Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин Б.Ангирмаа 17 жилийн өмнөх дурсамжаа дэлгэлээ

Н.Заяа, Монголын мэдээ
2017 оны 5 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг
Зургийг хувийн архиваас авав

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаагийн “Өнгө аяс”, “Удахгүй ээ...” цомгийн хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Тус цомгийн хэвлэлийн бага хуралд МУГЖ, дуучин Б.Дашдондог, “Ocean Grey” продакшны продюсер А.Ариунболд, Нацагаа нар оролцлоо.

Энэ үеэр дуучин Б.Ангирмаа “2016-2017 оны заагт хоёр цомгийнхоо дууг бичүүлж, Герман улсад хэвлүүлсэн. “Өнгө аяс” цомгоо МУГЖ Б.Дашдондогтой хамтарч бүтээлээ. Харин “Удахгүй ээ...” цомгоо “Ocean grey” продакшны залуустай хамтарч хийсэн.

Өөрийнхөө бүх дууг нэгтгэж цомог гаргая гэж бодож явсан. Тиймээс цомогт орсон бүх дуугаа ганцаараа дуулсан. Тухайлбал, би “Чагная” дууг МУГЖ Б.Сарантуяатай хамтарч дуулж байсан. Хоёр цомогт орсон бүх дуугаа ганцаараа дууллаа” гэв. Мөн хоёр цомгоо арилжааны бус зөвхөн найз нөхөд, гэр бүл зэрэг дотнын хүмүүстэй бэлэглэхийн тулд гаргасан аж.

Түүний “Өнгө аяс” цомог нь нийт 13 дуутай бөгөөд хуучны дуунууд багтсан гэнэ. Харин “Удахгүй ээ...” цомогт нь нийт таван дуу багтжээ. Дашрамд сонирхуулахад, энэхүү цомгууд нь дуучин Б.Ангирмаагийн 17 жилийн дараа гаргаж буй цомог юм байна. Энэ үеэр хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүстэй цөөн хором ярилцлаа.

Б.Дашдондог: Би Б.Ангирмааг сонсож өссөн хүн

-Б.Ангирмаа найз маань хоёр шинэ цомог гаргаж байгаад маш их баяртай байна. Яагаад гэвэл, би Б.Ангирмааг сонсож өссөн хүн. Би насаар ах л даа. Намайг телевизэд ажилладаг байхад Ангирмаа дуулдаг байсан. Би клипнийх нь зураг авалтад явж байлаа. Бид хоёр маш олон жил “үерхэж” байна.

Энэ цомогт нь миний залуу үедээ сонссон дуунууд ч орсон байна. Ингээд бодоход энэ дуунууд хэчнээн олон жилийн настай, сайхан аялгуутай, гоё дуунууд гэдэг нь хүн бүрд тодорхой болов уу. Олон жил дуугаа өөрөө дуулахаас гадна бусад дуучдаар ч дуулуулсан.

Өмнө нь бүх дуугаа нэгтгэж, өөрөө дуулаад цомог гаргаж байгаагүй. Анх удаа ийм цомог хийж байна. Энэ нь өөрт нь болон Ангирмаагийн дууг сонсож өссөн залуучуудад залуу насных нь дурсамжийг сэргээх сайхан цомог болж чадсан.

А.Ариунболд: Итгэл хүлээлгэж хамтарч ажилласанд баярлалаа

-Манай продакшн олон уран бүтээлд Б.Ангирмаа эгчтэй хамтарч ажилласан. Бид “Киви” хамтлагийн сүүлийн цомог болон соло уран бүтээлд хамтарч ажилласан. Энэ хугацаанд уран бүтээлүүд маань маш ажилттай болсон.

Б.Ангирмаа эгч маань өөрийнхөө цомгийг гаргах талаар хэд хэдэн удаа ярьж байлаа. Бидэнд “Удахгүй ээ...” цомогт нь хамтрах хариуцлагатай ажлын санал ирсэн. Учир нь гэвэл, Ангирмаа эгч олон дууны үг зохиож, олон хүнтэй хамтарч ажилласан чадварлаг продюсер. Биднийг залуу гэлтгүй итгэл хүлээлгэж хамтарч ажилласанд маш их баярладаг.

 

Зураг