Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт “Surface Laptop” танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Майкрософт компани өчигдөр “Surface” брэндийн нэгэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан нь “Surface Laptop” буюу зөөврийн компьютер байлаа.

Нью-Йоркод болсон боловсролын салбарын арга хэмжээний үеэр танилцуулсан уг бүтээгдэхүүн нь оюутан сурагч, багш нарт зориулсан 13.5 инчийн компьютер бөгөөд Windows 10 S хэмээх шинэ үйлдлийн системтэй юм.

Хөнгөн, нимгэн, гоёмсог хийцтэй Surface Laptop-ийг Google-ийн Chromebook-ийн гол өрсөлдөгч гэж үзэж байна. Учир нь Windows 10 S систем нь онлайн орчинд ажиллахад зориулагдсан, аппликэшнуудыг зөвхөн Windows Store дэлгүүрээс татаж суулгах эко орчинтой юм.

Гэхдээ системээ Windows 10 Pro хувилбарт шилжүүлж ашиглах боломжтой гэнэ. 1.3 кг орчим жинтэй Surface Laptop нь platinum (метал хэлбэрийн саарал), burgundy (улаан хүрэн), cobalt blue (хөх), graphite gold (алтлаг) гэсэн дөрвөн өнгөний сонголттой.

Хурууны даралт мэдрэгчтэй дэлгэц нь 3.4 сая цэгээс бүрддэг ба Microsoft Surface Pen үзгээр удирдах боломжтой. Сүүлийн үеийн Intel Core i5, i7 процессоруудааар тоноглогдсон хэдий ч 14.5 цаг ажиллах зай тэжээлийн багтаамжтай гэнэ.

Үүнийгээ Майкрософт “ямар ч MacBook Air-аас удаан зайгаа барьдаг” гэж тодотгосон байна. Сонирхолтой нь ил харагдах ямар ч чанга яригч байхгүй Surface Laptop-ийн чанга яригч нь гарны товчлууруудын дор байрлажээ.

Өөрөөр хэлбэл хуруун дороос дуу нь гардаг гэсэн үг.

Өнөөдрөөс эхлэн захиалга авч байгаа Surface Laptop-ийн хамгийн энгийн хувилбар болох 4GB RAM, 128GB SSD, Core i5 бүхий загвар нь $999 үнэтэй гэнэ. Зургаадугаар сарын 15-наас дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэнэ.

Мөн бусад компьютер үйлдвэрлэгчид үүнээс ч хямдхан Windows 10 S системтэй загваруудаа удахгүй гаргахаар болжээ.

 

Эх сурвалж: The Verge