Б.Нандинтүшиг    
1
2
3
4

Б.Нандинтүшиг "Хэвлэл мэдээлэл мөнгөнд автагдаж буруу зүйл хийж болохгүй их эмзэг салбар"

Ч.Болортуяа
2016 оны 3 сарын 7
iKon.MN
Б.Нандинтүшиг "Хэвлэл мэдээлэл мөнгөнд автагдаж буруу зүйл хийж болохгүй их эмзэг салбар"

"ӨНӨӨДӨР" сонин нь Монголын чөлөөт сэтгүүл зүйн илэрхийлэл, түүхийн хамгийн том гэрч билээ. Өнөөдөр тэд 20 жилийн ойн босгонд ирж алдаа, оноо бүхнээ дүгнэн шүүж дахин нэгэн том шинэчлэлийн урд ирлээ. 

Гэхдээ цоо шинэ бүтэц зохион байгуулалтаар буюу сэтгүүл зүйн дараагийн нэгэн шинэ үеийн төлөөлөл энэхүү шинэчлэлийг удирдан зохион байгуулахаар бэлэн болжээ. 

Монголын сэтгүүл зүйн, сэтгүүлчдийн бэлгэ тэмдэг болсон Ц.Балдорж агсны ажлыг хүлээн авсан Б.Нандинтүшиг хэвлэлд ийнхүү анх удаа ярилцлага өглөө. 

Б.Нандинтүшигийг энэ удаа "Өглөөний хүн" буланд урьсан нь бас нэгэн давхар учиртай.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийг бид өргөн дэлгэр тэмдэглэж байх зуур Монголын нэгэн цаг үеийн сайхан эмэгтэйчүүдийн төлөөллөөр нэрлэгдэж байсан Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ардын жүжигчин Н.Сувд нарын үр хойч нь хэрхэн өсч том болж, нийгэмд байр сууриа олон төлөвшиж буйг харуулахыг зорьсон юм. 

Ингээд "Монгол Ньюс" группын Ерөнхий захирал, "Өнөөдөр" сонины Ерөнхий эрхлэгч Балдоржийн Нандинтүшигийн ярилцлагыг хүргэж байна. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

 

Ярилцлагын зочин: Б.Нандинтүшиг @NandintushigB

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort

Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир MPA.mn 

 

ААВЫНХАА ҮЛДЭЭСЭН ЭНЭ ОРОН ЗАЙ, ӨВ ХӨРӨНГИЙГ БУРУУ ТИЙШ НЬ ГАЖУУДУУЛАЛГҮЙГЭЭР ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨРӨӨ АВЧ ЯВАХ ЁСТОЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ОЙЛГОСОН

- Анхны ярилцлагаа iKon.mn-нд өгөхийг зөвшөөрсөнд тань баярлалаа. 

Таны гарт бүх төрлийн медиа хэрэгсэл байна. Яагаад өмнө нь ярилцлага өгье гэж бодож байсангүй вэ?
- Шалтгаан их энгийн. 

Миний аав Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд их том байр суурийг эзэлдэг байсан. Одоо ч түүний орон зай хэвээр. Энэ хүндтэй хүний ажлыг хүлээж авах үедээ би өөртөө итгэлгүй байлаа.  Ярилцлага өгч, ажлаа ярих түвшинд хүрээгүй гэж өөрийгөө голдог байсан. Өнөөдөр ярилцлага өгч байгаа нь би аавынхаа түвшинд хүрчихлээ гэсэн үг биш юм. 

Өнгөрсөн хугацаанд би хэзээ ч аав шигээ эрхлэгч, сэтгүүлч байж чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Харин аавынхаа үлдээсэн энэ орон зай, өв хөрөнгийг буруу тийш нь гажуудуулалгүйгээр өөрөө өөрийнхөөрөө авч явах ёстой юм байна гэдгийг ойлгосон учраас энэхүү ярилцлагыг өгч байна. 

- Та энэ хариуцлагатай албанд 21 настайдаа ирсэн. Мэдээж мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө байсан биз?
- Тийм ээ. 

Тэр үед хамт олон маань, гэр бүл минь намайг ганцаардуулалгүй тусалж, дэмжээд явсан. Эргээд харахад алдсан зүйл ч их байна. Оносон зүйл ч их байна. 

