Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

WannaCry вирус Хойд Солонгостой холбогдож байгааг мэргэжилтнүүд зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэд хоногт дэлхий нийтийг сандаргаж байгаа WannaCry мэдээлэл барьцаалагч вирус нь Хойд Солонгосын алдартай Lazarus Group хакерийн бүлгийн бүтээл болохыг мэдээллийн аюулгүй байдлын хоёр том компани баталжээ.

Энэ тухай зарласан Kaspersky, Symantec компаниуд WannaCry вирусны эхэн үеийн хувилбарын эх код нь 2014 онд Сони Пикчерс компанийн сүлжээнд халдсан, 2016 онд Бангладешийн төв банканд халдсан Хойд Солонгосын хакеруудын халдлагын кодтой ижил төстэй байгааг илрүүлсэн байна.

Lazarus Group нь мөн үйл ажиллагаандаа биткоин дижитал валют ашигладгаараа алдартай бүлэг гэнэ. Дээрх хоёр компаниас гадна Google-ийн аюулгүй байдлын мэргэжилтэн Нил Мета, АНЭУ-ын Comae Technologies компанийн мэргэжилтэн Мэттью Суйч нар ижил дүгнэлт гаргажээ.

Гэхдээ бүтээгчид нь мөрөө буруулахын тулд бусад группын кодтой зориудаар адил харагдуулж хийдэг туршлага байдаг гэнэ. Харин WannaCry вирусны сүүлийн хувилбарууд дээр дээрх төстэй байдал алга болсныг Касперскийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Эндээс харвал Хойд Солонгосын хакерууд сүүлийн хувилбар дээр өөрсдийн ул мөрийг арилгах арга хэмжээ авсан байж болзошгүй гэнэ.

Баасан гарагаас эхэлж тарсан WannaCry вирус нь дэлхийн 150 орчим улсын 200 мянга гаруй компьютерт халдварлаад байгаа. WannaCry-д ашигласан арга хэрэгсэл нь АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын албаныхны (NSA) хэрэглэж байсан систем бөгөөд өнгөрсөн онд хакерууд үүнийг нь хулгайлсан юм.

Windows системийн цоорхойг ашигладаг энэхүү аргыг хакеруудад алдсан АНУ-ын засаг захиргааг Майкрософт компани шүүмжилсэн байна.

Тэдний мэдэгдэлд “Засгийн газрын гарт байсан нууц арга хэрэгсэл алдагдсанаар өргөн хүрээг хамарсан эрсдэл бий боллоо. Энэ бол АНУ-ын засаг захиргаа Томахоук пуужингаа хулгайч нарт алдсанаас ялгаагүй үйл явдал” гэжээ.

Майкрософт бас програм бүтээгчдийн мэдээгүй байгаа цоорхой, алдааг засгийн газар нууцаар ашиглаж байхын оронд бүтээгчдэд нь мэдээлдэг байх “Digital Geneva Convention” гэрээг мөрдөхийг Вашингтонд уриалсан байна.

 

Эх сурвалж: The Guardian