Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: Диатезтай төрөхийн хамгийн гол шалтгаан нь удамшил

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

0-5 насны хүүхдүүдийн амьсгалын замын өвчин, чих хамар хоолойн өвчин гэх мэт нь ихэвчлэн хөгжлийн дутмагшилтай холбоотой байдаг аж. Тиймээс ч энэ насныхан өвчин, эмгэг тусах цаашлаад амь насаа алдах магадлал ихтэй байдаг билээ.  Хүүхдийг өвчин тусахаас өмнө хэрхэн урьдчилсан сэргийлэх талаар “Бурхан Андууд” эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Н.Энхбаяртай уулзаж ярилцлаа. 

- 0-5 насны хүүхдүүд ямар өвчнөөр хамгийн их өвчилж байна вэ?

- Хамгийн энгийн их өвчилдөг өвчин  бол амьсгалын замын цочмог халдвар юм. Үүнийг эцэг, эхчүүд их энгийнээр ханиад хүрчихлээ гэж хүлээж авдаг. Гэхдээ яг үнэндээ ханиад нь халдварт өвчин, хүүхдэд илүү хүнд тусдаг. Жишээлбэл, цэцэрлэгт нэг хүүхэд ханиад хүрэхэд л бусдад нь халдварладаг шүү дээ. Үүнтэй адил, халдварт өвчнүүд их гардаг.

Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Урьдчилан сэргийлэлт нь хоёр янз байна. Гэрийн нөхцөлд болон ажил амьдралын хооронд халдвараас сэргийлэх.

- Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Нэн түрүүнд 15-20 минут тутамд өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж байх ёстой. 2 цаг тутамд өрөөгөө салхилуулж, агааржуулж байх ёстой.  Хүүхдийн суурь өвчнүүдийг сайн эмчлүүлж байх ёстой. Суурь өвчнүүдээс хамгийн их тохиолддог нь рахит, диатиз, цус багадалт мөн удамшлын өвчнүүд байдаг. Тиймээс иймэрхүү суурь өвчнүүдийг маш сайн эмчлүүлж байх ёстой.

Мөн вакцинуудад байнга хамрагдаж байх хэрэгтэй. Тэгж байж дархлаа тогтоно.

Нарийн мэргэжлийн эмчийн хувьд хүмүүст зөвлөхөд хэрэв аав, ээж болох гэж байгаа бол яаж эрүүл хүүхэд төрүүлэх вэ гэдгээ анхнаас нь бодох ёстой. Хэрэв аав, ээжид нь ангина, бронхит байдаг бол эмчлүүлж байх ёстой. Эцэг, эх болох гэж буй хүмүүс өөрсдийгөө эрүүлжүүлж байх нь хамгийн чухал. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрвөл хүүхэд эрүүл өснө. 

Манай орны хувьд хүмүүс дандаа өвчилсөн хойно нь эмчилдэг. Энэ нь буруу. Ямар ч өвчин бай урьдчилан сэргийлэлт нэгдүгээрт тавигдах ёстой.

- Рахит, диатиз зэрэг тэр суурь өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

- Хамгийн гол нь тухайн ээж эрүүл төрөх ёстой. Тухайн ээж цус багатай, кальцийн дутагдалтай байсан бол хүүхэд тийм л төрнө. Эсвэл ээж өөрөө их ядарч, бүгчим орчинд компьютерийн өмнө их ажилладаг байсан бол хүүхэд харшилтай төрөх магадлалтай. 

Тухайлбал, рахит гэдэг нь Витамин Д-ийн дутагдал. Д витамин цусанд дутагдсанаас ясанд Д-ийн дутагдлаас үүссэн өөрчлөлтүүд гардаг. Тухайлбал, сампингийн эрхийн шинж, толгой том байх, рахит буюу сульдаа өвчин үүсдэг. Зөвхөн ясанд өөрчлөлт гараад зогсохгүй бодисын солилцоо буюу бие махбодод өөрчлөлт орж байгаа учраас тэр хүүхэд тэжээлийн доройтолтой байх, өвчлөмтгий болох, жин бага байх зэрэг суурь шинжүүд нь ихэсдэг. Д витамины хамгийн гол үйлчлэл нь ясанд кальцийг хуримтлуулж, кальци фосфорыг зохицуулж өгөх чухал ач холбогдолтой.

