Unitel 4G LTE    
1
2
3
4
5

Р.ГАНБОЛД: ӨРСӨЛДӨГЧТЭЙГӨӨ ӨРСӨЛДӨХ ШААРДЛАГАГҮЙ ЗҮЙЛ ДЭЭР ХАМТРАХ Л ХЭРЭГТЭЙ

Ч.Болортуяа
2016 оны 4 сарын 11
IKON.MN
Р.ГАНБОЛД: ӨРСӨЛДӨГЧТЭЙГӨӨ ӨРСӨЛДӨХ ШААРДЛАГАГҮЙ ЗҮЙЛ ДЭЭР ХАМТРАХ Л ХЭРЭГТЭЙ
Зураг

Монголд 4G LTE сүлжээг "Юнител" групп түүчээлэн нэвтрүүлсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиосон билээ. 

Тиймээс iKon.mn сайт “Өглөөний хүн” ярилцлагын буландаа Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын тэргүүлэгч компанийн нэг "Юнител" группын Ерөнхий захирал Р.Ганболдыг урьсан юм. 

Хэвлэлд төдийлөн ил гарч ярилцлага өгөөд байдаггүй энэ эрхмийн намтар Монголын Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын түүхийг илтгэмээр.

Монголын програм хангамжийн охь уурхай болсон Комьпютерийн Техник, Менежментийн Сургууль буюу КТМС, "Интерактив" компани, Мэдээлэл Технологийн Үндэсний  Парк, Үндэсний Дата Төв зэрэг үүсгэн байгуулалцаж “шавыг нь тавьж” эхлүүлсэн ажил түүнд их аж. 

Ингээд "Юнител" хэмээх их айлаар “овоглосон” ноён Р.Ганболдын анхны дэлгэрэнгүй ярилцлагыг "Өглөөний хүн" булангаар хүргэж байгаадаа баяртай байна. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

 
Ярилцлагын зочин:  Р.Ганболд 

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort

Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир MPA.mn 

Зураг

"4G LTE ГЭДЭГ НЬ БИДНИЙ МЭДЭХ 3G-ЭЭС ХАМГИЙН БАГАДАА 10 ДАХИН ХУРДАН СҮЛЖЭЭ ЮМ"

- Монголд хамгийн анхны 4G LTE сүлжээг “Юнител” групп нэвтрүүлсэн онцгой  үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ тухайгаас ярилцлагаа эхэлье.
- Тэгье ээ. 

“Юнител” групп дэлхийн хөгжингүй орнуудад нэвтэрсэн, технологийн шинэ эринийг илэрхийлэх 4G LTE сүлжээг Монголдоо анхлан байгуулсандаа баяртай байна. Эхний ээлжинд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Цогтцэций, Даланзадгад хотуудад сүлжээгээ нэвтрүүллээ.

4G LTE гэдэг нь бидний мэдэх 3G-ээс хамгийн багадаа 10 дахин хурдан сүлжээ юм. 

Хэдхэн жилийн өмнө бид гар утсаараа зөвхөн ярьж, мессеж л илгээдэг байсан. Тэгвэл 4G LTE сүлжээг нэвтрүүлснээр бид онлайн контентуудыг өндөр хурдаар ямар нэгэн гацалт, саадгүй үзэж, өндөр хурдаар видео үзэх, татаж авах гээд интернэтийн хязгааргүй хурдны маш олон давуу талыг мэдрэх боломжтой боллоо. 

- Энэ сүлжээг байгуулж, Монголдоо нэвтрүүлсэн нь маш сайшаалтай хэрэг. Гэхдээ техник л учраас эхэн үед ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй байх?
- 4G сүлжээг асаахад янз бүрийн хүндрэл мэдээж бий. 

Яагаад гэхээр хүн болгоны гар утас 4G дэмждэггүй. Зах зээл дээр байгаа нийт гар утасны 10-20 хувь нь л 4G дэмждэг утас байна. Цоо шинэ дараа үеийн технологийг Монголд анх удаа “Юнител”-ийн инженерүүд өөрсдөө суурилуулан тохиргоог нь хийж нэвтрүүлж байгаа болохоор зарим нэг доголдол, тодорхой төрлийн утаснууд дээр ажиллахгүй байх зэрэг хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс бид хэрэглэгчиддээ энэ сарыг дуустал 4G LTE сүлжээг үнэ төлбөргүй ашиглах эрхийг олгож байгаа юм. Энэ нь нэг талаасаа бид техник дээр багахан асуудал гарч магад гэж сэрэмжилж байгаа хэрэг ч нөгөө талаасаа хэрэглэгчиддээ 4G LTE-ийн хурдыг мэдрүүлж, интернэт ертөнцөөр хязгааргүй аялах боломжийг олгож буй явдал юм. 

"Бэлтгэл ажил ч дууссан, тусгай зөвшөөрөл ч гарсан. Бүх ажил маань яг таарлаа"​ 

Бидний харж байгаагаар хоёр жилийн дараа 4G LTE Монгол Улсад нэлээд өргөн дэлгэр нэвтэрчихсэн байна байх. 

- 4G LTE сүлжээг байгуулж, нэвтрүүлэхийн цаана хөрөнгө оруулалт болоод бэлтгэл ажил их байсан байх. Энэ талаар ярихгүй юу?
- Сүлжээ төдийгүй аливаа шинэ технологийг нэвтрүүлэхэд инженер, техникийн ажилтан, бусад хүний нөр их хүч хөдөлмөр болон хөрөнгө оруулалт шаардаж байдаг. Ер нь манай  салбар өөрөө өртөг өндөртэй салбар. Жишээ нь, Улаанбаатар хотыг бүрэн бүрхсэн сүлжээ байгуулъя гэхэд 200-300 бааз станц байгуулдаг. Тэр болгоныг байгуулна гэдэг байр сав, цамхаг гээд маш олон зүйл шаардана. Энэ сүлжээ байгуулах ажлыг сараар хэмжих боломжгүй. Жилээр хэмжигдэх ажил болдог. Бид хоёр жилийн өмнөөс бэлтгэл ажлаа хийгээд эхэлчихсэн байсан гэсэн үг. Бид юу хүлээж байсан бэ гэхээр тусгай зөвшөөрөл л хүлээж байсан. Ажил ч дууссан, тусгай зөвшөөрөл ч гарсан. Бүх ажил маань яг таарлаа.

Хөрөнгө оруулалтын хувьд хэдэн арван сая доллар байх нь ойлгомжтой.

