Э.Ганболор    
1
2
3

Э.Ганболор: ҮНДЭСНИЙ ТОМООХОН КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОХ ЗОРИЛГОТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Ч.Болортуяа
2015 оны 12 сарын 3
iKon.MN
Э.Ганболор: ҮНДЭСНИЙ ТОМООХОН КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОХ ЗОРИЛГОТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Зураг

Зуун хувь Монгол контентоор эфирээ дүүргэж, яваандаа зуун хувь өөрсдийн бүтээсэн контентийг үзэгчиддээ хүргэх томоохон зорилго өвөртөлсөн “V” телевизийн Гүйцэтгэх захирал Э.Ганболортой ярилцлаа.

Эфирээ албан ёсоор цацаад ердөө хоёр сар болж байгаа ч хамгийн өндөр үзэлттэй 10 сувгийн тоонд орж ирээд буй тус чадварлаг хамт олны онцлог, ялгарал юунд байна вэ.

Э.Ганболор Урлагийн их далайгаас Хэвлэл мэдээлэл гэх энэ "хатуу" салбарт яагаад хөл тавих болов.

Энэ бүгдийн хариултыг бидний ярилцлагаас уншаарай.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

 

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort

Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир MPA.mn 

Зураг

ӨӨРСДӨӨ КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ ДАВУУ ТАЛ

 

- Эдийн засгийн удаашралтай энэ үед шинэ телевиз удирдах их зоригтой алхам хийжээ.  Яагаад энэ шийдвэрийг гаргах болов?
- Тийм ээ.  Өөрийн чинь хэлсэн үнэн л дээ. Хямралтай үед ийм шийдвэр гаргасан нь зоригтой алхам гэж би ч бас бодож байгаа. Гэр бүлийнхэн маань ч урлагийн салбараас их хатуу, халтай, бизнес дундаа заавал ийм хэцүү рүү нь орох хэрэг байгаа юм уу гэцгээж байсан.

Хамгийн гол нь энэ ажлын санал миний амьдралын их гоё үед ирсэн. Юу гэхээр нэг томоохон өөрчлөлт хийх цаг болсон үетэй таарсан.  

Хэвлэл мэдээлэл тэр дундаа телевизийн салбар хөрөнгө мөнгө, эдийн засгийн нөхцөл байдлаас амжилттай байх эсэх нь их хамаардаг. Урсгал зардал ихтэй учраас хөрөнгө мөнгө их шаардлагатай байдаг.

Гэхдээ манай баг эдийн засгийн хямралтай энэ үед телевизээ их таатай нөхцөлөөр авсан. Уолл Стритийн чоно гэгддэг Жордан Бэлфорт нэгэн лекц дээрээ Монголын эдийн засгийн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалтын талаарх нэгэн асуултад хариулах үедээ “Эдийн засгийн хямрал маш их боломжийг бий болгодог, үүнийг Монголчууд битгий алдаасай гэж бодож байна” гэж байсан. Эдийн засаг өндөр өсөлттэй үед телевизийг ийм үнээр авах боломжгүй байх. Тэгэхээр улсын маань эдийн засгийн нөхцөл байдал нэг талаараа бидэнд боломжийг нээж өгсөн гэж хэлэхэд буруудахгүй байх.

- Хямдхан авсан гэсэн үг үү?
- Бага үнээр гэж хэлэхгүй л дээ. Их таатай нөхцөлөөр авсан. Энэ нь бидэнд олзуурхууштай явдал болсон юм.

Бизнес утгаар нь харвал хүндрэлтэй үед хөлөө олоод бага багаар тогтворжоод авчих юм бол цаг сайхан болох үед улам л сайхан болно гэж эерэгээр харсан.

Ер нь хүн аливаа алхмыг хийх гэж байгаа бол зоригтой л хийсэн нь дээр. Энэ шийдвэрийг гаргах болсон маань бас миний сонирхон судалж байсан зүйлтэй их холбогдсон юм. Би хуулийн чиглэлд их сонирхолтой, хөгжим бүжгийн коллежийг төгсөөд МУИС-ийн Хууль Зүйн сургуульд сурч байсан.  Энэ сургуулиа төгсөөгүй байхдаа Америк явж тэндээ урлагийн сургуульд суралцсан.

Монголд ирээд хуулийн сургуульдаа буцаж орж өөрт хамгийн их хамаатай оюуны өмчийн эрхийн асуудлаар сонирхож судалж байсан юм. Гэтэл телевизийн салбарыг нөгөө алган дээрээ тавиад харахаар тэр чигээрээ зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудал байсан. Ингээд л телевизийн салбар миний сонирхлыг илүү их татсан.