Ямар нэг зүйлийг хийхдээ буруу хийчих вий, хүмүүс “Балдоржийн охин ингэчихлээ” гээд ярих байхдаа, аав минь байсан бол энэ асуудлыг хэрхэн шийдэх байсан бол гэж байнга айдаг, бэргэдэг байсан. Одоо ч аав минь байсан бол гэж зөндөө их бодно. Гэхдээ анх ажлаа авч байсан үеэ бодвол өөртөө бага зэрэг итгэлтэй болж, өөрийнхөө зорьсон ажлын төлөө зоригтой зүтгэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож, мэдэрсэн.

- Удирдагч байх, удирдагч нэр зүүхийн хооронд их ялгаа байгаа.  Эрхлэгч байх энэ ажилдаа хэрхэн төлөвшиж байна вэ?
- Би өөрийгөө лидер болсон гэж хэлж чадахгүй. Лидер хүн гэвэл миний хувьд аав минь л байна. 

Хамт олныхоо хүрээнд ярихад үйлчлэгчээсээ эхлээд орлогч эрхлэгч хүртэлх хүмүүсийнхээ зан чанар, чадвар, ар гэрийг маш сайн мэддэг, яг ямар өнцгөөс тухайн хүнд хандвал тэр хүн чиний үгийг хүлээж авах вэ гэдгийг удирдагч хүн мэддэг байх ёстой. Тэгэхлээр би ийм түвшинд очих гэж хичээж л явна.

"Сэтгүүл зүйн салбараар суралцахаар шийдэж Сингапурт сургууль төгсөөд ирсэн" 

- “Монгол Ньюс” групп олон төрлийн үйл ажиллагаатай охин компанитай. Яг таны хувьд эдгээр компаниасаа алийг нь онцолж анхаарч байна вэ?
- Хэвлэл мэдээлэл тэр дундаа “Өнөөдөр” сонин, Mongolnews.mn сайт, “UB post”, “Таван цагариг”, “Ням гараг” сонинууд дээрээ төвлөрч ажилладаг. 

“Улаанбаатар” зочид буудлын тухайд ээждээ туслах байдлаар оролцож байна. 

“Монгол Ньюс” группын тухайд  “Өнөөдөр”, “UB post”, “Ням гараг”, “Таван цагариг”, MN Duty free, “Ulaanbaatar-MN” duty free, Хэвлэх үйлдвэрүүд ордог. 
Харин “Улаанбаатар” зочид буудал тусдаа үйл ажиллагаатай явдаг. Мөн “MN-25 дугаар суваг” телевизэд бид хувь эзэмшдэг. 

- Таны үндсэн мэргэжил сэтгүүл зүй, PR-ын мэргэжилтэй. Тийм үү?
- Тийм ээ. Миний хувьд Сингапурт Newcastle University-ийг Сэтгүүл зүй, PR мэргэжлээр төгссөн.

- Уг нь Лондонд сурч байсан билүү?
- Тийм ээ. 

Миний хувьд бүрэн дунд боловсролоо Швейцарт эзэмшсэн. Түүний дараа Лондонд Бизнесийн удирдлагаар сурч байсан ч аав минь бурхан болоод Монголдоо буцаж ирж аавынхаа ажлыг аваад бизнесийн сургуулиа орхисон. Тэгээд дараа нь сэтгүүл зүйн салбараар суралцахаар шийдэж Сингапурт сургууль төгсөөд ирсэн.  

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ГЭДЭГ МӨНГӨНД АВТАГДАЖ БУРУУ ЗҮЙЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ ИХ ЭМЗЭГ САЛБАР

 

- Цаасан хэвлэлүүд үүдээ барих нь барьж, өнгө хэлбэрээ өөрчлөх нь өөрчилсөөр байна. 

Цахим сэтгүүл зүй цаашлаад нийгмийн сүлжээ өөрөө мэдээлэл авах гол хэрэгслүүдийн нэг болж байгаа энэ үед та бүхэн бодлогоо хэрхэн өөрчилж ажиллаж байна вэ?
- Бид өөрчлөгдөхөөс өөр аргагүй. 

Бид өөрчлөгдөх ёстой. 

Онлайн сэтгүүл зүй, нийгмийн сүлжээг хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн дайсан гэж харахаас илүү энэ бүгдтэй хэрхэн хоршиж нэг тал болж ажиллах вэ гэдэг дээр нь анхаарч ажиллаж байна. 

