А.АМУНДРА: Бидний зорилго технологид суурилсан мэдээний компани болох

Ч.Болортуяа
2016 оны 5 сарын 23
IKON.MN
А.АМУНДРА: Бидний зорилго технологид суурилсан мэдээний компани болох

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тодорхой төрөл тус бүрт өөрийн сувгийг бий болгон групп компани болон өргөжин тэлэх хандлага сүүлийн жилүүдэд эрчимжсээр байна. 

Үүний нэг тод жишээ бол "Монгол Масс Медиа" групп юм. Долоон жилийн түүхтэй тус групп өнгөрсөн жилээс орчин үеийн медиа хандлагын өөрчлөлтийг түүчээлэн контент үйлдвэрлэгч, мэдээлэл түгээгч, дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч гэсэн гурван чиглэлд задран өргөжин тэлж, мэргэшихээр зорьжээ. 

Медиаг хүмүүс хоёр байдлаар сонирхож, эрхэлж байна. Нэг хэсэг нь өөрийн нөлөөллөө нэмэгдүүлэх суваг гэж харж энэ салбартаа хутгалдаж байгаа бол нөгөө талд энэ салбарыг жинхэнэ бизнесийн зарчмаар нь хөгжүүлэхээр хичээж буй хэсэг бий. Тэгвэл бизнес утгаар нь хөгжүүлэх  гэж хичээж яваа "Монгол Масс Медиа" группын захирал А.Амундратай ярилцлаа. 

"Ньюс" сайтаас эхтэй түүний медиа төсөл өнөөдөр 400 хүний бүрэлдэхүүнтэй томоохон групп болон өргөжин тэлжээ. 

А.Амундра захирлын анхны дэлгэрэнгүй ярилцлагыг "Өглөөний хүн" булангаар хүргэж байгаадаа баяртай байна. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

 

Ярилцлагыг: Ч.Болортуяа @Bolort

Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир MPA.mn 

НЭГ. СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРТАЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ МААНЬ ЕСДҮГЭЭР АНГИАСАА ЭХЭЛСЭН ЮМ

- Өөрийг  тань “News” сайтыг санаачилж, хийсэн гэдгээс эхэлж мэдэх юм. Үүнээс өмнөх түүхийг тань сонирхож болох уу?
- Би арван жилийн Нэгдүгээр сургуулийг төгссөн.

Арван жилд байхдаа хоёр сайн найзтайгаа нийлээд компьютерт нэлээн сонирхолтой. HTML хэл дээр бүдүүлэг вебсайтууд хийнэ. Интернэтээс дуу, кино татаж CD дээр хуулж зардаг байсан. Энэ үеэс л компьютерт сонирхолтой болж дунд сургуулиа төгсөөд КТМС-ийн програм хангамжийн инженерийн ангид орсон юм. 

 
Дунд сургуулийн найз нарын хамт, зүүн гар талаас Г.Саруул, Б.Тэмүүлэн, А.Амундра нар,

Харамсалтай нь их сургуулиа төгсч чадаагүй. Учир нь тооны хичээлүүд надад хүнд байсан. Хоёр жил гэрээсээ ч гарахгүй хичээлээ хийсэн ч сүүлдээ шантарсан. Гэхдээ үүнээс илүү том шалтгаан байсан нь хоёрдугаар курстээ ангийнхаа найзуудтайгаа хамтраад компани байгуулчихсан байсан юм. Ажлаа илүүд үзэж сургуулиа орхисон гэсэн үг. 

- “News” эндээс эхтэй юу?
- Би оюутан байхдаа бараг гурван компани байгуулалцсан. Энэ гурваас хүмүүсийн сайн мэддэг нь “Содон солушн”.  

“Содон солушн”-ийг Ц.Ууганболд, Ч.Бямбацог, А.Мягмар гэсэн гурван найзтайгаа хамтарч байгуулаад “News”-ийг хийе гэдэг санаа гаргасан юм. Өөрсдөө мөнгөө босгоод “News”-ийн гүйцэтгэгчээр нь ажилласан. 

Хоёр дахь компани маань санхүү, бүртгэлийн програм хангамжаар төрөлжсөн “Апекс Софт” гэж компани бий. Одоо бараг 100 гаруй байгууллагатай хамтарч ажиллаж байгаа томоохон компани болсон. н.Цогбадрах гээд найз маань энэ компаниа авч явдаг. 

- Програм хангамжийн инженерээр сурч байсан хүн яагаад мэдээллийн вебсайт хийе гэж бодох болов. Санаа хэрхэн төрсөн бэ? 
- Тухайн үед “Olloo” гэдэг л мэдээллийн сайт байсан. Өнөөдөр “iKon” трэнд болж байгаа шиг тэр үед “Olloo” од байлаа. “Olloo”-д тухайн үед өдөрт 10 мэдээ л ордог байсан. Ингэхдээ бүр арвууланг нь дарааллуулаад нийтлэчихдэг байсан. 

Яагаад үүнээс илүү их мэдээ байж болдоггүй юм бол гэж би гайхдаг байлаа. Тэгээд л илүү их мэдээлэлтэй, шинэлэг “News” вебсайтийг хийе гэсэн санаа төрсөн юм. 

Д.Энхбат гуай надад итгэл хүлээлгээд 45 доллараар энэ домайныг худалдаж авахыг зөвшөөрсөн юм

Гэтэл News.mn гэсэн домайн авах гэтэл “Дата Ком” өгдөггүй. Дарга нь байсан Д.Энхбат гуайгаас цаг гуйж бараг долоо хоног үүдэнд нь сууж байгаад уулзаж News.mn гэдэг домайнээ өгчих гэж гуйсан. “Би үнэхээр гоё мэдээний сайт хийж чадна аа” гэсэн амлалт өгсөн. Д.Энхбат  гуай надад итгэл хүлээлгээд 45 доллараар энэ домайныг худалдаж авахыг зөвшөөрсөн юм.

Ингэж “News” сайтын төслөө бичээд “Алтан Тариа”-гийн П.Цэнгүүн захирал дээр очсон. П.Цэнгүүн захирал ч надад итгэж анхны хөрөнгө оруулалтыг өгсөн. Гэнэт л их мөнгөтэй болчихож билээ. 

- Анхны хөрөнгө оруулалт хэдэн төгрөг байсан бэ?
- Цалин, зар сурталчилгаа гээд 160 сая төгрөг болж байсан. 2007 оны 160 сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. 30 сая төгрөгөөр л гэхэд гудамжны самбаруудад сурталчилгаа тавьчихсан. Техник, ажилчдын цалингийн зардалд бусад мөнгөө зарцуулсан. Харин яг програм бичихэд төсөв маань хүрээгүй. Би машинаа ломбардад тавиад хүмүүсийнхээ цалинг тавьж ажлаа дуусгаж байлаа. Сүүлийн хоёр сар нь манай програмын залуус цагаан будаа л агшааж идсэн байх аа. Мөнгө хүрээгүйгээс болж махтай хоол бараг идээгүй дээ.

- Гэхдээ “News” нээгдэнгүүтээ “уначихсан” билүү?
- Тухайн үед “тэнэг” зоригтой байж. Одоо би хэзээ ч ийм алхам хийхгүй. Ямар ч туршлагагүй байж. Олон хүн зэрэг сайтад маань орвол яах вэ, хандалтаа яаж зохицуулах вэ гэдгээ ч шийдээгүй байсан. Ер нь бүдүүлэг нөхөд байж. 2007 оны намар сайтаа нээгээд 1,000 хүний хандалт аваад л ачааллаа дийлэхгүй систем маань уначихаж билээ. Ингээд нэг сар галзуугийн байдалтай байж байгаад сайтаа эргээд ашиглалтанд оруулж байлаа. 