Зураг

"10 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ҮҮРЭН ХОЛБООНЫ ОПЕРАТОР УДИРДСАН БАЙНА"

 

- Таныг КтМС буюу одоогийн ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийг байгуулсан тухай уншиж байлаа.  Энэ тухайгаасаа ярихгүй юу? 
- Хуучин Политехникийн Дээд сургуульд Компьютер Сургалтын Төв гэж байсан юм. Энэ төв өрх тусгаарлаад Компьютерийн Техник Менежментийн сургуулийг барилгын ТМС-ийн суурин дээр бидний хэдэн багш суурийг нь тавьж байлаа. Миний хувьд Програм хангамжийн тэнхимийг нь удирдаад тухайн үеийн сургалтын агуулга, компьютерийн лабораториудыг байгуулсан.  Анх байгуулалцах энэ үйл явцад нь буюу гурван жил ажиллаад л мастерт суралцахаар Тайландыг зорьсон. Хоёр жил сурч ирээд сургуульдаа багшлах боломж байсан ч хувийн компани байгуулж хүчээ үзье гэж шийдсэн юм.

- Та ажлын гараагаа багшаар эхэлсэн гэсэн үг үү?
- Яг ч тийм биш. Сургуульд багшлахаас өмнө Монгол Улсын Усны нийт нөөцийн мэдээллийн сан байгуулах Унгар, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан төсөлд ажиллаж байсан. Дунд нь цэргийн алба ч хаагаад амжсан юм байна. 

- Мастерт сураад Монголдоо буцаж ирээд “Интерактив” компанийг байгуулсан гэж байсан. Яагаад хувийн бизнес хөөх болов?
- Монголдоо буцаад ирэхэд КТМС-ийг байгуулалцаж явсан Д.Бадарч захирал маань ШУТИС-ийн ректор болсон байсан. Надад ажлын сайхан боломж санал болгосон ч миний хувьд сургууль төгсөөд ирчихсэн шинэ зүйл хиймээр санагдаад “бяр амтагдаад” гэхүү дээ, багшилж байх үеийн шилдэг оюутан залуучуудаа энд тэндээс цуглуулаад компаниа байгуулсан юм.

"Шилдэг оюутан залуучуудаа энд тэндээс цуглуулаад "Интерактив" компаниа байгуулж байлаа"

- “Интерактив” компанид одоо таны ямар нэгэн оролцоо бий юу?
- “Интерактив”-ыг байгуулаад найман жил удирдсан. Хөл дээр нь босгосон. Монголын програм хангамжийн тэргүүлэх компаниудын нэг болсон. Ингээд явж байтал төрийн ажил хийх болоод захирлын ажлаа өгч ТУЗ-ийн дарга гэж явж байгаад сүүлийн үед бараг оролцоогүй болсон доо.

- Хэдийгээр хувийн хэвшилд ажиллаж байсан ч энэ үедээ таныг IT Park-ийг байгуулалцсан гэдэг юм билээ. 
- Тийм ээ.

Тайландад суралцаж байхдаа болон ажлын шаардлагаар Япон, Энэтхэг гэх мэт улс орнуудаар явж байхад IT Park шиг технологийн паркуудтай танилцдаг байлаа. Эдгээрийг үзээд мэдээллийн технологийн старт-ап компаниудыг дэмжсэн IT Park Монголд байх ёстой юм байна гэж ойлгоод ийм парк байгуулах юмсан гэж мөрөөдөж эхэлсэн л дээ. 

Ингээд мэдээллийн технологийг хөгжүүлэх зорилготой Мэдээллийн Технологийн Үндэсний хороо гэж орон тооны бус мэргэжлийн тинк-танк байгууллагыг Ерөнхий сайдын дэргэд байгуулахад оролцож түүнийхээ шугамаар Мэдээллийн Технологийн Парк байгуулах төсөл бичин Засгийн газарт танилцуулсанаар дэмжлэг авсан. Энэ үед нэг сайхан боломж таарсан нь Солонгосын Ерөнхий сайд Монголд айлчилж байсан юм. Солонгос бол мэдээллийн технологийн өндөр хөгжилтэй улс. Тийм болохоор IT чиглэлээр Монголд тусламж үзүүлэх боломжтой байх гээд буцалтгүй тусламж болох нэг сая долларыг IT Park байгуулахад зориулж болох юм байна гэж бодсон. Засгийн газрын шугамаар төслөө уламжилсан. Үүнийг Солонгос Улсын Засгийн газар дэмжээд төсөл хэрэгжээд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк байгуулагдаж байсан түүхтэй.

IT Park байгуулагдсаны дараа “Интерактив” компанийн нэг бүтэц байршиж старт-ап компаниудад тодорхой хэмжээнд үлгэр үзүүлэх зорилгоор хэсэг хугацаанд ажиллаж байлаа.

- IT Park-ийн ТУЗ-ийн даргаар нэг хэсэг ажиллаж байсан гэсэн. Та ингээд хүссэн хүсээгүй төртэй холбогджээ дээ?
- 2004 онд л доо. Монгол Улсад Мэдээллийн технологийн хөгжлийг бодлогын хувьд чиглүүлдэг, удирддаг газар гэж байхгүй байв. Дэд Бүтцийн Яамны нэг газар дотор хэлтсийн хэмжээний л жижигхэн бүтэц байлаа. 

Тухайн үед энэ салбарыг хөгжүүлэхийн тулд төрийн яам байх ёстой юм байна гэдгийг манай салбарынхан их ярьж асуудал дэвшүүлдэг байсан. Ингээд 2004 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон юм. Шинэ Засгийн газар дэргэдээ төрийн агентлаг Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газрыг байгуулж даргаар нь одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг томилсон. Цоо шинэ байгууллага учраас салбарын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах шаардлага байсан байх. Намайг энэ байгууллагын бодлого дээр ажиллах саналыг тавьсан. Миний хувьд салбарын ийм төрийн байгууллага байх ёстой гэж ярьж явсан хүн учраас хувийн компанийн ажлаа дараагийн хүндээ хүлээлгэж өгөөд төрийн ажил руу орсон.

- Гэхдээ та төрд их богино хугацаанд ажилласан юм билээ. Бодож явсан бодлогын шийдвэрээ хэрэгжүүлж чадсан уу?
- Тийм ээ.

Төрийн энэ агентлагт хоёрхон жил л ажилласан. Хамгийн гол хөтөлбөр нь тухайн үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон “Цахим Монгол” байсан. Энэ хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нэлээн том зорилго тавигдчихсан байсан үе. Яг энэ хөтөлбөрийг боловсруулах ажил манай Бодлогын хэлтэс дээр оногдсон юм.  