Ганц бидэнд ч биш дэлхий дахинд ийм өөрчлөлт явагдсаар байна. Тэгэхээр бид 20 жилийн ойн хүрээнд өөрчлөлт хийх гээд сайтаа шинэчлээд, сонины материалуудаа цахимтай уялдаа холбоотой болгох тал дээр тодорхой төлөвлөсөн ажлуудаа хийгээд явж байна. Мөн шинээр нэг сайт хийхээр төлөвлөөд байгаа. 

- Шинэ сайтынхаа тухай жаахан дэлгэрүүлэхгүй юу?
- Одоо төлөвлөгөөний шатанд яваа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 

- 20 жилийн ойн хүрээнд яг ямар ямар ажил хийх вэ?
- 20 жилийн ой гэдгийг би зөвхөн “Өнөөдөр” сонины баяр гэж хүлээж авахгүй байгаа. 

Яагаад гэхээр “Өнөөдөр” бол Монгол Улсын сэтгүүл зүйн салбарт, уншигчдад чөлөөт сэтгүүл зүйн хэлбэрийг оруулж ирж нутагшуулсан сонин юм. Тэгэхээр энэ ой нь Монголын чөлөөт сэтгүүл зүйн ойн баяр гэж ойлгож байна. Тиймээс ч бид “Hero Entertainment”-тай энэ ойг олон нийтэд хүргэх тал дээр хамтарч ажиллахаар эхний уулзалтуудаа хийгээд байна. 

Бидний 20 жил цуглуулсан сонины архив бол үнэт түүх. Тэгэхээр бид энэ түүхийг эргэж сануулах ажлуудыг хийж байна. Ойтой холбогдоод хэд хэдэн томоохон хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн, дээр хэлсэнчлэн онлайн салбарт хэрхэн зохицож ажиллах талаар тодорхой өөрчлөлтүүдийг үе шаттай төлөвлөөд явж байна. 

Мөн “Балдорж” сангийн хүрээнд сэтгүүлчдийн чадавхыг дээшлүүлэх тал дээр редакцуудтай хамтарч ажиллах төлөвлөгөө байгаа. 

“Өнөөдөр” бол Монгол Улсын сэтгүүл зүйн салбарт, уншигчдад чөлөөт сэтгүүл зүйн хэлбэрийг оруулж ирж нутагшуулсан сонин юм

- Гадны цаасан хэвлэлүүд энэ их өөрчлөлтөд маш олон шинэ хувилбарыг туршиж, өөрчлөгдөж хөрвөж  чадаж байна. 

Гэтэл манай цаасан хэвлэлүүд маш хөшинг байгаа санагддаг. Тэгэхээр энэ өөрчлөлтийг та бүхэн түрүүлж хийх нь. Тийм үү?
- Тийм санаа байна.

- “Өнөөдөр” бол өдөр тутмын сонинууд дундаа олон шинэлэг зүйлд уриалдаг, цоо шинэ барууны форматуудыг нэвтрүүлэгч сонин. Үргэлж шилдэг, шинэлэг байдлаа хадгална гэдэг хэцүү биз?
- Бид байгуулагдсан цагаасаа л анхдагч гэдэг нэрийг зүүж ирсэн. Өөрийн тань хэлснээр хамгийн анхны нарийн формат, анхны өнгөт өдөр тутмын сонин гэх мэтчилэн зүйлүүдийг дурдаж болно. Одоо бид агуулгын хувьд өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна. Ойрын хугацаанд мэдээллийн олон талт эх сурвалжтай байх, тэнцвэртэй эх сурвалжтай мэдээлэл бэлтгэж нийтэлж байх шаардлагыг нэн тэргүүний мөрдлөг болгохоор ажиллаж байна. 

- 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Өнөөдөр” сонин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж ажиллаж байсан. Юу гэх гээд байна вэ гэхээр та “Өнөөдөр” сонинг олон ургальч, тэнцвэртэй эх сурвалжтай байх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэж байна. Тэгэхээр энэ жилийн сонгуулиар бас аль нэг намыг дэмжээд явах уу?
- 2013 онд тухайн нэр дэвшигчтэй хамтарч ажилласан нь магадгүй сонины бодлоготой таарсан учраас тэр хүнийг арай илүү бодлогоор дэмжсэн байх талтай. 

Энэ удаагийн сонгуулиар бид аль нэг намыг онцлохгүй. Олон талын эх сурвалж гэдэг маань сонины ерөнхий бодлогоос гадна нэг жижигхэн мэдээн дээр ч гэсэн тэнцвэртэй байр суурийг хадгална гэж ойлгох хэрэгтэй. 