- 2007 онд сайтад зар сурталчилгаа, баннер өгөх ойлголт их муу байлаа. Сайтаа хэрхэн бизнес болгов. “GoGo” –н туршлагаас их урам авч байсан гэдэг юм билээ. 
- Тийм ээ. 2007 оны зун “GoGo” портал нээлтээ хийж нэг өдрийн баннерийн үнийг 150 мянган төгрөгөөр тогтоож өгсөн байсан. Миний хувьд үүнээс маш их урам зориг авч би баннераа 50 мянган төгрөгөөр зарчих юм байна гэдэг багцаа авсан. Энэ үнээрээ ч баннеруудаа зарж чадсан. Хоёр сар ажиллаад л эхний захиалгаа “Юнител” группээс 1,500 доллар буюу 30 хоногийн сурталчилгааны захиалга авсан. Ийнхүү анхны мөнгө дансанд орж ирэх үед л хөрөнгө оруулагчид маань энэ бизнест илүү их итгэлтэй болсон. Түүнээс намайг баннер зарна гэдэгт ерөөсөө итгэж өгдөггүй байлаа. 

Анхны мөнгө дансанд орж ирэх үед л хөрөнгө оруулагчид маань энэ бизнест илүү их итгэлтэй болсон

-  “Ардын Эрх” сонины баг “News”-н сэтгүүлчдээр ажилласан. Энэ нь хөрөнгө оруулагчдын шийдвэр байв уу?
- Тийм ээ. П.Цэнгүүн захирал “Монгол Масс Медиа” группын 50 хувийг эзэмшдэг байсан юм. “Ардын Эрх” бол “Монгол Масс Медиа” группын эзэмшлийн сонин. Бид програм бэлэн болоод одоо нээлээ шүү гэсэн П.Цэнгүүн захирал та нар мэргэжлийн сэтгүүлчид биш болохоор чадахгүй байх, “Ардын эрх” сонинд би оролцоотой, “Ардын Эрх”-тэй хамтраад ажилла гэдэг чиглэлийг өгсөн.

- “Ардын Эрх”-ийн “архагууд” анх та хэдийг огт авч хэлэлцдэггүй байсан гэдэг юм билээ.
- Биднийг анх очиход нэг булангийн өрөө өгөөд нэг их тоодоггүй байсан нь үнэн шүү.  Эхний сар л их хэцүү байсан. Гэхдээ Б.Тэмүүлэн эрхлэгч, Б.Бадамгарав, Д.Нарантуяа эгч нар маань өөрчлөлт, шинэчлэлийг маш сайн ойлгож “News”-ийг өөрсдийн бүтээгдэхүүнээ болгож чадсан. “News” бол “Ардын Эрх”-ийн л бүтээгдэхүүн. Яагаад гэхээр өдөр тутам хэн үүнийг авч явж байна, хэн хэрэглэгчдийн өмнө хариуцлага хүлээж байна вэ гэдэг хамгийн чухал. Бидний хувьд санаачлагч, хөгжүүлэгч л байсан гэж хэлж болно. 

- “News”-ийг яагаад зарах болов?
- Хөрөнгө оруулагчид маань менежмент хийж байсан хүмүүстэйгээ тохиролцоотой байсан. Б.Тэмүүлэн эрхлэгч менежментийн хувьчлал гэдэг утгаар худалдаж авсан. Хоёрдугаарт мэргэжлийн баг нь энэ ажлаа удирдаад явсан нь илүү үр дүнтэй. Энэ хоёр шалтгаанаар “News”-ийг зарах нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан. Б.Тэмүүлэн эгч маань “News”-ийг маш сайн авч явж байгаа учраас бид харамсдаггүй. 

- Код бичих хоббитой залуучууд санаандгүй явж байгаад л сэтгүүл зүйн салбар руу орчихсон юм байна. Тийм үү?
- Тэгж хэлж болно. Хальтраад л орчихсон. Би “News”-ийг ажиллуулж эхлээд л “Ардын Эрх”-ийн ажилтан, сэтгүүлч болчихсон. “Ардын Эрх”-ийн дугаар удирдагч хүртэл хийдэг байлаа. 2007 оны арваннэгдүгээр сард машин, галт тэрэгтэй мөргөлдсөн ослын сурвалжлаганд өөрөө яваад хамгийн түрүүнд мэдээлэл бэлтгэж сайтынхаа хандалтыг өсгөж байсан удаа бий шүү.

Есдүгээр ангидаа Хазара Монголчуудын тухай өгүүлэл бичиж  “Өнөөдөр” сонинд нийтлүүлж байлаа

 Гэхдээ Сэтгүүл зүйн салбартай холбогдсон түүх маань бүр есдүгээр ангиасаа эхэлсэн юм. Есдүгээр ангид байхдаа “Өнөөдөр” сонинд өгүүлэл бичиж нийтлүүлдэг байсан. 

 
9-р ангийн сурагч А.Амундрагийн анхны өгүүлэл `Өнөөдөр` сонинд,

-  Их сонирхолтой түүх байна. 
- Тийм ээ. Хазара Монголчуудын тухай өгүүлэл бичиж “Өнөөдөр” сонинд нийтлүүлж байсан юм. 

ХОЁР. 22 НАСТАЙ МӨРТЛӨӨ МЕДИА ГРУППЫН ЗАХИРАЛ БОЛНО ГЭХЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МААНЬ ЖААХАН ЭРГЭЛЗСЭН

 

- Сайтаа амжилттай бизнес болгосны дараа группын хэмжээнд менежмент хийх саналыг өөрөө гаргаж байв уу. Хөрөнгө оруулагчдын зүгээс санал тавьсан уу?
- Надад зөвхөн санаа л байдаг. Санаа бодит биелэл болохын тулд хүний нөөц маш чухал. Дээрээс нь хөрөнгө оруулагч хамгийн чухал. Хэвлэл мэдээллийг бизнес гэдэг өнцгөөс нь хараад зоригтой хөрөнгө оруулалт хийсэн хүн бол “Голомт”-ын Д.Баясгалан захирал. Энэ хүн монгол контентийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. 

“Монгол Масс Медиа” группын 50 хувийг “Алтан тариа”, үлдсэн 50 хувийг “Бодь” групп эзэмшиж байсан. П.Цэнгүүн захирлаар дамжуулж “Бодь” группын захирлуудтай танилцаж байлаа. 

Би “News”-ийг нээчихээд “Алтан Тариа” компанид гурил зардаг ажил хийдэг болсон юм. “Алтан Тариа”-н Маркетинг борлуулалтын хэлстийн дарга нь байсан. Ингээд байж байтал “Бодь”-ийнхон “News”, “Ардын Эрх” гээд хоёр медиа нь нөлөө бүхий болчихлоо. Одоо үүнийгээ бизнес утгаар нь өргөжүүлэх төсөл бичээч гэдэг саналыг надад тавьсан. “Бодь”-ийн захирлуудын захиалгаар “Монгол Масс Медиа”  компанийг групп болгон хөгжүүлэх бизнес төлөвлөгөө бичсэн. Тэр төлөвлөгөө маань батлагдаад “Алтан Тариа” хөрөнгө оруулагчаар цаашид оролцохгүй гээд гарсан. Ингээд 100 хувь “Бодь” эзэмшигч болоод төсөл маань 2009 онд эхлээд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 

Тухайн үед “Бодь” групп “Боловсрол” телевиз, “Ийгл” телевизийн лицензийг гадныхантай хамт эзэмшдэг байсан. Үүн дээрээ “Ардын Эрх”, “News”-ийг нэмээд шинэ бүтэц зохион байгуулаад менежментийг нь сайжруулаад Медиа компани болъё гэдэг зорилго тавиад захирлаар нь ажиллаж эхэлсэн юм. 