Монголд хөтөлбөрөөс олон юм байхгүй. Хөтөлбөрүүдийг хараад байхад зузаан зузаан цаас гарч төсвөөс чамгүй мөнгө зарцуулж хэрэгжүүлдэг. Эсвэл зарим нь уриа лоозон болоод замхардаг.  Бид үүнээс арай өөрөөр асуудлыг дэвшүүлсэн.

Ерөөсөө 16 товч бөгөөд тодорхой зорилт тавьсан. Энэ зорилтуудынхаа хүрээнд бүх ажлаа чиглүүлье гэж төлөвлөсөн. Энэ зорилтуудаа биелүүлчихвэл 2012 он гэхэд Монгол Улс мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлөөрөө Азидаа эхний аравт багтана гэсэн амьхандаа л амбицтай зорилго тавьсан байдаг. 

"2004 онд 15 айлын интернэтийн хэрэглээтэй тэнцэхүйц урсгалаар бүх л улсаараа холбогдож байсан"

Одоогоос 12 жилийн өмнө гэсэн үг. Тэр үед Монгол Улс мэдээллийн технологийн хөгжлөөрөө маш хоцронгуй байсан. Үүрэн холбоо гэхэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг цөөн хэдэн аймгийн хүрээнд л байлаа. Интернэтийн хэрэглээ маш доогуур. Хэдхэн байгууллага л интернэт хэрэглэнэ. Тав зургаахан жижиг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани байв. Энэ компаниудын өгч байгаа интернэтийн урсгалыг бүгдийг нь нийлүүлэхэд 40 мегабит л байсан. Доошоо урсгал нь буюу даунлинк нь 40 мегабит байсан. Энэ нь өнөөдрийнхөөр бол дунджаар 15 айл авч байгаа интернэтийн урсгалтай л тэнцэх үзүүлэлт юм. 

Өөрөөр хэлбэл 2004 онд 15 айлын интернэтийн хэрэглээтэй тэнцэхүйц урсгалаар бүх л улсаараа холбогдож байсан байгаа юм. 
Компьютерийн хэрэглээ ч маш бага байсан. Компьютер гэхэд байгууллага болгонд байдаггүй. Томовтор байгууллагын дарга, нягтлангийн ширээн дээр байдаг байсан үе. Үүрэн холбооны хэрэглэгчийн тоо гэхэд 300-400 мянга буюу одоогийн хэрэглэгчийн 10 хувьд хүрэхтэй үгүйтэй. Хөдөө орон нутагт телевизээр үздэг ганцхан сувагтай. Кабелийн телевиз нь ганцхан Улаанбаатарт гардаг байсан. Ер нь мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг эдгээр үзүүлэлтээр аваад үзэхэд нөхцөл байдал ийм л байсан. Ийм байдалтай байхад бид “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж хүлээж авч байлаа. Төсвөөс ямар ч дэмжлэггүйгээр энэ хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн гэж би боддог.

- Таныг Монгол Улсын Дата Төвийг бас байгуулах ажлыг эхлүүлж байсан гэдэг?
- Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газарт байхдаа бид Монгол Улсад төрийн мэдээллийн Дата Төв байгуулах шаардлагатай гэж үзээд төсөл боловсруулан Солонгосын КОЙКА-д санал тавьсан юм. Таван сая долларын хөрөнгө оруулалт татах төслийг маань Сангийн Яам дэмжиж хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт оруулж, 2006 онд санхүүжилт бүтээд улмаар Монгол Улсын Үндэсний Дата Төв байгуулагдаж байсан түүхтэй.

- Ингээд та “Скайтел” компанийн Гүйцэтгэх захирлаар очсон уу?
- Тийм ээ. 

“Скайтел” компанид намайг очиход 90 гаруй мянган хэрэглэгчтэй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд цөөн хэдэн газар л сүлжээгээ оруулсан байсан. Дөрвөн жил ажиллахад хэрэглэгчийн тоо 360 мянга болж, бүх аймгийн төв болоод 260 гаруй суманд “Скайтел”-ийн сүлжээ орсон. Ингээд байж байтал “Скайтел”-ийн хувьцаа эзэмшигч MCS болон дийлэнх хувьцаа эзэмшигч Солонгосын хоёр компани хувьцаагаа монголын компаниудад зарж шинэ эзэдтэй болсноор ажлаа дараагийн удирдлагад хүлээлгэж өгөх шаардлага гарсан гэх үү дээ. 

- Таны хувьд компанийн эзэн, сургуульд багш, судлаач, төрийн байгууллагад дарга мөн компанийн гүйцэтгэх удирдлагын ажлыг одоо хийж байна. Эдгээрээс өөрт тань хамгийн их таашаалтай ажил нь аль нь байна вэ?
- Өөртөө авч байгаа таашаалаа бодох юм бол програм бичээд сууж байх нь их сайхан таашаалтай ажил. Олон хүнтэй харьцаад байхгүй өмнөх ажлаа л  хийнэ. Их юм дотроо бодно. Програмистуудын ажлын онцлог юм уу даа. Тийм болохоор өөрийгөө илэрхийлэхдээ тааруу. Би ч бас тиймэрхүү. Магадгүй тийм учраас энд тэнд ярилцлага өгөөд явах дуртай биш.

Энэ утгаараа аваад үзвэл програм бичээд өөрийнхөө ертөнцдөө амьдраад явах нь хувь хүн талаасаа илүү сайхан ч нөгөө талаасаа энэ авч байгаа таашаал нь хязгаарлагдмал, тийм үү. 

Нөгөө талаар, хийсэн бүтээсэн нь олон хүнд хүртээл болоод олон хүнийг баярлуулаад олон хүн түүнээс нь сэтгэлийн таашаал авч байгаагаас авах сайхан мэдрэмж нь хэд дахин илүү их юм. Хэдий асуудал ихтэй ч оператор компанийн захирал хийх нь илүү их таашаал өгдөг ажил. Ялангуяа амжилттай ажиллаж байгаа нөхцөлд шүү дээ. 

10 жил тасралтгүй үүрэн холбооны оператор удирдлаа. Бодоод байхад хамгийн урт хугацаанд энэ ажлыг хийсэн байна. Зүгээр ч нэг урсгалаараа энэ ажлыг хийгээд явсангүй. Дандаа л шинийг бодож сэтгэж, мөрөөдөж, түүндээ хүрэхийн төлөө хичээж хоёргүй сэтгэлээр ажиллалаа. Үр дүн нь ч хангалттай гарч байгаа байх.

