Ч.НОМИН ...    
1
2
3
4

Ч.НОМИН: БИД ҮНДЭСНИЙ БИШ ҮНДЭСТНИЙХЭЭ АВЬЯАСТНЫГ ГАРГАЖ ИРЭХ ЗОРИЛГОТОЙ

Ч.Болортуяа
2015 оны 12 сарын 14
iKon.MN
Ч.НОМИН: БИД ҮНДЭСНИЙ БИШ ҮНДЭСТНИЙХЭЭ АВЬЯАСТНЫГ ГАРГАЖ ИРЭХ ЗОРИЛГОТОЙ

Fremantle компанийн Ази хариуцсан захирал Ганеш Ражарам “Авьяаслаг Монголчууд” шоуны сүүлийн шатны тоглолтын дараах хүлээн авалтын үеэр “Азийн орнуудаас хамгийн сайн хийсэн продакшныг Монголд харлаа” гэсэн юм.

Харин Монголын үзэгчдийн зүгээс “Халтар царайт” олон ангит уран сайхны киноноос хойшхи зурагтын өмнө бүгдийг суулгаж чадсан нэвтрүүлэг боллоо гэх сэтгэгдлүүд хөвөрч байлаа. Үүнийг статистик мэдээллүүд ч баталсан юм. “Максима Консалтинг” судалгааны компанийн зүгээс ч “Монголд хамгийн өндөр рейтингтэй нэвтрүүлэг болж байна” гэцгээв.

Үнэхээр Монголчуудыг нэгтгэж, нэг зүг харуулж чадсан энэ төслийн эзэн, “Авьяаслаг Монголчууд” шоуны Ерөнхий продюсер Ч.Номин болоод тэдний хамт олноор үзэгчид дор бүрнээ бахархан суусан гэдэгт эргэлзэхгүй байна.

Шоуныхаа анхны дугаарын ард амжилттай гарсан Ч.Номингийн ярилцлагыг iKon.mn хамгийн түрүүнд та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна.

Ярилцлагын зочин Ч.Номин @NominChinbat

Ярилцсан Ч.Болортуяа @Bolort

Энэхүү ярилцлагыг сүүлийн шатны тоглолтын бэлтгэлийн үеэр хийсэн бөгөөд сүүлийн асуултын хариуг өнөөдөр (2015.12.14) буюу шоуны ялагч тодорсон хойно авсан болно.

 

ДАРАА НЬ ЯМАР Ч КОНТЕНТИЙГ ХИЙХ ТЭР БҮХ ЗҮЙЛСИЙГ СУРЧ АВЛАА

 

- “Авьяаслаг Монголчууд”-ын ялагч хэн ч болсон энэ шоуны хамгийн том ялагч “Монгол ТВ” байлаа гэх сэтгэгдлүүд их олон байв. Та ялагч мөн үү?  
-  Энэ шоуг хийснээр бидэнд олон давуу тал бий болсон нь үнэн. Хамгийн үнэ цэнэтэй нь хамт олон маань маш их туршлага хуримтлууллаа. Энэ нэвтрүүлгийг хийсний дараа ямар ч контентийг хийх  тэр бүх зүйлсийг сурч авлаа. “Авьяаслаг Монголчууд” гэсэн энэ контент хүний баримт, түүхийг бүтээж байна. Дээрээс нь тэр хүний урлагийн номерийг нь бэлдүүлээд, тайзан дээрх тавилтыг хийж өгөөд эцэст нь зурагтаар шууд цацаж бүх жанрыг нэг дор базаж хийж байгаа нь л биднийг “ялагч” болгож байгаа байх. Түүнээс хэн нэгнийг ялаад байгаа зүйл байхгүй ээ.

- Бүх зүйлийг үндсэн шоуны стандартын дагуу хийнэ гэхээр олон хүндрэлтэй зүйл байсан байх.
- Яг стандарт бариад ажиллахын нэг давуу тал нь бид ингэж л хийх ёстой гээд зорьчихоор хэн ч чадахгүй, болохгүй гэж хэлж чаддаггүй. Түүнээс бэрхшээлтэй зүйл олон байсан. Тэр болгонд нь бид ийм л байх ёстой гэсэн зарчмаар л ажиллаад ард нь гарлаа. 