“V” студи бизнесээ тэлж байна гэж ойлгож болно.​ 

- “V”  хуучин “Шинэ Дэлхий” телевиз байсан. Танай телевиз “V” студиэс гаралтай гэж ойлгоод байгаа. Зөв үү?
- Зөв зөв. “V” студи бизнесээ тэлж байна гэж ойлгож болно. “V” студийн тухайд 10 гаруй жил мэргэжлийн контентууд хийгээд нэлээд туршлагажиж салбартаа танигдчихсан хамт олон.  

“Шинэ Дэлхий” телевизийн хуучин хүчин чадал дээр студийнхээ багийг авчраад хамтраад ажиллахаар гар нийлж сайн баг бүрдэж чадлаа гэж бид их сэтгэл хангалуун байгаа.

“V” студийн хийж байсан сайн контентуудаа улам өргөжүүлээд телевизийн суурин дээр масс контент үйлдвэрлэгч болъё гэсэн зорилго тавин ажиллаж байна. Яагаад гэхээр медиагийн гол суурь нь агуулга буюу контент дээр тогтдог. Тэгэхээр амжилттай байх суурь нь өөрөө сайн үйлдвэрлэгч байх ёстой гэсэн үг.

- Энэ телевизийг удирдаач гэсэн саналыг танд яагаад тавих болсон талаар та мэдээж бодож үзсэн байх.
- Найз маань надад ч хэлсэн л дээ. Нэг зүйлд тууштай, уйгагүй явдаг. Аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч зан чанарыг олон жил хамтарч ажиллахдаа харсан гэж хэлсэн. Миний хувьд амбиц буюу өөрийн хүсэл мөрөөдөлтэй, нийгэмд хийсэн зүйлтэй, өөрийн гэсэн байр суурьтай болох хүсэл мөрөөдөлтэйгээ найз нөхөддөө ч ойлгуулж явдаг. Мөн телевиз гэдэг урлагийн нэг хэлбэр учраас урлагийн хүн дээрээс нь зөв менежменттэй байж чадвал амжилттай ажиллах боломжтой гэж үзсэн учраас намайг сонгосон байх гэж бодож байна.

- Урлагийн хүн телевизийн салбарт орж ирэхээр тухайн телевизээр энтертеймент хөтөлбөрүүд илүү их гарах болов уу гэж бодож байна. Нийтлэлийн ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
- “Шинэ Дэлхий” буюу одоогийн “V” телевиз маань өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч. Энэ утгаараа гол чиг үүрэг нь соён гэгээрүүлэх буюу нийтэд зориулсан контент гаргах ёстой. Тэгэхээр бид аль нэг төрлийг барин ажиллах боломжгүй. Гэхдээ юугаараа ялгарч, юугаараа өөрсдийгөө илэрхийлж чадах вэ гэхээр манай баг 100 хувь залуусаас бүрдэж байна. Гаргаж байгаа контентууд маань илүү залуу үе рүү хандсан. Манай улсын иргэдийн дийлэнх нь залуучууд. Тэгэхээр бидний үзэгчид бэлэн байгаа. Мөн өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд тавигдах бас нэг гол  шаардлага байдаг нь үндэсний агуулга гаргаж буй агуулгуудын дор хаяж 50 хувийг эзлэх ёстой. Бидний хувьд өөрсдөө контент үйлдвэрлэгч байна гэдэг хамгийн том давуу тал бөгөөд энэ шаардлагыг бүрэн хангаж байгаа. Үндэсний томоохон контент үйлдвэрлэгч л болох томоохон зорилготой. Үүнийгээ өөрсдийн сувгаар үзүүлнэ.

- Та ажлаа аваад хагас жил болж байна. Одоо ажил тань хэр жигдэрч байна вэ?
- Баг маань бүрдсэн. Маш эрч хүчтэй залуус цугларсан. Аливаа зүйлийг хийхэд хүмүүс өөр хоорондоо гар хөлөө авалцана гэдэг хамгийн чухал байдаг. Телевиз гэдэг яах аргагүй бие биеэсээ салшгүй хамааралтай урлаг. Одоо бид гар хөлөө авалцаж эхэлж байна. Эхлэл маш аятайхан тавигдаж байна гэж бодож байгаа. Есдүгээр сарын 29-нд анхны эфирээ цацаж эхэлсэн. Аравдугаар сарын “Максима”-ийн судалгааг харахаар VTV оргил цагийн үзэлтээр эхний аравт ороод ирчихсэн байна.