Төрийн байгууллагын тухайд хоёрхон жилийн дотор бид маш хурдтай их зүйл амжуулсан. Хүмүүс “Сайханбилэгийн агентлаг” гэж ярьдаг байсан. Тухайн үед хийж бүтээсэн суурь ажлууд энэ салбарын цаашдын хөгжлийг түргэтгэсэн гэхэд хилсдэхгүй. Эргээд бодоход, бусад төрийн байгууллагын хийж байгаа зүйлтэй жишээд харахад үнэхээр хоёрхон жилийн дотор ямар ч санхүүжилт байхгүй нөхцөлд хувийн хэвшлийнхнээ нэгдсэн зохион байгуулалтад оруулж, бүгдэд ашигтай байхаар зөв менежмент, зохицуулалт хийн үр дүнд хүрсэн дээ. Бас олон улсын байгууллагуудтай хэл амаа ололцож тусламж дэмжлэгийг нь авч чадсан. 

"Боломж үргэлж гарч байдаг. Харин тэрийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэгт л асуудлын гол оршдог"

Миний бодлоор хүнд боломж үргэлж гарч байдаг. Харин тэрийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэгт л асуудлын гол оршдог. 

Жишээ нь, КОЙКА-ийн мөнгө зүгээр байж байгаад манайд унаад ороод ирээгүй. Бид өөрсдөө төсөл бичээд очиж уулзаад л, уйгагүй хөдөлмөрийн дүнд тэр боломжийг бодит байдал болгосон байх жишээтэй. Дэлхийн Банктай хамтран хөдөөг холбоожуулах төсөл ч мөн адил. Одоо эргээд харахад хоёрхон жилийн дотор нэлээд их юм хийчихсэн юм байна гэж боддог. Төрийн байгууллагад хийсэн ажлын маань үр дүн сүүлийн 10 жилд л гарч байна. Яг ажиллаж байх үед кайфтай гэхээсээ илүү урдах ажлаа л сайн хийгээд явахыг хичээдэг байж. Харин хувийн компани удирдаад явахад бидний хийсэн програм хангамжийн бүтээгдэхүүнийг байгууллагууд худалдаж аваад ажил минь урагштай байх мэдээж сайхан л даа.

 

"ЮНИТЕЛ" группын Дата төв болон "Наран" станцийн 360 градус зурагтай танилцана уу, 

"БИД ГАЗРААР, АГААРААР, САНСРААР АЛЬ Ч ТӨРЛӨӨР ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРСЭН СҮЛЖЭЭ БАЙГУУЛСАН"

баруун гар талаас `Юнител` группын Ерөнхий захирал Р.Ганболд, iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар

 

- Та “Юнител”-ийн захирлын ажлыг хэрхэн хүлээж авч байв, тэр үеийн “Юнител”-ийг дурсвал?
- “Скайтел”-ийн захирлын ажлыг өгөөд удаагүй байтал “MCS-т их холын зорилго, мөрөөдөл байна. “Юнител”ийн ажлыг хариуцаад яваач” гэж группын удирдлагын зүгээс санал тавьсныг хүлээж авсан. Тийм ч болохоор  “Юнител”- ийг зөвхөн үүрэн холбооны операторын хэмжээнд хараагүй. Байж болох бүхий л хэлбэрээр өргөжин тэлэх салбарын тэргүүлэх компани болно гэж харан нэгэн сэтгэлээр ажилласан. Намайг ирэхэд “Юнител” маань зөвхөн үүрэн холбооны бизнес хийдэг байлаа.

- Харин өнөөдрийн “Юнител”-ийг дүрсэлвэл?
- Өнөөдөр “Юнител” үүрэн холбооны оператороос өргөжин тэлсээр  “Юнивишн” гэж том компани байгуулчихсан байж байна. Мөн “ДДэш”-ийг бүлдээ нэгтгэж, менежментийн шинэчлэл өөрчлөлтийг богино хугацаанд амжилттай хийгээд явж байна. “U Planet” гээд контентийн чиглэлийн компани ч байгууллаа. “Prime Pictures” гэж кино продюсингийн баг байгуулж “Үргээлэг-1”, “Үргээлэг-2” гэх мэт зургаан кино бүтээсэн нь дэлгэцэнд хит бүтээл болж рекорд тогтоолоо. 

Түүнчлэн сансрын дата үйлчилгээ үзүүлдэг “Орбитнет” компани байна. Үүнээс үзвэл өргөн цар хүрээтэй том групп компани болчихлоо. Яг үүрэн холбоогоор аваад үзвэл бид нэг сая хэрэглэгчтэй. Гурвалсан үйлчилгээгээр бид 200 мянган айлын үүдэнд шилэн кабель татчихсан байж байна. Ингээд тооцоо гаргаад үзтэл бид 8,000 км шилэн кабель татчихсан байна. 

- 8,000 км гэж багагүй тоо байна?
- Тийм ээ. 

"Интернэтийг айл өрхөд нэвтрэх урсгалыг “Юнивишн” эрчимжүүлсэн"

Яг одоо гэхэд 115 мянган айл "Юнивишн"-ий гурвалсан үйлчилгээг хэрэглэж байна. Тэгэхээр интернэтийг айл өрхөд эрчимтэй нэвтрэх урсгалыг “Юнивишн” эрчимжүүлсэн гэж ойлгож болно. 

Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газрын фэйсбүүк хуудсанд “Монгол Улсад интернэт хөгжиж эхлээд 20 жил болоход сүүлийн дөрвөн жилд нэмэгдсэн интернэт хэрэглэгчийн тоо өмнөх 16 жилийнхтэй адилхан байна” гэж байсан. Тэгэхээр сүүлийн дөрвөн жил интернэт хэрэглэгчийн тоо асар хурдацтай нэмэгдсэн гэсэн үг. Үүнд гол үүрэг гүйцэтгэсэн компани бол яах аргагүй “Юнивишн”. 

“Юнивишн” гурвалсан үйлчилгээний зах зээлийн 70 хувийг эзэлж байна. “ДДэш”-ийн тухайд 300 мянган хэрэглэгчтэй. Хамгийн сүүлд бид “ДДэш”-ээр дамжуулаад кино үзүүлэх үйлчилгээг бий болгочихлоо. Цаашдаа “ДДэш”-ийн хэрэглэгчдэд юу дутагдаад байна вэ гэхээр интернэт л байгаа юм. Интернэт хөдөө орон нутаг, гэр хороололд очиход дэндүү өндөр өртөгтэй байгаа юм. Энэ хэрэглэгчдэд маань утасгүй буюу wireless интернэт л хүрнэ. Тэгэхээр 3G, 4G, wifi гэсэн эдгээр боломжийг л ашиглаж таараа.