 

- Энэ шоуны арын албанд хэчнээн хүн ажиллав?
- Шоу маань энэ оны гуравдугаар сараас орон нутаг дахь оролцогчдыгоо шалгаруулахаас эхэлсэн. Ингээд харахаар өнөөдрийг хүртэл 1200 орчим хүн ажилласан байна. Давхардсан тоогоор ажилласан тоо 1200. Давхардаагүй тоогоор 600 гаруй хүн ажилласан. Яг өнөөдрийн (2015.12.13) шууд нэвтрүүлэг дээр 200 гаруй хүн ажиллаж байна. 

- Саймон Коуэлл “Авьяаслаг Монголчууд” шоуг үзээд их сэтгэл хангалуун байсан гэсэн. Шоуны үйл явцыг үнэхээр тэгж дүгнэж цэгнэдэг үү?
- Дэлхийн брэнд гэдэг нэг л стандарттай байдаг. Маш хатуу хяналт, шаардлагатай. Тиймээс шоуны эрх эзэмшигчид бидний бүх дугаарыг үздэг. “Youtube” руу оруулж байгаа бүх бичлэгийг давхар хянадаг. Маш нарийн хяналттай байсан. Харин эргээд хариуд нь бид маш их магтуулсан. Их сайн байна гэж дүгнэсэн шүү.

- Шоуны тайз, гэрэлтүүлэг, хөгжим зэрэг бидний өмнө нь харж байгаагүй үнэхээр сайн болсон байсан. Энэ бүгд дээр танай хамт олон сургалт авсан байх.
- Тийм ээ.  Зөвхөн гэрэлтүүлэг гэхэд мэргэжлийн хүмүүс нь ирээд манай гэрлийнхэнд хичээл заасан. Заалны гэрэл яаж тавих ёстой талаар мөн телевизийн гэрлээ яаж тавих вэ гээд бүгдийг зааж өгсөн. Тайзны тухайд ч мөн мэргэжилтнүүд нь ирсэн. Чиглэл чиглэлээр хүмүүс нь ирж сургалт өгсөн. 

 

 

Бүх юм дуусахад 1.5 тэрбум төгрөгийн өртгөөр шоу маань бүтлээ

- Оролцогчдын тухайд эхний шатанд оролцож байснаасаа финалын шатанд имиж, тайзны зохиомж маш баялаг болж өөрчлөгдсөн. Энэ бүх зүйлд “Монгол ТВ” ямар оролцоотой байсан бэ?
- Эхний шат бол хүмүүс өөрсдийнхөөрөө оролцсон. Хагас шигшээ болон сүүлийн шатны  үзүүлбэр бүрийн тайзны тавилт бүх зүйлийг манай залуучууд хийж байгаа.

Оролцогчийн хувьд үзүүлбэрээ л бэлдсэн.

Гэхдээ үзүүлбэр болгон мэргэжлийн зөвлөхтэй байсан. Хөгжим, бүжиг, уран нугаралт, дуулалт гээд чиглэл чиглэлд нь мэргэжлийн зөвлөхүүдийг ажиллууллаа.

Мөн дээрээс нь бүжигчидтэй үзүүлбэрийн ихэнх бүжигчин нь бид нарын бэлдсэн хүмүүс байсан. Түүнчлэн зарим нэг оролцогчийг эс тооцвол хувцас хунар нь хүртэл “Монгол ТВ”-ээс гарч байлаа. 

- “Авьяаслаг Монголчууд” шоуг нэг тэрбум төгрөгөөр хийхээр төсөвлөсөн гэж та өмнөх ярилцлага дээрээ дурдаж байсан. Шоу дуусахад энэ тоо өөрчлөгдсөн үү?
- Бид яг тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Энэ мөнгөндөө тааруулаад спонсоруудаа олсон. Гэхдээ бүх юм дуусахад 1.5 тэрбум төгрөгийн өртгөөр шоу маань бүтлээ.

