Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлж буй нөлөө: Гана ба Швед улс

Egule Capital
2017 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Налайхын нүүрсний уурхай, 2016 Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн хөгжил болон байгаль орчны бохирдол нь хамаарал өндөртэй маргаантай сэдэвт тооцогддог.

Өндөр хөгжилтэй орнуудын хувьд эдийн засгийн бүтэц нь өөрчлөгдөж, байгаль орчныг хамгаалах чиглэл рүү орсон байдаг.

Харин хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг нь хөгжихийн хэрээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэх хандлагатай байдаг.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар нь байгаль орчинд үзүүлэх нөлөө бага бол харин уул уурхай, аж үйлдвэрлэл нь байгаль орчинг ихээр бохирдуулдаг.

Иймд хөгжиж буй орнуудын хувьд голлон эдгээр хүнд үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн бүтэцтэй байдаг тул байгаль орчны бохирдолын асуудал хурцаар тавигддаг.

Өндөр хөгжилтэй орнууд нь эсрэгээрээ хөнгөн үйлдвэрлэл суурилсан эдийн засгийн бүтэцтэйгээс гадна олон нийтээр байгаль орчны бохирдолд онцгой анхаарал хандуулдаг байна.

Түүнчлэн эдийн засаг сайжрахын хэрээр байгаль орчныг хамгаалах сангууд бий болж судалгаа, шинжилгээ сайжирдаг. Төдий чинээгээр байгаль орчныг хамгаалах санхүүжилтүүд хийгдэж, эерэг үр дүнгүүд үзүүлсээр байна. 

Байгаль орчинг хамгийн ихээр бохирдуулдаг салбарын эхэнд уул уурхайн салбар орох нь ойлгомжтой. Тус салбарын эрэлтийг эрчим хүч, аж үйлдвэрлэлийн салбарууд их хэмжээгээр бий болгодог.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрчим хүчний хэрэглээ их хэмжээгээр өссөн нь уул уурхайн салбарын хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж байна. Учир нь сэргээгдэх эрчим хүч нь нүүрснээс гаргаж авах эрчим хүчнээс үнэтэй хэвээр байгаа юм. 

АНУ-ын IEA байгууллагаас гаргасан таамгийн дагуу 2040 гэхэд эрчим хүчний хэрэглээ өнөөдрийн төвшнөөс даруй 1.5 дахин нэмэгдэх ажээ. Энэ нь уул уурхайн салбарын зайлшгүй өсөлтийг бий болгоно.

Харин энэхүү өсөлтийг байгаль орчинд хэрхэн хамгийн бага хор хөнөөлтэйгээр бий болгох вэ гэдэг дэлхийн нийтийн асуулт болоод байгаа юм. Үүнд хөгжиж буй орны болон өндөр хөгжилтэй хоёр орныг сонгон авч, товч судалгааг явууллаа. Хөгжиж буй орноор Гана улсыг, харин өндөр хөгжилтэй орноор Швед улсыг сонгон авсан юм. 

Гана улс дахь уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл

Хөгжиж буй орны жишээ болгон Гана улсын уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг харууллаа. (Albert K. Mensah, 2015)-ын судалсны дагуу Гана улсын уул уурхайн салбарын хөгжил нь байгаль орчинд хэд хэдэн сөрөг үр дүн авчирсан байна.

Ажиглалтын аргаар хийсэн судалгааны үр дүнд Анкобра, Асесрий зэрэг ундны үндсэн эх үүсвэр болох гол, мөрөнг их хэмжээгээр бохирдсон болохыг тогтоожээ.

 
Анкобра голын бохирдсон байдал, Гана улс 2014 он.

Үүнд хамгийн ихээр бохирдолыг бий болгож байсан нь томоохон уул уурхайн компаниуд бус хувиараа ашигт малтмал олборлогч хүмүүс байжээ. Тэдгээр хүмүүс нь зориулалтын бус тоног төхөөрөмж ашиглаж байгаль орчинд ээлтэй бус сөрөг нөлөөллүүдийг үүсгэдэг аж. 