22-той мөртлөө Медиа группын захирал болно гэхээр манай хөрөнгө оруулагчид жаахан эргэлзсэн

- Энэ үед өөрөө хэдэн настай байсан бэ?
- 22 настай байсан. 22-той мөртлөө Медиа группын захирал болно гэхээр манай хөрөнгө оруулагчид жаахан эргэлзсэн. Би ч бас өөртөө эргэлзэж байлаа. Тиймээс ч төслийн удирдагч гэж нэг жил ажиллаад 23-тайдаа захирал нь болсон юм. 

- Сайт, сонин ажиллуулж байгаад телевизийн салбар руу ороход хэр өөр бас хүнд байв?
- Анх “Боловсрол” телевизийг үнэхээр хүнд нөхцөлтэй байхад нь хүлээж авч байлаа. 100 хүн таван сар цалингаа аваагүй, Үндэсний телевизийн хашаанд байдаг, долоо хоногт нэг удаа тогоо таслуулж дарамтлуулдаг, ямар ч орлогогүй их л хүнд нөхцөл байдалтай байхад нь авсан. Олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй ажиллаад сарын 20 сая төгрөгийн орлоготой ч өөрийн зардал нь 70 сая төгрөг байсан. Сар бүр 50 сая төгрөгийн алдагдалтай буюу цус алдалтын байдалтай ийм л телевиз хүлээж авсан.

- Хоёр дахь сорилтоо юунаас нь эхлэв? 
- Анх ажилтайгаа танилцах гээд “Боловсрол” телевиз дээр очиход намайг үүдээр нь оруулаагүй. “Бодь”-с томилогдсон захирал нь С.Нацагдорж захирал байсан ч тэр өдөр байхгүй байж таарчихсан юм. Захирал нь болсон телевизийнхээ үүдээр нь орох гэж гурван цаг хүлээгээд, ажилчидтайгаа хурал хийх гэж долоо хоног хүлээсэн. Намайг хэн ч тоодоггүй. Тиймээс өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхээс л ажлаа эхэлсэн дээ.

Намайг хэн ч тоодоггүй. Тиймээс өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхээс л ажлаа эхэлсэн дээ 

- “Боловсрол”-ыг хэрхэн бизнес болгов?
- Тухайн үед азтай гэж хэлэхэд муу ёрын зүйл болох байх. Нэг өвчин гараад дунд сургуулиуд удаан хугацаагаар хөл хорио тогтоосон юм. 

Энэ үед сурагчдад телевизээр хичээл заах санаа төрсөн.  60 багш цуглуулаад  дөрвөн студид зэрэг теле хичээл гаргах төсөл бичээд тухайн үеийн Боловсролын сайдад танилцуултал төсөл маань дэмжигдсэн. 

Ингэж төсвөөс санхүүжилт аваад дээрээс нь хувийн олон компани бидний энэ төсөлд хандив өгсөн. Энэ хандивласан мөнгөөр нь ажилчдыгаа цалинжуулсан. Хамгийн эхний мөнгө олсон төсөл нь энэ байлаа. 300 гаруй сум руу 120 мянган ширхэг CD дээр хичээл бичээд орон нутаг руу илгээсэн.  Теле хичээл маань хоёр сар үргэлжилсэн. Маш амжилттай болсон. Дээрээс нь бас ажилчдынхаа гурван сар тавих цалингийн мөнгийг олж чадсан. 

Энэ үед Нацагаа захирлын маань эхлүүлчихсэн байсан Мянганы Сорилын сангийн тендерт “Боловсрол” ялаад 200 мянган долларын орлоготой болсон. Дээрээс нь бид анхны уран сайхны киногоо хийсэн. “Цасан охин” гэж кино хийгээд театраас бас 40 сая төгрөг олж байсан. 

- Гэх мэтчилсэн зүйлүүдээр орлогоо бүрдүүлсэн юм байна. 
- Тийм ээ. Аз болж миний эхлүүлсэн долоо, найман борлуулалтын санаачлага маань амжилттай болж зардлаа хаадаг болсон. Хөрөнгө оруулагчид маань ч үүнийг үнэлээд найман сар алдагдалтай ажиллах боломж өгсөн. Намайг ажил авснаас хойш нэг жил хоёр сарын дараа “Боловсрол” телевиз ашигтай ажиллаж эхэлсэн. 

Хөрөнгө оруулагчид маань ч санаачилсан төслүүдийг маань үнэлээд найман сар алдагдалтай ажиллах боломж өгсөн

Тэр үед миний зорилго секундын рекламаа 800 төгрөгөөр зараад сарын 60 сая төгрөгийн орлоготой болох мөрөөдөлтэй байсан. Орой болгон 60 сая төгрөг зүүдэлж унтдаг үе байсан шүү. Бүх зардлаа яг 60 сая төгрөгт барьчихсан байсан юм. Ингээд 10 сарын дараа орлого маань 60 сая болж, нэг жил хоёр сарын дараа орлого маань 100 сая болсон санагдаж байна. 

Одоо бол “Боловсрол” телевиз рейтингээрээ сүүлийн дөрвөн жил нэгт явж байна. Цуглуулсан рекламаараа зах зээлийн хуваарилалтын 20 хувийг эзэлж байна. 

ГУРАВ. БИДНИЙ ЭЦСИЙН ЗОРИЛГО ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН МЭДЭЭНИЙ КОМПАНИ БОЛОХ

- Өнгөрсөн жил танай групп нэлээд томоохон өөрчлөлт хийсэн. Яагаад ийм өөрчлөлтийг хийх болов?
- Бид олон улсын стандартад ойртохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалтаа нөхөхийн тухайд нэлээд олон жилийн төлөвлөгөө байгаа. Групп болон өргөжсөнөөс хойшх өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт их том өөрчлөлт орж хувирч байна. 

Одоо бараг хиймэл оюун ухаан хэвлэл мэдээллийг орлох гээд байна. Технологийн дэвшил бидний тоглоомын дүрмийг өөрчилсөөр байна. Үүнд нийцүүлээд компаниа гурван чиглэлд хуваалаа. 

Сайн контент хийгээд түүнийгээ боломжтой бүх платформд зарах нь илүү чухал болчихсон байна

Дээрээс нь амжилттай яваа чиглэлдээ нэмж хөрөнгө оруулалт татсан. Гурван хэсэг хуваахдаа, цэвэр контент үйлдвэрлэлийн хэсэг буюу “Гэр Контент” групп гэж байгуулсан. Контент хийгээд ганцхан телевизээрээ гаргахаас илүү сайн контент хийгээд түүнийгээ боломжтой бүх платформд зарах нь илүү чухал болчихсон байна. Энэ моделд нийцүүлээд цэвэр контент үйлдвэрлэдэг компани байгуулаад гадна, дотны хоёр компанид хувьцаагаа зараад олон оролцогчтой компани байгуулсан. Энэ жилийн тухайд гэхэд арав орчим бүрэн хэмжээний кино, дөрвөн олон ангит кино хийх зорилго тавиад ажиллаж байна. 

Хүмүүсийн мэддэгээр “Боловсрол” телевиз, Movie Box зэрэг сувгууд “Гэр Контент” группт багтаж байгаа. Хоёр дахь нь, Медиагийн бас нэг өнцөг болох нийгмийг соён гэгээрүүлэх, мэдээ, мэдээллийг зах зээлд шуурхай хүргэх шаардлага байгаа учраас “Монголын Медиа Корпораци” гэж байгуулсан. Үүний бүрэлдэхүүнд “Ийгл” телевиз, “Тойм” сэтгүүл, “Eagle” сайт, “Ардын эрх” сонин зэрэг 200 орчим сэтгүүлчтэй компани байгуулаад явж байна. 