ДАРАА ЖИЛИЙН ШҮҮГЧИД ХЭН БАЙХ ВЭ, ХӨТЛӨГЧИД СОЛИГДОХ УУ ГЭЭД МАШ ИХ АСУУЛТ ИРЖ БАЙНА

- Үзэгчдийн мессеж болон дуудлагаар өгсөн саналын тоог ил зарлахгүй байна гэсэн шүүмжлэл их байсан. Үүнд та тайлбар өгөх байх.
- Энэ статистик форматынхаа дагуу нууц байх ёстой гэдгийг хэлэх нь зөв байх. 

- Нууц байхын шалтгаан нь юу вэ?
- Хүмүүст догдлол үүсгэх зэргээс хамаараад нууц байх шалтгаантай байдаг. Гэхдээ үзэгчдийн өгч байгаа саналыг найдвартай, ямар нэгэн байдлаар бусдад задрахгүй, тэр саналд ямар нэгэн нөлөөлөл оруулахгүйн тулд заавал аудит байхыг шаарддаг. Тэр ч утгаараа бид "Эрнст энд Янг" гээд дэлхийд баталгаажчихсан аудитын компаниар хяналт хийлгэж байна.  Дээрээс нь бид саналын тоонуудаа шоуны эрх эзэмшигчид рүү явуулдаг. Үзэгчдээс өгсөн саналын тоо шүүгчдэд хүртэл нууц байдаг. Яагаад гэхээр тэр хүмүүсийн сонголтонд ч бас нөлөөлнө гэж үздэг юм билээ.

Үзэгчдээс өгсөн саналын тоо шүүгчдэд хүртэл нууц байдаг

- Ашиг сонирхол л орж магадгүй гэж үзээд байгаа юм байна. Тийм үү?
- Тэгж хэлж болно. 

Саналын тухайд сонирхолтой зүйл хэлэхэд Монголын үүрэн телефон хэрэглэгчдийн хувьд маш их хэмжээний санал ирсэн учраас зарим нэг оператор компани ачааллаа дийлэхгүй хүчин чадлаа нэмэх хүртэл тохиолдол гарсан байна лээ. Монголын түүхэнд хамгийн өндөр хандалтаар нэг дугаар руу ямар нэгэн зүйлийн төлөө саналаа өгсөн үйл явдал болсон гэж итгэлтэй хэлэх байна. Албан ёсны буюу сонгууль шиг биш өөрийнхөө хүслээр ингэж саналаа өгснөөрөө онцлог шүү дээ.

 

- Танай багийн хүлээлтээс энэ тоо бага байв уу, их байв уу?
- Бид нар ийм их санал авна гэж бодоогүй. Нэвтрүүлгээс нэвтрүүлэг хооронд буюу дугаар ахих бүрт санал өгөх тоо нэмэгдсэн. Үнэхээр төсөөлөөгүй хэмжээнд хүмүүс саналаа өгсөн. 

- Бид нарын телевизээр үзэж эхэлсэн дугаар та бүхний анхан шатны шалгаруулалтаас шалгарсан хүмүүс гэж ойлгоод байгаа. Зөв биз дээ?
- Тийм ээ. Бид орон нутгаар тойроод мянга гаруй хүнээс форматынхаа дагуу 250 хүн шалгаруулаад эфирт цацаж эхэлсэн. Тэгэхээр ерөнхий шүүгчид маань эдгээр 250 оролцогчоос эхэлж шүүж эхэлсэн гэсэн үг. 

 

Монголын түүхэнд хамгийн өндөр хандалтаар нэг дугаар руу ямар нэгэн зүйлийн төлөө саналаа өгсөн үйл явдал болсон
 
 

- Одоогийн дөрвөн шүүгчийн тухайд эерэг, сөрөг шүүмжлэл маш их өрнөсөн. Нэвтрүүлэг эхлээд дуусах хүртэл энэ шүүмж үргэлжилж байна. Энэ ч та бүхний зорилго байх. Тийм үү?
- Нэвтрүүлэг маань үнэхээр олон хүнийг хамарсан учраас сайнтай, муутай олон санал, сэтгэгдлийг дагуулж байна. Бид шүүгчдээ хэн байх ёстой вэ гэдэг дээр дараах ерөнхий шаардлагуудыг тавьсан. Хамгийн түрүүнд эдгээр хүн өөр өөр характер байх ёстой, дээрээс нь мэдээж урлагийн хүмүүс байх ёстой. Мөн үе үеийн төлөөлөл байх ёстой гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьсан. Энэ шаардлагын дагуу нэлээд хэдэн хүнийг сонгоод нэвтрүүлгийн эрх эзэмшигчид рүүгээ явуулж улмаар ярилцаж байгаад шүүгчдийгээ сонгосон. 