- Өмнөх “Шинэ Дэлхий” телевиз хэд дээр байсан бэ?
- “Шинэ Дэлхий” телевиз маань энэ судалгаанд орж ирээгүй удаж байгаа шүү дээ. Тийм болохоор бидний энэ үзүүлэлт тоохгүй өнгөрч болохгүй амжилт юм болов уу гэж бодож байгаа. Залуучуудаараа маш их бахархаж байна. Энэ бол дөнгөж эхлэл. Мэдээж бидэнд сайжруулах зүйлс их байгаа. Үзэгчдээс ч янз бүрийн санал сэтгэгдэл ирж байна. Энэ бүгдийгээ сайжруулаад ажиллах юм бол цаашдаа улам амжилттай ажиллах боломжтой л гэж үзээд байгаа.

Бидний хувьд өөрсдөө контент үйлдвэрлэгч байна гэдэг хамгийн том давуу тал

 

 

- Ялгарлаа яаж илүү тод болгох вэ?
- Телевиз бол харах, сонсох урлаг. Тиймээс өнгө үзэмж, дууны чанартаа өндөр шаардлага тавьж анхаарч байгаа. Агуулгын хувьд эхний гурван жилд “Бид Монголдоо Хайртай” гэсэн уриатайгаар ажиллаж байна. Энгийн юм шиг мөртлөө энэ үзэл хүн болгоны дотор байдаг.

Залуучуудын өнцгөөр эх орноо хайрлана гэж яг юу юм бэ гэдгийг контент тус бүр дээрээ тусгаж өгье гэж байгаа юм. Өргөн нэвтрүүлгийн телевизийн шаардлагын дагуу бүх төрлийн нэвтрүүлэг буюу танин мэдэхүй, хүүхдийн нэвтрүүлгүүд тус бүр дээрээ Монгол өв соёл, хэл, урлаг, онгон байгалиа тусгаж өгч байгаа. Мөн монгол мөрөөдөл гэсэн чиглэлээр уран бүтээлээ хийхээр зорьж байна. Монголын үнэт зүйл, бахархлыг, бид хэн бэ гэдгийг л суулгаж өгснөөр контентийн ялгарал бий болох юм.

VTV оргил цагийн үзэлтээр эхний аравт ороод ирчихсэн байна

Монголын телевизийн урлаг 48 жилийн түүхтэй. Одоогийн ажиллаж байгаа бид энэ салбарын гуравдагч үе гэж хэлж болно. Тэгэхээр энэ үеийнхний хийх ёстой зүйл юу вэ гэхээр залуу үеийнхэнтэйгээ ойлголцсон, залуустайгаа хамтарсан, залуустаа зориулсан зүйл л хийе гэдэг бодлого барьж байгаа. Шилдэг залуусын төлөөллийг гаргаж ирж энэ үеийнхээ онцлогийг харуулах, бас өөр өөрсдийн үеэ дэмжих бодлого байх ёстой гэж бодож байгаа.

Дээрээс нь манай телевизийг үзсэн хүмүүст маш чөлөөтэй арга барил харагдаж байгаа байх. Үзэгчдэд маань аль хэдийнээ анзаарагдаад шүүмжлэл, сайшаал зэрэг зэрэг ирсээр л байна.

- Телевиз маш өндөр урсгал зардалтай хөрөнгө мөнгө шаарддаг бизнес. Тэгэхээр энэ хөрөнгийг эхний ээлжинд зөвхөн зар сурталчилгаагаар нөхөх боломжгүй. Хөрөнгө оруулалтын талаараа ярихгүй юу?
- Манай хамт олон энэ телевизийг бизнес утгаар нь амжилтанд хүргэхийн төлөө ажиллаж байгаа. Монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан нэвтрүүлгүүд хийж чадвал энэ өөрөө зарагдах боломжтой. Зарагдана гэдэг маань бид өөрсдийн эргэлтийн хөрөнгөтэй болно гэсэн үг.

Харин томоохон хөрөнгө оруулалтыг хэрхэн босгох вэ гэдгээ бид одоо хэлэлцэж байна. Шинэ баг маань энэ телевизийн өнгө төрх, бодлогыг эхлээд гаргаад ирье. Тэгээд хөрөнгө оруулагчдыг татъя гэсэн бодлоготой. Бид эхлэлийн хөрөнгөөрөө эхний ээлжинд ялгарлаа  туршлага, авьяас дээрээ үндэслээд гаргачихъя гэж байгаа юм.

Зураг

ТОК ШОУ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХҮРТЭЛ БИЧДЭГ БАЙЛАА

 

- Яг бэлэн болсон бусдаас онцлог ялгаатай контентуудаасаа танилцуулахгүй юу?
- Хамгийн эхний зүйл нь манай суваг байгалийн зураглалаараа маш давуу талтай.

Байгалийн зураглал, түүний дүрс, мэдрэмжийн хувьд ямар ч байсан урдаа өөр хүн гишгүүлэхгүй явж байгаа гээд хэлчихэд буруудахгүй байх. Үүний хүрээнд “Сартуулын тэмдэглэл” нэртэй эх орныхоо очиж үзэх ёстой газруудыг реалити шоу байдлаар үзүүлж байна.

