Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу толгой компани "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-тай гэрээ байгууллаа

ikon.mn
2017 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

“Оюу толгой” компани “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай “Эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” шинээр байгууллаа.

Энэ талаар “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Энэхүү гэрээг байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой компанийн нягт харилцаа, хамтын ажиллагааны нэг илэрхийлэл юм.

Эрчим хүчний гэрээ байгуулснаар манай ирээдүй, Монгол Улсад оруулах хувь нэмэр баталгаажиж байна.

Уг гэрээ нь Оюу толгойн бизнесийн хөгжлийг тасралтгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломжийг олгож байна.

Бид Засгийн газартай хамтран дотоодын эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой компанийн хамтарсан ажлын хэсгийн хоёр жилийн хөдөлмөрийн үр дүнд энэхүү гэрээ байгуулагдаж байгаа нь стратегийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буйн нэг нотолгоо юм” гэж тэмдэглэв.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь БНХАУ-ын Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа компанитай импортын гэрээ байгуулсны үндсэн дээр талууд “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан юм.

2014 оны 8 дугаар сард Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулж, БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний сүлжээнээс эрчим хүч авах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.

“Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Оюу толгой компани нь дотоодын эх үүсвэрээс эрчим хүч авах чиглэлээр Засгийн газрын холбогдох агентлаг, Засгийн газраас шалгаруулсан
хөрөнгө оруулагчидтай дотоодод цахилгаан станц байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна.

Шинээр байгуулж буй гэрээ 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн зургаан жилийн хугацаатай хэрэгжинэ.

Дөрөв дэх жилийн дараагаас дотоодод цахилгаан станц ашиглалтанд орсон нөхцөлд гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох боломжтой.

“Оюу толгой” ХХК нь Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм.

Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ.

Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулжээ.

Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажиллаж байна.