Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчуудын 36 хувь нь л Хойд Солонгосыг хаана байдгийг мэддэг

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN

“The New York Times” сонины захиалгаар “Morning Consult” судалгааны байгууллага дөрөвдүгээр сарын 27-29-ний хооронд америкчуудаас Хойд Солонгосыг хэр сайн мэдэх тухай судалгаа авчээ.

Дональд Трампын гадаад бодлогын хамгийн халуун цэг болоод байгаа Пёньяны дэглэмийн талаар жирийн америк хүмүүс төдийлөн сайн мэддэггүй болох нь эндээс харагдсан байна.

Хойд Солонгосыг газрын зураг дээрээс заах даалгаврыг судалгаанд оролцсон 1,746 насанд хүрэгчийн дөнгөж 36 хувь нь биелүүлж чаджээ.

 

Тэдний ихэнх нь Хойд Солонгосыг өөр бусад улсуудтай андуурч байсны дотор цөөнгүй хүмүүс Монголын нутаг дэвсгэртэй хольж сольсон байна.

Мөн тэднээс АНУ тус дэглэмийн эсрэг ямар арга хэмжээ авах хэрэгтэйг асуухад сонирхолтой үр дүн гарчээ. Тухайлбал газрын зураг дээр Хойд Солонгосыг зааж чадсан иргэдийн дийлэнх нь “эдийн засгийн хориг хэрэгжүүлэх”, “Хятадад шахалт үзүүлэх замаар нөлөөлөх”, “цэргийн байгууламжуудыг нь хакдах” гэсэн дипломат алхмуудыг илүүд үзэж байжээ.

Харин газрын зураг дээр хаана байдгийг нь зааж чадаагүй иргэд “хуурай замын цэрэг илгээх”, “бид юу ч хийхгүй байна гэж шүүмжлэх” гэх мэт эрс хатуу хандлага илүүтэй гаргасан байна.

Ерөнхийдөө америкчууд газарзүйн мэдлэг боловсрол муутай гэдэг хэвшсэн ойлголт эндээс батлагдаж байгаа юм. Мөн Хойд Солонгосчууд л Америкийг дайснаа гэж харан хэт улайрдаг бол энгийн Америкчууд бараг ийм улс байдгийг ч мэддэггүй болох нь харагджээ.

 

Эх сурвалж: New York Times