 Бид байгуулагдсан цагаасаа л анхдагч гэдэг нэрийг зүүж ирсэн

- Хэвлэл мэдээллийг та бизнес гэж хардаг уу?
- Хэвлэл мэдээлэл бизнес гэхэд хэцүү. Огт бизнес биш гэхэд хэцүү. 

Гэхдээ мөнгө олдог байх ёстой байгууллага. Өөрийгөө тэжээдэг байх ёстой. Гэхдээ мөнгөнд автагдаж буруу зүйл хийж болохгүй их эмзэг салбар. 

Иргэний дуу хоолой болох, нийгмийн сайн сайхны төлөө ажиллахын хажуугаар өөрсдийгөө тэжээж байх эдгээр балансыг барьж ажилладаг онцлогтой өвөрмөц салбар. Энэ онцлог жишгийг “Өнөөдөр” сонин анх байгуулагдсан цагаасаа барьж ажиллаж чадсан. Энэ алтан дунджийг бид улам бэхжүүлэх хэрэгтэй. 

Аавын байх үеийн сэтгүүл зүйн салбар, өнөөдрийн сэтгүүл зүйн салбар хоорондоо асар их ялгаатай болсон. Тэгэхээр одоогийн энэ нөхцөлд энэ төвийг сахисан байр суурийг улам бэхжүүлж байж тодорхой өөрчлөлт хийх болов уу.

- Хэвлэл мэдээллийг их хатуу салбар гэдэг. Танд хэр их хатуурхаж байна?
- Өөрийнх нь тухай гарсан өгүүлэлд шүүмжлэлтэй хандсан эрх мэдэлтнүүд надруу хандаж загнах тохиолдол их гардаг байлаа. Тухайн үед амьдралдаа бусдад тэгж шүүмжлүүлж, загнуулж үзээгүй байсан учраас бага зэрэг хүнд санагддаг байсан. 

Харин одоо энэ салбарт ажиллаад дадаад ирэхэд хэвлэл мэдээллийн салбар хатуу гэхээсээ их сонирхолтой санагдах болсон шүү. 

СОНИНГ ИЛҮҮ БАГА ХЭМЖЭЭНД ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ ӨӨРЧЛӨЛТ ХҮЛЭЭЖ БАЙГАА БОЛОВ УУ

- “Өнөөдөр”-т 10 жилийн өмнө ажиллаж байсан хамт олны дийлэнх нь шинэчлэгдэж залуучуудаас бүрдсэн редакц болжээ. Хүмүүсийг халаад байв уу. Тэд өөрсдөө гарсаар байсан уу?
- Манай бүтцийн өөрчлөлтийн хувьд би хэн нэгэнд дургүй болоод халчихдаг явдал байхгүй. 

С.Батбаатар эрхлэгчийн жишээн дээр яръя. 

С.Батбаатар эрхлэгч миний хувьд ааваасаа сурч чадаагүй тэр бүх чадварыг надад дамжуулсан хүн.  Надад хамгийн их тусалж дэмжсэн хүн. 

С.Батбаатар эрхлэгч миний хувьд ааваасаа сурч чадаагүй тэр бүх чадварыг надад дамжуулсан хүн

Тэр хүнээс би суръя гэсэн зүйлээ бүгдийг нь сурсан. Тэр хүн надад заая гэсэн бүх зүйлээ заасан. Үүний дараа тэрбээр өөрийнхөө хувийн сэтгүүлийг хийх сонирхолтой байгаагаа хэлээд ажлаа хүлээлгэж өгсөн. Гэхдээ С.Батбаатар эрхлэгчийн хувьд албан байдлаар сонинд маань овоглогдохоо больсон ч сэтгэл зүрхээрээ “Өнөөдөр” сонины хүн хэвээрээ байгаа гэж боддог. Түүнээс гадна Д.Заяабат, Ш.Даваадорж зэрэг сэтгэл зүрхээрээ хамт, очсон газартаа дандаа дарга, удирдах албан тушаал хийж байгаа чадварлаг сэтгүүлч, эрхлэгчид бий. Үүнээс харахаар “Өнөөдөр” сониноос муу шалтгаантайгаар гарсан хүн байдаггүй. 

- Карьерийн хувьд дэвшээд л гардаг юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Хүн өөрчлөлт хийх шаардлагатай болоод л гардаг болов уу. Түүнээс үл ойлголцлын зүйл байхгүй.

- “Өнөөдөр” сонинд өнөөдрийн байдлаар хэчнээн сэтгүүлч ажиллаж байна вэ?
- Нийт 150 хүнтэй. Үүнээс 100 орчим нь сэтгүүлчээр ажиллаж байгаа. 

