Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Шинэ Эрүүгийн хуулиар 6,000 орчим ялтны ял хөнгөрнө, зарим нь суллагдана

ikon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаар 2015 онд баталсан шинэ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ удаагийн нэмэлтээр өмнөх хуулийн 40 орчим хувийг өөрчилсөн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэлсэн. Бид шинэ Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Долдугаар сарын 1-нээс Монгол Улс шинэ Эрүүгийн хуулиа мөрдөх гэж байна. Хууль хэрэгжээд эхлэхээд хэдэн хүн шоронгоос суллагдаж, хэдэн хүний ял хөнгөрөх гэж байна?

-Нарийн тоо нь нууц байдаг учраас ойролцоо тоо хэлье. Одоо ял эдэлж байгаа 6,000 орчим ялтны эрх зүйн байдал дээрдэнэ. 6,000-аас тодорхой хувийг нь суллана, үлдсэн хувьд нь ялын тэгшитгэл явах, эрх зүйн байдал нь дээрдэх процесс явна гэж ойлгох хэрэгтэй.

-Хуулийг хэрэгжүүлэхэд 40 гаруйхан хоног дутуу байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд албан хаагчид бэлэн байна уу?

-Энэ хооронд 40 гаруй журам, маш олон маягтууд бэлэн болгох ёстой. Хуулийн системийг хамарсан маш олон сургалтууд зохион байгуулах ёстой. Зарим байгууллагад зохион байгуулалтын ажил явна. Шинэ Эрүүгийн хуулийг төрийн 44 мянган албан хаагч хэрэгжүүлнэ. Тэднийг сургах хугацаа маш давчуу болж ирлээ. Энэ л санаа зовоож байна. 2002 оны хуулийг нэгдүгээр сард нь батлаад есдүгээр сар хүртэл найман сарын хугацаанд сургалт хийсэн. Харин бидэнд сар гаруйхны хугацаа байна.

-Та Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль гээд дөрвөн хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байна. Дээрээс нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн юм байна. МАН танд гал атгуулаад ийм ажил тохчихов уу, та өөрөө ажиллая гээд оров уу?

-Би өөрөө ажиллая гэж саналаа өгөөд орсон.  Гал атгах юу байх вэ, хийх л ёстой ажил.

-Гэхдээ “алуулах” л байх даа.

-Ер нь тэгээд, шударга ёс, хуульт ёсыг тогтоохын төлөө хийж байгаа ажил шүү дээ. Эрүүгийн хууль бол хүнийг энэрч өршөөдөг, шагнадаг хууль биш. Эрүүгийн хууль оршиж байж нийгэмд эмх замбараа, дэг журам тогтдог. Монгол Улсад 1926 онд анхны Шүүх цаазын бичиг гэж анхны Эрүүгийн төрөлжсөн хууль гарч байсан. Үүнээс хойш 1934, 1960, 1986, 1994, 2002 оны Эрүүгийн хуулиад гарсан.

Монгол Улс эрүүгийн эрх зүйн баялаг уламжлалтай. Бүр өмнө Их засаг хууль, Юань гүрний нэвтэрхий цааз, Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг, Халх журам, Монгол-Ойрадын цааз гээд явна. Хэт гаднын, импортын хэм хэмжээг авах нь буруу гэж хувьдаа боддог.

-Бас дэвшлээ авах нь зөв.

-Тэр мэдээж. Шинжлэх ухаан хөгжиж дэвждэгийн адилаар эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд диаликтик арга зүйн хөгжил байх ёстой. Бид эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд нэвтэрсэн зүйлсийг авсан.

-Дөнгөж сонгогдсон УИХ-ын гишүүн байж ийм том хуулиуд бариад авлаа гэж 2-3 улирсан гишүүд таныг шүүмжилсэн. Тэгэхэд юу бодогдсон бэ?

-Наадахыг чинь Ц.Даваасүрэн гишүүн ярьсан. Өөрт нь ажлын хэсэгт орж ажиллах боломж байсан шүү дээ. Би бусад хүний талаар ярих сонирхолгүй байна. Гэхдээ УИХ-ын чуулганы индрийг хүн доромжлох зэвсэг хэрэгсэл гэж бодож байгаа бол буруу.