- Дараа жил энэ шоу үргэлжлэх үү?
- Үргэлжилнэ. Дахиад хэд хэдэн удаагийн дугаар хийх бодол байгаа.

- Дараа жил шүүгчдийн хувьд ямар сонголт байх бол. Одоогийн дөрвөн шүүгч үргэлжлэн ажиллах уу?
- Дараа жилийн шүүгчид хэн байх вэ, хөтлөгчид солигдох уу гээд хүмүүсээс маш их асуулт ирж байна. Бидний хувьд заавал одоогийн хүмүүстэйгээ үргэлжлүүлнэ гэсэн дүрэм байхгүй. Мэдээж зөндөө олон боломж бий. Эхлээд бүх боломжоо судална. Одоо ажиллаж байгаа хүмүүсээ дүгнэнэ, солигдох боломжтой хүмүүсээ судална. Үүний дараа шийдвэрээ гаргана даа. 

БИДНИЙ ЗОРИЛГО ҮНДЭСНИЙ БИШ ҮНДЭСТНИЙХЭЭ АВЬЯАСЫГ ГАРГАЖ ИРЭХЭД ОРШИЖ БАЙГАА

- “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч заавал язгуур урлагийн хүн байх ёстой юу. Дэлхийд өрсөлдөх Монгол авьяасыг гаргах ёстой гэж л Монголчууд яриад байгаа. Ялагч үнэхээр дэлхийд өрсөлдөх боломж бий юу. Уг нь зүгээр л үндэстний ялагч юм биш үү?
- Номин гэдэг хүн эсвэл “Монгол ТВ” гэдэг нэг компани дэлхийд өрсөлдөх Монгол авьяастныг гаргаж ирэх ямар нэгэн үүргийг хэний ч өмнө хүлээгээгүй. Энэ бол цэвэр телевизийн шоу.

Бидний зорилго үндэсний биш үндэстнийхээ авьяасыг гаргаж ирэхэд оршиж байгаа. Энэ нэвтрүүлгийн үндсэн зорилго юу вэ гэхээр монгол авьяасыг хөгжүүлэх, монгол хүнд монгол хүнийг таниулах. Энэ нь ямар учиртай вэ гэхээр энэ олон авьяас олон нийтэд хүрснээр хүүхэд багачууд урлагийг сонирхож хичээллэх нь нэмэгдэж тэр хэрээр авьяас хөгжинө. Энэ л бидний үндсэн зорилго. Шоуны зорилго спонсоруудын уриа үг буюу Дэлхийд гайхагдах Монгол авьяасыг олох ёстой гэдэг зүйл рүү орчихоод байна л даа. Үнэхээр сайн хүн гараад ирвэл ийм боломж бол байгаа. Яагаад гэхээр “Авьяаслаг Монголчууд” шоу дэлхийд гарах хамгийн дөт талбар байж магадгүй. Учир нь энэ форматаар маш олон өөр улсын хүмүүс дэлхийд хүрчихэж байна. Үнэхээр том боломж. Тэгэхээр энэ бүгдийг хараад хүмүүсийн дээр хэлсэнчлэн дэлхийд гарах Монгол авьяастныг олох ёстой гэж дүгнээд байх шиг байна. Боломж бол бий. Гэхдээ бидний хүлээж авсан үүрэг бас биш гэдгийг хэлэх хэрэгтэй. 