- “Өнөөдөр” сонины форматуудын олон шинэлэг өөрчлөлт, мэргэшсэн эдийн засгийн сэтгүүл зүйг Монголд бүрдүүлэх суурийг сэтгүүлч Л.Болормаа агсан “Өнөөдөр” сонинд ажиллаж байх хугацаандаа хийж байсныг би мэддэг. Тэрбээр “Өнөөдөр” сониноос гарах болсон шалтгаанаа ч өөрийн номондоо тодорхой бичсэн байдаг. Та түүнтэй ямар холбоотой байв?
- Л.Болормаа эрхлэгчтэй хамтарч ажилласан хугацаа миний хувьд маш богинохон. 

Манай сонины нэвтрүүлж байсан барууны форматуудыг Л.Болормаа эрхлэгч, аав хоёр маань санаачилж хэрэгжүүлж байсан. Хэдий бид хоёр богинохон хугацаанд хамтарч ажилласан ч гэсэн маш их зүйлийг түүнээс сурсан. Бусдыг загнаж, зандрахгүй ч гэсэн нэг л тийм хүчирхэг хүн байсан. Зөвхөн “Өнөөдөр” сонин гэлтгүй Л.Болормаа агсныг би Монголын орчин үеийн сэтгүүл зүй, ялангуяа эдийн засгийн сэтгүүл зүйд барууны мэргэжлийн сэтгүүл зүйн агуулга, соёлыг авчирсан чадварлаг сэтгүүлч гэдгээр нь их хүндэтгэж явдаг даа.

- Та эрхлэгчийн ажил хүлээж аваад хэд хэдэн ярилцлага хийж байсан. Ер нь яг сэтгүүлчийн ажил хийх хүсэл одоо бий юу?
- Байлгүй яахав. Анх ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа нийтлэлч Б.Баабар, Ерөнхий сайд асан С.Баяр нартай ярилцлага хийж байсан. Надад маш сонирхолтой байсан ч эрхлэгчийнхээ ажилд жаахан түүртээд энэ талыг орхигдуулсан. Сонины эрхлэгч хүн зохион байгуулалт, менежментийн асуудлаас гадна өөрөө бичдэг хүн байх ёстой гэж би боддог шүү. Одоо эргээд бичих чадвараа хөгжүүлэхээр хичээж байгаа. 

- Аавынхаа хөндөж байсан сэдвүүдийг үргэлжлүүлэхийг хүсдэг үү?
- Аав минь “Далай ээж цаазын тавцанд” зэрэг нийгмийг хөдөлгөж, эрх мэдэлтнүүдийг эерэг шийдвэр гаргахад нөлөөлж байсан асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан олон өгүүлэл, сурвалжлага хийж байсан. Тэгэхээр бид энэ сэдвийг үргэлжлүүлэхийн тулд экологийн асуудлыг байнгын сэдвээ болгодог. Уншигчид маань сайн мэдэх байх. 

- Сонины Ерөнхий эрхлэгчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
- Миний хувьд хүүхэдтэй болоод ажилдаа бүтэн цагаар ороод хоёр сар болох гэж байна. Бүтэн цагаар ажиллана гэдэг нь өглөө 09.00 цагаас шуурхайгаа хийдэг. Шуурхай дууссаны дараа 11.00 цагаас төлөвлөгөөгөө ярьж хуралддаг. Ингээд сэтгүүлчид маань мэдээлэлдээ гараад 15.00 цагт энэ тэндээс цуглуулсан мэдээгээ боловсруулаад 17.00 цагаас хар макет буюу сониныхоо драфтыг ярьж уулзалддаг. Ингэсээр орой 20, 21 цаг гээд л дугаараа буулгадаг даа. 

 

- “Өнөөдөр” сонинг одоо хэчнээн хүн захиалж уншиж байгаа вэ?
- "Өнөөдөр" сонины улирлын захиалгын тоо 7,000 орчим байдаг. Худалдан авалт буюу шууд борлуулалтаар 1,000 -1,500 орчим сонин борлогдож байна. 

- Рейтингээрээ энэ нь хэд дэх үзүүлэлт вэ?
- “Өдрийн сонин” манай хоёр л эхний нэг, хоёрт дээр доороо ороод л явдаг даа. 