Ингэхдээ бид гайхамшигтай байгалийн зураглалаа үзүүлж байгаа юм. Тус нэвтрүүлэг маань Баасан гараг бүр гарч байгаа. Хоёрт нь, “Монгол мөрөөдөл” зорилгынхоо дагуу дуулах дуртай, дуу сонирхдог бүх хүнд нээлттэйгээр дэлхийн супер од Снүүп Доггтой хамтран дуу дуулж, клип хийлгэх боломжийг олгох юм. Үүнийг яагаад “Монгол мөрөөдөл” гэж байна вэ гэхээр монголчууд спортын салбар дахь олон мөрөөдөл биелж бахархлаа төрүүлээд явж байна. Харин урлагийн тал дээр ялангуяа орчин үеийн урлагийн төрөлд энэхүү төслийг хэрэгжүүлье гэж байгаа юм. Нэг авьяаслаг залуу шалгараад Снүүп Доггтой дуулчихлаа гэхэд Азидаа магадгүй дэлхийд нэр нь гарахыг үгүйсгэхгүй юм. Мэдээж монгол залуус мөрөөдөлтэй, зорилго, тэмүүлэлтэй байх нь өөрийгөө хөгжүүлэх, аливаа буруу зүйлээс холуур байх олон талын ач холбогдолтой. Энэ төсөл маань амжилттай болвол мэдээж телевизийн маань ч нэр гарна шүү дээ.

- Снүүп Доггтой хэрхэн холбогдож энэ нэвтрүүлгийг хийхээр болсон бэ?
- Снүүп Доггийн хувьд олон жил хамтран ажилласан продюсер ДиКат  гэж хүн байгаа. Энэ продюсертэй нэгэн Монгол залуугаар дамжин холбогдож танилцсан. Америкт хөгжмийн продюсингийн чиглэлээр ажилладаг, тус чиглэлээрээ LMFAO, Bobby Valentino зэрэг супер одуудтай хамтарч ажилласан Монголчуудын бахархал болсон н.Tөрхүү гэж залуу байдаг. Энэ хүнтэй бид уран бүтээлийн холбоотой байдаг. Өнгөрсөн зун энэ ажлаа авчихаад байж байхад “Болороо эгч ээ ийм гоё боломжууд байна аа. Хэрвээ та спонсороо олчих юм бол хувиараа ч дуулчихсан болно. Хамтлагаараа ч Снүүп Доггтой дуулж болно" гэсэн. Өөрөөр хэлбэл, Снүүп Доггтой дуулах тэр мөнгийг ивээн тэтгэгчдээс босгож чадвал "Sweetymotion" ч хамт дуулах боломж байсан. Гэхдээ энэ нь нийтийн бахархал болох ёстой юм байна гэж тухайн үед бодсон. Нийтэд шударга боломж олгогдох нь зөв юм байна. Үүнийгээ телевизийн шоу болгоё гэсэн санаа төрсөн. Энэ шоунаас ялсан ялагч ДиКатын өөрийнх нь зохиосон дууг Снүүп Доггтой хамтарч дуулж, клипээ хийлгэх юм.

- Шалгаруулалт нь хэзээ явагдах вэ?
- Бүртгэлээ явуулаад дууссан. Анхан шатны шалгаруулалт маань продюсеруудын хүрээнд хийгдэж байна. Шүүгчдийн шалгаруулалт маань ойрын 2, 3 сардаа хийгдээд эфирт гараад олны хүртээл болох хугацаа нь 2016 он байна.

- Хэчнээн оролцогч бүртгүүлэв?
- 500 орчим хүн бүртгүүлсэн.

- Маш их хүн бүртгүүлжээ. Монголын авьяастнууд шавхагдашгүй юм аа.
- Харин тийм ээ. Маш амжилттай. Их олон авьяаслаг залуу бүртгүүлсэн.

 

Мөн нэгэн нэвтрүүлгийг онцолж хэлэхэд энэ сарын 1-нээс эхлээд 31 хоногийн хугацаанд үргэлжлэх хоолны шоу хийж байна. “Мастер тогооч” нэртэй энэ нэвтрүүлгээр тогооч нар хоорондоо ур чадвараараа өрсөлдөх юм. Анх энэ нэвтрүүлэгт ямар ч хүн оролцож болно гэж зарласан. Гэтэл бүртгүүлсэн хүмүүсийн маань 95 хувь нь тогооч байгаа. Манай улсын ихэнх топ ресторануудын шилдэг тогооч нар бүртгүүлсэн. Энэ шоуныхаа хүрээнд “Бид Монголдоо хайртай” гэдэг уриалгаа хэрхэн оруулж байна вэ гэхээр ашиглаж байгаа хүнсний бүтээгдэхүүн гэхэд дийлэнх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж оруулахаар төлөвлөсөн. Монгол тахиа, гахайн мах, монгол нарийн ногоо, жимсээ ашиглах гэх мэт үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж сурталчлах давхар зорилго маань хэрэгжиж байна.

