Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ иргэд нийт хэрэглээний 42.1 хувийг эзэлдэг бол ХАМГИЙН ЯДУУ нь...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Чинээлэг дундаж давхарга улс орны баялгийг бүтээж, хөдөлмөрийн гол хүч, бараа бүтээгдэхүүний гол худалдан авагчид байдаг. Тиймдээ ч аливаа улсын төрийн бодлогын гол зорилго нь энэ давхаргыг нэмэгдүүлэхэд оршиж байх ёстой. 

Гэтэл манай улсад дундаж давхарга биш ядуу, орлого багатай хэсэг нийт өрхийн дийлэнх хувийг эзэлж байгаа гэдгийг нотлох ХОЁР баримтыг танд үзүүлье. 

1. ЯДУУЧУУД хэтэрхий бага хэрэглэдэг

2017 оны эхний гурван сарын байдлаар манай улсын хамгийн чинээлэг 20 хувь нийт хэрэглээний 42.1 хувийг дангаараа эзэлж байна. Харин хамгийн ядуу 20 хувь нь нийт хэрэглээний 7.5 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа Үндэсний Статистикийн хорооноос гаргажээ.

Энэ тоо бүс бүрт 1-2 хувийн зөрүүтэй байгаа ч чанарын ялгаагүй байна.

ГРАФИК 1: ХҮН АМЫН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЦ, ХҮН АМЫН ТООНЫ ТЭНЦҮҮ 5 БҮЛГЭЭР, дүнд эзлэх хувиар, бүсээр, 2017 оны 1 дүгээр улирал

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, 2017

2. Монгол өрхүүдийн ТАВХАН хувь нь 2.1 саяас дээш төгрөгийн орлоготой 

Хэрэглээг нэмэгдүүлэх гол зүйл нь орлого юм. Өрхийн орлогоор нь аваад үзвэл манай улсын хүн амын 5 хувь нь сардаа 2.1 саяас дээш төгрөгийн орлоготой. Энэ нь 43.3 мянган өрх юм. Харин хамгийн ядуу буюу 300 мянга хүртэлх орлоготой өрх 116 мянга байгаа нь нийт өрхийн 13.4 хувийг эзэлж байна.

Үүнээс арай илүү буюу сардаа 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 151.5 мянга байгаа нь нийт өрхийн 17.5 хувийг эзэлдэг ажээ. 

ГРАФИК 2: ӨРХИЙН БҮЛЭГЛЭЛТ, МӨНГӨН ОРЛОГООР, жил бүрийн 1 дүгээр улирлаар /мянган өрх/

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, 2017

Дээрх тоо баримтуудаас харахад манай нийт өрхийн 66 гаруй хувь нь улсын дундаж цалин буюу 942.9 мянган төгрөгт хүрэхгүй орлоготой байгаа аж.

Манай улсад баян, ядуугийн ялгаа хоёр туйлдаа хүрсэн буюу цөөхөн баячууд, олон тооны ядуучууд бий болсон байх "өнгөц" дүгнэлтийг эндээс хийж болохоор байна. Угтаа хөгжиж буй улсуудын гол зорилго бол чинээлэг дундаж давхаргын хувийг нэмэгдүүлэх, нийгмийн дийлэнх хэсэг байлгахыг зорих учиртай.