- Сонины уншигчдын тоо улам буурсаар байна уу. Энэ тал дээр ямар дүгнэлттэй байгаа вэ?
- Манай сонины хувьд 2008 оны үед захиалгын тоо 10 мянгад хүрч байлаа.  Үүнээс хойш олон нөлөөллөөр зөвхөн “Өнөөдөр” гэлтгүй сонины захиалга буурч эхэлсэн. Гэхдээ энэ хандлага гурваас дөрвөн жилийн өмнө байсан бол сүүлийн хоёр жил захиалгын тоо эргээд өсөөд өсөлт дээрээ тогтворжиж эхэлж байна. 

 Сүүлийн хоёр жил СОНИНЫ захиалгын тоо эргээд өсөөд өсөлт дээрээ тогтворжиж эхэлж байна

- Хэвлэмэл сонинг 2036 онд бүр мөсөн устана гэсэн таамаглалууд гарч байв. Цаасан сонин устах уу. Та юу гэж боддог вэ?
- Цаасан сонинг бүрмөсөн устана гэж би боддоггүй. 

Гэхдээ өөрчлөгдөх үү гэвэл өөрчлөгдөнө. Уншигчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцэж өөрчлөгдөх байх. 

Бид илүү бага хэмжээнд илүү их мэдээлэл хүргэх бүтэц рүү өөрчлөгдөх болов уу. 

Миний хувьд Америк, Сингапур, Англи, Австралийн нэр бүхий хэвлэл мэдээллийн группуудын арга барилыг түлхүү судалдаг. Тэдний арга барилыг шууд Монголдоо хэрэгжүүлье гэхээр манай хөрсөнд таарахгүй зүйл их. Гэхдээ ерөнхий хандлага, чиглэлийг харж, судалсаар байна. “Washington post”, “The Guardian”, “Today” зэрэг сонин хэвлэлүүдийг тогтмол харж өөрчлөлтүүдийг нь ажиглаж байна. 

Бид илүү бага хэмжээнд илүү их мэдээлэл хүргэх бүтэц рүү өөрчлөгдөх болов уу

- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд медиа групп болох хандлага руу орж байна. Танай хувьд Монголын анхны медиа группын нэг ч уялдаа холбоо бага харагддаг. 
- Тийм ээ. 

Сүүлийн үед медиа группууд нэлээд гарч ирж байна. Манай хувьд Монголын анхны медиа групп. Өөрийн тань хэлснээр хоорондын уялдаа холбооны тал дээр дутагдалтай зүйлүүд байсан. Энэ тал дээр бид шинээр хийх гэж байгаа зүйлүүд бий. Бодлогын тал дээр гэхэд сонин, телевиз маань нэгдмэл байр суурьтай болох ажил эхлээд явж байгаа. Удахгүй ил болж мэдэгдэх байх. Реклам, сурталчилгаа буюу борлуулалтаа ч гэсэн нэг сувагтай болгох өөрчлөлтийг хийх гэж байна. 

- “MN 25-р суваг” телевизийг ч сэтгүүлч З.Алтайн охин А.Энхзул удирдаж байна. Тэгэхээр залуучууд хамтраад ажиллахад бүр илүү гар нийлж байгаа байх. 
- Тэгэлгүй яахав. Зулаа маань бас амаржаад эргэж ажилдаа ороод жил хүрээгүй байгаа. Энэ богино хугацаанд нэвтрүүлгийн бодлого, мэдээний хөтөлбөр зэрэг нь өөрчлөгдөөд олон шинэчлэлүүдийг хийж байна. Дөнгөж сая бид хоёр энэ долоо хоногт ямар сэдвүүдийг гол бодлогоо болгох вэ гэдгээ ярьчихаад гарч ирлээ. Залуу хүмүүс болохоор хоорондоо тохирч ажиллахад илүү амар байна.  

ЭГЧ, ДҮҮ ХОЁР ХОРШООД АЖИЛЛАВАЛ СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРТ ИЛҮҮ ХҮЧТЭЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙЖ ЧАДАХ БАЙХ

- Бидний ярилцлага “Мартын 8”-наар уншигчдад хүрнэ. Энэ баярын өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрөөдөг вэ?
- “Мартын-8” Монголчуудын хувьд их өргөн тэмдэглэдэг баяр. Миний хувьд хамгийн түрүүнд ээжийгээ баярлуулдаг. Ээждээ гарын хоолоо хийж өгнө. Ээж минь сарнайнд дуртай. Сарнайн баглаа бэлэглэнэ. 