- Таныг өөрийн гэсэн ток шоутай болох мөрөөдөлтэй талаар уншиж байсан. Энэ мөрөөдлөө биелүүлэх боломж танд бүрэн нээгджээ. Тийм үү?
- Миний хамгийн их үзэх дуртай нэвтрүүлгийн төрөл бол ток шоу. Америкт долоон жил амьдрахдаа ток шоу гэдэг тэнд жинхэнэ утгаараа хөгжсөнийг мэдэрсэн. Хүний дотоод сэтгэлийг нээж, олон талаас нь таниулж, яриулж чадна гэдэг урлаг. Миний хувьд ер нь нэг ийм шоу хийх юм сан гэсэн далд хүсэл байсан уу гэвэл байсан.

Хэрвээ би ток шоу хийвэл гээд төлөвлөгөөгөө хүртэл бичдэг байлаа. Гэхдээ ийм зүйл хийхийг хүсдэг гэж нэг их яриагүй байхад хэд хэдэн телевизээс ток шоу хийгээч гэсэн саналууд ирсэн нь их хачирхалтай.

Хэд хэдэн телевизээс ток шоу хийгээч гэсэн саналууд ирсэн 

 

Би ток шоу хийж чадахаар л харагдаж байгаа юм байх даа гэж багахан урам ороод үүнийг ер нь ажил хэрэг болгоё гээд ярилцаад явж байсан юм. Гэтэл удаа ч үгүй одоогийн ажлын санал маань ирсэн. Тэгээд эхний удаад ганцаарчилсан биш найзуудтайгаа хамтраад энтертеймент ток шоу хийхээр төсөл маань баяжаад явж байна. “Саарал студи” нэртэй нэвтрүүлэг болох юм. Манай хамтлагийн гурван гишүүн мөн хуучин гишүүн Т.Солонго бид дөрөв хийх гэж байгаа.

- “Саарал студи” гэж их өвөрмөц нэр байна. Яагаад “Саарал студи” гэж нэрлэх болов?
- Студи маань өөрөө саарал өнгөтэй. Саарал өнгө гэдэг бол хар цагааны холимог. Амьдралын дэнс чинь өөрөө бараг саарал өнгө гэж боддог. Тэгэхээр манай нэвтрүүлэгт орж ирсэн хүнд сэдэв магадгүй цайраад гарч болно. Хар, цагаан гэж болохгүй байгаа учраас саарал гэдгийг сонгосон. Хар, цагаан бүх зүйлийг л энэ нэвтрүүлгээр хүргэх болно гэсэн үг.

- Хэзээнээс гарах вэ?
- Он гараад одоогийн томоохон шоунууд маань гараад дууссаны дараа эхлэх болов уу.

- Хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудал маш хурцаар тавигдаж байгаа үе. Энэ үед ямар зарчим баримталж ажиллаж байна вэ?
- Телевизийн салбар руу ороод л хамгийн түрүүнд хийж эхэлсэн ажил бол энэ. Салбар маань зөв голдрилдоо ортлоо цаг хугацаа их хэрэгтэй. Гэхдээ “Монгол ТВ”-ээс эхлээд том зорилго тавин ажиллаж бусаддаа үлгэр дуурайл болж буй жишээнүүд бий.

Яах аргагүй бүх л медиа сувгууд оюуны өмчийн зөрчилгүй болох ёстой. Бидний хувьд ч гэсэн Оюуны Өмчийн Газар, бусад хамтын удирдлагын байгууллагуудтай зөвлөлдөж гэрээ байгуулаад л явж байна. Оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудалд анхнаасаа алдаа гаргахгүйн тулд их хичээн ажиллаж байна.

Гадны нэвтрүүлгүүдийг одоогоор бид авч эхлээгүй байгаа. Өөрсдөө хийх боломжтой бол аль болох өөрсдөө хийж үзье эсвэл Монголоосоо авъя гэж байгаа. Бид өөрсдөө л дэлхийд өрсөлдөх контент хийж сурах нь чухал учраас аль болох л өөрсдөө хийх бодлоготой.