- “Юнител” хамгийн өргөн сүлжээг бий болгож чадсан гэж байсан. Үүнийг тодруулахгүй юу?
- Тэгж хэлж болно.  Монгол Улсын бүх сум, сууринд үүрэн холбооны сүлжээ оруулчихсан байгаа. Бүх сум, суурингийн 70 хувьд 3G сүлжээгээ оруулчихсан байгаа. 2G сүлжээ 100 хувь орчихсон гэсэн үг. Одоо бид хамгийн анхны, хамгийн том хүрээтэй LTE сүлжээгээ оруулсан талаар дээр дурдсан.  

Бүх сум, суурингийн 70 хувьд 3G сүлжээгээ оруулчихсан. 2G сүлжээ 100 хувь орчихсон гэсэн үг.

-“Юнител”-ийг хүнээр төсөөлбөл хэдэн настай, ямар зан төлөвтэй хүн гэж та тодорхойлох вэ?
- “Юнител” их залуу, имижлэг, дэгжин, эрч хүчтэй 20 орчим насны залуу шиг харагддаг байх. Судалгааны байгууллагууд ч бидэнд ийм үр дүн өгч байсан. Би үүнтэй нь санал нэгддэг.

-“Юнител” группын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
- Хэн нэгэн хүн дэд бүтэц, сүлжээ энэ бүхнийг чинь байгуулж, өргөтгөж, хөгжүүлж авч явах ёстой биз дээ. Бүгдээрээ л энэ сүлжээний бизнес чинь дэмий юм гээд контент медиа руу хошуурцгаагаад байвал хэн энэ сүлжээг хөгжүүлж авч явах вэ. Хамгийн хэцүү, хамгийн их хөрөнгө оруулалттай, хамгийн эрсдэлтэй мөртлөө сайн нэр зүүгээд байдаггүй л дээ. 

Сүлжээг хэн нэгэн хийгээд л явна. “Юнител” групп цаашдаа энэ чиглэлээрээ явна. Гэхдээ бид сүлжээгээ зөвхөн үүрэн холбооны сүлжээ байна гэж хараагүй. Үүрэн холбооны сүлжээн дээр нэмээд шилэн кабелийн сүлжээ, сансрын сүлжээ, гэрийн WiFi сүлжээ байгуулчихсан байна. Бид газраар, агаараар, сансраар аль ч төрлөөр дэлхийн жишигт хүрсэн сүлжээ байгуулсан. Сүлжээгээ технологийн бүхий л боломж, чиглэлээр өргөжүүлээд хөгжүүлээд аваад явна.

Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд, Монгол Улс том газар нутагтай ч хүн ам цөөтэй болохоор зах зээл нь харьцангуй жижиг. Ялангуяа хөдөө орон нутагт дараа үеийн сүлжээ оруулах нь хөрөнгө оруулалтаа нөхөх ямар ч боломжгүй, эдийн засгийн хувьд агуулга муутай байдаг тул цаашид үүрэн холбооны компаниуд дараа үеийн сүлжээг аль болох хамтарч байгуулах шаардлага бий болчихоод байгаа юм. Дэлхий нийтийн хандлага ч ийшээ явж байна.

Бид газраар, агаараар, сансраар аль ч төрлөөр дэлхийн жишигт хүрсэн сүлжээ байгуулсан.

- Ийм яриа, хэлэлцээ байдаг уу?
- Ийм оролдлогууд хийдэг. Нэлээн тодорхой түвшинд хүртэл хүрсэн. Масс медиагаар “Юнител”, “Мобиком” нийлэх гэж байна гэж хүртэл яригдсан шүү дээ. Бид сүлжээгээ нийлүүлэх тухай ярьж байсан. Сүлжээндээ хамтарч хөрөнгө оруулалт хийе л гэдэг асуудал ярьсан. 

- Хамтарч ажиллах энэ уулзалт хэр үр дүнтэй байсан бэ?
- Мэдээлэл, харилцаа холбооны салбар их хатуу зохицуулалттай.

Монополь гэдэг асуудал сөхөгдөх юм байна гээд энэ асуудлыг хойш тавьсан. 

Монгол Улсын эрх ашгийн үүднээс авч үзвэл энэ зөв асуудал байсан. Жишээ нь, дөрвөн оператор тус бүр 20 сая долларыг LTE хийх тохиолдолд нийтдээ 80 сая долларын хөрөнгө оруулалт хийж байснаас бид нэг хамтарсан хөрөнгө оруулалттай сүлжээ байгуулаад хамтраад ашиглаад явахад дээрх мөнгөний талаар нь дөрвүүлэнгийн хэрэгцээг хангах сүлжээг байгуулчих боломжтой. 40 сая доллар хэмнэчихнэ, бас валют гадагшлахгүй. Ийм санаачилга байвч одоохондоо бүтэл муутай. Гэхдээ бид байр цамхгуудаа ядаж нэг байлгая гэсэн санаачлагыг гаргаад л явж байна.

- Одоо танай компани “давамгайлагч”-ийн зохицуулалтад орж байгаа юу?
- Манайхыг давамгайлагчаар аль хэдийнээ тодорхойлчихсон. Зохицуулалтад ороод явж байгаа. Өөрөөр хэлбэл “Юнител” зах зээлд тэргүүлэгчийн байр сууринд очсоныг нотолж байна.

Гэхдээ одоо минутийн тарифийг зохицуулна гэдэг нь ач холбогдолгүй болчихоод байгаа. Учир нь олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд, тухайлбал яриа, мессеж, дата, нэмэх нь төрөл бүрийн контентийг багцлаад хэрэглэгчиддээ хүргэх хандлага руу явж байхад нэг минутын тарифыг доод хязгаарыг тогтоох нь утга учиргүй юм.  

Харилцаа, холбооны салбарт ер нь үнэ өсч байсан уу. Дандаа л буурдаг.

Зохицуулалтын өөр арга хэлбэр үгүйлэгдэж байна. Үнийг хүчээр зохицуулахын оронд эдийн засгийн аргаар зохицуулах шаардлага зайлшгүй байгаа. Харилцаа, холбооны салбарт ер нь үнэ өсч байсан уу. Дандаа л буурдаг. Буурч явах нь хэрэглэгчдэд л хэрэгтэй биз дээ. Өрсөлдөөний зарчмаар дандаа буураад ирсэн. Тэгэхээр үнэ тариф буураад байгаа энэ үед бид оршин тогтноод байгаагийн нууц нь тэгвэл юунд байж болох вэ.