 

- Тэгэхээр ялагчийн тухайд заавал үндэсний урлагийн хүн байх ёсгүй. Мөн үү?
- Ялагч урлагийн ямар төрлийн хүн байх вэ гэдэг манайд хамаагүй. Энэ бол бидний сонголт биш. Энэ бол үзэгчдийн сонголт.  Миний бодлоор ямар ч төрлийн авьяас байсан тэр нь гоц гойд байвал тэр нь дэлхийд хүрч чадна.

- Бидний ярилцлага шоу дууссаны дараа нийтлэгдэнэ. Та хувьдаа аль оролцогчийг дэмжиж байв?
- Шоунд оролцогчдыг олонд танигдаагүй хөдөө орон нутагт байж байхад нь бид очиж үзээд авчирсан. Тэр авчирсан бүх хүнийхээ зохиол дээр суусан. Оролцогч тус бүр дээр зохиолыг нь гаргаад, зургийг нь аваад тэдгээр бүх зургуудынхаа эвлүүлгийг нь өөрөө үзэж суусан учраас бүх оролцогчоо миний хувьд тэнцүү мэддэг болчихсон. Хэн хэнээс юу гарч байна вэ, ааш зан нь ямар вэ гэдгийг мэдэж авсан. Тэгэхэд эдгээрээс олонд хамгийн буруу ойлгогдсон оролцогч бол Баярсайхан байлаа.

Баярсайхан шинэ дуу буюу гадаад дууг орчуулаад маш сайн бэлдээд ганцхан удаа дуулаад олонд тийм хэмжээнд хүргэнэ гэдэг яах аргагүй авьяас.


 
- Өрөвдүүлэх тактик барилаа гэсэн сэтгэгдлүүдийг хэлж байна уу?
- Тийм ээ.  Энэ сэтгэгдлийг үнэхээр гайхсан. Баярсайхан шинэ дуу буюу гадаад дууг орчуулаад маш сайн бэлдээд ганцхан удаа дуулаад олонд тийм хэмжээнд хүргэнэ гэдэг яах аргагүй авьяас. Энэ бол хөдөлмөр. Дууг нэг дуулаад л олон нийтэд ингэж хүргэсэн энэ хүний авьяасыг нь ярих ёстой болохоос биш зүгээр л зохиол дээр нь хэлэлцүүлэг үүсгэсэн. 

Оролцогчдын талаар ярихад энд маш хайнга хүн ч байна, энэ олон хүний хөдөлмөрийг үнэлдэггүй хүмүүс ч байна. Мөн маш шаргуу хөдөлмөрч нэгэн ч бас байсан. Эндээс юуг харсан бэ гэхээр маш их хөдөлмөрлөж байгаа хүн нь нүдэн дээр л сайжраад цэцэглээд яваад байсан. Гэтэл үнэхээр л авьяастай хэрнээ хөдөлмөрлөхгүй байгаа нэгнийх нь үзүүлбэр хэвээрээ гарч ирээд байсан. Зөвхөн тайз, гэрэлтүүлэг, хувцас нь л өөрчлөгдөж байх жишээтэй. 

БИД ҮЗЭГЧДИЙНХЭЭ НҮДИЙГ ХУУРАХГҮЙГЭЭР ЮМ ХИЙЖ БОЛНО ГЭДГИЙГ ХАРУУЛЖ ЧАДСАН БОЛОВ УУ

- Энэ шоуг эхнээс нь дуустал Ерөнхий продюсерээр ажиллаж дуусгахад хувь хүнийхээ хувьд юу мэдрэв?
- Шоуны эхлэл хэсэг буюу хөдөө орон нутгаар тойрч явсан хугацаа хамгийн гоё үе байсан. Авьяастнуудыг яг газар дээр нь очиж үзсэн гэсэн үг. Энэ үед би Монголчууд үнэхээр авьяастай юм байна гэдгийг мэдэрсэн. Дээрээс нь хөдөө аймаг, сум, баг тус бүрт Соёлын төв гэж газар байдаг. Соёлын төвийг том багаас нь шалтгаалаад 5-10 хүн ажиллуулдаг. Тэр хүмүүс нь тэндээ соёл түгээгээд байж байдаг. Энэ социализмийн үеэс ирсэн систем нь үргэлжлээд бусдад соёл түгээгээд явж байгаа нь надад маш сайхан санагдсан. Би яг л тэр үед Монгол хүнийг таних боломж олдсон. Энэ үе надад үнэхээр хамгийн сайхан үе байсан.