- Танай телевизийн хамгийн их үзэгчтэй нэвтрүүлэг нь ямар нэвтрүүлэг байгаа вэ?
- “Максима”-ийн судалгаагаар харахад “Витамин QUIZ” шоу буюу өглөөний нэвтрүүлэг маань бусдаасаа илүү байгаа юм. Мөн оргил буюу 18:00-21:00 цагийн хооронд залуучуудыг сонгоод судлахаар илүү өндөр үзэлттэй байдаг. Энэ цагуудад “Сартуулын тэмдэглэл”, “Mистер IF” ярилцлагын цэнгээнт нэвтрүүлэг, “Car Okay” гээд цэнгээнт ток шоуг маань хүмүүс арай илүү үзэж байна уу даа.

- Гадны телевизүүдээс туршлага, мэдээлэл солилцох тал дээр нэлээд уулзалт хийсэн гэж байсан. Энэ сониноосоо хуваалцахгүй юу?
- Тийм ээ. Бид Хонг Конгт төв салбар нь байдаг Хятадын "Phoenix" телевиз болон "Al Jazeera" агентлагтай уулзалтуудыг хийсэн.

Боловсон хүчний сургалт, туршлага солилцох, мэдээлэл авах зэрэг олон зорилготой уулзалтуудыг хийсэн.  

"Al Jazeera" - ийн хувьд бас нэг өөр, шинэ өнцөг учраас сонирхол татаж байгаа юм

"Phoenix" -ийн тухайд IPO хийсэн анхны телевизүүдийн нэг.  Тэдний жишгээр маш олон хятадын телевиз IPO хийсэн юм билээ. Засгийн газрын бодлогоор энэ үйл явц өрнөж телевизүүд нь бизнесийн хувьд хөл дээрээ тогтох боломж бүрдэж байгаа юм билээ.

"Al Jazeera" -тай мэдээлэл солилцооны талаар уулзсан. Тус агентлагийн хувьд CNN-ийг хүртэл ардаа орхиод дэлхий даяар хамгийн том мэдээллийн агентлаг болж байна. Дээрээс нь "Al Jazeera" мэдээллийн сувгийн хувьд өөрөө шал өөр өнцөг. Манай телевизүүдэд барууны, оросын, хятадын, японы өнцгүүд байдаг. Харин "Al Jazeera" - ийн хувьд бас нэг өөр, шинэ өнцөг учраас сонирхол татаж байгаа юм. Гэх мэтчилэн гадны олон жилийн туршлагатай медиа сувгуудаас суралцах зүйлс их байна. Эдгээр сувгуудтай уулзалт хийх явцдаа өөрсдийн уран бүтээлчдийн бүтээлүүд, зураглалуудаас үзүүлэхээр “Үнэхээр сайн байна” гэсэн үнэлгээг авч чадсандаа мөн баяртай байгаа.

- "Al Jazeera" -тай хийсэн уулзалт амжилттай юу. Тэднийхээс мэдээлэл авахаар болсон уу?
- Анхан шатны уулзалт амжилттай. Одоо гэрээ байгуулах шатандаа явж байгаа.

Зураг

МОНГОЛ ХҮНИЙ ОЮУН УХААНААС ЮУ ГАРДАГ ЮМ БЭ ГЭДГИЙГ ЭНЭ ТЕЛЕВИЗЭЭРЭЭ ХАРУУЛАХААР ШАРГУУ АЖИЛЛАЖ БАЙНА

 

- Ажлаа аваад та зургаан сар болж байгаа гэсэн. Цаашид ажиллаж болохоор салбар байна уу. Амжилттай ажиллах итгэл төрж байна уу?
- Контент үйлдвэрлэлийн хувьд бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Яг үнэнийг хэлэхэд Монголын эдийн засгийн байдал сайжраасай гэсэн хүлээлт бол байна. Гэхдээ одоогийн манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг хямрал гэж харахгүй байгаа. Түр зуурын удаашрал л гэж бодож байна. Телевиз маань болж өгвөл өөрсдийн хүчээр явахыг бодно. Үнэхээр шаардлагатай гэвэл өөр хөрөнгө оруулагч хайж эхэлнэ. Гэхдээ миний хувьд ажил маань бол “нүдэнд харагдаж” байгаа шүү.

- Танай телевиз одоо хэчнээн ажилтантай байна вэ?
- Студитэйгээ нийлээд 60 орчим хүн байна.

- Телевизийн салбар таны хувьд цоо шинэ. Дээрээс нь шууд удирдах албан тушаалд ажиллахаар олон шинэ чадварт суралцаж байгаа байх. Ажилдаа хэр дадаж байна вэ?
- Одоо л ажилдаа дадаж эхэлж байна. Урлагийн хүмүүсийн хувьд тодорхой уран бүтээл хийж байх үедээ л маш их хөдөлмөр зарцуулаад амрах үедээ амраад уран бүтээлээ тойрч ажилладаг. Ажлын цагаа өөрийнхөө зохицуулах боломжтой. Харин одоогийн ажил маань өдөр бүр өглөө ажилдаа дээрээ ирж орой тардаг. Тэр тусмаа телевизийн ажил бол өглөө 09:00 цагаас ирээд 18:00 цагт тардаг ажил биш. Өглөө ирсэн бол унтахынхаа өмнө л гэртээ харьдаг.