Хоёрт, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлыг шинэ хуучин, нэг, хоёрдугаар зэрэглэлийнх гэж ялгаагүй байдаг юм. Ер нь тэгээд хууль боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах ажил багийнх. Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэгт Монголын цагдаа, тагнуул, шүүх, прокурор, гааль, татвар, Хуульчдын холбооны мундагууд орж ажилласан. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл сунаж ажилласан ийм баг.

Бид хуулийн төслөө эрдэмтэн судлаачдаар, энэ хуулийг хэрэгжүүлэх мэргэжлийн албан хаагчдаар хэд хэдэн удаа хэлэлцүүлж, саналыг нь тусгасан. Ийм учраас багаа ч, ажлаа ч муу гэж бодохгүй байна.

-Хууль хэрэгжээд эхэлтэл “Батлагдсан хууль чинь амьдралд нийцэхгүй байна”, “Шинэ хуулиас болоод хохирлоо” гэх мэт иргэдийн шүүмжлэл гарч, “Манай байгууллага энэ заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна” гэж хуулийн байгууллага байр сууриа илэрхийлбэл яах вэ. Өөрчлөх үү, гүрийж үр дүнг нь үзэх үү?

-Шүүмжлэл бол эрүүл үзэгдэл. Нийгмийн харилцааг зохицуулж байгаа хууль амьдралд хэрэгжихгүй бол тохируулж өөрчлөхийн тулд л парламент байгаа. Байнгын ажиллагаатай парламентын байгаа учраас тухай бүрт нь засч, сайжруулаад явах ёстой.

2002 оны Эрүүгийн хууль батлагдаад 2008 он хүртэл маш олон нэмэлт өөрчлөлт орсон. Их олон нөхөөстэй. Шинэ хууль батлагдаад амьдралд яв цав нийцэх хүртэл маш олон өөрчлөлт ордог. Би шинэ Эрүүгийн хууль дээр аль болох зөрүү бага гараасай гэж бодож байгаа.

-Шинэ Эрүүгийн хуулийг гаргах шаардлага нь юу байсан бэ?

-Өмнөх Эрүүгийн хуулиас ял шийтгэлийн бодлогын хувьд маш их зөөлөрсөн. Тэр утгаараа шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ янз бүрийн ялгамж гаргах вий гэсэн болгоомжлол төрж байгаа.

Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, хувийн байдал, нийгэмд учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж ял оногдуулах бүхий л талын боломжийг шүүхэд энэ хуулиар олгож байгаа юм.

2002 оны Эрүүгийн хууль гарах болсон үндсэн нөхцөл байдал яг үүнтэй л холбоотой. Тухайн үед 1986 оны Эрүүгийн хуулийг аймаг, орон нутгуудад хэрэглэхдээ нэг төлөг хулгайлсан хэрэг дээр харилцан адилгүй ял оногдуулаад байна, яг адилхан танхайн гэмт хэрэг дээр харилцан адилгүй ял оногдуулаад байна гэдэг шүүмж гарч байсан. Би тухайн үед хуулийн сургуульд багшилж байсан учраас энэ талын мэдээлэлд их ойр байсан л даа. Тэгээд 2002 оны хууль бичигдэж гарсан. Гарахдаа хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжийг хэт хумьсан.

Тодорхой төрлийн гэмт хэрэг дээрх ялын интервал их ойртсон. Үүнээс болоод хориход ял эдэлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн. Зарим тохиолдолд шүүх хуулийг төсөөтэй хэрэглэх байдал ажиглагдсан. Тэрнээс хойш 3-4 удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль гаргаж ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөлөх, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх ажил хийгдсэн.

Шинэ Эрүүгийн хуулийг гаргах тодорхой шалтгаан энэ байсан. Бас ч гэж удаан хугацаанд боловсруулж, хэлэлцүүлж, цөөнгүй саад тодгортойгоор батлагдлаа. Сая баталсан Эрүүгийн хууль бол гурван Засгийн газар дамнан өргөн баригдаж байж эцэслэн батлагдлаа. Хамгийн эхний төслийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Гэмт хэргийн тухай хуулийн төсөл нэрээр өргөн барьсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хуулийн төслийг эргүүлэн татсан. Дараа нь эргүүлж өргөн барьж батлуулсан. Харамсалтай нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа ёсчилж батлуулалгүйгээр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

-Яагаад ёсчилж амжаагүй юм бол?

-Чуулган хуралдвал Засгийн газраа огцруулах нөхцөл байдал үүсчихсэн байсан учраас чуулганаа хуралдуулалгүй байсаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон бусад хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонсох, ёсчлох ажиллагаагаа хийж чадаагүй.

