Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Аделийн тухай таны мэддэггүй есөн баримт

Б.Сумъяа, Монголын мэдээ
2017 оны 5 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Тэр алдартнуудтай нэг ангид сурч байжээ

Адель “БРИТ” сургуульд урлаг, технологийн чиглэлээр суралцсан. Ингэхдээ маш олон алдартнуудтай нэг танхимд сурч байжээ. Тэдний нэг нь Эми Вайнхаус байв. Бас Жесси Жей, Леона Льюс нартай нэг ангид сурч байсан гэнэ. Жесси Жей нэг удаа “Капитал ФМ”-д өгсөн ярилцлагадаа “Надад маш олон төрлийн найз бий. Би Адельтай нэг жил хамт сурсан. Өдрийн хоолны цагаар хамтдаа ярилцаж, дуулж, шүлэг бичдэг байлаа” гэж ярьжээ.

Аделийн “Hello” түүх бүтээсэн

“Hello” дуунд ямар ч онцгой зүйл байхгүй. Зүгээр л удтал урлагаас завсарласан Аделийн эргэн ирж буй уран бүтээлийн л нэг хэсэг болж байсан юм. Гэвч, энэ дуу хөгжмийн ертөнцөд нэгэн түүх бүтээсэн. Тэр нь клипний зургийг дэлхийн хамгийн өндөр нарийвчлал бүхий “Imax” камераар авсан явдал юм. Энэ камерыг Оскарын шагнал хүртсэн шилдэг кинонуудад ашиглаж байжээ. Тухайлбал, “Interstellar”, “Hunger Games5 Catching Fire”, “Оддын дайн-хүч сэргэсэн нь” зэрэг кинонд ашигласан гэнэ.

Анхны дуугаа 16 настайдаа бичүүлж байв

Залуу насандаа нэр алдарт хүрсэн түүний эрч хүчинд, авьяас чадварт нууц гэж байхгүй. Адель цомгоо хэдэн насандаа гаргана, түүгээрээ нэрлэдэг. Тухайлбал, “19” цомгоо 19 настайдаа гаргаж байсан бол “21”, “25” цомгоо ч мөн 21, 25 насандаа гаргасан юм. Тэгвэл анхны дуугаа дуучин бүсгүй 16 насандаа бичүүлж байв. Түүний хамгийн анх бичсэн дуу нь “Hometown Glory” бөгөөд тухайн үед өөрийн “My space” хуудастаа байршуулжээ. Улмаар 2008 онд дахин бичүүлсэн байна.

Адель Гиннесийн маш олон амжилтын эзэн

Энэ магадгүй Аделийг амжилтад хүрэхийн тулд ямар олон саад бэрхшээлийг туулсан гэдгийг мэддэг шүтэн бишрэгчдийнх нь хувьд гайхмаар мэдээ биш байх. Түүний “Hello” дууны клип “Youtube” хуудаст хамгийн хурдан хугацаанд тэрбум хандалт авч чадсан байдаг. “Hello” тус сайтад нийтлэгдсэнээс хойш 88 өдрийн дотор л тэрбум хандалт авч, PSY-ын “Ганнам стайл” дууны амжилтыг эвдсэн билээ. “Ганнам стайл” 159 өдөрт тэрбум хандалт авч байсан юм. Үүгээр зогсохгүй хоёр сингл, хоёр цомог нь хэдэн долоо хоног дараалан шилдэг тавд багтсан Их Британийн хамгийн анхны эмэгтэй дуучин болжээ.

Түүнд нууц шивээс бий

Аделийн зарим шүтэн бишрэгчид нь түүнийг онцгой шивээстэй гэдгийг тэр бүр мэддэггүй гэнэ. Тэгвэл түүний чихний ард “A” үсгийг шивсэн байдаг. Энэ нь түүний бяцхан хүү Анжелогийн нэрийн эхний үсэг аж. Тэрбээр мөн гартаа “Paradise” гэх шивээстэй бөгөөд үүнийгээ Нью Йоркт хийлгэж байжээ.

Мэс засал хийлгэснийхээ дараа зургаан долоо хоног сураг алдарч байв

Адель хоолойны мэс засал хийлгэсний улмаас АНУ-д хийх хоёр ч удаагийн аялан тоглолтоо цуцалж байжээ. Харин хоолойгоо эргэн хэвийн байдалд орох хүртэл зургаан долоо хоногийн турш интернет орчноос сураг тасарсан гэдэг. Гагцхүү тэрбээр дахин дуулахын тулд мэдрэгчтэй компьютер гэх мэт бүхий л зүйлсээс сэжиглэдэг байжээ. “Би мэс засал хийлгэсэн учраас их сэжигч болсон байсан. Хэрэв би ангинатай болчихвол дуулж чадахгүй. Тиймээс компьютерийн дэлгэцэд хүрэх миний хувьд хар дарсан зүүд шиг л санагдаж байлаа” гэж Ванити фэйрт ярьжээ.

“Spice girls” бол түүний шүтээн

1990-ээд оны үед дэлхий нийтийг байлдан дагуулж явсан Их Британийн “Spice girls” хамтлаг одоо ч олон олон авьяастныг урлагийн ертөнц рүү хөтөлсөөр байгаа. Тэгвэл тус хамтлаг Адельд ч гэсэн нөлөөлжээ. Тэрбээр “Намайг ингэж хэлэхээр хүмүүс ихэвчлэн тоглож байна л гэж боддог. Гэхдээ намайг долоон настай байхад “Спайс гирлс” жинхэнэ тэсрэлт хийж байлаа. Тэднийг тайзнаа гарч ирэхийг хараад яг тэдэн шиг болохыг хүсдэг байсан. Үнэхээр тэдгээр эмэгтэйчүүдийн эрч хүч миний амьдралын нэгэн том хэсэг байсан” гэж ярьж байв.

Тэр шагналуудаа угаалгын өрөөндөө хадгалдаг

Хөгжмийн ертөнцийн олон ч томоохон наадмуудаас шагнал хүртэж байсан авьяаслаг уран бүтээлч тэрбээр шагналуудаа ер нь хаана хадгалдаг юм бол. Энэ тун ч сонирхолтой. Адель Оскарын шагналаа унтлагынхаа өрөөнд, харин бусдыг нь угаалгын өрөөндөө хадгалдаг гэнэ. Тэрбээр “Sun” сэтгүүлд “Би бие засахаар 00-ын өрөө рүүгээ орох бүртээ авсан шагналуудаа хардаг. Тэгээд “Гайхалтай, Сайн байлаа. Энэ жинхэнэ” гэж дандаа боддог” гэж ярьж байжээ.

Түүний согтуудаа бичсэн жиргээг хянадаг

Зарим олны танил хүмүүс өөрсдийнх нь өмнөөс твиттерт жиргэдэг хүнтэй байхад зарим нь ямар ч шүүлтүүргүйгээр өөрсдөө жиргэх нь бий. Тэгвэл Адельд өөрийнх нь твиттер сүлжээн дэх жиргээг нь хянах цөөн тооны хүн хэрэгтэй болсон гэнэ. Тэрбээр “Би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүн биш л дээ. Гэхдээ твиттер сүлжээ дөнгөж нэвтэрч байхад согтуудаа элий балай зүйл биччихдэг байсан. Тэгээд манай менежментийн баг хоёр хүн хөлсөлж, миний бүх жиргээг хянуулдаг болсон” хэмээн “Би Би Си”-д ярьж байжээ.

Зураг