Зарим тохиолдолд ажил дээрээ хонох хэрэг хүртэл гардаг. Яах аргагүй үүндээ тохирч ажиллаж сурч байна.

Бид багаараа л маш шаргуу ажиллаж байна. Ямар ч байсан хэсэг цаг хугацааны дараа салбарынхаа өрсөлдөж байгаа хүмүүсийн хэмжээнд очоод бардам суух үе ирэх байх. Одоохондоо залуучууд маань бүгдээрээ суралцаад л өөрсдийгөө дор бүрнээ сорьж байна.

- 60 хүнийг удирдана гэдэг тийм амар ажил биш. Удирдах ажил хийх ямар байна вэ?
- Хүмүүсийг ажиллуулна гэдэг маш том ухаан. Суралцах зүйл их байна. Миний ээж олон жил удирдах түвшний ажил хийсэн хүн. Ээжээсээ маш их зөвлөгөө авдаг. Телевизийн хувьд уран бүтээлч баг учраас аль болох хэвтээ удирдлагыг илүүд үздэг.  Олон хүний санаа бодол, гар, сэтгэл шингэж байж уран бүтээл бүтдэг. Тийм болохоор багаараа л сайн ажиллая гэсэн менежментийг барьдаг.

Телевизийн хувьд уран бүтээлч баг учраас аль болох хэвтээ удирдлагыг илүүд үздэг

 

- Энэ ажлыг хүлээж авахдаа та тодорхой хугацааны гэрээ хийсэн байх. Цаашдаа сэтгүүл зүйн салбарт хэр удаан ажиллая гэж төлөвлөж байна вэ?
- Салбарынхаа мэргэжлийн олон хүнээс зөвлөгөө авч байгаа. Хүмүүсийн хэлж байгаагаар хэвлэл мэдээллийн салбарт 3-5 жилийн дараа чи юу хийсэн юм бэ гэдэг чинь харагддаг гэж байсан. Тэгэхээр би ямар ч байсан энэ хугацаанд ажиллах болов уу. Балхаа ах маань нэг инээдтэй зүйл хэлсэн нь “Таван жилийн дараа би юу хийсэн юм бэ гэдгээ дүгнээд харахаар одоо ингээд больё доо гэж лав бодогддоггүй юм даа” гэсэн. Тэгэхээр таван жилийн дараа юу болохыг сайн хэлж мэдэхгүй байна.  

Sweetymotion”  салшгүй нөхөрлөл дээр тогтож байгаа учраас цаашдаа оршин тогтносоор байна

 

- Одоогийн энэ ажил тань таны амьдралын нэгэн чухал эргэлтийн үе дээр ирсэн санал гэж байсан. Энэ мэдрэмжээ илүү тодруулахгүй юу?
- Хүний амьдралд тодорхой үе бүхий тойргууд байдаг байх. Өөр дээрээ ч найз нөхөд дээрээ ч анзаарч харахад хувь хүний төлөвшлийн тал дээр сүүлийн нэг жил маш их өөрчлөлтийн жил байлаа.

Мэдээж “Sweetymotion” хамтлаг салшгүй нөхөрлөл дээр тогтож байгаа учраас хамтлаг бол цаашдаа байсаар байна. Бидэнд дахиж уран бүтээл туурвих урт хугацаа урд маань байгаа. Харин энэ ойрын нэг, хоёр жилдээ өөрийгөө сорьсон, өөрсдийнхөө онцлогийг илүү харуулсан зүйл хийвэл яасан юм бэ гэж бид ярилцсан.

Эхний ээлжинд уран бүтээлээрээ буюу ганцаараа дуулвал хувь хүний дотоод ертөнцөөс хүмүүс юу мэдрэх бол гэж нэлээд эрэл хайгуул хийцгээсэн. Анхны маань дуу ч гарсан. Сая Ц.Сарнай маань ч “Ромео, Жульетта” жүжгийн дууг бие даан дууллаа. Удахгүй Г.Сүндэрээгийнх маань гарна.

 Уран бүтээлээс гадна ганцаараа бид тус бүртээ юу хийх вэ гэдгээ бодож эхэлсэн. Ингээд бие даагаад эхлэхээр хүн өөрийгөө илүүтэй таньж эхэлдэг юм байна. Аливаа зүйлийг хамтлагаараа хийхээр аль болох бие биетэйгээ зохицож ажиллах хэрэгтэй болдог шүү дээ.