Гурав дахь нь, технологийн хувьсалд нийцүүлээд интернэтэд суурилсан хоёр сонирхолтой төсөл хэрэгжүүлж байна. Community Driven Media гэж нэрлээд байгаа. Монгол нэршлээ эцэслээгүй байна. Сонирхлын бүлгүүдэд чиглэсэн сошиал суваг үүсгэх төсөл хийж байгаа. Мөн үүнээс гадна худалдааны суваг хөгжүүлэхээр ажиллаж байна.   

- “Шууд” телевизийг хэлж байна уу?
- Тэгж хэлж болно. Солонгост үзэгчид олон ангит кино үзэж байх үедээ киногоо зогсоогоод тухайн жүжигчний өмссөн даашинзыг нь худалдаж авах боломжийг олгочихдог. 

Контентод суурилж арилжаа (Content based shopping) хийх хандлага бий болоод байна гэсэн үг. Бид үүнийг хийх гээд туршиж байна. 

- Компани гурав салаад өөрийн тань хувьд статус чинь яаж өөрчлөгдсөн бэ?
- Миний хувьд гурвуулангынх нь ТУЗ-ийн гишүүн болоод ажиллаж байна. Өмнө нь гурвуулангынх нь захирал байсан бол одоо больсон гэсэн үг. Ганцхан Амундра л гээд байвал ажил урагшлахгүй. Би бүтэлгүйтвэл бүгд бүтэлгүйтнэ шүү дээ. 

Контент хийх тал дээр гэхэд Кино компанийн захирал Н.Отгонбат, группын захирал Н.Мэндбаяр гээд мундаг залуучууд байгаа. Энэ залуучууд маань ажилдаа эзэн болчихсон учраас миний оролцоо бараг байхгүй. 

- “MTF -2016” форумаар та бүхэн телевизүүдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг яриад тэр хурлаас гараад тодорхой өөрчлөлтүүдийг хамтдаа хийхээр ярилцсан. Үр дүнд хүрсэн үү?
- Ахиц байна. Харамсалтай нь юу ч шийдэгдээгүй. Нэгт, зохиогчийн эрхийн асуудал. Хүмүүс телевизийн салбарыг их муу хэлдэг. 

 

Бид 40 тэнцүү хуваасан мөнгөөр гоё контент хийх боломжгүй

Гэтэл ийм олон телевиз байхад байдал хэзээ ч сайжрахгүй. Нэг компани дээр 40 телевиз очиж реклам гуйдаг. Нөгөө компани нь яг арилжааны зарчмаараа наймыг нь сонгоод ажиллачихаар нөгөө 32 нь дарамталдаг. Аргагүй эрхэнд нөгөө компани чинь төсвөө 40 тэнцүү хуваадаг. Тэгэхээр нэг телевизэд ногдох зардал маш бага. Бид энэ 40 тэнцүү хуваасан мөнгөөр гоё контент хийх боломжгүй байна. Яагаад 40 телевиз амьдраад байна вэ гэхээр зохиогчийн эрхгүй л контент гаргаад байна гэсэн үг. 

Телевизийн форум дээр хэлсэнчлэн “Revenant” гэж киног Оскарын шагнал авахаас нь өмнө манай нэг телевиз гаргачих жишээтэй. Хэрвээ зохиогчийн эрхийн маш хатуу зохицуулалттай болчихвол энэ телевиз хаагдана. Миний бодлоор 30 нь хаагдана. Арав нь л үлдэнэ. Энэ тохиолдолд рекламын орлого эрс нэмэгдэнэ. Тэгэхээр зохиогчийн эрхийн зохицуулалтаа л сайжруулахгүй бол оюуны өмч дээдэлдэг хэд нь хохироод бусад 30 нь амьдраад байна. Энэ 30 яаж амьдраад байна вэ гэхээр 40 тэнцүү хуваагдаж байгаа орлого нэмэх нь улстөрчдийн ашиг сонирхол байна. Жилдээ 500 сая төгрөгөөр амийг нь бариад байж байдаг телевизүүд байгаа юм. 

Хоёрдугаарт, технологи хөгжсөнөөр IPTV, OTT үйлчилгээ телевизийг бүр утгагүй болгочихлоо л доо. Жишээ нь, сувгийг ухрааж үздэг болчихоор түүнд реклам өгөх шаардлагагүй болчихож байгаа юм. Гэр орныхоо ажлыг хийж байгаад орой сайхан бүгдийг нь гүйлгээд үзчихсэн нь дээр болоод байна. Тэгэхээр оператор компаниудтайгаа маш сайн зохицохгүй л бол телевизүүд угаасаа дампуурна. 

Яг одоо юу ч өөрчлөгдөхгүй бол жилийн дараа телевизүүд бүгд дампуурна

Яг одоо юу ч өөрчлөгдөхгүй бол жилийн дараа телевизүүд бүгд дампуурна. “ТВ9” телевизийн захирал байсан Ц.Энхбат гуайн хэлдгээр телевизүүд бүгдээрээ студиуд болно. Студи болсныхоо дараа сайн контент хийж чадах нь бас эргэлзээтэй. Гадны орнуудад студиуд хамгийн их хөрөнгө оруулалт, хамгийн их эрсдэл дагуулдаг. “Avatar” гэдэг киног 600 сая доллараар хийчихээд нэг тэрбумыг олно гэдэг найдвар байхгүй. Үүн шиг бид нар жилд зургаан кино хийгээд хоёр нь юм уу, гурав нь “шатдаг”. Тэгэхээр студи болсны дараа ч ашигтай ажиллана гэсэн баталгаа байхгүй.  

Телевизүүд оператор компаниудтайгаа зохицоод ухраах зэрэг үйлчилгээ авч байгаа эцсийн хэрэглэгчийн орлогоо хуваарилах хувилбар руу шилжихгүй л бол нөхцөл байдал хэцүү болно. 

- Холбоогоороо энэ асуудалд анхаарал тавиад ажил урагшилж байна уу?
- Жилийн өмнөхийг бодвол Телевизийн Холбоо ямар ч байсан нэгдмэл байр суурьтай болж чадсан. Одоо долоо хоног болгон хуралдаад оператор компаниуддаа хүсэлтээ өгөөд явж байгаа. Асуудал шийдэгдэхээс өмнө холбоо маань битгий бутраад уначихаасай л гэж бодож байна. Бас нэг зүйлийг хэлэхэд холбоо ямар нэгэн байдлаар шантааж, дарамт хийх гээгүй. Зүгээр л олон улсын жишигтээ л ойртоё гэж байгаа юм. Нийт үзэгчдийн дөрөвний гурвыг барьсан “Монгол ТВ” –н “Авьяаслаг Монголчууд” шоунд яагаад мөнгө төлж болохгүй гэж. 

- Монгол сувгууд гадны жишигт хүрээгүй байж яаж тэдэн шиг мөнгийг операторуудаас авч чадах вэ гэдэг тайлбар байгаа шүү дээ. 
- “National Geographic”, CNN, “Bloomberg” гоё. Гоё л доо. Гэхдээ би нэг зүйлийг бардам хэлж чадна. Бид Монголчууд. Гурван сая Монголчууд Монгол хэл дээр Монгол контентоо л үзэж байна. Би үүнийг 100 хувь итгэлтэй хэлнэ. Бид хөдөө нутагтаа дуртай. Бид нар “Хүрээлэн” төслөө үздэг. “Хүрээлэн”-г жишээ нь  “National Geographic” хэзээ ч бидэнд нийлүүлж чадахгүй. 