Шинэ парламент бүрэлдээд дээрх хуулиудыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан. Энэ хооронд Хууль зүй, дотоод хэргийн яам Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан.

-Базаад хэлвэл шинэ Эрүүгийн хуулиар өмнөхөөсөө юуг өөрчилсөн юм бэ?

-Эрүүгийн хариуцлага гэдэг ойлголтыг Эрүүгийн хуульд оруулж ирсэн. Ял болон албадлагын арга хэмжээг тодорхой төрөлжүүлж тусгасан. Гэмт хэргийг буцааж ангилалтай болгосон. Ерөнхий ангид хохирлын төрлийг тусгасан. Энэ хүрээндээ тусгай ангийн зарим төрлийн гэмт хэргийг шинэчлэн найруулж бичих ажлууд хийсэн. Ажлын хэсэг дээр дээрх асуудлыг дахин нягтлах шаардлага гарсан. Ажлын хэсэг нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажилласан.

-Ажлын хэсэг хэр няхуур хандав аа. Зарим гишүүний амнаас “түүхий боллоо” гэсэн үг унаж байна лээ?

-Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг вакумжиж ажилласан даа. Зарим үед шөнийн 03.00, 04.00 цаг хүртэл сууж ажиллах тохиолдол олон байсан. Яагаад гэвэл Эрүүгийн хууль бол Үндсэн хуулийн дараа орох том хууль.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа бүхий л нийтлэг эрх ашгийг гэмт халдлага, эрх зүйн зөрчлөөс хамгаалах чиг үүрэгтэй хууль. Ийм учраас маш чамбай ажиллах шаардлага бидэнд байсан.

Ажлын хэсгээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгай, залилан, эд зүйл устгах, гэмтээх төрлийн хэргүүд дээр хохирлын хэмжээ тавьж, эрүүгийн эрх зүйн сонгодог төвшинд нь аваачъя гэсэн.

-Булаалт гэж байгаа юу?

-Булаалт, дээрэм хоёрыг төслөөр нь явуулсан. Булаалт, дээрэм дээр хохирол шаардахгүйгээр үйлдлээр нь эрүүгийн хариуцлага тооцно. Хулгай, залилан, эд зүйл устгах, гэмтээх үйлдлээр 300 мянгаас дээш төгрөгийн хохирол учруулбал эрүүжүүлэн шалгая гэсэн. 300 мянгаас доош төгрөгийн хохирол учруулбал зөрчилд тооцож, тусгай журмаар шалгаж гэм бурууг тогтооё гэж тогтсон. Үүнээс уялдаад Зөрчлийн хуульд зарчмын өөрчлөлт оруулсан.

Тухайлбал, бусдын эд зүйлийг жижгээр хулгайлсан, жижгээр танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд баривчлах шийтгэл оногдуулъя гэсэн. Өмнөх батлагдсан төслүүдэд дээр дурдсан зөрчлийн заримд нь баривчлах шийтгэл байгаагүй. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд торгуулийн шийтгэл оноогоод явдаг байсан. Энэ нь эргээд нийтийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй гэдэг үүднээс баривчлах шийтгэлийг оногдуулахаар болсон. 

-Албан тушаал, авлигын хэрэг үйлдсэн бол хохирол шаардахгүйгээр хариуцлага хүлээлгэдэг болсон гэсэн үү?

-Эрүүгийн хууль дээр албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэх төрийн бодлого хэвээр оршиж байгаа. Хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийн явцад албан тушаалын гэмт хэрэгт хохиролтой байхаар холбогдох байгууллагуудаас санал ирж байсан. Сая Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн чуулганаар албан тушаалын бүх хэргүүдийг хохиролгүй болгосон.

Гагцхүү хуулийн этгээдийн авлигын асуудал, гадаадын олон улсын байгууллагуудын авлигын асуудал дээр хохирол тавих шаардлагатай гэж үзсэн. Эдгээр хохирлыг Эрүүгийн хуульд тусгах бодит нэг үндэслэл байгаа юм. Энэ нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Авлигатай тэмцэх олон улсын конвенц, Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхийн эсрэг конвенцод нэгдэж орсонтой уялдаж Монгол Улс Эрүүгийн хуульд тусгах зүй ёсны шаардлага хүлээсэн. Энэ хүрээндээ дээрх байгууллагуудын үйлдлийг хэлбэрийн төдий байдлаар эрүүгийн хэрэг үүсгэх нь зохимжгүй байсан. Ийм учраас хуулийн этгээдийн авлигын асуудал, гадаадын олон улсын байгууллагуудын авлигын асуудал дээр хохирол бичсэн.