Бие дааж ажиллахаар хүн өөрийгөө илүү таньж эхэлдэг юм байна

Ингээд явж байтал Сүндэрээ маань багаасаа спортын хоббитой байсан. Гэртээ дасгалаа хийгээд олон жилийн турш өөрийгөө эрүүл сайхан авч яваа их туршлага нь маш олон хүнд хэрэгтэй байсан байна. Тэрийгээ Сүндэрээ маань дууныхаа хажуугаар олж нээгээд өөрийнхөө нэг ажил болгоод явж байна. Миний хувьд хэд хэдэн телевизээс ток шоуны санал хүлээж аваад телевизийн урлагийн тухай судлаад явж байтал одоогийн ажлын санал ирсэн.  

- Таны анхны бие даасан дуу гарсан. Тэр дууны шүлэг таны амьдралтай ямар нэгэн байдлаар холбоотой юу?
- Наад асуултыг чинь бараг хүлээж байлаа (инээв). Яагаад гэхээр хүмүүс их сонирхоод байгаа юм. Яг үнэндээ ямар ч холбоо байхгүй. Үгийг нь Цэцээ, Ариука, аяыг нь Ариука, Нацгаа (Ocean Grey) гээд залуус хийсэн. Шүлгийн тухайд Цэцээгийн сэтгэл зүрхнээс гарсан үг.

Клип: Э.Ганболорын анхны бие даасан дуу "Гурван үг"

- Гэхдээ энэ дуун дээр гарсан шиг зүйл таны амьдралд тохиолдсон байх. Тийм үү?
- Хүн болгонд нэг их зүрхээ шархлуулаагүй ч гэсэн цугтаа төгсөөгүй дурлалын түүх байдаг байх. Жүжигчин хүн дүрээ бүтээхдээ өөрийн амьдралын төсөөтэй, холбогдож болох дурсамжаас мэдрэмжээ сэргээж дүрээ амилуулдагтай адил энэ дууг дуулахдаа өөрт тохиолдож байсан, үлдсэн мэдрэмжээ сэргээж дуугаа дотроосоо мэдрэхийг хичээж дуулсан гэж хэлж болно.

- Та Америкт сурч байсан сургуулиа дуусгаагүй гэж байсан. Яг ямар мэргэжлээр мэргэшиж сурч байсан бэ?
- Columbia College Chicago гээд Америктаа хоёрт ордог урлагийн хувийн сургуульд сурч байгаа. Орчин үеийн урлаг чинь техникээс их хамааралтай болчихсон. Тэр бүхнийг заадаг. Миний хувьд дуулаачаар сурч байгаа. Үүнийхээ хажуугаар урлагийн менежментийн чиглэлээр давхар судалж байна. Америкт байхдаа гурван жил гаруй сурчихсан. Монголд ирсэн хойноо онлайнаар хичээл авч байгаа. Одоо очиж нэг улирал сураад төгсөх юм.

2016 онд хуулийн сургуулиа төгсөнө. 2017 онд АНУ дахь урлагийн сургуулиа дуусгана гэж төлөвлөөд байгаа.

 

- Та тэгвэл хоёр сургуулийн өртэй яваа юм байна шүү дээ.
- Тийм ээ.  2016 онд хуулийн сургуулиа төгсөнө. 2017 онд урлагийн сургуулиа дуусгана гэж төлөвлөөд байгаа.

- Гэр бүлийн хувьд ямар төлөвлөгөөтэй байна вэ?
- Надаас хамаарахгүй байгаа ганц зүйл л энэ байна даа. Ёстой төлөвлөөд хийчихдэг зүйл биш юм. Хүн ганц биеэрээ шийдэх боломжгүй зүйл учраас би энд гэр бүлээ төлөвлөчихсөн гээд яриад суудаг зүйл биш юм байна (инээв).

- Гэхдээ шинээр том хэмжээний ажил эхлэх үедээ гэр бүлийн хувьд татлаагүй, цаг завтай байна гэдэг бас их давуу тал санагдаж байна шүү.
- Яг үнэн. Гэр бүлийн амьдрал эхлээгүй байгаа энэ үед ийм боломж гарч ирсэн нь их зол юм. Магадгүй би гэр бүлтэй, хүүхэдтэй байсан бол энэ ажлын саналыг бодолцохгүй байсан байж магадгүй юм. Яах аргагүй хүнээс маш олон цагийн хөлс хөдөлмөр шаарддаг салбар юм байна.

- Оюуны баялаг бүтээгчид л гэсэн үг шүү дээ.
- Тийм ээ.  

Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж их ярих, уриалах дуртай. Бид яг л тэр жишгээр Монгол хүний оюун ухаанаас юу гардаг юм бэ гэдгийг энэ телевизээрээ харуулахаар шаргуу ажиллаж байна.