Бид “Монгол тулгатны 100 эрхэм” гэж нэвтрүүлгээ үздэг. Энэ контентийг дэлхийн аль ч мундаг суваг бид нарт нийлүүлж чадахгүй. Бид ТВ9-ийн “Монгол коммент”-оо үздэг. Үүнийг CNN, CNBC хэзээ ч хийж чадахгүй. Бид нар “Мөрдөгч” гээд олон ангит кино хийж байна. Энийг HBO бид нарт хэзээ ч нийлүүлж чадахгүй. Тэгэхээр нийт үзэлтийн рейтингийн 95 хувь нь Монгол сувгууд дээрээ байгаа. Тиймээс ч эцсийн хэрэглэгчээс авч байгаа мөнгөнд хуваарилалт хийх, эцсийн хэрэглэгчээс авах мөнгөө нэмэгдүүлэх замаар телевизүүдийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Гэхдээ үүнийг маш шударга зарчмаар буюу рейтингээр нь хуваарилах ёстой. 

Нийт үзэлтийн рейтингийн 95 хувь нь Монгол сувгууд дээрээ байгаа

“Авьяаслаг Монголчууд” олон улсын стандартад хүрсэн контент болж чадсан уу, Болороо?

- Чадсан.
- Тэгвэл яагаад бид “Авьяаслаг Монголчууд” шоунд мөнгө төлж болохгүй гэж. “Гурван найз” гээд манай олон ангит кино хоёр сар тасралтгүй үзэгчдийгээ барьсан. Тэгвэл бид зүй ёсны төлбөрөө авах ёстой. Хүмүүс контентийг үнэгүй байх ёстой гээд байдаг. Тэгсэн мөртлөө “Facebook”-с тоглоом нэг доллараар татаж аваад байдаг шүү дээ. Яагаад Монгол контентоо худалдаж авч болохгүй гэж. 

- Хэрвээ ойлголцолд хүрэхгүй бол монгол сувгууд IPTV-нүүдээс сувгуудаа татна гэх яриа гараад байгаа юм билээ. Энэ үнэн үү?
- Оператор компаниуд маань энэ нөхцөл байдлыг ойлгоод сайн чанарын контенттой телевизүүдийг дэмжээд хамтарч ажиллана гэдэгт итгэж байгаа. Бид сувгаа таслах хэмжээнд хүртэл асуудал даамжрахгүй гэж итгэж байна. Сувгаа таслах гэдэг хамгийн бүдүүлэг сүүлийн арга. 

- Үнэлэмж байхгүй энэ үед  “Гэр Контент” группыг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?
- Төрөлжсөн сувгууд маань энэ группт багтаж байгаа. Компани нь өөрөө ашигтай ажилладаг. Шинээр байгуулсан кино компани маань өнөөдрийн байдлаар ашиггүй ажиллаж байна. Гэхдээ бидэнд итгэл, найдвар байгаа.

Нэгдүгээрт, бид хийсэн контентоороо олон платформоос мөнгө олох боломж бий.  Жишээ нь, “Юнивишн” дээр олон ангит киногоо нээнэ. Гадны бизнес моделиор бол кино эхлээд театрт нээгддэг. Хоёрдугаарт, IPTV, дараа нь OTT, дараа нь төлбөртэй суваг, хамгийн сүүлд нь үнэгүй сувгаараа гардаг. Харин бид энд эсрэгээр нь 500 сая төгрөгөөр кино хийчихээд шууд үнэгүй суваг дээр тавиад байгаа байхгүй юу.

Контент бүтээгчид маань бизнесийн зөв зарчим руугаа энэ жилээс шилжиж байна

 Тэгэхээр бизнесийн зөв зарчим руугаа бид энэ жилээс шилжиж байна. Хамгийн түрүүнд бид энэ жил “Юнивишн” дээр 80 ангитай цуврал кино тавихаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ төсөл маань амжилттай болвол бид эцсийн хэрэглэгчээс хангалттай орлого цуглуулж чадах байх гэж бодож байна.

 Хоёрдугаарт, бид жил болгон олон улсын кино фестивалиудад оролцож, судалж, олон улсын уран бүтээлчидтэй холбоо харилцаа тогтоосоор байна. Энэ хүрээнд нэг ангит киногоо гадны телевизүүдэд зарах бололцоо бүрдээд байгаа. Энэ нь зардлынхаа 20-30 хувийг хаах хэмжээнд хүрнэ гэж төсөөлж байна. Яваандаа нэг ангит кино Хятадад албан ёсоор нээнэ гэсэн мөрөөдөл бий. 

Одоо бид Өвөрмонголтой хамтраад 40 ангит олон ангит кино төсөл дээр мөн ажиллаж байна. 

 
`Одон` телевиз, `Hulegu Pictures` кино компани нарын хамтран хэрэгжүүлэх кино төслийн гарын үсэг зурах ёслолоос,

- “Монголын Медиа Корпораци”-ийн хувьд “Бүрэн зураглал” зөвхөн танай нэг нэвтрүүлэг үү эсвэл та бүхний нийтлэлийн бодлогыг илэрхийлээд байна уу?

- “Монголын Медиа Корпораци”-ийн эцсийн зорилго нь Монгол хэл дээр байгаа бүх мэдээг нэг дор цуглуулаад хүн болгоны сонирхолд тохирсон хэлбэрээр нь үзүүлье гээд байгаа юм. Мэдээг бүрэн утгаар нь хүнд хүргэе гэсэн зорилго юм. Энэ бодлогоо ойлгуулахын тулд бид “Hero”-той хамтраад нэвтрүүлэг хийж агуулгаа хоногшуулах зорилготой байгаа юм. Бидний эцсийн зорилго бол технологид суурилсан мэдээний компани болох. 

- “Бүрэн зураглал” нэвтрүүлгийн тухайд “сонгуулийн шоу” мэт харагдах гээд байна уу?
- Мэдээний компанийг хүмүүс байнга л харддаг.

Ямар ч хамаагүй зүйл дээр дандаа буруутай болж дуусдаг. Жишээ нь, УИХ-ын дарга руу оймс шидсэн гэж намайг буруутгасан. “Ийгл” телевиз Эдийн засгийн форумыг шууд дамжуулж байхад нэг нөхөр гарч ирээд УИХ-ын дарга руу оймс шидсэн. Дамжуулж байгаа телевиз юм чинь манайх гаргаж л таараа. Энэ мэт ямар ч хамаагүй зүйл дээр буруутгагдсаар л ирсэн. Тухайн мэдээ хүлээн авагчдад таалагдаж байна уу, үгүй юу гэдгээрээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг үнэлж, шүүгээд байх шиг байна. 

“Бүрэн зураглал” нэвтрүүлгийн хувьд тухайн дүр нь өөрөө сонирхолтой л байвал үзэгчид сонгуулийн шоу гэж хардаж шүүмжлэхээс бид үл айна. Жишээ нь, Э.Одгэрэл гэдэг модел бол өнөөдөр Монголд хүлээн зөвшөөрөгдсөн модел. Энэ хүнийг харуулна гэдэг бидний хувьд бахархал. Түүн шиг УИХ-ын дарга ч Монголын хамгийн нэр хүндтэй улстөрч. Дээрээс нь хамгийн анхаарлын төвд байгаа улстөрч. Бид МАН-ын даргыг ч мөн энэ нэвтрүүлэгтээ урьж байгаа. Энэ хүн бол сонгуульд ялах магадлалтай хоёр намын нэгнийх нь дарга. Бидний хийж байгаа зүйлийг улстөр гэж хардах эсэх нь хамаагүй. Бид нийгэмд хэн, юу сонирхолтой байгааг л гаргахыг зорино. 

- “Ийгл” телевиз CNN-н хамтын ажиллагаа үргэлжилж байгаа юу. Ер нь өөрийн тань хувьд гадны стандартыг нутагшуулах тухайд ямар бодолтой явдаг вэ?
- Үнэндээ би гадны стандартыг шүтдэг хүн биш. Гэхдээ бид гадны стандартууд, зарчмыг нь судлах ёстой. Жишээ нь, “Яг түүн шиг” шоуг бид хийж байна. Бидэнд алдаа их байгаа ч дараа жил илүү сайн хийнэ. “Яг түүн шиг” шоун дээр гэхэд 150 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. 