Харин бусад хээл хахууль өгөх, авах, албан тушаалаа урвуулан ашиглах, албаны нөлөөгөө урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг бүх үйлдлүүд хохирол шаардахгүйгээр үйлдлээрээ эрүүжиж шалгагдахаар боллоо.

-Шинээр ямар гэмт хэргийг томъёолсон бэ?

-Албан тушаалаа урвуулан ашиглах, албаны нөлөөгөө урвуулах хоёр тусдаа зохицуулалттай байсныг нэг гэмт хэрэг болгосон. Өөрөөр хэлбэл, 22.1 гэдэг гэмт хэрэг болсон. Шинэ төрлийн хэргүүд бий болсон уу гэвэл болсон. Тухайлбал, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж хүлээлгэдэг тогтолцоо руу шилжсэн. Түрүүн дурдсан конвенцод Монгол Улс нэгдсэн орсноороо ийм үүрэг хүлээж байгаа юм. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол Монгол Улсыг хар жагсаалтад оруулах асуудал яригдана. OECD, FATF зэрэг байгууллагын шаардлага шүү дээ.

-Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан нь их эсэргүүцэлтэй тулсан. Аж ахуйн нэгж, компанид ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх вэ?

-Ихэвчлэн терроризмыг санхүүжүүлсэн, цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн, хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэж, худалдан борлуулсан, экологийн тэнцэл алдагдуулсан, химийн хортой бодис бүтээгдэхүүн хилээр хууль бусаар оруулж ирсэн зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг дээр л хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах асуудал яригдаж байгаа юм. Тэрнээс бусад жижиг, дунд аж ахуй эрхэлж байгаа компаниудыг нийтээр нь эрүүжүүлэн шалгах асуудал огт байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-“Оргил” худалдааны төвийн захирал асан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бол парламентад байгаа бизнесийн томоохон төлөөлөл. Тэрээр татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасъя гэдэг санал гаргасан. Хууль батлагдах сүүлийн өдөр хүртэл энэ байр сууриа илэрхийлж байсан. Одоо биш хэдэн жилийн дараа аж ахуйн нэгжүүд татвараа төлөх хэмжээнд сэргэхээр нь хуулиа чангатгая гэх мэтээр. Энэ тал дээр та болон ажлын хэсэг ямар байр суурьтай байсан бэ?

-Аль ч улсад татвар төлөхөөс зайлсхийх, эх орноосоо урвах гэдэг хоёр үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог. Татвар төлөхөөс зайлсхийхийг эрүүгийн хуулиар хамгаалах нь улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой. Төр оршихуй дор татвар буй гэдэг. Ж.Ганбаатар гишүүн татвар төлөхөөс зайлсхийхийг Эрүүгийн хуулиас хасъя гэдэг санал гаргахад ажлын хэсэг дээр дэмжээгүй. Байнгын хорооны хурал дээр Ж.Ганбаатар татвар төлөхөөс зайлсхийсэн хүнд хорих ял оноохгүй байя гэдэг санал гаргасныг дэмжээд баталлаа. Өөр сонгох санкциуд бий. Хуучин Эрүүгийн хуулийн 166 буюу Татвар төлөхөөс зайлсхийх гэсэн заалт тэр болгон хэрэгждэггүй байсан юм. Өөрөөр хэлбэл, нягтлан бодох бүртгэл, татвар төлөлтийн тооцоолборын зөрүүгээс болж эрүүжүүлэх гээд байсан. Энэ удаа бид өмнөх алдааг давтахгүйн тулд татвар төлөхөөс “зориуд” зайлсхийх гэж тодотгож өгсөн.

Өөрөөр хэлбэл, данс тооцоогоо устгасан, нуусан, зориуд худал мэдүүлсэн тохиолдлуудад хохирлын хэмжээ шаардаж эрүүгийн хэрэг үүсгэж байхаар хуульчилж өгсөн. Энэ нь нэг талаасаа дэвшил.