Би яагаад монгол хүн монгол хүнээ таних тухай дахин дахин хэлээд байна вэ гэхээр зөвхөн урлагаар биш энэ урлагийн цаана тухайн хүний амьдрал гарч байна. Тодорхой нэг зохиол тэнд үргэлжилж байна. Зүгээр л Монголчууд бид ийм их урлагийн их соёлтой дээрээс нь хүмүүс ингэж амьдарч байна гэдгийг харуулаад байгаа юм болов уу гэж бодож байна. 

- 108 хүнээс 32 нь шигшигдсэн шүүлтэд та оролцов уу?
- Үндсэн шийдвэр шүүгчдээс гарсан.

- Нэгэнт ингэж хасах байсан юм бол яах гэж “Чамайг дахиад нэг харъя” гэж оролцогчдыг хуурсан юм бэ гэх бухимдал их явсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
- Энэ бол формат. Энэ нь өөрөө шоуг улам өргөлттэй, уналттай болгож байгаа юм. Хүмүүс дэлхийн юм Монголд ирэхээрээ ингээд л унадаг, лобби орлоо гэцгээж байсан. Гэтэл дэлхий даяар ийм формат явж байгаа. Яагаад гэхээр энэ өөрөө маш үнэтэй продакшн ажил шүү дээ. Магадгүй хямдхан байх юм бол дугаар олон байх тусмаа бид нарт ашигтай. Хэрвээ ингэж хандвал шоу маань сонирхолгүй болно. 100 гаруй хүнийг дахиад эхнээс нь үзээд л явах юм бол бидний цагийг маань нөхөөд сайхан л байна. Гэхдээ энэ чинь маш өндөр зардалтай. Хоёрдугаарт, сонирхолтой биш. Хүмүүс үзсээр байгаад залхаж эхэлнэ. Олон жил, олон газар хийчихсэн стандарт, формат гэдэг чинь ийм ухаантай байдаг юм байна. Хүмүүсийг уулга алдтал нь хасах бол хасаад, үлдээх бол үлдээж чаддаг. 

 

- Үзэгчдийн үзэлт, хандалтын хувьд статистикууд гарсан байх. Сонирхуулахгүй юу?
- Манай телевизийн хувьд рекорд хандалт болсон. “Максима”- гийн судалгааны баг ч мөн адил Монголд хамгийн өндөр рейтингтэй нэвтрүүлэг боллоо гэж хэлсэн. 

“Максима”- гийн судалгааны баг ч мөн адил Монголд хамгийн өндөр рейтингтэй нэвтрүүлэг боллоо гэж хэлсэн

Үүнээс харахад, телевизийн урлагт ажиллаж байгаа хүмүүс хялбар аргаар хүний нүд хуурах зүйл хийх нь явуургүй болчихсон юм байна. Телевизийн шоуг их сайн хийх боломжтой болчихсон юм байна гэдэг нь ойлгомжтой болчихсон учраас цааш цаашдаа бид ч өөрсдийн бусад контентдоо анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Жижиг зүйл хийсэн ч түүнийгээ л сайн хийхийг зорих хэрэгтэй юм байна. 

Хоёрдугаарт, “Авьяаслаг Монголчууд” шоу гэгээлэг нэвтрүүлэг. “Гацуурт” компанийн хувьд энэ нэвтрүүлгийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж гэгээлэг зүйл нийгэмд хүргэе гэдэг үүднээс хийж байгаа гэдгийг дахин хэлье. 

- Шоуны ялагчаас гадна бусад амжилттай оролцогчидтой “Монгол ТВ” хамтарч ажиллах уу?
- Оролцогчдын тухайд маш нарийн заалт бүхий гэрээ байгуулж энэ шоунд оролцож байгаа. Тэр нь зөвхөн манайх биш эрх эзэмшигчидтэй мөн гэрээ хийдэг. Дэлхийн брэнд гэдэг зүйл чинь өөрийгөө хамгаалахын тулд өндөр шаардлага бүхий гэрээнүүд хийдэг. 