CNN-тэй хамтарч ажиллаж байгаа. Цэвэр сургалтын зорилготой. Шуурхай мэдээгээ яаж өгдөг юм, Дата майнинг яаж үүсгэдэг вэ гэх мэтчилэн зүйл дээр суралцаж байна. 

 Жишээ нь, CNN.com гэхэд өглөө бүх мэдээн дээр шар бөмбөлөг үүсгэчихдэг. Мэдээ нийтлэгдээд эхлэхээр бөмбөлөгүүдийн өнгө хувирч эхэлдэг. Хамгийн их хандалттай мэдээнүүд улаан болоод эхэлдэг. Харин хамгийн бага үзэж байгаа нь цайвар ногоон болдог. Тэгэнгүүт редакц бага үдэд хуралдаад улаан бөмбөлгөө дагадаг. Үдээс хойш 17 цагт тэр редакц бүхэлдээ хоёр улаан бөмбөлөг болж хувирдаг. Үүнийгээ дагаад хандалт өсч байдаг.  Энэ мэт нөү хауг л бид мэдэх гэж тэдэнд мөнгө төлөөд байгаа юм. 

Сайн бизнес бол зах зээлээ дагах бус, зах зээлээ өөрөө бий болгодог гэдэг зарчимд би итгэдэг

- Гэхдээ бидний нэг зарчмын зөрүүтэй ойлголт байдаг шүү дээ. Уншигч, үзэгчдийгээ дагах уу, дагуулах уу?
- Медиа бол үзэгчдийн сонирхож байгаа сэдвийнх нь хэрэгцээг хангах нь чухал. Гэхдээ сонирхож байгаа тэр сэдвийнх нь хүрээнд мэдлэгийн хувьд, баримтын хувьд шат ахиулах буюу соён гэгээрүүлэх илүү үүрэгтэй гэж боддог.

Жишээ нь, Мүүн гэдэг зүйлийн талаарх ойлголтыг нэг түвшин ахиулах хэрэгтэй. Ахиулсан цагаасаа эхлээд бид дагуулаад эхэлдэг гэсэн үг. Ер нь сайн бизнес бол зах зээлээ дагах бус, зах зээлээ өөрөө бий болгодог гэдэг зарчимд би итгэдэг. 

ДӨРӨВ. БРЭНДИЙГ ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БОЛГОХ ВЭ ГЭДЭГ ТЭР ПРОЦЕСС МАШ ДУР БУЛААМ

- Сэтгүүл зүй, PR хоёр тусдаа зүйл гэдэгтээ санал нийлэх үү. Энэ хоёр холилдож болох уу?
- Хольж болдог эсэхийг би мэдэхгүй. Зарчмын хувьд тусдаа асуудал. Эрс тэрс зүйл. Олон нийтийн харилцааны мэргэжилтнүүд сэтгүүлч хийнэ гэдэгт би итгэдэггүй. Сэтгүүлчид олон нийтийн харилцааны мэргэжилтэн болно гэдэгт би бас итгэдэггүй. Энэ хоёр зарчмын хувьд тусдаа асуудал. 

Дээрээс нь манайхан PR гэдэг зүйлийг анхнаасаа их муухай зүйл гээд ойлгочихсон. Уг нь олон улсын нэршил нь бол харилцааны стратеги (communication strategy) юм. Хувь хүний хооронд, бизнес хооронд, бизнес төр хооронд, олон нийт төр хооронд харилцаа үүсдэг. Энэ харилцаагаа стратегитай хөтөлж чадвал харилцан зөв ойлголцдог. Харилцан зөв ойлголцох юм бол зөв шийдвэрт хүрдэг. Энэ харилцааны стратегийг удирдахыг л олон нийтийн харилцаа гээд байгаа юм. Түүнээс PR гэдэг нь сонины эхний нүүрэн дээр ярилцлага гаргахыг хэлэхгүй. 

PR гэдэг нь сонины эхний нүүрэн дээр ярилцлага гаргахыг хэлэхгүй

Манайхан одоо PR –г нэг сайн мэдээ гаргах, нэг сайн ярилцлага гаргана гээд буруу ойлгочихсон байна. PR гэдэг бол стратеги боловсруулах, ялгарал бий болгох, ялгарлын тухай зарчмуудаа мөрдөх, тэр зарчмуудыг олон нийтэд хүргэх хэрэгслээ сонгох, сонгосон хэрэгслээ үр дүнтэй ашиглах гэсэн цогц ойлголт.

Харин сэтгүүл зүй гэдэг тусдаа. Тусдаа зарчимтай, тусдаа онолтой зүйл. 

- Сэтгүүл зүй, PR-ийг хольж хутгасан хүн гэж өөрийг чинь ярьдаг хэсэг хүн бий. 
- Үгүй дээ. Би нэг зүйлийг бардам хэлж чадна. 

Олон нийтийн харилцааны ажлыг сэтгүүл зүйтэй холих боломж угаасаа байхгүй. Бид олон нийтэд хүргэхийг хүсч байгаа захиалгат контентоо бизнесийн зарчмаар албан ёсны гэрээ байгуулаад нийтлэл бичүүлж болно, нэвтрүүлэг хийлгэж болно. Түүнээс би сэтгүүлчээ дуудаад чи ийм зүйл бэлд, хүмүүсийн сэтгэл зүйд ингэж нөлөөл гэж хэзээ ч шаардаж байгаагүй. Ийм зарчим үйлчлээд эхэлбэл энэ компани өөрөө дампуурна шүү дээ. 

- Улстөрийн PR хийдэг учраас ийм хардлаганд ордог болов уу?
- Зарим нэг хүнтэй ажиллаж байсан учраас ингэж харддаг байх. Гэхдээ би аль нэг медиагийн шууд удирдлага биш. Шууд удирдлага байсан үедээ ч харилцааны ажлыг хольж хутгаж байгаагүй. Хоёрт, одоо би захирал нь биш ч холбоотой этгээд мөн байлаа гээд медиа хэрэгслүүддээ шууд нөлөөлдөггүй. Манай телевизүүд, сонин, сайт иймэрхүү нөлөөллийг ч хүлээж авах бололцоогүй. Жишээ нь, “Монголын Медиа Корпораци” нийтлэлийн бодлогын хараат бус дөрвөн гишүүний зөвлөлтэй. Тэр зөвлөл дээр редакцийн бодлого гараад үүний дагуу нийтлэл, мэдээлэл гардаг. Тэр зөвлөлийн дарга нь нийтлэлч Баабар. Баабар гуай жишээ нь миний үгэнд ороод л явах уу. Үгүй л байхгүй юу даа. 

Одоо байгаа олон нийтийн дундах ойлголтоор би мэргэжилгүй хүн

- Өөрийн чинь мэргэжлийг тодорхойлъё гэвэл юу гэх үү. Менежер, сэтгүүлч, програмист, олон нийтийн харилцааны мэргэжилтэн ... аль нь вэ?
- Одоо байгаа олон нийтийн дундах ойлголтоор би мэргэжилгүй хүн. Бакалаврын дипломгүй учраас би ингэж хэлж байна. 

- Олон нийтийн ойлголт ийм байж. Тэгвэл та өөрийгөө тодорхойлбол?
- Медиа бизнесийн менежер гэж өөрийгөө тодорхойлох дуртай. Ер нь миний зорилго ямар ч төсөл дээр сайн менежер байхыг л хүсдэг.