 
Хууль бус хувь хүн уурхайчид, Гана улс 2014 он

Мөн уул уурхайн хөгжүүлэлт нь эко  байгаль орчины системд ихээхэн сөргөөр нөлөөлжээ. Нанкаба, Асоампа, Аштавн, Бондаяе, Анкобра, Анфегиа зэрэг газар нутгуудад уул уурхайн олборлолтоос улбаалан зүлэг, ногоон ургамалгүй болов. 

 
Зүлэг, ногоон ургамалгүй болсон хэсэг, Гана улс 2014 он

Тус улсын хөрсийг олборлолтын хийгдсний дараагаар судалж үзэхэд хөрсөн дэхь Nitrogen (N), Phosphorus (P), Potassium (K) их хэмжээгээр буурсан байна.

Швед улс дахь уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө

Швед улсад нийт 16 идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг томоохон уурхай байдаг ба 6000 гаруй хүн ажилладаг. Тухайн бүсийн төмрийн хүдрийн 91 хувь, зэсийн 9 хувь, алт, мөнгөний 39 хувийн нөөц нь Швед улсад байдаг. 

Уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлэх хор нөлөө нь Швед улсад жил ирэх тутамд улам бүр буурсаар байгаа. Хэдий тийм боловч сөрөг нөлөөллийг бүрэн зогсоож чадахгүй байсаар байна.

Тус улсад уул уурхайн олборлолтын болон хайгуулын эрхийг уул уурхайн байцаагчаас авдаг. Эдгээр эрх нь Шведийн уул уурхайн хуулийн дагуу олгогдоно.

Мөн уул уурхайн хуулийн дагуу эрх авахад Шведийн байгаль орчны хуулийн зүйл заалтуудад харшлахгүй байх ёстой. Эдгээрээс гадна олон улсын шаардлагуудыг мөн адил хангасан байх шаардлагатай.

90-ээд оны сүүлээр уул уурхайн салбарын компаниуд тогтвортой хөгжлийн төлөөх ямар нэгэн арга хэмжээг авах ёстойг ойлгож, улмаар 9-н том уул уурхайн компани нь нийлж, дэлхийн уул уурхайн зөв зохистой үйл ажиллагааны зөвлөмж гаргах санаачлагыг эхлүүлсэн.

Ингэснээр дэлхий даяар баримтлах тогтвортой хөгжлийн дүрмийн багцыг боловсруулж, салбарын бүхий л оролцогчдод тогтвортой хөгжил гэж юу болохыг ойлгуулахад томоохон дэмжлэг болж чадсан.

Гэхдээ тус дүрмүүд нь байгаль орчныг хамгаалах тийм ч практикал зөвлөмж болж чадаагүй юм. 2013 онд Швед улс, Европын уул уурхайн салбарын хамгийн том тоглогч хэвээр байх зорилт дэвшүүлсэн.

Үүнд 5-н стратегийг баримтлахаар шийдвэрлэсний нэг нь судалгаа шинжилгээг өндөр төвшинд хийж гүйцэтгэж үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэхийг зорьжээ.

Ингэснээр уул, уурхайн салбарын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг  багасгахад дэмжлэг болсон аж. Үүний үр дүнд байгаль орчины нөлөөллийг маш нарийн тооцсон олон судалгааний ажлууд хийгдсээр байгаа юм. 

Олон тооны их судалгааны үр дүнд Швед улс нь дэлхийд далд уурхайн технологиор тэргүүлдэг болж чадсан байна. 2025 он гэхэд Швед улс нь уул уурхайн салбарын гарцаа гурав дахин нэмэгдүүлэх, тус салбарт 50,000 ажлын байр шинээр бий болгохоор зорин ажиллаж байна.

Үүний зэрэгцээ судалгаа шинжилгээ, байгаль орчинд ээлтэй байдлыг хамгийн чухалд тооцож байгаа юм.