- Хэрэглэгч, хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой байх. Тийм үү?
- Манайх шиг жижиг тэгээд ханасан зах зээлд нэмэгдэнэ гэхэд хэцүү. Харин нэгж хэрэглэгчийн хэрэглээг нэмэх, эсвэл шинэ үйлчилгээ, инноваци бий болгож үүнээс орлого олох замаар л энэ салбар хөгжиж байгаа. Ийм нөхцөлд уламжлалт харилцаа холбооны зохицуулалт үйлчлээд байх нь хир зохистой юм болоо гэж боддог.

Шинэ үйлчилгээ, хэрэглээнүүдийг л бий болгох ёстой. Мөн операторууд хамтрах зүйл дээрээ илүүтэй хамтарч өртөг зардлаа бууруулах ёстой. Өрсөлдөгчтэйгөө өрсөлдөх шаардлагагүй зүйл дээр хамтрах л хэрэгтэй. Харин өрсөлдөх зүйл дээрээ эрүүлээр шударга өрсөлдөх ёстой. 

- Яриа, мессэжний орлого буурч, дата нэмэгдэж байгааг тоогоор илэрхийлэхгүй юу?
- Хуучин яриа, мессежний орлого байнга өсөлттэй явдаг байв. Энэ өсөлт 2014 оноос саарч 2015 онд өсөлт бүр байхгүй болоод тогтсон. 2016 оноос ярианы орлого буураад дата үйлчилгээний орлого нэмэгдэх хандлагатай байгаа. Яагаад гэхээр “Юнивишн” айл өрхөд интернэтийг хурдацтай нэвтрүүлээд хувь хүмүүсийн интернэтийн хэрэглээ огцом нэмэгдсэн. Дагаад 3G дата хэрэглээ огцом өссөн. 

- “Юнител” дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрэгжүүлэхэд бэлэн үү?
- Үүнийг нэвтрүүлсэн орнуудын туршлагыг судалж байхад ихэнх улс орнууд энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд 2-3 жилийн бэлтгэл ажил хийсэн байдаг. Монголд одоогоор дугаартайгаа шилжих үйлчилгээг ямар хэлбэрээр хэрэгжүүлэх зөв шийдлээ олж тогтоох судалгааны түвшинд явж байна.

- 2015 он гараад л дугаартайгаа шилжиж болох нь гэж хэрэглэгчид ойлгож байсан шүү дээ?
- Монголд аливаа мэдээллийг өнгөцхөн ойлгож буруу зөрүү хүргэдэг жишиг байна. Энэ ажлыг ерөөсөө судлахгүйгээр хүмүүст маш хурдан мэдээлэл хүргэчихсэн. Үүнийхээ араас хэн ч хариуцлага хүлээдэггүй. 

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд оператор тус бүрийн сүлжээний төвд нэлээд өөрчлөлтүүд хийгдэх ёстой болно. Бас төлбөр тооцооны системд өөрчлөлт орно. Монгол Улсад тараагдсан байгаа гурваас дөрвөн сая дугаарын шилжилт хөдөлгөөнийг цаг тухайд нь бүртгэн, холболт тогтоох болгонд түүгээр дамжиж залгасан дугаар аль сүлжээнд байгаа талаар мэдээлэл сэлгэж байх дундын төв байгуулагдах хэрэгтэй. Эдгээрт багагүй хэмжээний доллар болоод хөгжүүлэлтийн ажил хэрэгтэй. 

Бас энэ төв нь нөөц төвтэй байхгүй бол болохгүй. Бод л доо. Дундын төв тоггүй боллоо эсвэл систем нь ажиллахаа больчихлоо гэж бодоход Монгол Улсын харилцаа, холбоо зогсох нь байна шүү дээ. Бас серверийн хүчин чадал хангалтгүй бол таны холболт удаж байж хийгдэнэ. Үйлчилгээ доголдоно. 

Одоо бид дугаараараа холболт хийдэг. Есөөр эхэлсэн дугаар наймаар эхэлсэн дугаар руу залгалаа гэхэд “Мобиком”-ын төв дээр энэ наймаар эхэлсэн юм байна гээд манай руу холболтын шаардлага явуулаад хоёр харилцагчийн хооронд яриа үүсдэг. Өөрөөр хэлбэл виртуал суваг үүсээд бид хоорондоо ярьдаг. Тэгэхээр энэ холболт чинь тэр дундын төвөөр дамжиж хийгдэх ёстой. Дугаартайгаа шилжих процесс хэрэглэгчийн хувьд Энэтхэгт гэхэд нэлээд хэдэн сар үргэлжилдэг юм билээ.  Аливаад зохион байгуулалт, дэг журам сайтай Сингапурт гэхэд гурав хоног болдог юм байна. Бичиг цаасны процесс нь гэхэд ийм ажиллагаатай байх нь. Нэг хууль батлагдаад маргааш нь дурын оператор руу шилжээд явчихна гэвэл том эндүүрэл.

Зураг

"ИНТЕРНЭТИЙГ БИД ЯГ Л НЕФТЬ ШИГ ИМПОРТОЛДОГ ГЭДГИЙГ ХҮМҮҮС МЭДДЭГГҮЙ"

зүүн гар талаас `Юнител` группын Ерөнхий захирал Р.Ганболд, `Юнител` группын МТГ-ын захирал О.Тулга нар,

 

- Та бүхэн “Юнивишн”, “ДДэш”, "LookTV" зэрэг олон чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Цаашид энэ салбарын контентын хөгжил, зах зээлийн боломжийг хэрхэн харж байна вэ?
-”Юнител”- чүүд бид бүхэн инновацилаг байхыг зорьдог.

Шинэ зах зээл нээж нөгөө талд буурч байгаа зах зээлийн орлогоо нөхөхийг зорьж байна. Контент гэдэг бол яг л энэ бодлогын нэг хэсэг нь. Тийм ч учраас бид IPTV үйлчилгээ нэвтрүүлэхдээ одоо байгаа сувгуудыг оруулаад, зөвхөн ухрааж буцааж үздэг түвшинд бодоогүй. 

Зөвхөн ийм түвшинд бодох юм бол кабелийн телевизээс ухрааж, буцаадгаараа л ялгаатай болно. Тиймээс бид “Юнивишн”-ий хэрэглэгчдэдээ хүссэн киног нь үзүүлэхээр зорьсон. 