Тэрнээс биш бизнесийн хүндрэлээс болж татвар төлөөгүй аж ахуйн нэгжийг эрүүжүүлэн шалгана гэсэн ойлголт огт байхгүй. Аж ахуйн нэгжүүдийн бизнес хүндэрч төлөх ёстой татвараа төлж чадахгүй байгаа тохиолдлыг эрүүгийн гэмт хэрэг гэж огт үзэхгүй.

Зөрчлийн хууль дээр татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа үйлдэл нь их хэмжээний хохирлоос доошоо буюу татвар ногдох дүн нь 50 сая төгрөгийг зориуд санаатай нуусан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Татвараа хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд бусад хуулиар захиргааны маргаан болоод шийдэгдэнэ. Гурван өөр асуудал шүү. Ийм ойлгомжтой зүйлийг ямар өнцгөөс яаж харж, яаж тайлбарлахаас болж байгаа юм.

-Хэдээс дээш төгрөгийн татварыг зориуд санаатайгаар төлөхөөс зайлсхийвэл гэмт хэрэгт тооцох вэ?

-Улсад төлөх татварын хэмжээ нь 50 саяас дээш байхад ийм үйлдэл гаргавал гэмт хэрэгт тооцно.

-Эхнэртээ гар хүрсэн нөхрийг шууд шоронд хийх хатуу хууль боллоо гэж өмнө нь шүүмжлэл гарч байсан. Сая Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг ямар байдлаар тусгаж зохицуулсан бэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг “байнга” гэдэг үйлдлийнх нь шинжээр эрүүжүүлж оруулж ирсэн.

-“Байнга” гэдэг чинь хэдээс дээш гэсэн үг вэ?

-Гурав буюу түүнээс дээш удаа. Ахуйн хүрээнд эхнэр нөхөр биенийгээ хардахаар л эрүүгийн хэрэг гэж өмнөх 2015 оны Эрүүгийн хуульд хатуудуулсан байсан. Гэр бүлийн хүрээнд харилцааны зөрчилдөөн байдаг л зүйл. Өөрөөр хэлбэл, гурван удаа захиргааны арга хэмжээ авагдаж, тухайн хүнийг албадан сургалтад хамруулж хүмүүжүүлсэн байхад дахиад энэ үйлдлээ давтаад байвал үүнийг эрүүгийн хэрэг болгоё гэж үзсэн.

Монгол төрийн эцсийн зорилго бол гэр бүлийн бүрэн бүтэн, энх тунх, элэг бүтэн амьдралыг хамгаалах. Тэрнээс биш эхнэр нөхөр хоёрын хэрэлдсэн, зөрөлдсөн болгонд нөхрийг нь аваачиж шоронд хийснээр энэ зорилго биелэхгүй.

-Ярилцлагын эхэнд та хэлсэн, сургалт явуулах хугацаа богино байна гэж. Өөр танд ямар болгоомжлол байна вэ?

-Би дахиад хэлье. Энэ Эрүүгийн хуулийг манай хууль, хяналтын байгууллагууд хэрэглэхдээ хуульчийн болон мэргэжлийн ёс зүйн ухамсартаа түшиглэж зөв хэрэглэх ёстой. Ялангуяа тусгай анги дээр, шүүхийнхэнд бараг хэрэг болгон дээр 3-4 сонгох санкц байгаа.

Хорих ял, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгуулийн ял байна. Энэ дөрвөөс тухайн шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирол, гэмшсэн байдал, хохирлоо нөхөн төлсөн буюу төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж байж мэргэн шийдвэр гаргах учиртай.

Тэгэхгүй бол ял ялгамжтай оногдуулдаг завхрал гарах вий гэдгээс болгоомжилж байна. Өмнөх хуулийг хатуу байна гэсэн, энэ хуулийг харьцангуй зөөлрүүлж оруулж ирлээ. Дээр нь хуульд зааснаас хөнгөн ял эдлүүлэх эрх шүүгчид байна.

-Шүүгчийн хувийн үзэмж давамгайлаад ирвэл аюултай юм байна?

-Тийм эрсдэл бий. 1990-ээд оны үед зах зээлийн нийгэмд шилжсэн ороо бусгаа үед ялыг ялгамжтай оноож байна гэсэн шүүмжлэл гарсан. Ингээд 2002 оны хуульд интервалыг ойртуулж, сонгох санкцыг цөөрүүлж оруулж ирсэн. Одоо шүүгч нар маань ёс зүйтэй, хариуцлагатай хандах учиртай.

 

Эх сурвалж: Ярилцсан Г.Улсболд /www.itoim.mn/