсвийн мөнгөөр төлүүлэх хялбар хувилбарыг сонгож байгаа нь энэ.

Хэдийгээр банк нь төр биш ч төрд байгаа нөхдүүдийг, аль нам эвсэлд харьяалагддагаас нь үл хамааран том групп, банк, ордуудад эзэмшдэг хувьцаа нь нэгтгэж байдаг.Тиймээс төр эдийн засгаа аврахаар банкийг харж үзэж байгаа хэрэг биш зүгээр л өөрсдийн булхайг хөнгөхөн нуух гэж оролдож байна.

Зураг