Төрөл төрөгсдийн хувьд эрчүүд нь эмэгтэйчүүддээ баяр хүргэж зоог барьдаг уламжлалтай. Энэ жил ч мөн адил эмээ, Сувдаа эгч, ээж, Ганчимэг эгч нартаа зориулаад хүргэчүүд, хөвгүүд нь өдрийн зоог барих байх. 

- Та бол Монгол Улсын Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн зээ. Тэрбээр Монголчуудын нэгэн үеийн сайхан бүсгүйгээр нэрлэгдэж явсан сайхан эмэгтэй. Эмээгийнхээ тухай ярихгүй юу?
- Хөгшин хүн гэхээр бусдад заасан, сургасан хүн байх ёстой гэж зарим хүн боддог байх. Харин манай эмээгийн хувьд маш залуу сэтгэлгээтэй, бараг ээжээс маань илүү залуу сэтгэлгээтэй хүн. Өсвөр насандаа зарим асуудлаа эмээтэйгээ ярилцахад илүү их ойлголцдог байсан. 

 Манай эмээгийн хувьд маш залуу сэтгэлгээтэй, бараг ээжээс маань илүү залуу сэтгэлгээтэй хүн

Эмээ, эгч нар, ээж гээд энэ хүмүүсийн нэг адил зан чанар нь маш шударга хүмүүс. Энэ зан нь надад их үлгэр дуурайл болдог. 

- Монголын гоо сайхан эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон эдгээр хүний үр хойч гэдэг утгаараа тэднээс ямар үлгэр дуурайл авдаг вэ. Зан чанар, гоо сайхны тухайд?
- Өөрийн ойр тойронд байдаг эмээ, ээж, эгч нараасаа үргэлж үлгэр жишээ авдаг. Тэднийг маань ард түмэн насандаа баймгүй их овор багатай гэцгээдэг. Миний бодлоор тэдний маань гоо сайхан ямар нэгэн үнэтэй чамин хэрэглээндээ биш дотоод сэтгэлтэй нь холбоотой юм уу гэж дүгнэдэг. 

Ялангуяа эмээ маань 90 нас гарсан ч амьдралыг, аливаа зүйлийг дандаа зөв эерэг талаас нь хардаг. Энэ дотоод ариун нандин чанар нь өөрийнхөө гоо сайхнаа хадгалж байдаг нууц нь юм болов уу гэж хардаг.

- Таны хувьд өөрөө ээж болсон.  Гэрийн эзэгтэй, ээж лидер байхын ялгаа, өөрчлөлт хэр ажиглагдаж байна вэ?
- Эмэгтэй хүн ээж болж, гэр бүлтэй болохоороо асуудлыг арай өргөн утгаар нь харж чаддаг юм болов уу гэж өөрөө өөрийгөө ажиглаж байгаа. 

Тэдний маань гоо сайхан ямар нэгэн үнэтэй чамин хэрэглээндээ биш дотоод сэтгэлтэй нь холбоотой юм уу гэж дүгнэдэг

- 10 жилийн өмнө “Өнөөдөр” сонинд ажиллаж байхад нэгэн өглөөний хурал дээр Ц.Балдорж эрхлэгч өөрийг тань дагуулж ирээд “Энэ бол миний ажлыг залгамжлах хүн” гэж танилцуулж байсан санагдаж байна. Мэдээж золгүй явдал болох талаар хэн ч мэдэхгүй. Гэхдээ таны аав танд ажлынхаа талаар хэр их хуваалцаж, мэдээлэл өгдөг байв. Та энэ ажилд хэр их бэлтгэлтэй ирсэн бэ?
- Тэр өдөр намайг “Өнөөдөр” сонины хамт олонтой танилцуулж байхад би энэ ажлыг ингээд хүлээгээд авчих юм байна гэж огт төсөөлж байсангүй.  

Аав минь ийм эрт байхгүй болчихно гэж төсөөлөхгүй явж байсан үе шүү дээ. 

Амралтаараа л Монголд ирчихсэн байсан үе. Нэг хичээлийнхээ дадлагыг хийх гээд ааваасаа сонины материал дээр яаж ажиллах тухай заалгаж байсан юм. 

Тэр үед би их эрх ч байж. Аав минь надад олон зүйлийг зааж сургахыг оролдож байсан ч би нэг их хүлээж авдаггүй байсан юм болов уу. Ерөнхий эрхлэгчийн ажилд би гэдэг хүн таг харанхуй л ирсэн дээ. 