Ер нь Д витаминыг бүх насныхан хэрэглэх ёстой. Том хүүхдүүдийн дунд шинжилгээ авахад дийлэнх нь бараг бүгд Д витамины дутагдалтай байдаг. Тиймээс хүмүүс цусан дахь Д-ийн хэмжээгээ тоолуулж зүй ёсоор нь хэмжээг нь тохируулж хэрэглэх хэрэгтэй.

- Хүүхэд ямар эрдэс бодис витаминуудаар хамгийн их дутагдаж байдаг вэ. Хэрхэн юугаар нөхдөг вэ?

- Кальци, төмөр, иод гурав нь хүүхэд гэлтгүй бүх хүн амын дунд маш их дутагддаг. Гадаадын орнуудад бол энэ асуудлыг хоол хүнсний зүйлээр шийддэг. 
Бид өдөр болгон санаандгүй байдлаар кальци, витамин, төмөрзэргийг хоол хүнснээсээ авч байх хэрэгтэй.  Өдөр тутамдаа чанартай хоол хүнс хэрэглэж, нэр төрлийг нь өөрчилж, цагаан идээ, төрөл бүрийн хүнсний ногоо идэж хэрэглэж байвал гаднаас заавал эмэн витамин авах шаардлагагүй. 

Жишээлбэл кальцийг сүүнээс авах хэрэгтэй. Цэвэр үнээний сүүг тусгай аргаар тослогийг нь ялгаж аваад кальцижуулдаг. Тиймээс аль болох кальцижуулсан сүү ууж, хоолондоо сүү хэрэглэж байх нь зүйтэй.  

Хэрэв хөхүүл эх бол кальцижуулсан сүү ууж байх хэрэгтэй. Энэ нь эргээд хүүхдэд нь сайн. Ер нь бол хүүхдийг 2 нас хүртэл нь хөхний сүүгээр хооллож байх хэрэгтэй. Хөхний сүүг гаднаас ямар ч витамин нөхөж чадахгүй. Кальци, витамин, дархлааны бэлдмэлүүдийг хөхний сүүнээс л шууд авдаг.

Хөхний сүүг орлох витаминыг одоог хүртэл ямар ч улс орон үйлдвэрлээгүй байна.

Мөн өндөр хөгжилтэй орнууд төмрийн баяжмалтай хүнсний бэлдмэлүүд гаргадаг. Жишээлбэл, гурилыг төмөржүүлдэг. Монголд одоо эхнээсээ уурагжуулсан, баяжуулсан гоймон гэх мэтчилэнгээр хийгдэж байна.

Иодын хувьд, олон улсын маш сонгодог арга бол давсыг иоджуулах. Тиймээс давс худалдаж авахдаа байнга иоджуулсан давс авч хүнсэндээ хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр бид өдөр тутмын иодын хэрэгцээгээ нөхөх боломжтой юм. 

Иод дутагдсанаас аутизм хэмээх өвчин тусах аюултай. Энэ мэтчилэн микро элементүүд дутагдсанаас хүүхэд янз бүрийн хүнд өвчин тусах эрсдэлтэй болж байгаа юм.

- Диатез бага насны хүүхдүүдийн дунд их тохиолддог өвчнүүдийн нэг. Диатезтай хүүхдэд яг юу нөлөөлдөг юм бэ?

- Диатезтай төрөхийн хамгийн гол шалтгаан нь удамшил.  Өөрөөр хэлбэл, төрөлхийн харшил юм.  Хэрэв эцэг, эхэд нь харшил илэрдэггүй байсан хэр нь диатезтай хүүхэд төрвөл буруу хооллолтоос үүдэлтэй. Жирэмсэн үедээ хүнсээ зөв зохистой хэрэглэхгүй байх, хүчтэй эм тариа хэрэглэх, архи, тамхи хэрэглэх, хэт ядрах, компьютер дээр удаан суух, агааргүй орчинд удаан ажиллах зэргээс болж харшилтай хүүхэд төрнө. Харшил нь өөрөө дархлааны өөрчлөлтөөс болдог. Тэгээд хүүхэд аливаа зүйлээс харшиламтгай, эмзэг төрнө. Энэ нь даамжирсаар диатез, псироз, астма болдог. 

Тиймээс эцэг, эх болохоор шийдсэн бол ямар нэгэн суурь удамшлын өвчтэй бол эртхэн эмчлүүлж байх нь л чухал юм. 

- Диатезтай хүүхэдтэй бол юуг анхаарах хэрэгтэй вэ?