- Медиа бизнесийн менежер улстөрчидтэй найз байх ёстой юу. Эсвэл дайсан нь байх ёстой юу?
- Найз ч биш, дайсан нь ч биш. Сэтгүүлч мэдээлэл олж авахын тулд улстөрчидтэй уулзахаас өөр арга байхгүй. Энэ бол зайлшгүй зүйл. Гэхдээ тухайн улстөрчийг буруу зүйл хийхэд нь өмгөөлж, автах нь буруу. Тэгэхээр тэдэнтэй зохистой харьцаанд л байх ёстой. 

- Өөрийн тань хувьд улстөрчидтэй хэр их найзладаг вэ?
- Би маш олон улстөрчийг танина. Маш олон улстөрчтэй зохистой харьцаатай. 

- Медиа салбарт ажиллаж байгаад яагаад олон нийттэй харилцах энэ ажил руу орсон бэ?
- Миний хувьд үйлчлүүлэгч маань нэг брэнд. “Кока Кола” гэдэгтэй ижил. Энэ брэндийг хэрхэн амжилттай болгох вэ гэдэг тэр процесс маш дур булаам. Энэ утгаараа би өөрийгөө сорьё л гэж боддог. 

 Брэндийг яаж амжилттай болгох вэ гэдэг тэр процесс маш дур булаам

- Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн олон нийттэй харилцах менежер хийдэг байснаа нээлттэй мэдээлж болох уу?
- Би олон нийттэй харилцах орон тооны бус зөвлөхийг нь хийсэн. Гэрээ байгуулаад бизнесийн зарчмаар ажилласан. 

- Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Алтанхуяг гишүүнтэй бас ажиллана гэж байсан. Үнэн үү?
- Н.Алтанхуяг гишүүнийг Ерөнхий сайдын суудлаас буусны дараа гэрээ дууссан. Одоо миний хувьд АН-ын НИТХ-ын олон нийттэй харилцах албанд менежерээр ажиллаж байгаа. 

- Өмнө нь олон нийттэй харилцах ажлын тухай ярьсан ярилцлага дээрээ дандаа Ардчилсан Намынхантай хамтарч ажиллачихдаг гэж байсан. Үүнд хөрөнгө оруулагчдын нөлөө байдаг уу?
- Үгүй. Анхнаасаа л АН-ынхантай хамтраад ажиллачихсан болохоор итгэлцлийн асуудал байдаг байх. 

- Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа олон нийтийн сүлжээгээр их явна. Тэнд нэр дэвшигчид мөнгөө их зарцуулах нь гээд байгаа. Энэ хэр зөв суваг вэ?
- Хэвлэл мэдээллийн байгууллагаасаа л хамаарна. Танай сайтаар жишээ авъя. Танай сайтын хандалт хэд вэ?

- Янз бүр, 150 мянга хүртэл.
- Тэгэхээр 150 мянган ялгаатай хаяг гэдэг чинь тэнд дор хаяж 100 мянган бодит хүн байна гэсэн үг. Тэр 100 мянган хүн хоёр жил “iKon” руу ороод брэндийн үнэ цэнэ үүсгэчихсэн байгаа. Нэг ёсондоо фэн болчихсон гэсэн үг. Хүмүүс яагаад “Apple”-ийн бүтээгдэхүүнийг дарааллаж зогсоод тэсэн ядан хүлээж байгаад худалдаж аваад байна вэ. “Apple”-д дуртай учраас худалдаж аваад байдаг. Үүн шиг “iKon”-нд дуртай учраас хүмүүс “iKon” рүү ордог. Энэ үнэ цэнийн холбоо сошиал медиа дээр байхгүй. Хэн ч мэдэхгүй пэйж бий болгоод баахан мөнгө түүнд зарцуулахаар хүмүүст итгэлийн индекс ердөө төрддөггүй. 

Хэн ч мэдэхгүй Фэйсбүүк пэйж бий болгоод баахан мөнгө түүнд зарцуулахаар хүмүүст итгэлийн индекс ердөө төрддөггүй

Харин “iKon” –н онцлох мэдээний хэсэгт “Амундра ингэжээ” гэсэн мэдээнд 100 мянган уншигчийн 50 хувь нь автоматаар итгэдэг. Тэгэхээр тэр мэдээлэлд хүн итгэж байна уу, үгүй юу гэдгээр мэдээллийн өгөөж хэмжигдэнэ үү гэхээс мэдээ харагдаад өнгөрөхийг өгөөж гэж хэлэхгүй. 

Дээрээс нь сошиал медиаг би хувьдаа найз нөхдийнхөө тухай мэдээлэл авах эсвэл сонирхол нэгт хүмүүсийн бүлгээсээ мэдээлэл авах гэж ашигладаг болохоос улстөрчдийн сурталчилгааг үзэх гэж хэрэглэдэггүй. Тэгэхээр нэгт, сошиал медиад бидний хүсч байгаа хүртээмж байна гэж итгэх нь их өрөөсгөл.

Харин сонгуулийн сурталчилгаанд олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах ёстой вэ гэвэл өөрсдийн ухуулагч нарын сүлжээг ажиллуулах нь илүү тохиромжтой гэж боддог. 

ТАВ. РЕЙТИНГ ҮЗҮҮЛЭЛТЭЭ ХАРАХ ЮМ БОЛ БИ САЙН МЕНЕЖЕР. САНХҮҮ ТАЛААСАА БОЛ МУУ МЕНЕЖЕР

- Амундра гэж нэр ямар утгатай вэ?
- Аавыг маань Амартүвшин, ээжийг маань Ундармаа гэдэг.  Аав, ээжийн маань нэрний эхлэлүүд. 

- Өөрийг тань “Либертар сан”-д ажиллаж байсан гэдэг. Тэгэхээр либертар үзэлтэй гэж ойлгож болох уу?
- Миний хувьд буддын шашин, либертар үзэл санаа хоёр яг ижилхэн санагддаг. Энэ бол улстөрийн үзэл баримтлал гэхээсээ илүү философи гэж би хүлээж авдаг.

 Чи бод доо. Төр юу ч хийж чадахгүй. Төр нийтийн эрх ашгийн төлөө хувь хүн, компанийн хийж чадахгүй байгаа зүйлийг хамгийн муугаар хийдэг институт.

Төр нийтийн эрх ашгийн төлөө хувь хүн, компанийн хийж чадахгүй байгаа зүйлийг хамгийн муугаар хийдэг институт

Харин эсрэгээрээ компани, хувь хүн өөрийнхөө амь амьдрал, сайн сайхан, ашгийн төлөө бүхнийг хамгийн гоёор хийдэг. Хувийн хэвшил ашгийн төлөө ажиллаад хамгийн том, сайн амжилтыг гаргадаг.

Либертар үзэл санааны гол зарчим нь төрийн оролцоог бага байлгах, хувь хүнд, хувийн хэвшилд итгэх үзэл санаа юм. Энэ нь өөрөө хүн төрөлхтний амьдралын хэв маягийн суурь зарчим гэдэгт би хатуу итгэдэг. Төр оролцсон бүх юм дампуурч байгааг харж байгаа биз дээ. 

Хүний өөрийнх нь байгалиас заяасан натур нь өөрийнхөө явцуу эрх ашгийг хамгаалахад оршдог. Хүн өөрийгөө болон өөрийнхөө гэр бүлийг илүү сайн сайхан байлгахын тулд илүү сайн ажилладаг, илүү сайн ашиг гаргадаг. Илүү ашиг гарснаар нийгэмд хуримтлал бий болдог. Хуримтлал бий болсноор зээлийн хүү буурдаг. Зээлийн хүү буурснаар хөрөнгө оруулалт нэмэгддэг. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр бага, дунд орлоготой иргэдэд очих орлогын хуваарилалт нэмэгддэг. Ерөөсөө энэ энгийн циклийг бид ойлгохгүйгээсээ болж бүхлээрээ буруу тийшээ явчихаад байна. 