Яг энэ оролцогчдоос хэн нь цаашаа явах боломжтой вэ гэдгийг харж байгаад манай телевиз үргэлжлүүлэн хамтарч ажиллах бодол бол бий. 

 

- Эхний төсөл амжилттай өндөрлөлөө. Та дүгнээд юу гэж хэлмээр байна вэ?
- Энэ шоуг хийж байх явцад надтай таарсан хүн болгон “Танай нэвтрүүлэг их сайн болж байна. Үзэж байгаа. Бидэнд гэрэл гэгээ өгч байна” гэсэн урмын үгээр мялааж байлаа. Бидний хувьд энэ их магтаалын үгэнд уначихгүй байх юмсан гэж маш их хичээж ажилласан. Энэ утгаараа хамт олон маань маш их хариуцлага үүрсэн. Бидний бодож байснаас хамаагүй их хариуцлагатай ажил болсон. 

Аав, ээж, хүүхдүүдийн хооронд ч зөв сайхан яриа үүсэх шалтгаан болж байгаа нь энэ шоунаас гарч буй хамгийн том зүйл болов уу

Энэ нэвтрүүлэг гарснаар Ням гараг бүрийн 19.30 цагаас гэр бүлийн гишүүд цугтаа сууж халуун дулаан уур амьсгал бүрдэж улмаар урлаг уран сайхан үзчихээд түүн дээрээ хэлэлцүүлэг хийж аав, ээж, хүүхдүүдийн хооронд ч зөв сайхан яриа үүсэх шалтгаан болж байгаа нь энэ шоунаас гарч буй хамгийн том зүйл болов уу. 

Нөгөө талаар бид зориод хийх юм бол аливааг хийж чаддаг юм байна гэдгийг харлаа.

Би өмнө нь олон улсын стандартад нийцсэн гоё сайхан нэвтрүүлэг хийхээр болдоггүй юм байх даа гэж их боддог байсан. Техник нь байдаггүй юм болов уу, хүмүүс нь чаддаггүй юм болов уу бид яагаад гадаадад үзэж байгаа шигээ шоуг хийж болдоггүй юм бол гэж их боддог байсан. Одоо үүнийг хийсний дараа болдог юм байна гэдгийг ойлголоо. 

Би юу гэж хэлмээр байна вэ гэхээр бид үзэгчдийнхээ нүдийг хуурахгүйгээр юм хийж болно гэдгийг  харуулж чадсан болов уу.  Үзэгчид өнөөдөр сайн, муугийн ялгааг маш сайн мэдэрдэг болсон байна.

 

- Ялагч тодорлоо. (2015.12.14) “Эгшиглэнт Чимээ” хамтлагийн тухай та өөрийн твиттертээ тэднийг хамгийн хөдөлмөрч нь байсан гэж онцолсон. Ялагчдад хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

- Үнэтэй биш буюу юмхнаар хөгжим хийж олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн “Эгшиглэнт Чимээ” хамтлаг энэ шоунд оролцогчдын хамгийн хөдөлмөрч оролцогчдын нэг мөнөөс мөн. Хэдий нас нь бага ч хүүхдүүд шөнө орой хүртэл бэлтгэлээ хийж уйгагүй хөдөлмөрлөсөн. Энэ олон багачууд үзэгчдийн хайрыг хүлээж ялагч боллоо. Олон хүүхэд, залууст үлгэр дуурайл болно гэж найдаж байна. Энэ хөдөлмөрч, авьяаслаг хамт олон шоуны ялагч болсонд бид сэтгэл хангалуун байгаа.

Бас нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд Б.Мягмарцэрэн, Х.Бархүү болон “Эгшиглэнт Чимээ” гэсэн хоёр оролцогчийн санал маш ойрхон байсан юм шүү. Цөөхөн саналын зөрүүгээр “Эгшиглэнт Чимээ” хамтлаг ялагч болсон.  Тэнцүүхэн хүчтэй оролцогчид байлаа. 

 

Ч.НОМИНГИЙН "ӨГЛӨӨНИЙ ХҮН" БУЛАНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГЫГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

x