 Ерөнхий эрхлэгчийн ажилд би гэдэг хүн таг харанхуй л ирсэн дээ

- “Өнөөдөр” сонин 1996 оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан. Ц.Балдорж агсныг бурхан болсны дараа түүнийг есдүгээр сарын 20-нд төрсөн болохыг мэдсэн гэж байсан. Энэ их сонирхолтой түүх санагдсан. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?
- Аав маань өөрийнхөө төрсөн өдрийг арванхоёрдугаар сарын 15-н гэж ярьдаг байсан юм. Аав минь хөдөө төрж яг хэддүгээр сарын хэдний өдөр төрснөө мэддэггүй байсан гэдэг. Орост оюутан байхад нь хамт сурч байсан гадаад оюутнууд нь шинэ жил болох гээд гэр орноосоо бэлэг сэлт хүлээж аваад байж. Тэгээд аав маань шинэ жилийн үеэр өөрийнхөө төрсөн өдрийг хэлчихвэл их ашигтай юм байна гэж бодоод өөрийнхөө төрсөн өдрөө арванхоёрдугаар сарын 15-н гээд зохиогоод хэлчихсэн гэдэг юм.

Гэтэл аав маань өөрөө арванхоёрдугаар сарын 15-нд бурхан болсон.

Сүүлд аавыг бурхан болсны дараа ээж маань хөөцөлдөж байгаад архиваас аавын төрсөн өдрийг хайлгаж шүүлгүүлсэн чинь есдүгээр сарын хорьдоор төрсөн хүн байна гэж гарч ирсэн гэсэн. "Өнөөдөр" сонин 1996 рны есдүгээр сарын 20-нд анхны дугаараа гаргасан. 

Ингээд бодохоор аав маань өөрийнхөө төрсөн өдөр гэж хэлж байсан өдрөө бурхан болсон. Өөрийнхөө жинхэнэ төрсөн өдрийг ч мэдэхгүй байж төрсөн өдрөөрөө сониноо байгуулсан сонин тохиолдол болсон доо. 

Аав минь  “Охин минь бүх зүйлийг цаг хугацаа эмчилдэг” юм гэж хэлдэг байж билээ

- Аавтайгаа өнгөрүүлсэн сайхан мөчүүдээсээ дурсахгүй юу?
- Аав минь намайг надаас илүү мэддэг байсан юм шиг. Яагаад гэхээр миний хийх гэж байгаа зүйл болгоныг, миний бодож байгаа болгоныг мэдэрч намайг ойлгож, тайвшруулж, тухайн асуудалд бэлддэг байжээ. 

Гэр бүлд минь олон сайхан дурсамж үлдсэн. Гэхдээ бүр тулгамдчихлаа.

Аав минь орост сургууль төгссөн болохоор оюутан байхдаа өөрийнхөө хийж иддэг байсан шарсан төмсийг бид нарт өглөөний цайн дээр бэлдэж өгөх их дуртай байсан. Намайг гутарсан үед гарын хоолоо хийж өгч, “Охин минь бүх зүйлийг цаг хугацаа эмчилдэг” юм гэж хэлдэг байж билээ.

- Сонины эрхлэгчийн ажлыг хүлээж авах үед ээж тань тусалж байсан гэдэг. Одоо бол бүрэн биеэ дааж чадсан уу?
- Зарим асуудалд ээжээсээ зөвлөгөө авалгүй яахав. Гэхдээ анхны үеэ бодвол өнөөдөр харьцангуй биеэ даасан. Ээжийгээ их олон зүйлд санааг нь зовоохгүй юмсан гэж хичээдэг. Хувийн тал дээр ч, ажлын тал дээр ч ээж минь миний хамгийн ойрын хүн минь юм шүү дээ. 

- Та өөрийнхөө төрсөн дүү Б.Номинтүшигийг “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгчээр томилсон тухай мэдээлэл сонинд мэдээлэгдсэн. 
- Тийм ээ. 

Дүү маань Английн “Exeter” сургуулийг Бизнесийн чиглэлээр төгсөж ирээд жил гаруй хугацаанд Mongolnews.mn сайтаа хариуцаад амжилттай ажиллуулж байна. Ерөнхийдөө сэтгүүл зүйн салбартай тодорхой хэмжээнд танилцсан учраас дүүгийн маань цаг болсон. Эгч, дүү хоёр хамтраад, хоршоод ажиллавал сэтгүүл зүйн салбарт илүү их хүчтэй өөрчлөлтийг хийж чадах байх гэж бодож байна. 

x