Буддын шашинд ч хүн муу зүйл хийвэл үйлийн үрээ эдэлнэ гэдгийг ойлгуулдаг. Муу зүйл хийхгүй бол сайхан амьдарна гэсэн суурь зарчим байдаг. Энэ суурь зарчим нь адилхан учраас би либертар үзэлд их итгэл төгс байдаг юм. 

Либертар сангийн тухайд П.Цэнгүүн захирлын энэ санд нь туслахаар ороод сүүлд гүйцэтгэх захирлыг нь хийж байгаад татан буугдсан. Манай сан ганцхан ажилтантай байсан нь би. Жорлонгоо угаахаас эхлээд захирлыг нь хүртэл хийдэг байлаа. 

Тухайн улсад амьдарч байгаа олон бизнесмэн сайн бизнес хийхийг л хөгжил гэж хэлнэ

Бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Тухайн улсад амьдарч байгаа олон бизнесмэн сайн бизнес хийхийг л хөгжил гэж хэлнэ. Нэг удирдагч, нэг төр бидний амьдралыг аврахгүй. Бидний бизнес л сайн байж бид аврагдана. Харин бизнесээ сайн хийхийн тулд төр бага оролцох хэрэгтэй. Төр ойлгодог л байх хэрэгтэй. 

- Энэ сангаа дахиж ажиллуулах уу?
- Санаа бол бий. Гэхдээ юун түрүүнд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй. Би чинь хөлсний менежер шүү дээ. 

- Аль нэг намын гишүүн биш. Тийм үү?
- Гишүүн биш. 

- 30 нас шүргэж байгаа мөртлөө өдий медиа группыг удирдаад явж байгаа чинь өөрийг тань “амжилттай нэгэн” гэж тодорхойлж болох мэт. Харин та юу гэж боддог вэ?
- Нэгт, би өөрийгөө сайн явж байна гэж боддоггүй. Өдөр болгон өөрийгөө голдог.

Бага багаар хийгээд л байх юм бол ажил дуусч үр дүнд хүрдэгтэй адилхан цаг наргүй явж байгаа маань өнөөдрийн намайг бий болгосон байх. Хэрвээ би ажлаа таслаад архи уугаад алга болоод байвал бүх зүйл хормын дотор байхгүй болно шүү дээ. Тэгэхээр амжилттай байхын хамгийн эхний зүйл өглөө эрт ажил дээрээ ирэхээс л эхлэх байх даа. 

Нөгөө талд би анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн үү гэж асуувал би муу менежер. Рейтинг үзүүлэлтээ харах юм бол би сайн менежер. Манай үйлдвэрлэж байгаа контентууд гэхэд зах зээлийн 40 хувийг эзэлж байна. Энэ утгаараа бол би сайн менежер. Санхүү талаасаа бол муу менежер юм даа. 

- Ажилчдыгаа нэлээд загнидаг хатуу захирал гэдэг юм билээ. Хүлээн зөвшөөрөх үү?
- Анхны хоёр жил жаахан хатуу байсан. Би өөрөө ч туршлагагүй байсан. Харин  одоо их тайван болсон шүү.

Ер нь ажил хийж байгаа хүн алдаж болно. Алдах эрхийг нь би өгдөг. Алдаж байж сурдаг гэж боддог. Түүнээс юм бүхнийг нь төгс байлгах гээд өөрөө бүх зүйлд нь оролцоод, бүгдийн өмнүүр орж хийгээд байвал хүмүүс маань шинийг эрэлхийлж ахиж дэвшихийг хүсэхгүй шүү дээ. 

- Цаашдаа аль салбартаа түлхүү ажиллах вэ. Төлөвлөгөө бий юу?
- Яваандаа хотоос зайдуу газар байшинтай болоод баримтат кино хийгээд л сууж байдаг  хүн болъё гэж боддог. 40 хүрэхээсээ өмнө энэ бололцоогоо бий болгоё гэж боддог. Хэвлэлтэй илүү ойр хүн болохоор тухайн агуулгыг гоё хийх гэдэг зүйл рүү их татагдаж байна. Сүүлд Б.Баатар найруулагчтай хамтарч ажиллаад тэдний студийн арга барил, Б.Баатар найруулагчийн ур чадварт их татагдсан. Энэ чиглэлд их татагдаад байна.

- Тэгвэл өөрийнхөө бизнесийг бий болгох бодол байдаг уу?
- Бизнес төлөвлөгөөгөө биелүүлэх юм бол тодорхой хэмжээний хувь эзэмших тохиролцоог хөрөнгө оруулагчидтайгаа хийсэн. Үүнд би итгэдэг. 

Тиймээс энэ компанийнхаа үр дүнг гаргаад өөрөө хувь эзэмшигчийн нэг болно гэж бодож байгаа. 

Өөр бодох зүйл байхгүй байна.  

 Би зүгээр сууж байгаад, эсвэл хэн нэгнийг шантааж хийж байгаад мөнгө олоогүй гэдгээ хэлмээр байна

- Медиа бизнес зарчмаараа ажиллаад өөрийгөө тэжээгээд дээрээс нь ашигтай ажиллах боломжтой. Үүнтэй санал нийлэх үү?
- Тийм ээ. Манай групп гэхэд медиагийн нэгж тус бүрт бизнесийн төлөвлөгөө гаргаад зарчмаа хатуу баримталж ажиллахыг зорьдог. 

Жишээ нь, үл хөдлөх хөрөнгийн медиа экспог бид хийлээ. Үүнээс гэхэд сарын 40 сая төгрөгийн орлого бүрдүүлж байна. Одоо бид “Ардын үг” гээд төсөл хэрэгжүүлж байна. Илүү их санаачлага гаргаж илүү их хөдөлмөрлөж байж бид бизнесээ хийж байна. Түүнээс би зүгээр сууж байгаад, эсвэл хэн нэгнийг шантааж хийж байгаад мөнгө олоогүй гэдгээ хэлмээр байна. 

Ингэж хатуу төлөвлөгөөний дагуу ажилласаар нэг л өдөр бизнес төлөвлөгөөгөө биелүүлэх учиртай. 

Танайх манай сайн өрсөлдөгч

 
Зүүн гар талаас iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа, `Монгол Масс Медиа` группын захирал А.Амундра нар,

- Өмнө нь дэлгэрэнгүй ярилцлага ерөөсөө өгч байгаагүй. Яагаад вэ?
- Ер нь ярилцлага өгөх миний хувьд тийм тохиромжтой зүйл биш. Гэхдээ би өөрийг чинь “GoGo” –т ажиллаж байхаас нь мэднэ. Хүндэтгэдэг сэтгүүлч. Хоёрт, би “iKon”- ийн үнэнч хэрэглэгч нь. “iKon” анх удаа хэрэглэгчдэд зориулсан интерфэйсийг нэвтрүүлсэн сайт.

Бид нар систем хөгжүүлэлт дээр танайхаас хоцорсон. Танайх манай сайн өрсөлдөгч. Хувь хүний үүднээс л хүндэтгэдэг учраас ярилцлага өглөө. 

- Олон нийтэд нэг их нээлттэй байдаггүй чинь янз бүрийн хардлаганд оруулдаг юм биш үү?
- Хэдхэн хоногийн өмнө намайг Хятадын мөнгөөр тархи угаагч гэсэн агуулга бичээд фэйсбүүкт энэ постыг төлбөртэй цацаад байх юм. Ганцхан хүний эсрэг сүрхий хөдөлмөр, мөнгө зарж байгаа юм шүү (инээв).  Иймэрхүү зүйлд нэг их эмзэглэхээ больсон байна. 

Харин надтай хамтарч ажилладаг хэрнээ араар минь муу хэлж тэрнээс, энэнээс мөнгө авчихлаа гэсэн яриа гаргадаг хүмүүст их эмзэглэдэг шүү. Намайг тийм зүйл хийгээгүйг мэдсээр байж...

x