Тухайн үед хүмүүс киног кино театрт, DVD-гээр, эсвэл ТВ сувгуудаар чанар муутай үздэг байлаа. Ердөө тавхан жилийн өмнө оюуны өмчийн хууль зөрчсөн, албан ёсны эрхгүй кинонууд телевизийн сувгуудийн эфирийг эзэлдэг байлаа. Үзэгчид ч дуу, дүрсний шаардлага хангахгүй  хууль бус кино үзэж байгаагаа мэддэггүй байлаа. Харин бид хууль ёсны дагуу Холливүүдийн студиуд рүү хандсан. Эхлээд гэрээ хийхэд амаргүй байсан. Техник, зах зээл, хуулийн орчны талаар нарийн мэдээллүүдийг Холливүүдийн студиуд шаардан авч нарийвчлан хянадаг юм билээ. Аргагүй байх л даа. Олон зуун сая доллараар бүтээсэн оюуны бүтээлээ таньж мэдэхгүй газар хулгайд алдахаас сэрэмжилж таараа. Олон сарын ажил болсны эцэст бид зургаан студитэй гэрээ хийж чадсан.

Биднийг эдгээр студиэс кино авна гэхээр DVD дээр бичүүлээд авчихдаг гэж ойлгож магадгүй. Огт тийм биш. Дууны файл нь гэхэд хэдэн арван файл тус тусдаа, мөн дүрсний файлууд тусдаа байна. Бидэнд нээж өгсөн тусгай линкээр татан авч тусгай системээр кодлон хөрвүүлж, дууны орчуулга хийн нийлүүлээд кино сандаа оруулдаг. Энд олон арван хүн ажилладаг. Контентийн зах зээлд бид ингээд оюуны өмчийг дээдлээд орсон. Тэгэхээр бид нэгэнт эрхийг нь авсан контентуудаа ганцхан IPTV-ээр биш бас өөр сувгаар хүргэх нь оновчтой гэж ойлгосон. Тийм учраас бид “ДДэш”-р кино гаргах төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Дээр нь хүмүүс бүгдээрээ ухаалаг төхөөрөмжтэй болсон үед OTT (Over-The-Top) технологийг ч бас монголд нэвтрүүлэх цаг нь болсон гэж үзээд “Look TV” гэсэн шинэ үйлчилгээг гаргачихсан явж байна. Сарын суурь хураамж төлөөд дуртай кинонуудаа iOS, Android, Windows үйлдлийн системтэй утас, таблет, компьютер дээрээсээ хязгааргүй үзэж болно. 

“Look TV”-ийг Монголын “Netflix” гээд хэлчихэд бараг болно доо.

“Look TV”-ийг Монголын “Netflix” гээд хэлчихэд бараг болно доо.

“Prime Pictures”-ийн кино продюсингийн ажил маань амжилттай урагшилж байна. 

- “Юнивишн” гурвалсан үйлчилгээнийхээ интернэт хэрэглээнд өөрчлөлт оруулсан нь олны анхаарлын төвд нэг хэсэг ороод байсан. Яагаад энэ өөрчлөлтийг хийх болов?
- Үүнийг яривал их урт түүх. “Юнивишн”-ий гурвалсан үйлчилгээний нэг болох интернэтийг бид хэрэглэгчдэдээ хүргэхийн тулд шилэн кабелийг айл өрх бүр рүү татаж маш их хөрөнгө оруулалт хийсэн. Би өөрөөс чинь нэг зүйлийг эргүүлээд асууя. “Юнивишн”-ий үйлчилгээ эхэлж байсан 2011 онд айл өрхүүдийн интернэтийн хэрэглээ ямар байсан гэж өөрөө бодож байна. Танай гэрт хэдэн интернэт хэрэглэдэг төхөөрөмж байсан бэ?

- Нэг л байсан байх. Тэр нь компьютер.
- Тэр үед фэйсбүүк хэрэглэдэг байсан уу?

- Эхэлчихсэн л байсан байх. Гэхдээ нэг их идэвхтэй биш.
- Өнөөдрийнх шиг хүн болгон фэйсбүүк рүү ороод шагайгаад суучихдаг лав байгаагүй. Ганц компьютерээр интернэтэд орно. Монгол контент гэхээр зүйл бараг байхгүй. Дотоодын цөөхөн хэдэн вебсайт үзнэ, мэйл шалгана, “Yahoo” мессенжер бас хааяа ашиглана. Хэрэглээ ийм л байсан. Тэр үед бид 29,900 төгрөгийн үнэтэй гурвалсан үйлчилгээ гаргаж интернэтээ нэг мегабит хурдтайгаар өгсөн. 2013 онд бид энэ хурдаа гурван мегабит болгосон. Үнээ нэмсэн үү. Нэмээгүй. 

Өнөөдөр 29,900 төгрөг хэвээрээ л байгаа. Тэгвэл хэрэглээ хэрхэн нэмэгдсэн бэ. Өнөөдөр танай гэрт хэдэн интернэт хэрэглэгч байна вэ?

- Дөрвөн хүн юм уу даа.
- Дөрвөн хүн дөрвүүлээ интернэтэд орно. Айл болгон дунджаар 5-6 төхөөрөмжөөр интернэтэд орж байна. 2011 онд зөвхөн нэг төхөөрөмжөөр уягдаж интернэт ордог байсан бол өнөөдөр таваас зургаан төхөөрөмжөөр интернэтэд орж байна. Дээрээс нь видео контент түлхүү үзэж байна. 

2011 онд видео хэрэглээ маш бага байсан. Өнөөдөр нийт хэрэглээний 60 хувь нь видео контент байна. Ийм нөхцөлд манай үнэ тариф нэмэгдсэн үү. Нэмэгдээгүй. 

Хэрэглээ хамгийн энгийнээр буюу механикаар тайлбарлавал зургаа дахин нэмэгдчихсэн байна.  Зөвхөн төхөөрөмжөөр нь бодохоор зургаа дахин бол контентийн агуулгаараа үүнээс хэд дахин нэмэгдсэн. Энэ хоёрын үржвэрээр бод доо. Бараг 100 дахин нэмэгдсэн гэвэл үнэнд ойртоно. 