- Архи, тамхи, халуун ногоотой хүнс, түргэн хоолноос  татгалзах, хиам, лаазалсан мах,битүү орчинд хадгалсан бүтээгдэхүүнүүдээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа хэрэв хөхүүл бол эхний зургаан сард хөхний сүүгээр харшил өгөх эрсдэл маш их байдаг. 

Мөн тоос тоосонцор, агаарын бохирдол харшил үүсгэгч гол хүчин зүйл.

- Диатезтай хүүхэд бүрмөсөн эмчлэгддэг үү?

- Одоо цагт анагаах ухаанд эмчлэгдэхгүй өвчин ховор болсон.  Хамгийн гол нь зөв цагт нь, зөв эмчилгээг, зөв дараалалтайгаар нарийн мэргэжлийн эмч маш сайн хийх ёстой. 

Нэг салбартаа дор хаяж таван жил ажилласан хүн нарийн мэргэжлийн эмч гэж хэлж болно. Миний хувьд 20 жил хүүхдийн өвчнийг дагнаж эмчилж байна. 

- Гэр аргаар тууралтыг багасгах, диатезийг эмчлэх арга байдаг уу?

- Хүн гэдэг хорвоо дээр нэг л төрсөн өөрийн гэсэн өвөрмөц дархлаа, өвөрмөц бие, өвөрмөц тогтоцтой байгаа. Бүх хүүхдэд адилхан тохирсон эмчилгээ гэж байхгүй. 

Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, интернетээр нэгэндээ их олон янзын зөвлөгөө хэлж эмчилгээ зааж өгөх нь ихэссэн байна. Магадгүй тэр эмчилгээ нь тухайн хүний нь хүүхдэд тохирдог байж болох ч, өөр хүүхдэд уг эмчилгээ нь хор болохыг үгүйсгэхгүй. Тиймээс ер нь ямар ч өвчин байсан нарийн мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв юм.

Жишээ нь, диатез дотроо олон янз. Псироз үүсэх хэлбэр, ядрахаар гардаг хэлбэр, асаргаанаас болж гардаг хэлбэр гэх мэтчилэн их нарийн байдаг. Тийм учраас нарийн мэргэжлийн эмчид хандвал хэрэглэх саванг нь хүртэл зөв хэлж өгөх давуу талтай юм.

Эцэг,эхчүүдийн хувьд хүүхдээ аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал.

- Хавар цагт эцэг, эхчүүд хүүхдийнхээ юунд хамгийн их анхаарвал зохистой вэ?

- Манай орны хувьд хавар маш эрс тэс уур амьсгалтай байдаг учраас хүүхдийн хувцаслалтад их анхаарах ёстой. Өвөл агаарт сайн гарж чадаагүй хүүхдүүд гэнэт нимгэн хувцастай гарахаар хаврын салхи хавирга нэвт гэдэгчлэн нус гоожсоор гэртээ орж ирэх нь бий. Тиймээс гадаа гарахдаа аль болох зохистой гарах ёстой. Агаарын температуртайгаа сайн зохицуулж хүүхдээ хувцаслаж гарах хэрэгтэй.

- Хүүхдүүд чихэр жимс, амттанд их дуртай байдаг шүү дээ. Хэрхэн зохистой хэрэглэх хэрэгтэй вэ?

- Амттанд дургүй хүүхэд байхгүй. Байнга хориод байх хэцүү. Тэгэхээр зохистой хэрэглэх хэрэгтэй. Долоо хоногтоо нэг удаа чихэр, амттан өгөх гэх мэтээр. Хэрэглэхдээ чанарыг нь бас анхаарах хэрэгтэй. 

Хамгийн энгийн жишээ хэлье.Чупа-чупс хоёр янз бий. Чупа-чупснаас харшилж над дээр ирдэг хүүхдүүд их байдаг. Түцнүүдэд байдаг хямдхан нь их хортой. Том супермаркетуудаар зарагддаг арай үнэтэй бас байдаг. Тэр нь ямар ч асуудалгүй. 

Тэгэхээр чихэр амттан гэлтгүй хоол хүнсээ сонгохдоо чанартайг нь хэрэглэж байх хэрэгтэй.

- Эцэг, эхчүүдэд өгөх ямар зөвлөгөө байна вэ?

- Хүүхдийг эрүүл өсгөхөд маш их ухаан хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол эцэг, эхийн асаргаа, халамж, хайр юм шүү дээ. 

- Ярилцсанд баярлалаа.