Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний Дутертэ Монгол, Турк улсуудыг ASEAN-д элсүүлэхээ амлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Филиппиний ерөнхийлөгч, хурц хэл амтайгаараа алдартай Родриго Дутертэ өнөөдөр хэвлэлд ярихдаа хэдийгээр газарзүйн байрлал өөр ч Зүүн Өмнөд Азийн орнуудын бүлэгт Монгол, Турк улсуудыг элсүүлэхийн төлөө ажиллана гэжээ.

Бээжинд болж өнгөрсөн “Нэг бүс, Нэг зам” төслийн чуулганы үеэр Монгол, Турк улсуудын тэргүүнүүд өөртэй нь уулзаж, ASEAN (Association of Southeast Asian Nations)-д элсэхэд нь туслахыг хүссэн гэж Дутертэ ярьсан байна. Филиппин улс энэ онд ASEAN-ийг даргалж байгаа тул түүнд ийнхүү хандаж, Монгол улсын ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Турк улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нар хүсэлт тавьсан гэнэ.

Дутертэ “Энэ жил Филиппин улс ASEAN-ийг даргалж байгаа тул тэд элсэх хүсэлтээ надад илэрхийлсэн” гээд тэдэнд “Тэгэлгүй яахав. Яагаад болохгүй гэж” хэмээн хариулснаа ярьжээ.

ASEAN-ы бүлэгт газар зүйн байрлалын хувьд Зүүн Өмнөд Азид багтдаг Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам гэсэн 10 орон багтдаг юм.

ASEAN-ы гишүүн болоход хамгийн түрүүнд газар зүйн байрлалын шалгуур тавигддаг. Дутертэ Бээжинд байх хугацаандаа Мьянмарын дефакто удирдагч Аунг Сан Сү Читай уулзах үеэр энэ талаар ярилцсан байна. Мьянмарын удирдагч Дутертэгээс Монгол, Турк улсууд газар зүйн байрлалын хувьд Зүүн Өмнөд Азийн бүлэгт багтах боломжтой эсэхийг асуусан гэнэ.

Харин Дутертэ “Тиймээ, тэд бол энэ бүс нутгийн улсууд мөн” гэж хариулснаа ярьсан байна. Гэвч Индонезид байрладаг ASEAN-ы нарийн бичгийн дарга нарын алба энэ асуудалд ямар байр суурьтай байх нь эргэлзээтэй. Учир нь Зүүн Тимор, Папуа Шинэ Гвиней зэрэг зүүн өмнөд Азийн орнууд одоо болтол ASEAN-д элсэж чадахгүй ажиглагчийн статустай байгаа юм.

 

Эх сурвалж: AFP