Орлого нь хэвээрээ хэрнээ интернэтийн өртөг гэрлийн хурдаар нэмэгдээд байдаг. Энэ интернэтийг чинь бид яг л нефть шиг импортолдо​г гэдгийг хүмүүс мэддэггүй болов уу. Нөгөө талаар, интернэтийн хэрэглээ аажимдаа зохисгүй болж ирсэн. Системтэй мэдээлэл, мэдлэг олж авахаасаа илүү  хэрэгтэй, хэрэггүй их мэдээлэл татна, энд нэг юм, тэнд нэг юм үзээд л. Ялангуяа өсвөр үеийнхэнд, хүүхдүүдэд энэ нь маш сөрөг нөлөөлж байна. Интернэтийг зөв зохистой ашиглахад чиглүүлэхгүй бол олон нийтийг буруу зүйлд хөтлөх эрсдэлтэй болчихоод байна.

 “Юнивишн”-ийн энэ өөрчлөлтийг маш зөв алхам болсон гээд зохицуулах байгууллагаас үүнийг журамлаж өгөх талаар хүсэлт тавьж байсан.

Сүүлийн тав, зургаан сарын хэрэглээг судалж байгаад л энэ багцаа гаргасан. Гэхдээ бид хэрэглэгчдийнхээ саналд үндэслэн дахиад 100 гегабайт датаг нэмж өгсөн. Энэ 200 гегабайт хэрэглээ маань дундаж хэрэглээнээс дөрөв дахин өндөр хэрэглээ л дээ. Гэхдээ зохисгүй хэрэглэдэг хүмүүст хэдийг ч өгөөд нэмэргүй.

Бид энэ өөрчлөлтийг хийх тооцооллыг өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж судлаад шийдвэрээ гаргасан. Тухайн үед бид салбарын агентлаг болон ХХЗХ-нд энэ байдлаа, гарах гарц шийдлээ дэлгэрэнгүй танилцуулсан.

Дэлхийн олон оронд ийм туршлага байдаг талаар мэдээлсэн. Агентлаг болон зохицуулах байгууллага бүрэн дэмжсэн. Биднийг энэ өөрчлөлтийг хийсний дараа интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын уулзалт дээр “Юнивишн”-ийн энэ өөрчлөлтийг маш зөв алхам болсон гээд зохицуулах байгууллагаас үүнийг журамлаж өгөх талаар хүсэлт тавьж байсан. Зарим нэг нь харин сиймхийг ашиглаж зохион байгуулалттай хар пи ар хийсэн дээ. 

 

Зураг

ЖИЖИГ КОМПАНИЙГ ЭЗЭД НЬ, ДУНД ЗЭРГИЙН КОМПАНИЙГ МЕНЕЖМЕНТ НЬ, ТОМ КОМПАНИЙГ СОЁЛ НЬ УДИРДДАГ

 

-“Юнител” групп Мэдээлэл харилцаа холбооны салбарыг тэргүүлэгч компанийн нэг. Өдий зэрэгт хүрсэн амжилтын нууц юунд байдаг гэж та боддог вэ?
- Том дүр зургаар харвал “Юнител” групп компани болоод зах зээл дээр зөв байр сууриа олж тэлэн хөгжсөөр мэдээлэл, харилцаа холбооны салбарын номер нэг тоглогч болчихсон байна. Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь “Юнител” хэрэглэж байна. 

Бид сая хэрэглэгчтэй болчихлоо. IPTV, интернэт, кино, контент, OTT гэх мэт олон үйлчилгээг бусдаас түрүүлж далайцтай нэвтрүүллээ.
 
“Юнивишн”-ийн үйлчилгээг өнөөдрийн байдлаар 115,000 өрх хэрэглэж байна. Энэ нь нийт зах зээлийн 70 хувийг эзэлж байгаа юм. “Юнител”-ийн газрын станц 33,000 км-ын зайтай хиймэл дагуултай холбогдож, мэдээлэл холбооны дэд бүтэц хөгжөөгүй 360 сум сууринд ажиллаж байгаа 100 гаруй уул уурхай, аялал жуулчлалын байгууллагыг 8-10 мегабит хурдтай интернэт болон IP суурин утсаар хангаж байна. 

"ЮНИТЕЛ" мэдээлэл, харилцаа холбооны салбарын номер нэг тоглогч болчихсон байна

Үүрэн холбооны салбар өөрөө маш өрсөлдөөнтэй.

Нэг урамшууллын хөтөлбөр зарлалаа гэхэд үүнийг ганцхан маркетингийн баг сууж байгаад хийчихдэг ажил биш. Бүтээгдэхүүн, техник төлөвлөлт, мэдээллийн технологи болон санхүүгийн тооцоолол гээд олон талаас нь асуудлыг ярьдаг. Олон зүйлийг тооцоолоод энэ хөтөлбөрөө хэрэгжүүлье гэж шийдэх л юм бол түүнийгээ маш хурдтайгаар хэрэглэгчдэд хүргэхийг чухалчилдаг. Үр дүн нь хурдан гарах ёстой. Үр дүнгээ хэмжинэ. Бид энэ зарчмаар ажиллаж ирсэн. Тэгэхээр ажлын хурд маш чухал. 

Мөн “Юнител”-чүүд бүгд алсын хараатай, инновацилаг, бүтээлч байхыг эрхэмлэж ажилладаг. 

Эдгээр нь компанийн амжилтанд нөлөөлдөг болов уу. Энэ бүгдийн ард хүн байдаг, “Юнител” группын маш олон чадварлаг ажилтан, инженер, удирдах түвшний хүмүүс гээд хамт олон маань байдаг. 

Өнөөдөр “Юнител”-д шижигнэсэн 1,000 гаруй залуу ажиллаж байна. 

- 1,000 гаруй хүнтэй хамт олныг удирдана гэдэг мэдээж амар ажил биш байх. Та хамт олноо ямар арга барилаар удирддаг вэ?
- Компанийн соёл гэж маш чухал зүйл. 

Компанийн ажилчид нэг соёлтой, нэг санаа зорилготой, бие биетэйгээ эвсэг харьцдаг, ажил руугаа яардаг байж л ажил явна. Хамт олныг удирдахдаа би нэг л хамт олон байлгахыг зорьдог. Түүнээс тэр баг нь надад ойрхон гээд л фракц үүсгээд явахыг дэмждэггүй. Хоёр өөр соёл, хоёр өөр фракц компанид байж болохгүй зүйл. 

Жижиг компанийг эзэд нь удирддаг, дунд зэргийн компанийг менежмент нь удирддаг, том компанийг соёл нь удирддаг гэж ярьдаг даа. 

“Юнител”-ийн хувьд энэ том хамт олныг соёлоор л удирдахаас өөр аргагүй. Тэгэхээр “Юнител” компанийг соёл нь авч яваа гэж би боддог.